Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/08

 

   

Н.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                   Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Д.Ганзориг, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор В.Дэлгэрмаа /томилолтоор/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг

Шүүгдэгч Н.А,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж хийсэн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч О.Үүрцайхын давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Н.Ад холбогдох 2307000000334 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

*, 

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Н.А нь 2022 оны 04 сараас 2023 оны 08 сарын хооронд Дорноговь аймгийн*тоотод оршин суух гэртээ байхдаа цахим хэрэгсэл ашиглаж, өрөнд орсон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан БНХАУ-аас хямд бараа захиалга, худалдаа явуулна гэсэн зарыг "Layla" "Лоолой" гэсэн хаягаар фейсбүүк цахим орчинд байршуулж улмаар нийт 58 хохирогчоос 202 удаагийн үйлдлээр нийт 88,520,435 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *, нөхөр Б.Эн эзэмшлийн Хаан банкны *, эх Ш.Гн эзэмшлийн Хаан банкны * тоот дансаар тус тус шилжүүлэн авч залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “...*-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.Ас 2,861,300 төгрөгийг гаргуулан хохирогч Архангай аймаг * тоотод оршин суух, * утас: */3,780,200 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот * тоотод оршин суух, *, утас:*, *, */-д, 562,400 төгрөгийг гаргуулан хохирогч Баянхонгор аймаг, * тоотод оршин суух *, утас:89110294/-д, 6,400,000 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хот, *тоотод оршин суух */- д. 1,185,900 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот, * тоотод оршин суух, *, утас:*/-т, 1,697,100 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот, *тоотод оршин суух, *, утас: */-д, 1,180,000 төгрөгийг гаргуулан хохирогч Дархан-Уул аймаг, * тоотод оршин суух, *, утас: */-д, 3,109,990 төгрөгийг гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн * тоотод оршин суух, *, утас: */-д, 2,946,000 төгрөгийг гаргуулан хохирогч Увс аймгийн *байшинтад оршин суух * Утас: */-д, 910,000 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот *тоотод оршин суух *, утас: */-д, 2,177,600 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот, * тоотод оршин суух, *, утас: */-т, 768,000 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот, *тоотод оршин суух, *-д, 8,586,140 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот, *тоотод оршин суух, *-т, 1,293,500 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот, * тоотод оршин суух, *-д, 880,000 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот, * тоотод оршин суух, *-д, 880,000 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот, * тоотод оршин суух, *-т, 696,760 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот, *тоотод оршин суух, *-д, 903,660 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот, *тоотод оршин суух, *-д, 683,100 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот * тоотод оршин суух, *-д, 482,500 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот, * тоотод оршин суух, *-д, 1,176,125 төгрөгийг гаргуулан хохирогч Ховд аймаг, * тоотод оршин суух, *-т, 208,990 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот, *тоотод оршин суух, *-д, 1,536,550 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот, *тоотод оршин суух, *-д, 1,259,500 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот, *тоотод оршин суух, *-д, 986,660 төгрөгийг гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн *тоотод оршин суух, *-т, 1,680,000 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот, * тоотод оршин суух, *-д тус тус олгож,

Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

5.Шүүгдэгч Н.А давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээр оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү гэсэн гомдол гаргасан боловч өнөөдрийн хуралдаанд хэргийг мөрдөн байцаах ажиллагаанд буцаах гомдолтойгоор оролцож байна. Шалтгаан нь 2019 онд ЛоЛо гэх групп хаяг нээгээд үйл ажиллагаагаа эрхэлж байсан. Мэдээж өсөн дэвжинэ гэсэн үүднээс нөхрийн хамт компани байгуулсан. Нийт хохирлыг 88,520,000 төгрөг гэж тогтоосон. Эдгээр хохирогчоор тогтоогдсон хүмүүс нь бодит хохирогч нар биш байгаа. Прокурорт гомдолтойгоор оролцож байгаа. Би прокурорт анхнаасаа үнэн зөв тайлбар хэлсэн ч чамд туслах гээд байна би хэргийг хөнгөрүүлж хэргийг нэг хохирогчтойгоор тогтоогоод хэргийг өөр дээрээ авчихъя, тэгэх юм бол бусад дүүргүүдээс чамайг дуудах боломжгүй болно. Чи надад хохирогч нараа үнэн зөвөөр нь хэлж өгөөрэй гэсэн. Тэгээд би зөвшөөрч хохирогч нараа үнэн зөвөөр нь хэлсэн. Мөн намайг өрөөндөө дуудаад эгчдээ урдаас бараа захиалаад өгөөч гэхэд нь би зөвшөөрч барааны захиалга хийж өгөөд тухайн хүний барааг оруулж ирдэг байсан. Тэгээд Баянгол дүүрэгт ирж уулзаж мэдүүлэг өг гэхэд нь би прокурор руу залгаж энэ талаараа хэлэхэд би мэдүүлэг өгөхгүй, хэрэг нэгтгэгдсэний дараа мэдүүлэг өгнө гэж хэл гэсэн. Тэгээд би тэгж хэлээд гарын үсэг зураад явсан…Прокурор үүнээс үлдсэн хүн байна уу шалга даа гэхэд нь би шалгаад 7-8 хүн байгаа гэж хэлээд тухайн хүмүүсийн дугаарыг прокурорт өгсөн. Тэгсэн нөгөө хүмүүс над руу залгаад бид нар чамд итгэж байгаа, чи ажил хийж байгаа юм чинь мөнгөө өгчихнө шүүх цагдаа гэж явахгүй гэсэн чинь прокурор наад хүмүүс рүүгээ залгаад мэдүүлэг өгөөч таны буцаалт цагдаагийн байгууллагаар буцаж орох юм байна гэж хэлсэн” гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Үүрцайх өмгөөлөгч, шүүгдэгч нарын хувьд ялыг хөнгөрүүлж өгөөч гэсэн байр суурьтайгаар гомдол гаргасан байсан. Энэ олон хохирогчтой хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа өмгөөлөгчөөр хангаагүй. Яагаад өмгөөлөгч аваагүй шалтгаанаа өөрөө сайн тайлбарладаг ч өнөөдрийн хуралдаан дээр сандраад ярьж чадахгүй байх шиг байна. Аяанакул прокурор нь гомдол гаргаагүй хүмүүсийг нэрийг хар дэвтэр дээрээс нь авч хохирогчийг тоог нэмэгдүүлсэн, энэ хэмжээгээр хохирлын хэмжээ нэмэгдээд хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй орж ирсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын хууль бус үйлдэлтэй холбоотой энэ хүний эрх зөрчигдсөн. Энийг тайлбарлах гээд тайлбарлаж чадахгүй байх шиг байна. Анхан шатны шүүхээс 58 хохирогчийн 88,000,000 төгрөг гээд шийдсэн. Мөрдөгч, прокурор яллах, цагаатгах талын нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй. Гэтэл яллах талын баримт цуглуулахдаа эрх зүйн байдлыг нь дордуулсан хууль бус ажиллагаа явагдсан. 58 хохирогчоос * гэж хүмүүс ямар ч гомдол санал хохиролгүй, цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй хүмүүс байдаг. Гэтэл хүнийхээ тоог нэмж өгөө гэж хэлээд тэр хүмүүсээс бүр гэрт нь очиж мэдүүлэг авсан гэдэг. Зарим мөрдөгч нар хүртэл чи яагаад өөрийнхөө эсрэг юм хийгээд байгаа юм гэж хэлэхэд нь прокурорын үгэнд итгэсэн учраас хохирогчоо түүж хэлээд хохирлын тоог нэмсэн. Мөн бусад хүмүүсийн хохирлыг тооцохдоо анх энэ хүнд захиалга өгч байсан хохирлоор нь тооцож гаргасан. Анхнаасаа залилан хийгээгүй, 2019 оноос хойш онлайн шоп ажиллуулж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Нийт 58 хохирогчийн 88,00,000 хохирол гэж байгаа. Үүнээс нийт хэдэн хүнийг залилсан гэдгийг тооцож үзэхээр жишээ нь Э гэдэг хохирогчид 920,000 төгрөгийн хохирол учруулсан гэж тооцоо гаргуулсан. Гэтэл энэ хүн авлага байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Гэтэл үүнийг шууд хохиролд тооцсон. Ц мөн гомдол саналгүй, хохиролгүй гэсэн ч цагдаагийн байгууллагад гомдол гаргуулж хохирлоор тооцсон. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй, хохиролгүй болсон байхад нь гомдол гаргуулж, хохирлоор тооцсон. Одоогоор хохирлын бодит үнэ нь 39,000,000 төгрөг болохоор байгаа. Ийм байдлаар мөрдөн шалгах ажиллагааг хууль бусаар явуулж нотлох баримтыг хууль бусаар цуглуулж, бэхжүүлсэн. Энэ үндэслэлээр гомдлын үндэслэл өөрчлөгдсөн. Шүүх хэргийн буцаах юм бол энэ хүний эрх зүйн байдал нь дээрдэхээр байгаа. Хэрэв үнэхээр шүүх буцаах шаардлагагүй гэж үзэх юм бол анхан шатны шүүхээс 26 хохирогчийн 48,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдсэн байдаг. Зарим хүн нь 900,000 төгрөгийн хохиролтой байгаад 600,000 төгрөгийг нь аваад үлдэгдэл 300,000 төгрөгийг нь авахгүй гэсэн байдаг. Энэ байдлаар тооцох юм бол 24,000,000 төгрөгийн хохирол өгсөн байгаа. Энэ хүн нь хоёр нас гарантай бага насны хүүхэдтэй, одоо төрөх гэж байгаа, нөхөр нь ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирол төлбөр төлсөн зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан үзэж ялыг торгох ялаар сольж өгөөч.” гэв.

7.Прокурор В.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Тухайн хүн хэдийгээр цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргаагүй ч гэсэн хохирогчоор тогтоож, хохирлыг хэмжээ, хохирогчийн тоог нэмсэн хууль бус асуудал болсон гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Яагаад гэхээр анхан шатны шүүхээс тухай хэрэгт хохирогчоор тогтоогдвол зохих этгээдүүд хохирлын үнийн дүн, хохирогч тогтоогдоогүй байна гэдэг байдлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаасан. Прокуророос захирамжид заасан ажиллагааг хийж хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнд гомдол гаргах, өмгөөлүүлэх эрх нь нээлттэй байхад ямар нэгэн байдлаар гомдол, санал гаргаагүй. Мөн прокурортой холбоотой асуудал ярьсан. Энэ тал дээр холбогдох байгууллагад нь гомдол гаргах эрхтэй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч О.Үүрцайхаас гаргасан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон давж заалдах шатны шүүх үзсэн.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Н.А 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 08 дугаар сарын хооронд “Layla” “Лоолой” гэсэн фейсбүүк цахим хаяг ашиглан “БНХАУ-аас хямд бараа захиалга, худалдаа явуулна” гэсэн зараар нийт 58 хохирогчоос 202 удаагийн үйлдлээр нийт 88,520,435 төгрөгийг бусдаас залилж авч, их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь хохирогч нарын мэдүүлгүүд, мөнгө шилжүүлэн авсан шүүгдэгч Н.Анударийн ХААН банкны харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, ээж Ш.Гн ХААН банкны харилцах дансны хуулга зэргээр тогтоогдсон ба шүүгдэгч Н.Ан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр давхар батлагдан тогтоогдсон байна.

3.Шүүгдэгчийн энэ үйлдэлд Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Гс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн гэж яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүх шийдвэрлэсэн.

4.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Үүрцайхаас эс зөвшөөрч “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нарын хохирлыг төлж байгаа, ...2 настай хүүхэдтэй, 6 сартай жирэмсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж хуульд заасан торгох ял болгож, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл “...шүүгдэгч Н.А “БНХАУ-аас хямд бараа захиалга, худалдаа явуулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нэр бүхий 58 хохирогчоос 202 удаагийн үйлдлээр нийт 88,520,435 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д заасан “ хуурч, ...цахим хэрэгсэл ашиглаж, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө -ийг шилжүүлэн авсан бол, ...бусдад ...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэх шинжүүдэд,

2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 08 дугаар сарын хооронд 58 хохирогчоос 202 удаагийн үйлдлээр үйлдэгдсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасан “...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр ...хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэнд тус тус нийцсэн байна.

Тодруулбал: Шүүгдэгч Н.Ан “БНХАУ-аас хямд бараа захиалга, худалдаа явуулна” гэсэн фейсбүүк цахим хэрэгслээр гаргасан зар нь зохиомол байдлыг зориудаар бий болгох нөхцөл болох ба гэр ахуйн болон хүний хэрэгцээт барааны зурагт мэдээллийг зохиомлоор тавьж бусдын анхаарлыг татах байдлаар бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж хуурах үйлдлийг удаан хугацаанд үргэлжилсэн үйлдлээр үйлдэж, бусдын 88,520,435 төгрөгийг буюу их хэмжээний мөнгийг  залилж авсан,  хэргийг шүүхэд шилжүүлэх үед 39,831,760 төгрөгийн хохирлыг төлөгдөж, 48,688,675 төгрөгийн хохирол төлөөгүй байсан байна.

 6.Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Мөрдөн шалгах болон прокурорын хяналтад хэргийн оролцогч нарыг хавтаст хэрэгтэй танилцуулсан, тэдний зүгээс тусгайлсан санал хүсэлтийг гаргаагүй ба мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатанд хэргийн оролцогч нарын хуульд заасан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирогч нарт учруулсан хохирлын тооцоо дээр маргаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна.

7.Давж заалдах шатны шүүхэд хохирогч Д.Л “...хохирол бүрэн төлөгдөөгүй “ гэсэн агуулга бүхий үндэслэлээр гомдол гаргасан боловч хэрэг хянан хэлэлцэж байх явцад хохирлоо бүрэн төлүүлж авсан, одоо гомдол саналгүй гэж гомдлоосоо татгалзсан тул түүнийг гомдол гаргаагүйд тооцсон болно.

 8.Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч Н.А болон түүний гэр бүлээс хохирогч Д.Лт 768,000 төгрөгийг, Т.Гд 2000,000 төгрөг, Ү.Эд 800,000 төгрөг, С.Тд 450,000 төгрөг, Г.Ут 800,000 төгрөг, Г.Тд 250,000 төгрөг, О.Гд 2000,000 төгрөг, Б.Мд 2000,000 төгрөг, А.Нд 600,000 төгрөг, А.Нт 1900,000 төгрөг, Ц.Мд 600,000 төгрөг, С.Хт 5000,000 төгрөг, Р.Эд 850,000 төгрөг, хохирогч нарт нийт18,018,000 төгрөгийг төлсөн ба эдгээр хохирогч нарын зүгээс хохирол бүрэн төлөгдсөн гэж бичгээр шүүхэд мэдэгдсэн байна.

9.Бусад хохирогч нарын хохирлыг төлөх талаар шүүгдэгч болон түүний гэр бүл, төрсөн эгч нарын зүгээс байнгын ажлын байртай тул хохирлыг төлж барагдуулахаа амласан ба шүүгдэгч Н.А анх удаа гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж байгаа байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирч нарын хохирлын тооцоо дээр маргаагүй, амьдралын хувьд 2 настай бага насны хүүхэдтэй, одоо өөрөө 6 сартай жирэмсэн эх болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, жирэмсэн эхийн хяналтын дэвтэр зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн энэ нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний” буюу 10,000,000 төгрөгөөр торгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь шийтгэх тогтоол гарснаас хойш 84 хоног цагдан хоригдсон байх тул түүнд оногдуулсан 10,000,000 торгох ялаас цагдан хоригдсон 84 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож хасах буюу 1,260,000 /нэг сая хоёр зуун жаран/ төгрөгийг хасч тооцох нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ял хөнгөрүүлсэн өөрчлөлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “...хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөх” үндэслэлд хамаарч байна.

Энэ тухай гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч О.Үүрцайхаас гаргасан давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

        Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/111 шийтгэх тогтоолын 2 дугаар заалтын “ 2 жилийн хорих ял” гэснийг  “...арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгосугай” гэж,  

-3 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй “ гэж,

-4 дүгээр заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ан  цагдан хоригдсон 84 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 10,000,000 төгрөгийн торгох ялаас хасах буюу  1,260,000 /нэг сая хоёр зуун жаран/ төгрөгийг хасч тооцсугай” гэж,

-Шийтгэх тогтоолын 4,5,6,7 дугаар заалтуудыг 5,6,7,8 гэж дугаарлах гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Үүрцайхаас гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Аг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А.САЙНТӨГС

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ А.САЙНТӨГС