| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Ууганзаяа |
| Хэргийн индекс | 128/2026/0716/3 |
| Дугаар | 128/ШШ2026/0757 |
| Огноо | 2026-08-27 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2026/0757
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Б.Ууганзаяа би, Б.Э******-ийн нэхэмжлэлтэй, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Миний бие Б****** Э****** нь хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд холбогдуулан ****** аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, нэр дэвшүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан. Мөн Төрийн албаны зөвлөлийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 88 дугаар тогтоолын 2 дахь заалтаас “...заасан шаардлагыг хангуулан” гэснийг оруулаагүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, энэ тухай тогтоолд оруулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх хүсэлт гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг шүүхээс гадуур бүрэн биелүүлж Б****** Э****** намайг тухайн албан тушаалдаа 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр томилсон тушаал гаргасан учир нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэж нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ” гэж, мөн зүйлийн 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасан байна.
2. Нэхэмжлэгч нь 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буйгаа шүүхэд бичгээр ирүүлжээ.
3. Шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлийг шалгахгүй, түүнд үнэлэлт дүгнэлт өгөхгүй.
4. Нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэснийг 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх гэсэн хуулийн заалтуудын агуулгыг тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.
5. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Б.Э******-ийн нэхэмжлэлтэй, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд холбогдох “****** аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, нэр дэвшүүлэхийг даалгах, Төрийн албаны зөвлөлийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 88 дугаар тогтоолын 2 дахь заалтаас “...заасан шаардлагыг хангуулан” гэснийг оруулаагүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, энэ тухай тогтоолд оруулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА