Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01345

 

 

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01345

 

 

М.Цэнгэлмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00512 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Цэнгэлмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч,

Хариуцагч: Г.Цээпилмаа,

Хариуцагч: Суварга алтай констракшн ХХК,

Хариуцагч: Б.Ургахбаярт тус тус холбогдох,

 

Хадгаламж банкны тусгай активын хэлтсийн 10590000001 тоот дансанд 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тушаагдсан 46 800 000 төгрөг нь М.Цэнгэлмаагийн хөрөнгө болохыг тогтоолгох,

Хадгаламж банк, Цэцэндүнгээ ХХК-ийн хооронд 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 4-4/555 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

Цэцэндүнгээ ХХК ба Суварга алтай констракшн ХХК-ийн хооронд 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

Суварга алтай констракшн ХХК ба Б.Ургахбаярын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Эмээлт/18400/ 83 тоот хаягт байршилтай, 948 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-2201014010 дугаарт бүртгэж, Цэцэндүнгээ ХХК-д 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр олгосон 000342923 дугаартай, 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Суварга алтай констракшн ХХК-д олгосон 000342939 дугаартай, 2016 оны 09 дугаар сарын 23-ны өдөр Б.Ургахбаярт олгосон 000503567 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бүртгэлийн үйл ажиллагааг хүчингүй болгуулах,

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Эмээлт /18400/ 83 тоот хаягт байршилтай 948 м.кв талбайтай, 8 агуулахын өмчлөгч нь М.Цэнгэлмаа болохыг тогтоолгох, уг объектын өмчлөх эрхийг бүртгүүлэх, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг М.Цэнгэлмаагийн нэр дээр бичиж олгохыг Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Наранбулаг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Энхчулуун

Хариуцагч: Г.Цээпилмаа

Хариуцагч Г.Цээпилмаагийн өмгөөлөгч: Д.Данзандорж

Хариуцагч Б.Ургахбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Сайнбаяр

Хариуцагч Суварга алтай констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Баярмаа

Хариуцагч Суварга алтай констракшн ХХК-ийн өмгөөлөгч: О.Чулуунчимэг, Б.Мөнхбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1995 оноос эхлэн нутагтаа хувиараа түүхий эд худалдан авч бэлтгэн нийлүүлэх бизнесийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2000 онд бизнесийн үйл ажиллагаагаа тэлж, 5 ажилтантай болсон. Түүний нэг нь Д.Нэргүй юм. 2010 оны эхээр Улаанбаатар хотод түүхий эд хадгалах газар, агуулахтай болох зорилгоор ажилтан Д.Нэргүйгээр дамжуулан, хариуцагч Цэцэндүнгээ ХХК-ийн захирал Г.Цээпилмаа, Тэсийн хурд ХХК-ийн захирал П.Эрдэнэбат Э.Анхбаяр, Э.Энхбаяр нартай уулзахад газартай холбоотой эзэмшүүлэх гэрээ болон газрын гэрчилгээг үзүүлсэн. Тэгээд би тэдэнд уг газрын үнэ болох 13 000 000 төгрөг өгч, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр уг газрын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж авсан. Уг гэрээг П.Эрдэнэбат авч яваад Д.Нэргүй нь миний нэр дээр шилжүүлж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй байна.

Гэтэл уг объект Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1022 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу Хадгаламж банкны зээлийн төлбөрт хураагдаж, 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2201014010 дугаар гэрчилгээ гарснаар Хадгаламж банкны нэр дээр түүний өмчлөлд шилжсэн хөрөнгө болохыг олж мэдсэн.

Д.Нэргүй Банк зээлийн эдийн засагтай уулзаад 46 800 000 төгрөгийг банкны дансанд хийчихвэл нэр дээр шилжүүлнэ гэж байна гээд надаас 2010 оны 12 дугаар сарын 17-нь өдөр дансаар 46 800 000 төгрөгийн үйлчилгээний хураамж гээд нэмж 550 000 төгрөгийг шилжүүлж аваад, тушаасан баримтаа надад өгсөн. Ингээд Хадгаламж банк Цэцэндүнгээ ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4-4/555 дугаар үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай гэрээг байгуулан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Цэцэндүнгээ ХХК-д шилжүүлсэн байсан. Г.Цээпилмаа нь объект, газрын гэрчилгээг удахгүй өгнө гээд 5000 м.кв талбайтай хашаа, газрыг надад хүлээлгэж өгсөн. Энэ өдрөөс хойш уг объект, газрыг би эзэмшин үйл ажиллагаагаа явуулж байсан, иргэн, хуулийн этгээд эзэмшил болон өмчлөлийн асуудлаар маргаан гаргаж ирээгүй.

Гэтэл сүүлдээ уг объектыг Г.Цээпилмаагийн нөхөр буюу Тэсийн хурд ХХК-ийн захирал П.Эрдэнэбат 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хуурамч баримт бүрдүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг давхардуулан гаргуулж, Магнай петролиум ХХК-ийн барьцаанд тавьсан асуудлаар залилангийн гэмт хэрэг үйлдэн шалгуулж байгаа тул уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ шилжихгүй байгаа талаар олж мэдсэн. Би Д.Нэргүйд шүүхэд төлөөлөх бүрэн эрхийг 3 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэлийг би түүнд хийж олгосон боловч итгэмжлэлийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргалгүй орхигдуулж, харин өөрөө уг объектыг авахыг санаархан 2013 онд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гаргаж өгсөн байдаг.

Цэцэндүнгээ ХХК нь өнөөдрийг хүртэл миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байсаар улмаар цааш нь 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Суварга алтай констракшн ХХК-д шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч өгсөн байдаг. Энэ бүх хууль бус ажиллагаа нь Хадгаламж банк анх Д.Нэргүйгээр дамжуулан зээлийн өр төлбөрт хураагдсан өөрийн өмчлөлийн объектоо надад худалдаж, төлбөрийн 46 800 000 төгрөгийг өөрийн дансандаа хүлээн авсан.

Суварга алтай констракшн ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Ургахбаярт худалдан борлуулж, өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэн гаргасан болох нь тогтоогдсон тул мөн түүнд олгосон өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгох шаардлагатай.

Миний өмчлөх эрхийг санаатайгаар зөрчиж, хууль бус гэрээ хэлцлүүдийг хоорондоо хуйвалдах аргаар зориуд байгуулж, хууль бус аргаар хөрөнгөжсөн хариуцагч нарыг энэхүү хэрэгт татан оролцуулах нь зүйтэй гэж үзээд хариуцагчаар Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, Суварга алтай констракшн ХХК, Г.Цээпилмаа, Б.Ургахбаяр нарыг татсан, Цэцэндүнгээ ХХК нь Наран Ойл ХХК болж нэрээ өөрчилсөн, хувьцаа авахаас өмнөх хариуцлагыг Г.Цээпилмаа хариуцна гэсэн байх тул Г.Цээпилмааг хариуцагчаар татсан, Цэцэндүнгээ ХХК хариуцагч биш. Мөн Д.Нэргүйд холбогдуулан гаргасан шаардлага байхгүй.

Иймд Хадгаламж банк, Цэцэндүнгээ ХХК-ийн хооронд 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 4-4/555 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний журмыг зөрчсөн тул хүчин төгөлдөр бусд тооцуулах,

Цэцэндүнгээ ХХК ба Суварга алтай констракшн ХХК-ийн хооронд 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

Суварга алтай констракшн ХХК ба Б.Ургахбаярын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах. 2, 3-т заасан гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Эмээлт/18400/ 83 тоот хаягт байршилтай, 948 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-2201014010 дугаарт бүртгэж, Цэцэндүнгээ ХХК-д 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр олгосон 000342923 дугаартай, 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Суварга алтай констракшн ХХК-д олгосон 000342939 дугаартай, 2016 оны 09 дугаар сарын 23-ны өдөр Б.Ургахбаярт олгосон 000503567 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бүртгэлийн үйл ажиллагааг хүчингүй болгуулах,

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Эмээлт /18400/ 83 тоот хаягт байршилтай 948 м.кв талбайтай, 8 агуулах бүхий өмчлөгч нь М.Цэнгэлмаа болохыг тогтоож, уг объектын өмчлөх эрхийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг М.Цэнгэлмаагийн нэр дээр бичиж олгохыг Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай шаардлага гаргаж байна.

Хадгаламж банк-ны тусгай активын хэлтсийн 10590000001 тоот дансанд 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тушаагдсан 46 800 000 төгрөг нь нэхэмжлэгч М.Цэнгэлмаагийн хөрөнгө мөн болохыг тогтоолгох шаардлага гаргасан боловч энэ мөнгө нь миний мөнгө болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэхгүй, татгалзаж байна.

Хариуцагч Суварга алтай констракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Цэцэндүнгээ ХХК нь Хадгаламж банктай 2004 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 189 дугаартай зээлийн гэрээг байгуулж 70 000 000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 189 дугаартай барьцааны гэрээг байгуулж өөрийн өмчлөлийн Ү-2201014010 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, эмээлт захад байрлах 948 м.кв талбайтай 1 давхар обьектыг бусад барьцааны зүйлсийн хамтаар барьцаалуулсан.

Зээлдэгчээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Хадгаламж банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн шүүхээс 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1022 дугаартай шийдвэр гарч Цэцэндүнгээ ХХК-иас 87 545 346 төгрөгийг гаргуулан Хадгаламж банкинд олгуулах, зээлийн барьцаанд барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгө байгааг дурдсан. Хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар Хадгаламж банкны өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэж улсын бүртгэлийн газраас 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хадгаламж банкны өмчлөлд шилжүүлэн бүртгэж өмчлөх эрхийн Ү-2201014010 дугаартай гэрчилгээг олгосон.

2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.Нэргүй нь дээрх обьектыг худалдан авахаар Цэцэндүнгээ ХХК-ийн төлбөрт 46 800 000 төгрөгийг төлсөн. Хадгаламж банкны хуучин гүйцэтгэх удирдлагаас уг барилгыг эхлээд Цэцэн дүнгээ ХХК-ийн нэр дээр шилжүүлээд дараа нь Д.Нэргүйн нэр шилжүүлэхээр тохиролцож 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4-4/555 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг Хадгаламж банк, Цэцэн дүнгээ ХХК-ийн хооронд байгуулж зохих материалыг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн байдаг. Улсын бүртгэлийн байгууллагаас 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээнд дурдсан обьектын өмчлөх эрхийг Цэцэн дүнгээ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэж энэ тухай улсын бүртгэлд бүртгэсэн боловч тухайн обьект дээр Тэсийн хурд ХХК нь өмчлөх эрхийн гэрчилгээг давхардуулан гаргасан, хууль хяналтын байгууллагаас асуудлыг эцэслэн шалгаж дуусаагүй байна гэх шалтгаанаар өмчлөх эрхийн гэрчилгээг олгохыг түдгэлзүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч М.Цэнгэлмаагийн тухайд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт захад байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах талаар хүсэлтийг Хадгаламж банкинд гаргаж байгаагүй, Хадгаламж банкны зүгээс түүнтэй аливаа байдлаар эрх зүйн харилцаанд оролцоогүй, Хадгаламж банк тус хөрөнгийг М.Цэнгэлмаагийн өмчлөх эрхэд шилжүүлэх үүрэг хүлээгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Хариуцагч Г.Цээпилмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хадгаламж банкнаас 70 сая төгрөгийг зээлж авч, агуулах, 2 өрөө орон сууцаа барьцаанд тавьсан. Зээлээ төлж чадахгүй болсон тул 20 сая төгрөгөө бэлнээр төлж, 2 өрөө байраа зээлийн төлбөрт өгч, 46 800 000 төгрөг төлөөгүй байсан. Банкныхан бидэнтэй уулзаад агуулахыг зарахаар тохиолцож зар тавьсан. Улмаар 130 сая төгрөгөөр Д.Нэргүйд худалдахаар тохирсон. Үүний дагуу Д.Нэргүй 46 800 000 төгрөгийг банкинд төлсөн. Үлдэгдэл мөнгийг цувуулж 13 сая гаруй төгрөг төлсөн.

М.Цэнгэлмаа наймаа хийж байхад огт орж ирээгүй. Манай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй будилсан. Д.Нэргүйг шүүхэд өгсөн бөгөөд тухайн үед Д.Нэргүй, М.Цэнгэлмаа хоёр хөрөнгийн маргаантай байсан. Тэдний маргааныг шийдвэрлэхийг хүлээх боломжгүй байсан тул Д.Нэргүйд мөнгийг нь буцааж өгөөд үл хөдлөх хөрөнгөө худалдахаа больсон. Үүний дараа би Суварга алтай констракшн ХХК-д худалдсан. Энэ компанид газар Магнай трейд компанийн барьцаанд байгаа, мөнгийг төлөх юм бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлсэн. О.Баярмаа Магнай трейд компанийн мөнгийг төлсөн. Бид хууль эрх зүй зөрчиж, үл хөдлөх хөрөнгөө худалдсан зүйл байхгүй гэв.

 

Хариуцагч Суварга алтай констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Эмээлтэд байрлах 5000 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газрын эзэмших эрхийг шилжүүлэн авах, мөн тус газарт байрлах агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар Цэцэндүнгээ ХХК, Тэсийн хурд ХХК-иудтай ярьж, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн урьдчилгаа 50 000 000 төгрөгийг энэхүү хэлцэл хийсэн өдөр Цэцэндүнгээ ХХК-д шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх манай компанид бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон өдөр өгөхөөр болсон. Харин Магнай трейд ХХК-иас эзэмших эрхийг шилжүүлэн авахаар гэрээ байгуулж, Тэсийн хурд ХХК-ийн төлөх 80 000 000 төгрөгийн өрөнд 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 16-55 УНЕ улсын дугаартай автомашиныг Магнай трейд ХХК-д шилжүүлэн өгч төлбөрийг барагдуулсан.

Үүний дараа буюу 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн өмч газрын харилцааны газартай газрын төлбөрийн талаар тооцоо нийлж, 2011 оноос 2014 оныг хүртэл хугацааны төлөгдөөгүй төлбөрийг төлж 620140391 тоот газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн ба Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, Эмээлтэд байрлах 5000 м.кв газрыг манай компани хууль ёсоор эзэмших болсон.

М.Цэнгэлмаа өөрийн ажилтан Д.Нэргүйгээр дамжуулан Цэцэндүнгээ ХХК-тай гэрээ хэлцэл хийж байсан мэтээр бичсэн байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад М.Цэнгэлмаа нь өөрөө болон өөрийн ажилтан гэх Д.Нэргүйгээр дамжуулан дээрх газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах талаар тухайн газрын хууль ёсны эзэмшигч, барилгын хууль ёсны өмчлөгчтэй хуулийн дагуу байгуулсан нэг ч гэрээ хэлцэл авагдаагүй байна.

Иймээс нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй, баримт нотолгоогүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

М.Цэнгэлмаа нь манай компанийн өмчлөх эрхэд саад болж байгаа тул М.Цэнгэлмаагийн эзэмшлээс маргаан бүхий агуулахыг чөлөөлөхийг даалгаж өгнө үү.

Түүний хууль бусаар эзэмшиж байх хугацаанд манай компанийн үл хөдлөх эд хөрөнгө болох 8 агуулах, 1 конторын зориулалттай байрыг бусдад түрээлүүлж олсон орлого болох 12 920 000 төгрөгийг М.Цэнгэлмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ургахбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ургахбаяр нь Суварга алтай констракшнХХК-иас 8 агуулах бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 5000 м.кв эзэмшлийн газрын хамт 200 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан. Б.Ургахбаярын төлбөрийг бүрэн барагдуулж, зохих журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.

Улсын бүртгэлийн байгууллага, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд үл хөдлөх эд хөрөнгө, газрыг шилжүүлэн авах тухай хүсэлт гаргаж байх үед дээрх хөрөнгө, газар нь өмчлөлийн маргаантай, худалдан борлуулахыг хориглосон түдгэлзүүлсэн гэх талаар огтхон ч яригдаагүй, зохих журмын дагуу бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000503567 дугаар гэрчилгээг олгож, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/421 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг Б.Ургахбаярт шилжүүлэн олгосон юм. Иймд Б.Ургахбаярт хамааруулан гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, Г.Цээпилмаа, Суварга алтай констракшн ХХК, Б.Ургахбаяр нарт холбогдох Хадгаламж банк, Цэцэндүнгээ ХХК-ийн хооронд 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 4-4/555 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

Цэцэндүнгээ ХХК ба Суварга алтай констракшн ХХК-ийн хооронд 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах,

Суварга алтай констракшн ХХК ба Б.Ургахбаярын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах,

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Эмээлт /18400/ 83 тоот хаягт байршилтай 948 м.кв талбайтай, 8 агуулах бүхий өмчлөгч нь М.Цэнгэлмаа болохыг тогтоож, уг объектын өмчлөх эрхийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг М.Цэнгэлмаагийн нэр дээр бичиж олгохыг Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэгч М.Цэнгэлмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Хадгаламж банк-ны тусгай активын хэлтсийн 10590000001 тоот дансанд 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тушаагдсан 46 800 000 төгрөг нь нэхэмжлэгч М.Цэнгэлмаагийн хөрөнгө мөн болохыг тогтоолгох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан, М.Цэнгэлмаад холбогдох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Эмээлт/18400/ 83 тоот хаягт байршилтай, 948 м.кв талбайтай, агуулахыг М.Цэнгэлмаагийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээслэгч нартай хууль бусаар түрээсийн гэрээ байгуулан авсан төлбөр 18 900 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ Цэцэндүнгээ ХХК татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Эмээлт/18400/ 83 тоот хаягт байршилтай, 948 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-2201014010 дугаарт бүртгэж, Цэцэндүнгээ ХХК-д 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр олгосон 000342923 дугаартай, Суварга алтай констракшн ХХК-д 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр олгосон 000342939 дугаартай, Б.Ургахбаярт 2016 оны 09 дугаар сарын 23-ны өдөр олгосон 000503567 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бүртгэлийн үйл ажиллагааг хүчингүй болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар М.Цэнгэлмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 699 250 төгрөгийг, Цэцэндүнгээ ХХК-иас төлсөн 253 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 948 700 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч М.Цэнгэлмаад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч болон түүний ажилтан Д.Нэргүй нарын хоорондын харилцаа, хүлээн авсан мөнгө, итгэмжлэл олгосон нөхцөл байдал, шүүхүүдэд хандаж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байсан үйл баримтуудын талаар шүүх ямар ч дүгнэлт хийсэнгүй.

"Хадгаламж" банк, Цэцэндүнгээ ХХК-ийн хооронд 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ хийх хууль зүйн үндэслэлийн талаар шүүгч буруу дүгнэлт хийж, гэрээний эрх зүйн үндэслэлийг буруу тайлбарласан. Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхны хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээд цааш нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглан зарж борлуулсан асуудлыг "иргэний шүүхийн харьяалал" биш гэдэг үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Анхан шатны шүүхээс "Түүнчлэн М.Цэнгэлмаа нь 2010 оноос хойш 948 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байсан нь маргаан бүхий объектын өмчлөгч, үүнийг худалдан авахаар гэрээ хийсэн гэдгийг нотлохгүй болно" гэж дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагуудыг хүчингүй болгосон. Гэтэл шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудад хуульд заасан шаардлагад нийцүүлэн үнэлэлт өгөөгүй.

Д.Нэргүй нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар Г.Цээпилмаа буюу Цэцэндүнгээ ХХК-ийн төлбөрийг төлсөн гэх боловч түүний тайлбар баримтаар нотлогдоогүй гэж үзнэ. Учир нь Д.Нэргүй нь СХД-ийн 20 дугаар хорооны эмээлтэд байрлах 948 м.кв агуулахын зориулалттай барилгыг худалдан авахаар М.Цэнгэлмаагаас 46 800 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 550 000 төгрөг авч "Хадгаламж" банкны тусгай активийн 10590000001 тоот дансанд шилжүүлсэн нь үнэн болно" гэсэн бичвэр, М.Цэнгэлмаагаас түүнд 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр "Хаан" банкаар дамжуулан 47 350 000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсаныг хариуцагч Д.Нэргүй нь бизнес эрхлэх явцдаа хуримтлуулсан мөнгө гэх тайлбараас өөр баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн М.Цэнгэлмаагаас 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 3 жилийн хугацаатайгаар Д.Нэргүйд олгосон итгэмжлэл нэхэмжлэлд заасан хаягт байх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралд оролцох, хүсэлт тайлбар гаргах, шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрх олгосон, Д.Нэргүй болон нэхэмжлэгч нарын хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болсон эд хөрөнгө, ашиг орлогын ногдох хувийг гаргуулах тухай Д.Нэргүйгийн нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа зэрэг байдлаас дүгнэвэл Цэцэндүнгээ ХХК-ийн төлөх банкны өр төлбөрийг Д.Нэргүй төлсөн гэж үзэхэд эргэлзээтэй ба барьцааны зүйлийг Цэцэндүнгээ ХХК, Тэсийн хурд ХХК-ийн нэр дээр давхардуулан олгосон гэрчилгээг хүчингүй болгох, уг эд хөрөнгийг Д.Нэргүйгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлээсээ Д.Нэргүй татгалзсан зэрэг баримтыг хэргийн бусад нотлох баримттай шүүх харьцуулан дүгнэх шаардлагатай байжээ. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг М.Цэнгэлмаа нь Цэцэндүнгээ ХХК-иас худалдан авсан талаарх тус компанийн захирлын тайлбар хэргийн 162 дугаар талд авагдсан байгааг шүүх анхаараагүй байна.

Тэсийн хурд ХХК нь төлөх төлбөрөө барагдуулсан тул Эмээлт захад байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэн өгөхөд санал гомдолгүй гэсэн бичгийг "Магнай трейд" ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр явуулсан байх ба тухайн бичгийг явуулах үед төлбөр авагч компани нь уг эд хөрөнгийг өмчлөх эрхтэй байсан эсэх нь тодорхойгүй, үйл баримт хэрэгт авагдаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны зүйл болох эд хөрөнгийн эзэмших эрхийн талаар нотлох баримтанд тулгуурлаагүй дүгнэлт хийснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ хэмээн маш тодорхой дүгнэсэн байдаг.

Шүүх Суврага Алтай констракшн ХХК болон иргэн Б.Ургахбаяр нарт шилжигдсэн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. Б.Ургахбаярт Суврага Алтай констракш ХХК нь шүүхээс шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гарч шилжилт хөдөлгөөн хийгүй байхыг даалгасан байхад шүүхийн захирамжийг эс биелүүлж шилжүүлсэн байдаг.

М.Цэнгэлмаа би шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 21 өдөр Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хариуцагч Цэцэндүнгээ ХХК нь нэрээ өөрчилөн Наран Ойл ХХК болсон тул хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Үүний дараа өмгөөлөгч Ж.Энхчулууны хариуцагчаар Г.Цээпилмааг оролцуулах, харин Наран Ойл ХХК-наас хариуцагчийг сольж Г.Цээпилмааг оролцуулах хүсэлтүүдийг шүүх 2018 оны 01 дүгээр сарын 03 өдөр шийдвэрлэж 182/Ш32018/00219 дугаар шүүгчийн захирамжаар гарсан. Энэ захирамжаар Г.Цээпилмааг хариуцагчаар нэмж татах өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж ,харин Наран Ойл ХХК-ийн Г.Цээпилмааг хариуцагчаар солих тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй тул хариуцагчийг солих хүсэлтийг хангахгүй орхисон. Үүний дараа 2018 оны 02 дугаар сарын 28 өдөр шүүх дахин хуралдахад хариуцагч Д.Ургахбаярын өмгөөлөгч ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулсан. Энэ хуралд нэхэмжлэгч М.Цэнгэлмаа би оролцсон бөгөөд Наран Ойл ХХК-г хариуцагчаар оролцуулахаас татгалзаагүй.

Үүний дараа 2018 оны 03 дугаар сарын 15 өдрийн шүүх хуралд Наран Ойл ХХК-аас хэн ч ирээгүй. Шүүх хуралд Суврага Алтай ХХК, Хадгаламж банкны эрх хүлээн авагч, Б.Ургахбаяр, Г.Цээпилмаа нар оролцож шийдвэр гарсан. М.Цэнгэлмаа би шүүх хурлаас өмнө болон шүүх хурал дээр Наран Ойл ХХК-г хариуцагчаар оролцуулахаас татгалзаагүй. Г.Цээпилмаагаар ч солиогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23,3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Өмгөөлөгч миний өмнөөс шүүх хуралд хариуцагчийг оролцуулах шаардлаггүй гэхээр шүүх орцуулахгүйгээр хурал хийх эрх мөн хуулиар олгогдоогүй байна.

Цэцэндүнгээ ХХК-ны захирал Г.Цээпилмаа нь Хадгаламж банктай хийсэн Үл хөдлөх хөрөнгийн эрхийг шилжүүлэх гэрээг Цэцэндүнгээ ХХК-тай хийсэн. Энэ гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал яригдахад 2015 оны 08 дугаар сарын 28 өдөр өөрийн хувьцааг Н.Энхтайванд шилжүүлсэн байсан. Үүний дараа компаний нэрийг 2015 оны 11 сарын 10 өдөр Наран Ойл болгон өөрчилсөн байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхээр компанийн нэр өөрчлөгдсөн болох нь тодорхой байхад Наран Ойл ХХК-г хариуцагчаас чөлөөлөх үндэслэлгүй. Шүүх мөн хуралд Наран Ойл ХХК-г оролцуулах захирамжаа биелүүлэхгүй шүүх хурлыг хийсэн гомдолтой байна. Г.Цээпилмаа компанийн нэр өөрчлөгдсөн, мөн компанийг төлөөлөх эрхгүй болсон атал 2015 оны 08 сарын 28-ны өдрөөс хойш өдийг хүртэл шүүхийг хууран мэхлэж шүүхийн ажиллагаанд оролцсоор ирсэн бөгөөд энэ бүгдийг тайлбарлахдаа өмгөөлөгч хэлэх шаардлаггүй гэсэн учир хэлээгүй гэсэн тайлбарыг шүүх хурал дээр өгсөн нь шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн, шүүхийг төөрөгдүүлсэн. Шүүх Наран Ойл ХХК-г хариуцагчаас чөлөөлж, хариуцагчийг солиогүй атал шүүх хурлын товыг мэдэгдэлгүй хариуцагчийг оролцуулалгүй шүүх хуралдаан хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг залруулах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч М.Цэнгэлмаа нь 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хадгаламж банк ХХК дах Банкны эрх хүлээн авагч болон Цэцэндүнгээ ХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх энэ нэхэмжлэлд 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. /1 хавтас, 1-2, 62 дах тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар Д,Нэргүйг оролцуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн /1 хавтас, 134136 дах тал/, хариуцагчаар Суврага алтай констракшн ХХК-ийг оролцуулах хүсэлтийг хүлээн авч 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн /3 хавтас, 590-591, 594-595 дах тал/, хариуцагчаар Б.Ургахбаярыг оролцуулах хүсэлтийг хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн /7 хавтас, 17-19, 25-28 дах тал/, захирамжаар тус тус хангаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч Цэцэндүнгээ ХХК-ийг хариуцагч Наран ойл ХХК-иар солих хүсэлтийг шүүх хүлээн авч 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн /8 хавтас, 232-240 дэх тал/, Г.Цээпилмааг хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2018 ны 01 дүгээр сарын 03-ны өдрийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасан хариуцагчийг зөвхөн нэхэмжлэгч өөрөө тодорхойлох эрхийг зөрчсөн боловч нэхэмжлэгч нь хожим хүлээн зөвшөөрсөн тул Наран ойл ХХК болон Г.Цээпилмааг хариуцагч гэж тодорхойлох боломжтой гэж дүгнэхээр байна.

 

Иймд энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч тал нь Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, Наран ойл ХХК, Д.Нэргүй, Суврага алтай констракшн ХХК, Б.Ургахбаяр, Г.Цээпилмаа нар байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэгэнт хариуцагчаар татагдсан бол тэдэнд холбогдох нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх учиртай.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Нэргүйгээс татгалзсан тухай 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг шийдвэрлээгүй.

 

Уг хүсэлттэй танилцсан хариуцагч Д.Нэргүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан гуравдагч этгээдээр оролцохоор хүсэлт гаргасан, хүсэлтийг шүүх шийдвэрлэхдээ түүний эрх зүйн байдал хариуцагчаар тодорхойлсон хэвээр байгааг тайлбарлаагүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг хэргийн оролцогчид тайлбарлах үүргийг зөрчсөн гэж дүгнэхээр байна. / 6 хавтас, 37, 46 дах тал/

 

Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан дээр Д.Нэргүй, Наран ойл ХХК-ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсаныг анхан шатны шүүх хүлээн авч мөн өдрийн захирамжаар хүсэлтийг хангахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ. /9 хавтас, 110-112 дах тал/

 

Учир нь зохигчийн өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч болох бөгөөд хэргийн оролцогчийн хувьд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасан эрх, үүргийг хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд хуулиар олгогдсон түүний эрхэд нэхэмжлэгчийн өмнөөс хариуцагчийг тодорхойлох эрх байхгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргах журам хуулиар зохицуулаагүй болно.

 

Иймд шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүх шийдвэрийн 2 дах заалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч этгээд биш болох Цэцэндүнгээ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Цэцэндүнгээ ХХК-ийг Наран ойл ХХК-иар солих ажиллагааг явуулснаар энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас Цэцэндүнгээ ХХК нь гарсан болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш этгээд нь сөрөг нэхэмжлэл гаргах процессийн эрх зүйн чадваргүй юм. Цэцэндүнгээ ХХК нь нэрээ өөрчилснөөр Наран ойл ХХК болсон гэх захирамжийн үндэслэлээс дүгнэвэл Наран ойл ХХК-иас сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байгаа эсэх талаар шүүх тодруулах байснаас гадна, уг компанийг оролцуулаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулах боломжгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж буй тул материаллаг эрх зүйн хүрээнд гаргасан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00512 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 032 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Э.ЗОЛЗАЯА