| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0185/э |
| Дугаар | 2018/ШЦТ/190 |
| Огноо | 2018-07-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******овогт *******-д холбогдох эрүүгийн 1821003440215 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ..*******овогт *******, Монгол Улсын иргэн /РД: ......../, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн ...*******сум 1 дүгээр багийн “.........” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр баг “” гэх газарт хамтран амьдрагч *******ыг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, мөн 2018 оны 05 дугаар сарын 26-ны өглөө маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн хамтран амьдрагч *******ыг 2017 оны 03 дугаар сарын 27, 28-ны үед,...түүнээс хойш 2017 оны 08 сарын 25-ны орой,... мөн 2017 оны 10 сарын 06-ны өдөр... мөн түүнээс хойш 2018 оны 04 дүгээр сарын эхээр... маргалдсаны улмаас зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эхнэр бид хоёр маргаж муудалцсан. Шалтгаан нь эхнэрийн охин оюутан юм, тэгээд байрнаасаа гарах болоод “хааш нь гаргах вэ” гэж надаас асуусан. Би тэгээд “эгчийнхээ гэрт гаргаач” гэж хэлсэн чинь “тэнд таарахгүй ээ, 1972 оны хүмүүс бүгд яахаараа ууртай байдаг байна аа” гэж хэлээд гараад явчихсан юм. Тэгээд би араас нь гарахад хашаанд ороод ишгээ хөхүүлж байхаар нь “гаргаж хөхүүл” гэсэн. Тэгээд гарахгүй болохоор нь уурлаад үснээс нь зулгаасан. Ер нь намайг хэд хоногийн өмнөөс хардаад хэрүүл хийгээд байсан. Эхнэртээ гар хүрсэн нь үнэн, урьд нь маргаж муудалцаж байсан боловч гэмтэл учиртал зодож байгаагүй. Энэ удаа зодоход гэмтэл учирсан. Энэ миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 25-ны орой хоорондоо ярилцаад сууж байсан юм. Би юм ярьж байгаад нөхөртөө хандаж “1972 оны хүмүүс ааштай байдаг” гээд хэлчихсэн. Тэгээд уурлах шинжтэй болохоор нь гараад ишгээ хөхүүлсэн юм. Гарч улам уурыг нь хүргэсэн. Намайг дан толгой руу цохиод байсан. Зодож байснаа болиод явахаар нь би гараад өөрийн холын хамаатны гэрт очсон. Тэнд байж байтал гэх залуу цагаан машинтай ирээд “сум орно” гэхээр нь би “хамт явна” гэсэн. Би машинтай очиж гэрээсээ хувцасаа авах гэж байтал гэнэт машин буцаад явсан. Би уурлаад нөхрөөсөө “чи машин явуулсан уу” гэхэд дуугараагүй. Тэгээд гэртээ ороод намайг галын хайчаар цохиж, зодож эхэлсэн. Гадагш гараад явахаар нь би гарч гүйгээд дүүгээ дуудаад сум орсон. Маргааш нь эмч дуудах гээд холбогдож чадаагүй. Нэг дэх өдөр очиход надад тодорхойлолт бичиж өгсөн. Гадны нөлөөнд зодуулсан учраас цагдаагийн байгууллага шийднэ гэсэн. Надаас цагдаа “таныг нөхөр чинь өмнө нь зодож байсан уу” гэхээр нь би зодуулж байсан талаараа мэдүүлсэн. Өмнө нь 2018 оны 4 дүгээр сарын эхээр маргаж муудсан, 2017 оны 10 дугаар сард зодуулсан, 2017 оны 03 дугаар сард нөхрөө хардаад, өөрөөсөө болж зодуулсан. Тухайн үед гэмтэл аваагүй. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү, охин 2 хот яваад гэрт ирээд хэрүүл хийж байгаад бас зодуулсан. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зодсон. Нийт 5 удаа зодсон. Миний маргасан муудсан болгоныг зодсон гээд бичсэн байна. Яг 2 удаагийн зодолтонд надад гэмтэл учирсан юм гэв.
Гэрч *******ын “...Би сайн таньдаг юм. Сар өдрийг нь санахгүй байна 2016 онд, дараа нь мөн ондоо “мориноос унасан” гээд дахиж бариулж байсан. Харин сая “нөхөртөө зодуулаад” гээд бариулна гэж ирсэн. Тэгээд би толгой нь хавантай болохоор нь барихаа больсон... 2016 онд нэг удаа “нөхөртөө зодууллаа” гээд нэг удаа ирж бариулж байсан...” гэжээ. /хх 10-11/
Гэрч *******гийн “...2017 оны намар /сар өдрийг нь санахгүй байна/ анх Б-той сууж байсан өдрийг хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа зоддог байсан. Анх гар хөлийг нь мушгиад, үс гэзэгнээс нь зулгаадаг байсан гэсэн, одоо бүр айхтар зоддог болсон байна. 2018 оны намар хадаасны лоомоор цохиж байсан. Над руу Энхтайван залгаад “намайг ирээд аваач” гэж хэлж байсан, би авчирч байсан...” гэжээ. /хх 22-23/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 412 тоот дүгнэлтэнд: " биед баруун нүд, дух, зүүн шуу, бүсэлхий нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 28/
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд болон хэрэг бүртгэлтэд зөрчлийн талаар хохирогч /хх 9/, холбогдогч ******* /хх 12-13/ нарыг асуусан тэмдэглэл, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч /хх 24/, /хх 25/, болон хохирогчийн /хх 18-21/, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 34-38/, Аюулгүй зэргийн үнэлгээ /хх43-46/, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх 06/, Анхны үзлэгийн тодорхойлолт /хх 29/, Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 54-55/, Шүүгдэгч, хохирогч нар Прокурорын ялын саналыг зөвшөөрсөн талаарх баримт /хх 62/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 52/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр баг “” гэх газарт хамтран амьдрагч *******тай маргалдаж, улмаар түүнийг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өглөө тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн хамтран амьдрагч *******ыг 2017 оны 03 дугаар сарын 27, 28-ны үед, 2017 оны 08 сарын 25-ны орой унтаж байснаа гэнэт уурлаж босоод шалтгаангүйгээр гар хөлөөрөө зодсон,
“2017 оны 10 сарын 06-ны өдөр “өглөө оройгүй уурлах юм, хаанаас гардаг уур вэ” гэж хэлсний төлөө үснээс татах, гараараа нуруу, зүүн ташаа, зүүн хөл рүү цохиж зодсон,
2018 оны 04 сарын эхээр маргалдсаны улмаас мушгиж унагах, орон доороос татаж гаргаад гараараа гар, хөл, толгой руу цохих зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнгын шинжтэй үйлдлээр зодсон гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон Хохирогч эх сурвалжаа тодорхой зааж мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дээр дурдсан мэдүүлэг болон “...Би Б-ийн зодож цохиж байсан талаар цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, харин төрсөн эгч Энхтуяад хэлж байсан...Б зодсоныхоо дараа уучлалт гуйдаг, уурлахаараа биеэ барьж чаддаггүй юм шиг байгаа юм...” /хх 19-21/ гэх,
Болсон үйл баримт /факт/-ын талаар мэдэх хэмжээнд хэсэгчлэн мэдүүлсэн гэрч *******ын “...Би сайн таньдаг юм. Сар өдрийг нь санахгүй байна 2016 онд, дараа нь мөн ондоо “мориноос унасан” гээд дахиж бариулж байсан. Харин сая нөхөртөө зодуулаад гээд “бариулна” гэж ирсэн. Тэгээд би толгой нь хавантай болохоор барихаа больсон... 2016 онд “нөхөртөө зодууллаа” гээд нэг удаа ирж бариулж байсан...” /хх 10-11/ гэх,
Гэрч *******гийн “...2017 оны намар /сар өдрийг нь санахгүй байна/ анх Б-той сууж байсан өдрийг хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа зоддог байсан. Анх гар хөлийг нь мушгиад, үс гэзэгнээс нь зулгаадаг байсан гэсэн, одоо бүр айхтар зоддог болсон байна. 2018 оны намар хадаасны лоомоор цохиж байсан. Над руу Энхтайван залгаад “намайг ирээд аваач” гэж хэлж байсан, би авчирч байсан...” /хх 22-23/ гэх мэдүүлгүүд,
Хүчирхийлэл үйлдэгчийн “Аюулгүй зэргийн үнэлгээ”-нд: “...2 дугаар асуулгын хариултад – Гэр бүл хүчирхийллийн улмаас хүүхдээ төрсний дараа амиа хорлох сэдэл төрж байсан, 4 дүгээр асуулгын хариултад – Хүчирхийлэл үйлдэгч хүрз, лоом зэрэг эд зүйлээр цохиж “хохино шүү” гэж хэлдэг, 5 дугаар асуулгын хариултад – Урьд өмнө лоом, галын хайчаар цохиж байсан, 7 дугаар асуулгын хариултад – Хүчирхийлэл үйлдэгчийн зүгээс зодох болгондоо бие эрхтэнд хүнд гэмтэл учруулж байсан...” гэх хохирогчийн хариулт, ...Аюулын зэргийн үнэлгээг “дунд түвшин”-нд гэж үнэлсэн /хх 43-46/ үнэлгээ,
Мөн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 26-ны үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байж болох талаар дүгнэсэн шинжээчийн “... биед баруун нүд, дух, зүүн шуу, бүсэлхий нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна...” гэх 412 тоот дүгнэлт /хх 28/, Анхны үзлэгийн тодорхойлолт /хх 22/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /хх 9/, шүүгдэгч /12-13/ нарын зөрчлийн хохирогч, холбогдогчоор өгсөн мэдүүлгүүд, Хохирогч “...2018 оны 05 сарын 25-ны өдөр нөхөр болох *******-ид зодуулсан...” талаар амаар гаргасан гомдол /хх 6/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******-ийн үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д зааснаар хохирогч нь шүүгдэгч *******-той гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарах ба түүний бие махбодид байнгын шинжтэй /3 ба түүнээс дээш/ халдсан *******-ийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж үзнэ.
Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн 2018 оны 05 дугаар сарын 25, 26-ны үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “байнга” гэх шинжийг агуулахгүй байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр буюу тохирох зүйл ангиар зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон /3-аас дээш үйлдлээр, гэмтэл шаардахгүй/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан, мөн 2018 оны 05 дугаар сарын 25, 26-ны үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч *******-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь түүнийг зодсон шүүгдэгч *******-ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.
Мөн Прокурорын газраас шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх 54-55/-ээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.5-д заасан нөхцөл байдлыг хангасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сар хорих ялын саналыг яллагдагч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн /хх 62/ байх тул шүүгдэгч *******-ийг прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй байна.
Эрүүгийн 1821003440215 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршигт “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн ......*******регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэн даруй хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..*******овогт *******-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 /зургаа/ сар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д анхааруулсугай.
6. Эрүүгийн 1821003440215 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 06 сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.
8. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-н .........*******регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэн даруй хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ