2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/01093

 

 

 

 

 

 

 

 

 

              2025        02          06   

                                  191/ШШ2025/01093

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 0 тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, 0 тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,

Stoll маркийн CMS-330 TC-4 загварын сүлжмэлийн машины өмчлөгчөөр тогтоолгох, албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* овогтой ******* нь 2015 онд өөрийн найз болох И.*******тай хамтарч бизнес хийнэ гэж харилцан тохиролцож улмаар 6,500,000 /зургаан сая, таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий Сүлжмэлийн автомашин нэртэй ХБНГерман Улсад үйлдвэрлэсэн Stoll маркын CMS 330 ТС-4 загварын техник тоног төхөөрөмжийг худалдан авсан ба худалдан авсан даруйдаа 14,000,000 /арван дөрвөн сая/ гаруй төгрөгийн засварын үйлчилгээг би өөрөө хийсэн юм.

Бидний тохиролцоогоор И.*******ын хашаанд үйл ажиллагаа явуулна гэж тохиролцсон байсан тул сүлжмэлийн автомашинаа засаж сэлбэн, ашиглалтад оруулан улмаар И.*******ын хашаанд буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 0 тоотод буулгасан. Мөн бидний тохиролцоогоор миний гаргасан 20,000,000 /хорин сая/ төгрөгийг тэнцүү хуваан гаргана гэж ярилцсаны дагуу надад тал мөнгөгийг өгнө хэмээн хэлж байсан.

Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд би нэг ч төгрөг энэ хүнээс аваагүй, өөрийн хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжийнхөө бараа сургийг харалгүй бүтэн 5 жилийн хугацаа өнгөрч байна.

Иймд миний бие И. *******тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн оруулсан хөрөнгө оруулалт болох 20,000,000 /хорин сая/ төгрөгийн тал хувь болох 10,000,000 /арван сая/ төгрөгийг И.*******аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Миний бие ******* овогтой ******* нь 2015 онд өөрийн найз болох И.*******тай хамтарч сүлжмэлийн автомашин ажиллуулж, хамтарч ажиллана гэж харилцан тохиролцож улмаар 6,500,000 /зургаан сая, таван зуун мянга/-н төгрөгөөр ХБНГерман Улсад үйлдвэрлэсэн Stoll маркийн CMS 330 ТС-4 загварын сүлжмэлийн автомашиныг миний мөнгөөр худалдан авсан. Худалдан авсан даруйдаа 14,000,000 /арван дөрвөн сая гаруй төгрөгийн засвар үйлчилгээний зардлыг миний мөнгөөр хийж, засаж ашиглалтад оруулсан.

Бидний тохиролцоогоор миний гаргасан 20,000,000 /хорин сая/ төгрөгийн зардлыг тэнцүү хуваах буюу И.******* надад 10,000,000 /арван сая/ төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон байсан.

Бид И.*******ын амьдардаг амины орон сууцны хашаанд үйл ажиллагаа явуулна гэж тохиролцсон байсан тул сүлжмэлийн автомашинаа засаж сэлбэн, ашиглалтад оруулан улмаар И.*******ын хашаанд буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 0 тоотод буулгасан. Үүнээс хойш 2021 он хүртэл хариуцагч бид хоёр сүлжмэлийн машиныг ашиглан хувь, хувьдаа ашиглан ашиг олж байсан. 2021 оноос хойш хариуцагчтай хэрэлдэж, маргалдсаны улмаас сүлжмэлийн машинаа ашиглаж чадахаа больсон. Хариуцагч надад сүлжмэлийн машиныг бий болгоход оруулсан зардлын тал хувь буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийг төлөхөөр тохиролцсон байсан ба энэхүү тохиролцоондоо хүрээгүй буюу надад нэг ч төгрөг төлөөгүй.

Би хариуцагчаас удаа дараа гар утас руу нь залгаж мөнгөө өг эсвэл би сүлжмэлийн машинаа авъя гэж хэлж, шаардаж байсан. Үүний дагуу хариуцагч бид хоёр тодорхой хугацаа заан, сүлжмэлийн машиныг надад эргүүлж өгөхөөр харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч энэ тохиролцоондоо хүрээгүй тул намайг хуурсан гэж үзээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан.

Цагдаагийн байгууллагаас энэ гомдол нь Иргэний Шүүхээр шийдвэрлэгдэх хэрэг маргаан байна гэж үзэж хэрэг үүсгэхээс татгалзсан тул ийнхүү Шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан болно.

Сүлжмэлийн машиныг бий болгох, худалдан авч эхэлсэн үе нь 2015 он буюу одоогоос 8 жилийн өмнөх үйл явдал боловч хариуцагч 2023 оны 03-р сарын 01-ний өдөр тус Шүүхэд гаргасан хариу тайлбартаа 6,500,000 /зургаан сая, таван зуун мянга/-н төгрөгөөр анх сүлжмэлийн автомашиныг миний мөнгөөр худалдаж авсан үйл баримтыг тайлбарласан буюу хүлээн зөвшөөрсөн.

Одоо миний зүгээс И.*******ын эзэмшилд байгаа, ХБНГерман Улсад үйлдвэрлэсэн Stoll маркийн CMS 330 ТС-4 загварын сүлжмэлийн машины өмчлөгчөөр тогтоолгох, И.*******ын эзэмшлээс Stoll маркийн CMS 330 ТС-4 загварын сүлжмэлийн машиныг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Би сүлжмэлийн автомашиныг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 0 тоотод буюу И.*******ын Амины орон сууцны хашаанд байгаа гэж бодож байна.

Иймд И.*******ын эзэмшилд байгаа, ХБНГерман Улсад үйлдвэрлэсэн Stoll маркийн CMS 330 ТС-4 загварын сүлжмэлийн машины өмчлөгчөөр тогтоолгох, И.*******ын эзэмшлээс Stoll маркийн CMS 330 ТС-4 загварын сүлжмэлийн машиныг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Б.*******ийн нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч Т.******* миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгч нь БНГУ-д үйлдвэрлэгдсэн Stoll маркын CMS 330 ТС-4 загварын сүлжмэлийн машины сүлжмэлийн машиныг өмчлөгчөөр тогтоолгох, И.*******ын эзэмшлээс дээрх албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1.Т.******* миний бие нь 2013 оны хавар Stoll маркын СМЅ 330 ТС-4 загварын ХБНГУ-д үйлдвэрлэсэн сүлжмэлийн автомашиныг тухайн үед зүс таних хүнээс энэ машиныг үзэж хараад Б.*******т энэ талаар хэлж энэ сүлжмэлийн машиныг тухайн үед 6.500.000 төгрөгөөр худалдаж авсан юм.

Тухайн үед дээрх сүлжмэлийн машинд 14.000.000 төгрөгийн зардал гаргаж засварласан гэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ор үндэсгүй нэхэмжлэл гаргасан байх бөгөөд миний бие нь энэ сүлжмэлийн машинд өөрийн хөрөнгөөр тодорхой хэмжээний засвар үйлчилгээ хийж ашиглалтанд оруулсан юм.

Энэ сүлжмэлийн машиныг анх худалдаж авахад ихэнх эд ангиуд нь тоногдсон ажилладагүй төхөөрөмж байсан бөгөөд миний бие сүлжмэлийн машин ажиллуулдаг хувь хүмүүсээс сэлбэг хэрэгсэл авч засварлуулж байсныг нэхэмжлэлдээ огт дурьдаагүйг гайхаж байна.

Нэхэмжлэгч хэдийгээр анх 6.500.000 төгрөгөөр худалдаж авсан боловч миний бие худалдаж авсан өртгөөс багагүй зардлаар тухайн эд хөрөнгийг засварлаж ашиглалтанд оруулж ажиллуулсан учраас тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.*******ийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь намайг 20 сая төгрөгийн талыг төлнө гэсэн гэж нэхэмжлэлдээ худлаа бичсэн байсан бөгөөд би 10 сая төгрөг төлнө гэж огт хэлээгүй юм. Тэгээд ч энэ тоног төхөөрөмжийг ажиллуулж үр шимийг нь Б.******* тодорхой хэмжээнд авсан бөгөөд 2014-2020 он хүртэл Б.******* нь борлуулттай цаг хугацаанд буюу намраас өвөл хүртэл бүтээгдхүүн хийлгүүлж ашгийг нь тогтмол авдаг байсан юм. Тухайн үед энэ тоног төхөөрөмжийг ажиллуулах зардлыг / ажилчдын цалин, тог цахилгаан, урсгал зардал, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний төлбөр гэх мэт/ миний бие 100 хувь дангаараа хариуцаж төлдөг байсан бөгөөд Б.******* нь энэ төлбөрөөс нэг ч удаа төлж байгаагүй юм.

Нэхэмжлэлд дурьдсанаар 20 сая төгрөгийн 50 хувийг намайг өгнө гэж тайлбарлаж байгаагаар тухайн эд хөрөнгөнд миний оролцоо 50 хувиар байсныг нотолж байна гэж үзэж байна.

2. Дээрх эд хөрөнгийг миний эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нь дээрх эд хөрөнгөнд өөрийн хүч хөдөлмөрөөр олсон орлогыг бүрэн зориулж засан сайжруулж засвар үйлчилгээг байнга хийчихээд эцэст нь энэ эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг яагаад ч зөвшөөрөхгүй байна. Энэ сүлжмэлийн тоног төхөөрөмжийг худалдаж авснаас хойш 5 жилийн хугацаанд нэг ч төгрөг аваагүй гэж Б.******* нь ор үндэсгүй нэхэмжлэл гаргасан бөгөөд цар тахлаас өмнөх жилүүдэд буюу 2014-2020 он хүртэл байнгын холбоотой байсан юм. Шаардлагатай үед өөрөө ярьж надаар ажлын хөлсгүйгээр бараа бүтээгдхүүн хийлгүүлж ашиг олдог байсан бөгөөд нэхэмжлэлдээ энэ талаар огт бичээгүйд үнэхээр гайхаж байна.

Хамгийн сүүлд буюу 2020 онд 150 ширхэг хонины ноосон бүтээгдхүүн миний бие нэг ч төгрөгийн ажлын хөлс авалгүй хийж өгсөн бөгөөд энэ бүтээгдхүүний цэвэр ашиг нь /нэг ширхэг бүтээгдхүүний цэвэр ашиг 35000/ 5.250.000 болсон байхад надад нэг ч төгрөг төлөөгүй таг чиг алга болсон юм.

Иймд Б.******* нь дээрх сүлжмэлийн тоног төхөөрөмжид 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, тодорхой цаг хугацаанд анх оруулсан хөрөнгөөс хэд дахин илүү ашиг орлогыг хангалттай олсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний бие нь 5.000.000 төгрөгийг тодорхой хугацаанд нэхэмжлэгчид төлж барагдуулахад татгалзахгүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч эвлэрэх боломжгүй тохиолдолд тухайн эд хөрөнгийг үнэлгээний байгууллагаар үнэлүүлж сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Б.*******ийн нэхэмжлэлтэй, Т.*******ад холбогдох иргэний хэрэгт дараах хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгч тал нь хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

Эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийн төлөөлөгчтэй тохирсны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн Stoll маркын СМЅ 330 ТС-4 загварын сүлжмэлийн машины өмчлөгчөөр тогтоолгох, Т.*******ын эзэмшлээс дээрх сүлжмэлийн машиныг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий сүлжмэлийн машиныг зохигчид 20,000,000 төгрөгөөр үнэлж, сүлжмэлийн машины тавин хувь болох 10,000,000 /арван сая/ төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны  тоот харилцах дансанд хариуцагч дансаар 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлж барагдуулав.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийн төлөөлөгчтэй харилцан тохирч нэхэмжлэгчийн харилцах дансанд 10,000,000 /арван сая/ төгрөгийг төлж барагдуулсан тул маргаан бүхий сүлжмэлийн машиныг хариуцагч Т.*******ын эзэмшил, өмчлөлд бүрэн үлдээхээр харилцан тохирлоо.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь эвлэрлийн гэрээ байгуулсантай холбогдуулан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа бүрэн татгалзаж байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулж нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүрэн татгалзсан тул шүүхээс гарах шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2024/20354 дугаартай захирамжийг хүчингүй болгох саналтай байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.*******ад холбогдуулан Stoll маркийн CMS-330 TC-4 загварын сүлжмэлийн машины өмчлөгчөөр тогтоолгох, албадан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь Stoll маркийн CMS-330 TC-4 загварын сүлжмэлийн машины өмчлөгчөөр тогтоолгох, албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Т.******* нь 10,000,000 төгрөгийг төлж зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Ийнхүү зохигч эвлэрсэн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, Т.*******ад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь Stoll маркийн CMS-330 TC-4 загварын сүлжмэлийн машины өмчлөгчөөр тогтоолгох, албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Т.******* нь 10,000,000 /арван сая/ төгрөгийг төлж, зохигч эвлэрснийг баталж, Т.*******ад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Т.*******аас 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2024/20354 дугаартай захирамжийн үйлчлэл дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА