Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2018       06           04                                                    2018/ШЦТ/154

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, хохирогч *******, хохирогчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;      

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт н *******д холбогдох эрүүгийн 1821002050134 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1991 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, Т овогт *******.

 Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Парис” нэртэй баарны баруун талын засмал зам дээр Приус маркийн улсын дугаартай авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино ...”.  мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч *******ийг мөргөж улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 3 сарын 10-ны өдөр Дорнод дээд сургууль дээр сургалтад суучихаад явж байсан. Намайг зам хөдлөн гарах гэж байхад гэнэт хурдтай машин гарч ирээд намайг мөргөх шиг болсон. Тухайн үед би ухаан алдсан тул зарим зүйлийг санахгүй байсан. Манай хүүхдүүд тухайн үед мэдээгүй, дараа нь мэдсэн. Намайг эмнэлэгт байх хугацаанд ******* 2 удаа эргэж ирсэн. Тэрнээс хойш ирж уулзаагүй. Миний бие одоо 2 816 840 төгрөг нэхэмжилж байна гэв.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 250 тоотын дүгнэлтийн хэсэгт: "1. *******ий биед зүүн сүүжний кольцо дээд доод хэсгээр зөрөөгүй, бүсэлхийн 3-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, зүүн дунд чөмөгний дунд хэсгийн ташуу хугарал, духны зулгаралт, баруун чамархай, зүүн тохой, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар тогтоогдсон зүүн сүүжний кольцо дээд доод хэсгээр зөрөөгүй, бүсэлхийн 3-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, зүүн дунд чөмөгийн дунд хэсгийн ташуу хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар духны зулгаралт, баруун чамархай, зүүн тохой, зүүн гуяны цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 35/

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 тоотын дүгнэлийн хэсэгт: 1. “Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Явган зорчигч ******* нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Явган зорчигч явган хүний гарц буюу гармаар хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, мөн дүрмийн 3.9.г “Өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3.Приус-20 маркийн 68-77 ДОА улсын дугаартай автомашины тоормосны мөр хэрэг, ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураглалд тэмдэглээгүй байх тул хурдыг хэмжих боломжгүй. 4. Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс овогтой ******* / регистрийн дугаар лавлагааг авахад жолооны эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна. 5. Хавтаст хэргийн материалд авагдсан “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл”-д  овогтой *******ыг 2018.03.16-ны өдөр 15.30 цагт жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Alcotest7510 гэх багаж ашиглан шалгахад 0,00% буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байгаа нь тогтоогдож байна. 6. Хавтаст хэргийн материалыг шинжлэн судлахад *******гийн жолоодон явсан Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хурд хэтрүүлсэн нь тогтоогдохгүй байна. 7,8. Зам тээврийн осолд холбогдсон Приус-20, улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Ууганбаатарын хийсэн үзлэгээр тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 39/

            - Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8/

- Схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-12/

- Хохирогч *******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-26/

-Өсвөр насны гэрч А. Төрболдын мэдүүлэг /хх-ийн 30/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

   Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Парис” нэртэй баарны баруун талын засмал зам дээр “улсын дугаартай авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино ...”, мөн дүрмийн 9.2-д “...Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч *******ийг мөргөж улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцын баруун талд байх өөрийн түрээслэж ажлуулдаг автомашин засварын газарт юм хийж байгаад 14 цагийн үед “Шүр” зах орохоор өөрийнхөө эзэмшлийн “Prius”-20 маркийн шар ногоон улсын дугаартай автомашиныг бариад дүү Төрболдыг ардаа суулгаад явсан. Ингээд “Шүр” зах орж гурилын шуудай авчихаад захаас урагшаа явж төв замаар баруун гар тийшээ явж байгаад замын цагдаагийн  постны зүүн талын уулзвараар зүүн хойшоогоо эргээд “Парис” баарны урд талд буюу СМУ-ийн ордог уулзвараар зүүн талаасаа нэг машин /саарал өнгийн “Toyota Allion” маркийн машин байх шиг байсан улсын дугаарыг нь хараагүй/ ирээд эргэх гэхээр нь би дуут дохио өгөөд уг машиныг тойрч гарахад гэнэт зүүн гар талаас нэг эмэгтэй цаад урсгалын машиныг хараад шууд зам руу ороод ирсэн. Би тухайн үед тэр эмэгтэйг хараад тоормоз дарсан боловч зогсож амжилгүй тэр эмэгтэйг мөргөсөн. Тэгээд би шууд зогсоод машинаасаа буугаад миний машинд мөргүүлсэн эмэгтэй рүү очиход ёолоод хэвтэж байхаар нь би өөрийнхөө машинд тэр эмэгтэйг суулгаад шууд БОЭТ-ийн хүлээн авах тасагт аваачсан ба дараа нь цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/, түүнийг давхар нотолсон хохирогч *******ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Дорнод дээд сургууль дээр сургалтад суучихаад явж байсан. Намайг зам хөдлөн гарах гэж байхад гэнэт хурдтай машин гарч ирээд намайг мөргөх шиг болсон. Тухайн үед би ухаан алдсан тул зарим зүйлийг санахгүй байна” гэх мэдүүлэг өсвөр насны гэрч А.Төрболдын өгсөн: “...14 цагийн орчимд ******* ах “Prius”-20 маркийн ногоон өнгийн улсын дугаартай авто машиныг өөрөө бариад би арын суудал дээр суугаад хөдөлж “Шүр” зах орж гурилын путикнээс гурил хийдэг шуудай худалдаж аваад урагш хөдөлж төв замаар баруун тийш яваад цагдаагийн постны зүүн талаар хойш эргэж “Парис” баарны баруун талд ирэхэд гэнэт ******* ах сигналаа дарсан, гэнэт тоормослоод зогссон. Тэгээд харахад нэг эмэгтэй хүнийг мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/ Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 250, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

     Хохирогч *******ий биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч *******гийн замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт шүүгдэгч *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдлаанд хохирогч ******* нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 2816840 төгрөгийг нэхэмжилж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нийт 3352850 төгрөгийн гэм хорын баримт байх ба үүнээс нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний зардалд 892350 төгрөг, онгоцны зардалд 972600 төгрөг, шатахууны зардалд 165000 төгрөг, онгоцны буудалд хүргүүлсэн тээврийн зардалд 20000 төгрөг, хохирогчийн өмсөж явсан болон эд хөрөнгөд учирсан хохирол 450000 төгрөг, нийт 2499950 төгрөгийн баримт байгаагаас шүүгдэгчийн өгсөн 723660 төгрөгийг хасаж тооцоход 1776290 төгрөг болж байх бөгөөд энэ мөнгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохиролд хамаарахгүй 312900 төгрөгийг /хоол, утасны нэгж гэх мэт /хх-ийн 78, 79, 80, 81/ хэрэгсэхгүй болгож,  нотлох баримтгүй хохирогчийг 2 сар асарсаны 480000 төгрөг, эмчилгээний 25000 төгрөг /эмчийн тодорхойлолтоос өөр баримт байхгүй/, мөн Улаанбаатар хот руу  ээжийгээ асарахаар явахад зарцуулагдсан тээврийн зардлын үнэ 35000 /хх-ийн 79/ төгрөг нийт 540000 төгрөгийн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч нь хохирогчид төлбөртэй байх тул түүний эзэмшлээс 2240000 төгрөгийн үнэ бүхий 350 метр квадрат газрыг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 5 дугаар  сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр нь үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

 

1. Шүүгдэгч овогт *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Намжилын *******ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-гийн  орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гоос гэм хорын хохиролд 1776290 төгрөг гаргуулж, хохирогч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 312900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 540000 төгрөгийн хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдсүгэй.

6.Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг буцаан олгож, шүүгдэгчийн эзэмшлээс 2240000 төгрөгийн үнэ бүхий 350 метр квадрат газрыг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 5 сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр нь үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ЭНХБААТАР