Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/09

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 29 өдөр                                            Дугаар 2025/ДШМ/09                                                         Даланзадгад сум

 

 

 

А.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Т.Солонго /цахимаар/,

Шүүгдэгч: А.******* /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянтогтох, Б.Оюунтунгалаг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч “” ХХК-ийн өмгөөлөгч: Т.Цэен-Ойдов,

Иргэний хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч А.Даваабилэг /цахимаар/,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч “*******” ХХК-ийн өмгөөлөгч Д.Тамир, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, иргэний хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч А.Даваабилэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б., хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч “” ХХК-ийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч А.*******д холбогдох 2229003030212 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Дэлгэрмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймаг, Цогтцэций сумын Билгэх 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээврийн авто замын 38 дахь километрт Хово маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалтад заасан "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна" гэснийг зөрчиж, тээврийн хэрэгслээ замаас бүрэн чөлөөлөлгүй зогсоосноос араас нь нэг эгнээнд явж байсан С.*******ын жолоодон явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж Ч.*******ын жолоодон явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас хохирогч С.*******, Ч.******* нарын 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь А.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх:

Тайж овогт *******ын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Гантулгын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гантулгын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1- д зааснаар 19,146,448 /арван есөн сая нэг зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөгийг хувь тэнцүүлж буюу иргэний хариуцагч “*******” ХХК-аас 9,573,224 төгрөгийг, иргэний хариуцагч “*******” ХХК-аас 9,573,224 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.т олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д тус тус зааснаар 205,260,000 /хоёр зуун таван сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг хувь тэнцүүлж буюу иргэний хариуцагч “*******” ХХК-аас 102,630,000 төгрөгийг, иргэний хариуцагч “*******” ХХК-аас 102,630,000 төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч “” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-д зааснаар шүүгдэгч А.*******ас тэтгэлгийн зөрүү 257,500 /хоёр зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөгийг амь хохирогчийн төрсөн охин Ж. /РД:...., хүү Ж. /РД:......./ нарт арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр гаргуулан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн 100.800.000 /зуун сая найман зуун мянга/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А. өөрт учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн иргэний нэхэмжлэлээс 603,552 /зургаан зуун гурван мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч “*******” ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.т 19,500,000 /арван есөн сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж,

Иргэний хариуцагч “*******” ХХК нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.*******ас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий Сиди 1 /нэг/ ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч А.Гантулгын “В” ангиллын дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Иргэний хариуцагч “*******” ХХК-ийн өмгөөлөгч Д.Тамир давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:    

Б.т 19.500.000 төгрөг нөхөн төлсөн нь тогтоогдсон гэсэн дүгнэлт хийсэн атлаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн оршуулгын задал 39.500.000 төгрөгөөс дээрх төлөлтийг болон шаардлага хангаагүй хэсгийг хасаад үлдэх 19.146.448 төгрөгийг “Энэржи ресурс” ХХК болон "*******” ХХК -д хувь тэнцүүлэн хувааж “*******” ХХК-аар дахин 9.573.224 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь нотлох баримтыг үнэлэх болон Иргэний хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Тодруулбал, “*******” ХХК-ийн зүгээс хэрэг учрал болсны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 19.500.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс оршуулгын зардалд гарсан нийт зардлыг 39.500.000 төгрөг гэж тодорхойлж нэхэмжилсэн байдаг ба улсын яллагчаас нэхэмжилсэн хохирлын нийт дүнгээс “*******” ХХК-ийн нөхөн төлсөн дүнг хасаж үлдэх хэсгийг “*******" ХХК-с гаргуулах нь зүйтэй гэсэн санал дүгнэлтийг шүүхэд гаргасан нь үндэслэлтэй байсан боловч шүүх энэ асуудлыг буруу тайлбарлан шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1-т тус тус зааснаар 205.260.000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу ...иргэний хариуцагч “*******" ХХК-с 102.630.000 төгрөгийг гаргуулж ‘ XXК-д олгосугай гэсэн шийдвэр нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Тодруулбал, шүүх хуралдааны явцад энэхүү төлбөрийн нэхэмжлэлийн талаар улсын яллагчаас санал дүгнэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайн эрүүгийн хэргийн хувьд шүүгдэгч А.******* нь ЭХТА-ийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэг хянан хэлэлцэгдсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч, түүний ажил олгогч хариуцах эсэхийг шүүх шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.

Тус эрүүгийн хэрэгт шүүгдэгч А.Гантулгын гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудал хэлэлцээд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүгдэгч А.******* нь “*******” ХХК-ийн ажилтан биш бөгөөд тус компани нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэггүй гэж үзэж байгаа ба Иргэний хуулийн дээрх заалтуудыг “*******” ХХК-д хэрэглэх боломжгүй гэж үзэж байна.

Харин иргэний нэхэмжлэгч “” ХХК нь өөрт учирсан хохирол төлбөр байгаа гэж үзвэл иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримтуудаа талууд Иргэний шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой юм.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д: ... иргэний хариуцагч “*******” ХХК-с 9.573.224 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.т олгосугай ...” гэснийг, мөн 6-д: ... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1-т тус тус зааснаар 205.260.000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу ... иргэний хариуцагч “*******” ХХК-с 102.630.000 төгрөгийг гаргуулж “” ХХК-д олгосугай” гэж шийдвэрлэснийг хүчингүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Шүүх тус шийтгэх тогтоолынхоо үндэслэлд: “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэж заасныг зөрчиж, тээврийн хэрэгслээ замаас бүрэн чөлөөлөөгүй зогсоосон үйлдлийн улмаас араас нь нэг эгнээнд явж байсан С.*******ын жолоодож явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж Ч.*******ын жолоодон явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гаргаж, ослын улмаас хохирогч С.*******, Ч.******* нарын амь насыг хохироосон байна. Шүүгдэгч А.******* нь жолоодож явсан тээврийн хэрэгслийнхээ шатахууныг хянаж, холбогдох арга хэмжээ авах боломжтой байсан ба тээврийн хэрэгслээ замаас бүрэн чөлөөлөлгүй зогсоосон үйлдлийн улмаас зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон байх тул түүнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргээ зөрчсөн гэж үзнэ...” гэж дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “Гэм буруугүйд тооцох” зарчимд үл нийцэж байна.

Учир нь тухайн хэрэгт жолооч нарын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхтэй холбоотой асуудлаар шинжээчийн 4 дүгнэлт гарсан байдаг бөгөөд энэхүү дүгнэлтүүд нь хоорондоо харилцан зөрүүтэй байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ.” гэж, 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана.” гэж тус тус заасанчлан 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03/23 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт, 2024 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн Техникийн шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар тооцох болсон үндэслэлээ, бусад шинжээчийн дүгнэлтүүдийг зөвшөөрөхгүй байгаа болон үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолынхоо дүгнэлтэд тодорхой заагаагүй учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй шинжээчийн дүгнэлтүүдийг хэрхэн үгүйсгэж буй үндэслэлээ шийдвэртээ дурдаагүй нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц нотлох баримтуудыг үгүйсгэж чадахгүй байгаагийн илэрхийлэл гэж үзэхээр байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Иргэний хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч А.Даваабилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Энэ хэрэгт шинжээчийн 3 дүгнэлт гарсан байдаг. Тодруулбал, анхны шинжээчээр ажилласан С.Батзоригийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ******* улсын дугаартай Шанхи Эсикс маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дахь заалт ”Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвч саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнөГ-ыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон тухай дүгнэсэн.

Үүний дараа Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн "Дахин шинжилгээ хийлгэх тухай” 11 дүгээр тогтоолоор томилсон ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн 3 шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03/23 дугаартай "Техникийн шинжээчдийн дүгнэлт”-д ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан С.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дахь заалтыг, 82-39 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан А.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дахь заалтыг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн тухай дүгнэсэн байдаг.

Хамгийн сүүлд 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1484 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.1-т замын хөдөлгөөнд оролцогч нь Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, тус дүрмийн 10.12-т "Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнөГ гэснийг зөрчсөн, харин ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар заалтад заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байна гэх дүгнэлт гарсан.

Хамгийн гол нь 5 шинжээчдийн гаргасан шинжээчийн сүүлийн дүгнэлтээр ''******* улсын дугаартай автомашины шатахуун дуусаж, хөдөлгүүр асах боломжгүй, стартерийг ажиллуулсны улмаас аккумляторын батарейн цэнэг хангалтгүй болж автомашин хөдөлгөөн хийх боломжгүй болсон байна. Тиймээс техникийн хувьд автомашиныг хөдөлгөх боломжгүй болсон тул зайлшгүй зогсолтод хамаарна  /Асуулт 1-ийн хариулт/, мөн "хавтаст хэрэгт авагдсан материалаас ослын газарт “Түр зогсох хориотой", “Удаан зогсох хориотой" тэмдэг байхгүй /Асуулт 4-ийн хариулт/ гэх хэргийн бодит байдлыг илэрхийлэх ач холбогдол бүхий дүгнэлтүүдийг өгсөн.

Эндээс шүүгдэгч А.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т заасныг зөрчсөн эсэх, зайлшгүй зогсолт хийсэн буюу хөдөлгөөнгүй байх үедээ жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлсэн эсэх байдалд шүүхээс заавал дүгнэлт өгснөөр хэргийн бодит нөхцөл байдал бүрэн дүүрэн тогтоогдох байсан. Ингэснээр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дах заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоон шийдвэрлэх нөхцөл байдал бүрдэх юм.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгчийн Sinotruck маркийн ******* улсын дугаартай автомашиныг зогсоон байршуулсан газрыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон газарт хамаарахгүй буюу түүнийг Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн эсэх дээр заавал дүгнэлт өгснөөр шүүгдэгчийн маргаж буй гэм буруугийн шинж тодорхой тогтоодох байсан.

Анхаарвал зохих гол нөхцөл байдал нь Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-ийн зөрчлийг шинжийг хангаагүй, "хориглосон газар” биш болох нь илэрхий байхад дүрмийн тус заалтыг зөрчсөн гэж дүгнэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгч А.Гантулгын хувьд шаардлагатай арга хэмжээг хангалттай авч түлш дууссан автомашины замаас чөлөөлөхийн төлөө старчераар нь хүчээр хөдөлгөх үйлдлийг аккумляторын батарейны цэнэг дуустал хийснээс илэрхий нотлогдоно. Ийнхүү автомашин хөдөлгөөн хийх ямар ч боломжгүй болсон нь техникийн хувьд ч автомашин зайлшгүй зогсолтод орсныг илэрхийлдэг. Түүнчлэн А.******* нь зайлшгүй зогсолттой байх үедээ дүрэмд заасан үүргээ биелүүлсэн эсэхийг ослын зогсолтын тэмдэг тэмдэглэгээг байршуулж, аваарын гэрэл асаасан байсан үйл баримтаар нотлогддог.

Тодруулбал, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн фото зурагт ослын зогсолтын тэмдэг буюу ослын тумбо ашигласан нь баримтаар хэрэгт авагдсан байдаг. Энэ нь Замын хөдөлгөөний дүрмийн Хавсралтад 3-т “Тээврийн хэрэгслийн таних тэмдэг” хэсэгт "Ослын зогсолтын тэмдэг”-улаан хүрээтэй, цагаан өнгийн дэвсгэртэй буюу дэвсгэргүй (хөндий) тэнцүү талт гурвалжин (нэг талын урт нь 400 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тэй тэнцүү) бөгөөд босоо байрлалд тавих суурьтай байна. Гурвалжны дотор талд “!” анхаарлын тэмдгийн дүрс байж болно гэж шаардлагуудыг бүрэн хангасан хэлбэр дүрстэй, тэмдгийн урт өргөн нь илүү томруулсан буюу илүү алсын зайнаас харах боломжтой хэмжээ бүхий ослын зогсолтын тэмдгийг ашигласан байхад шүүх уг нөхцөл байдалд дүгнэлт өгсөнгүй. Мөн 1 тэнхлэгийн даац 18 тн даацтай, 11 тэнхлэгтэй, 2 чиргүүлтэй, бүх жин нь 185 тонн даац бүхий хүнд даацын, 44 м урттай /2 вагон чирсэн мэт урт/ онцлог бүхий тээврийн хэрэгслийг жолооч замаас чөлөөлөх бүх боломжит арга хэмжээг авсан буюу хор уршиг үүсгэхгүй байх талаар өөрөөс шалтгаалах бүх төрлийн “арга хэмжээ авсан” байдалд шүүхээс огт дүгнэлт өгсөнгүй. Харин замыг зөрчих хэсгийг бүрэн чөлөөлж чадаагүй гэх нөхцөл байдлыг осол гарах үндсэн шалтгаан болсон гэж явцуу дүгнэж гаргасан нь үндэслэлгүй юм.

Тухайн ослын хувьд “саадыг тойрох үйлдлийг зөв гүйцэтгэсэн” тохиолдолд энэ осол гарахгүй байсан ба шүүгдэгч А.******* үнэхээр ослын суурь шалтгаан байсан бол зам дээр зогссон цаг хугацааны эхний минутаас эхлэн олон тооны ослууд гарах учиртай. Энэ хүрээнд тухайн осол болоход хохирогчийн буруутай үйлдэл ямар хэмжээгээр нөлөөлсөн талаар шүүхээс огт дүгнэлт өгөлгүй, гэм буруугийн үндсэн шинж, осол гарах үндсэн шалтгааныг зөвхөн А.Гантулгыг буруутгасан дүгнэж гаргасан тул бид огт хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2 дугаар хавтас хэргийн 176 хуудаст 2022.10.02-ны огноотой 155,500 төгрөгийн баримт осол хэрэг учрал болохоос өмнөх баримт, 180 хуудас огноогүй хэзээ юунд хэрэглэсэн тодорхойгүй 158,430 төгрөгийн баримт, оршуулгын үед гараагүй байхаар огноо зөрүүтэй баримтууд 185 ху, 201-211 ху, 235, 239-249 хуудас, оршуулгын үйлчилгээнд хэрэглэх боломжгүй ахуйн хэрэглээний баримтууд 170 хуудаст 2022.11.22-ны "‘кофе” гэх агуулгатай баримт, 206 ху банны алчуур, 226 ху unitel холболтын хураамж, 238 хуудас сэнгүр (согтууруулах ундаа) худалдан авсан баримт зэрэг осол болсноос хойш хохирогчийн төлөөлөгчийн ахуйн хэрэглээнд зарцуулсан бүх төрлийн баримтууд хавсаргагдсан байна.

3 дугаар хавтас хэргийн 1-78 хуудаст бараг бүх баримт огноо зөрүүтэй, баримтын задаргаагаар гаатай эссэ (тамхи), улавч, халаад, Монос эмийн сангийн эм авсан баримт, нийслэл, сэнгүүр, нийслэл, Нетекеп пивууд (согтууруулах ундаанууд), ЗипзПк шампунь, гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэй ус худалдан авсан баримт, зогсоолын төлбөрийн баримт, КРС пицца, Е-МаП хүнс, ахуйн хэрэглээ попкорн, чихэр жимс, бохь авсан баримтууд гээд баримт бүр оршуулгын зардалд зарцуулаагүй баримтууд хавсаргагдсан байна.

Анхан шатны шүүхээс хохирлын дүнгээс 603,555 төгрөгийг хассан ч тухайн цаг хугацаанд хамаарахгүй зардлын баримтууд, агуулгын хувьд оршуулгын зардалд зарцуулах боломжгүй зардлын баримтууд болох үнэртэй ус, Юнителийн холболтын хураамж, банны алчуур, тавчих халат, пиво (согтууруулах ундаа), гаатай эссэ (тамхи), нүүрсний ком (гоо сайхны бүтээгдэхүүн), пицца захиалгын баримтууд зэрэг 2 сая гаран төгрөгийн баримт, бусад тухайн цаг хугацаанд хамааралгүй зардлын баримт болох 5 сая шахуу төгрөгийн баримтад шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгсөнгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... , шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нөхцөл бүрдсэн байдлыг анхаарч үзсэнгүй.

Иймд шүүгдэгч А.Гантулгын зөрчлийн шинжтэй гэм буруутай үйлдлээс учирсан хохирол төлбөрийг тооцоолохдоо оршуулгын зардалд бодитоор гаргасан зардлыг зөв тооцоолж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

овогтой миний нөхөр Чулуунбаатар овогтой ******* нь ажил үүргээ гүйцэтгэж амьдрах гэж яваад бусдын буруугаас болоод амь насаа алдсан. Хань минь байхад бусдын адил өнөр өтгөн сайхан байлаа. Хань минь байхгүй болоод гурван хүүхэд бид 4 амьдрал орвонгоороо эргэж хэцүү байна. Байр, машины зээл нэхэгдэж хоёр бага хүүхэд минь аав минь ороод ирэх болов уу гэсэн хүлээцтэй одоо хүртэл өдөр хоногийг үнэхээр хэцүү өнгөрөөж байна. Энэ хэрэгт буруутан болсон ******* компани, жолооч ******* нарт маш их гомдолтой байна. Миний 3 хүүхэд надаас нэг ч удаа уучлал гуйж байгаагүй. Шүүх хурал болоод ороход өмгөөлөгч Даваабилэг гэж хүн уучлалт гуйхын оронд үгээр доромжлон хэцүү байсан. Би энэ хэргийг үнэн зөвөөр шийдэгдэх хүртэл явах болно. Өдөр болгон банкнаас яриад одоо орон гэргүй болох дээрээ тулаад байна. *******д оногдуулсан ял нь хөнгөдөж байна. Байрны зээл үлдэгдэл 94.806.000 төгрөг байгаа ба миний хань 42 настайдаа буруутай этгээдийн улмаас нас барсан. 20 жил эрүүл саруул, ажлаа хийж бид нартай байсан бол уг мөнгийг олоод байртайгаа үлдэх байсан. Хуульд заасан үндэслэл, нотлох баримтаар 100 сая 800 мянган төгрөг нэхэмжилснийг гаргуулж өгнө үү. *******д оногдуулсан ял шийтгэлийг нэмэгдүүлж өгнө үү. Байрны зээл 94.806.000 төгрөгийг *******ар төлүүлж өгнө үү гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч “” ХХК-ийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн тухайд:

Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь хэсэгт “Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-д зааснаар шүүгдэгч А.*******ас тэтгэлгийн зөрүү 257,500 төгрөгийг амь хохирогчийн төрсөн охин Ж., хүү Ж. нарт арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр гаргуулан олгосугай.” гэж шийдвэрлэсэн боловч хүүхэд тус бүрд биш хамтад нь олгохоор заасан нь ойлгомжгүй, тодорхой бус болсон тул хүүхэд тус бүрд гэж тусгайлан зааж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Мөн шийтгэх тогтоолын 8 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн 100,800,000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.” гэсэн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн зүгээс холбогдох бүхий л нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн. Дөчин настай залуугийн амь нас хохирч 2 хүүхэд нь өнчирч, эхнэр нь өрх толгойлсон эх болж эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон, холбогдогч А.*******ас хохирол төлбөр барагдуулах талаар нэг ч ажиллагааг хийгээгүй шүүх хурлаар орсон.

Тус ослын улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эхнэр Б. болон түүний хүүхдүүдэд сэтгэцийн түр зуурын эмгэг өөрчлөлт орж, хэвийн амьдрал алдагдсан, орон сууцны өр зээлээ төлж чадахгүй орон байраа хураалгах зэрэг санхүүгийн дарамтад орж эхэлсэн. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх журамд хамаардаг. Шүүх энэ байдалд ямар нэг дүгнэлт хийгээгүй орхигдуулж хохирогчийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ аваагүй.

Хохирогч амьд байсан бол гэр бүл үр хүүхдээ тэжээн тэтгэж, мөр бүтэн өсгөж, орон сууцны 100.000.000 төгрөгийн өр зээлээ төлж байх байсан. Үндэсний статистикийн судалгаагаар эрэгтэй хүний дундаж наслалт, ажиллах хөдөлмөрийн чадвар зэргийг тогтоосон. Дунджаар ажил хийх чадамж 20 жил гэж үзээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420.000 төгрөгөөр үржиж тооцоход 100.800.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл бий болж байна. Энэхүү тооцоог үндэслэн тус шүүх хуралдаанаар нэг мөр шийдвэрлэх бололцоотой байсан тул шийдвэрлэж өгнө үү.

            Мэнд ирмүүн тул ХХК-д учирсан хохирлын тухайд:

  1. ” ХХК-ийн авто осолд орж шатсан автомашины чирэгч, чиргүүл зэрэгт “Хас үнэлгээ” ХХК-аар учирсан хохирлын үнэлгээ хийлгэж үнэлгээний зардалд 10,000,000 /арван сая/ төгрөгийг “” ХХК-аас төлсөн. Тус хохирлын зардлын санхүүгийн баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримт гарган өгсөн ба            хохирол төлбөрөө шаардсан байхад шүүхээс холбогдогч нараас гаргуулан олгоогүй тул олгож шийдвэрлэж өгнө үү. Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

          Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

          Анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Учир нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинэчлэн судлагдсан хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан магадлагаа, шинжээчийн дүгнэлтүүд, хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгүүд, тухайн хэрэг болох үед хажуугаар зөрж байсан болон тэнд зогс зогсож байсан тээврийн хэрэгслийн жолооч нараас авсан гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд цугларсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцсэн. “*******” ХХК ухаа худаг болон цагаан хаданд гээд хоёр талдаа кемптэй. Хоёр талаасаа тээврийн мастерууд нь ажилладаг. Зам хяналтаараа тогтмол хянаж явдаг. Өөрөөр хэлбэл тухайн хэрэг учрал болох үед хэд хэдэн “*******” ХХК-ийн жолооч нараас мэдүүлэг өгсөн байдаг. Тээврийн мастер над руу залгаад А.Гантулгын түлш нь дуусчихсан байна. Хамгийн ойрхон явж байгаа нь та байна гээд гэрч н. руу утасдаж хэлсэн байдаг. Та энэ машиныг нь чөлөөлөөд аюулгүй байдлыг нь хангаад өгнө үү гэдэг. Учир нь яагаад А.******* руу яриагүй юм бэ? яагаад А.*******тай холбогдож чадахгүй байгаа юм бэ гэдгийг бид нар анхаарч, бодох ёстой. Согтуурал шалгасан согтуурлын магадалгаагаар согтолтын зэрэг нь хэдэн хувьтай байгаа юм бэ? компани намайг хурдан бололцоогоор хангаагүй, түлш өгөөгүй учраас би өнөөдөр энэ гэмт хэрэгт холбогдчихлоо гэж хэлж байгаа нь өөрөө хэр ёс зүйтэй юм бэ?

          Нийт есөн шинжээч байгаа. Эхнийх нь нэг, дараагийнх нь гурав, дараагийнх нь таван шинжээч олдоогүй. Бид нар хэд хэдэн газар руу тоот, албан бичиг явуулж үзсэн. Аргаа бараад бид нар хамтарсан багаар дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлт нь маш тодорхой, ойлгомжтой дүгнэлт гарсан. Зогсоох арга хэмжээ авна гээд заавал зогсоох арга хэмжээ авах юм шиг зүйл яриад байна гэдэг. Зогсоох арга хэмжээ аваагүй оруулсны улмаас эрдэнэт хоёр хүний амь нас хохироод байна.

          Харин шийтгэх тогтоолд техникийн шинжтэй алдаа гарсан байна. Энэ нь юу вэ гэхээр долоодугаар заалтад заасан талийгаачийн хоёр хүүхдийг тус бүр гэдэг заалтыг оруулж өгнө үү гэдэг саналыг дэмжиж байна.

          Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох жишиг аргачлал түрүүнд А.Даваабилиг өмгөөлөгчийн хэлсэн үндэслэлтэй. Энэ журам, аргачлал нь өөрөө 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих учраас анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхгүй, хэлэлцэхгүй орхиж үлдээсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зөвхөн долоодугаар заалтад тус бүр гэдэг үгийг оруулж өгөөд бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэрийг залруулах гээд байгаа. Техникийн алдаа гарсан тохиолдолд залруулах боломжтой. Тийм учраас хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:

          Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийг хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр бүрэн гүйцэд тогтоож чадаагүй хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж гомдол гаргасан. Гомдлын агуулгыг тайлбарлая. Анхан шатны шүүх А.Гантулгыг гэм буруутайд тооцох болсон гол үндэслэлээ 2023 оны 03/23 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон байдаг. Тус дүгнэлтээр А.******* болон талийгаач н.******* нарын буруутай үйлдлийн үүднээс тус осол гарсан гэж үзэж дээрх үндэслэлээр буруутгасан боловч бусад шинжээчийн дүгнэлт буюу А.Гантулгыг гэм буруугүй. А.Гантулгын үйлдэлтэй дээрх осол хамааралгүй. Зөвхөн талийгаач н.*******ын үйлдэлтэй тус осол хамааралтай гэсэн дүгнэлтүүдийг үгүйсгэн няцаасан байдлаа дүгнэлтдээ тусгаж өгөөгүй байдаг. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дөрвөн дүгнэлтээс А.Гантулгыг тухайн осол гарахад шалтгаант холбоогүй гэсэн 26 дугаартай болон 84 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүх үгүйсгэн няцааж шийдвэртээ тусгаж чадаагүй. ...шинжээчид дүгнэлт болон шүүхийн зүгээс А.Гантулгыг Замын хөдөлгөөний дүрмийн 16.10 дугаар зүйлд заасны дагуу хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэсэн агуулгаар буруутгадаг өмгөөлөгчийн зүгээс дээрх заалтыг А.******* зөрчөөгүй байна гэж харж байгаа. Нэн даруй гэдгийг 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд нэн даруй гэдэг нь тухайн тохиолдолд мэдэгдэх боломжтой ердийн хугацаа гэж ойлгоно гэж тайлбарласан. Тэгэхээр А.Гантулгын зүгээс шатахуун дууссан даруйдаа замаа чөлөөлөх гээд урд талын кабин нэгдүгээр чиргүүл, хоёрдугаар чиргүүлийнхээ ихэнх хэсгийг замаас гаргасан байдаг. Хоёрдугаар чиргүүлийг гаргахад шатахуун нь хүрээгүй байдаг. Ингээд астачаараа дараад машинаа хөдөлгөх боломжтой бүхий л үйлдлийг хийж замаа чөлөөлсөн нөхцөл байдал тогтоогддог. Тэгэхээр энэ заалтыг үнэхээр зөрчсөн эсэх нь эргэлзээтэй байхад шүүх шууд чөлөөлөх арга хэмжээ авна гэсэн зохицуулалтыг заавал чөлөөлөх ёстой гэсэн агуулгаар тайлбарлаж А.Гантулгыг буруутгаж байгаа нь учир дутагдалтай гэж харж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд дээр машины байрлал замаас хэрхэн яаж холдуулсан, замтай хэр зайтай байсан зэрэг нөхцөл байдлууд байгаа. Мөн бензин дууссан эсэхийг шалгаж үзэхэд нэг сантиметр хүрэхтэй үгүйтэй шингэн байсан. Ингээд замаас чөлөөлөх арга хэмжээгээ авчхаад хойноос ирж байгаа тээврийн хэрэгслүүдэд анхааруулах байдлаар байгууллагаасаа өгсөн ослын тэмдгийг тавьсан байдаг. Энэ нь араас ирж байсан гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Манай машин “*******” ХХК-ийн машиныг тойрох маягтай үйлдэл хийсэн. Тэгээд өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэх мэдүүлгийг өгдөг. Тухайн үед А.******* шатахуун дууссан талаараа мэдэгдсэн. Дараа нь явж байсан машинд шатахуун дууссан, шатахуун авчирч өг гэдгээ хэлсэн гээд “*******” ХХК-ийн төлөөлөгч мэдүүлэг өгсөн байдаг. Тэгэхээр энэ бүх нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлаад үзэхэд А.Гантулгын үйлдэлтэй тус зам тээврийн осол шууд шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй. Дээрээс нь энэ хавтаст хэрэгт авагдсан дөрвөн шинжээчийн дүгнэлт хоорондоо эргэлзээтэй, зөвхөн А.Гантулгыг буруутгасан нэгхэн шинжээчийн дүгнэлтийг шүүх баримталж гэм буруутайд тооцсон мөтрлөө бусад шинжээчийн дүгнэлтүүдийг хэрхэн яаж үгүйсгэж байгаа, хэрхэн яаж үнэлсэн талаараа шүүхийн шийдвэрт тусгаагүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан А.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байдлаар гомдлоо гаргасан гэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянтогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:

   ...хоёр тусдаа субъект, хамтдаа буруутай байна гэсэн ойлголт байхгүй. Хэрэв тийм бол болгоомжгүйгээр гэмт хэрэгт хамтран оролцсон гэж ойлгож болно. Анхан шатны шүүхийн дүгнэлтээс харахад энэ агуулга харагдаад байна. Өөрөөр хэлбэл эсрэг урсгалд ороход өөдөөс ирж байгаа машин заавал зам тавьж өгөх буюу зогсох ёстой байхад чигээрээ явсан 3915 дугаартай машины жолоочийн хэнэггүй, буруутай үйлдлийн улмаас 7675 дугаартай машинтай мөргөлдсөн энэхүү ослын шууд шалтгаан бол 3915 дугаартай машины жолоочийн замын хөдөлгөөний дүрэм заалтыг зөрчсөн, 8239 дугаартай машин тэнд ямар ч үйлдэл хийгээгүй. Машины жолоочоос шалтгаалахгүй, давагдашгүй хүчин зүйлийн улмаас явах боломжгүй болоод зогсоод ослын тэмдэг, гэрэл, дохио зэргийг бүгдийг нь ашиглаад шаардлагыг хангаад компаниасаа түлш ирэхийг хүлээж байсан нь хэргийн газрын үзлэгээр нотлогдож байна.

Анхан шатны шүүх А.Гантулгын гэмт үйлдэл нь механикийн тээврийн сургуулийн шинжээч нарын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03/23 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн техникийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдлоо гэж дүгнэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийн талаар тайлбар гаргасан. Урьдчилан гарын үсэг зуруулаагүй байгаа нь гуравдугаар хавтаст хэргийн 215-223 дугаар талуудад байгаа. Он, сар, өдөр байхгүй. Дээрх тогтоолын 2.6 дахь хэсгийг анхан шатны шүүх бүхэлд нь зөрчсөн. Анхдагч буюу ач холбогдлоор нэгдүгээр зэргийн нотлох баримт бол гэрч н.Мөнхлхагвын мэдүүлэг байгаа. Яагаад үзсэн бэ гэхээр энэ гэрч тухайн ослыг өөрийн нүдээр хоёр зуу орчим метрийн зайнаас харсан. Нэгдүгээр хавтаст хэргийн 76 дугаар талд таны урд явж байсан машин зогсох үйлдэл хийсэн үү гэж асуухад үгүй “*******” ХХК-ийн машиныг тойрох маягтай дайвалзаж явснаа шууд мөргүүлчихсэн гэж мэдүүлсэн байдаг. 3915 дугаартай машин замын хөдөлгөөний дүрмийг шууд зөрчсөнийг нотолж байна. н.Мөнхлхагвын мэдүүлэг хангалттай нотлогдоод баталгаажсан. Бусад гэрчүүдийн мэдүүлгийн хувьд тухайн ослыг тэнд болчихсон байсан талаар нотлоод мэдүүлгээ өгдөг болохоос тухайн осол юуны улмаас, ямар учир шалтгаантай яагаад гарсан гэдгийг нотлоод байгаа хэрэг биш.

Ослын тэмдэг тавиагүй гэдэг. Гэрчүүдийг тэнд очихоос өмнө том машин тэр тавьсан тэмдгийг нь дайраад бутраагаад алга болгочихсон. Энэ яриад байгаа зүйл нь дээр дурдсан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолын тайлбарлах хэсгийн 1.10, 1.11, 1.15 дахь хэсгүүдийг зөрчсөн. Түлш дууссантай холбоотой нөхцөл байдал хавтаст хэрэгт хангалттай авагдсан. Өөрөөр хэлбэл түүнд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл тохиолдсон. Тухайн өдөр хүйтэн байсан. Өдрийн цагт салхи, шуурга шуурч, 19 метр секунд хүртэл шуургатай байсан. Тэгээд орой 20 цаг 30 минутын үед агаарын температур 1.1 хэм байсан. 1.1 хэм гэдэг бол ус хөлдөх түвшнээс дөнгөж 1.1-ээр илүү буюу хүйтэнд хүн удаан зогсвол даарна. Агаарын температур хүйтэн байвал машины бензин, түлш идэх идэлтэд нөлөөлнө. Шийтгэх тогтоол нь Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 5.2 болон 5.4 дэх хэсгүүдийг зөрчсөн гэж үзэж байна. Эдгээр үндэслэлүүдээр А.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

   Шүүгдэгч А.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2022 онд “*******” ХХК-д жолоочоор ажилд орсон. 2022 оны 10 дугаар  сарын 30-ны өдөр цагаан хаднаас ухаа худаг явах замд 38 дахь километрт түлш дууссан. Би зам чөлөөлөх арга хэмжээгээ авсан. Анхааруулах хоёр тэмдгээ тавиад аваараа татаад зогссон байдаг. Би нэгдүгээр чиргүүлээ гаргаад хоёрдугаар чиргүүл асфальт зам дээрээ метр хоёр орчим л орсон байдаг. Тэгээд би компанидаа дуудлагаа өгсөн. Компани хурдан арга хэмжээ авсан бол ийм харамсалтай осол гарахгүй байсан гэж бодож байна. Тухайн үеийн замын онцлог нь маш хүнд зам, байнга л дугуй нь хагарсан, эвдэрсэн машинууд байж байдаг. Тэр болгонд бие биедээ ойлголцоод  тойроод л явдаг. Бие биедээ зам тавьж өгдөг. Тэр болгонд урдаас нь давхиж ирээд мөргөлдчихгүй яваад байдаг. Энэ хэрэгт би өөрийгөө 100 хувь буруутай гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүхээс буруутай гэж үзэж оногдуулсан ялыг харж үзнэ үү гэж хүсэж байна. Тэгээд энэ золгүй осол болсонд туйлын их харамсаж байна гэв.

         

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   ...Тэгээд би яаснаа мэдэхгүй байж байтал цагдаа нар ирээд жолооч нь яасан гэсэн чинь хойд талынхаа орон дээр унтаж байсан. Цагдаа нар нь татаад буулгаад ирсэн чинь шал согтуу, юугаа ч мэдэхгүй. Машинаа мөргөлдсөнөө ч мэдэхгүй байсан. Машинаас буулгаж ирэхэд наадах чинь хөл дээрээ тэнцэхгүй тийм согтуу байсан. Одоо болохоор миний буруу биш гээд байх юм. Зүв зүгээр сайхан гэр бүлтэйгээ амьдарч байсан амьдралыг орвонгоор нь эргүүлчхээд надаас нэг ч удаа хүн чанараараа уучлалт гуйгаагүй. Миний гурван хүүхэд бид хэдэд уучлаарай гэж хэлээгүй.

Миний хоёр хүүхэд аав минь ороод ирэх бол уу гээд өдөр болгон бид нар хүлээж байдаг. Одоо болтол ажилдаа явж байгаа. Ирэх юм болов уу гэж бодсон хэвээр. Ээж аав тоглосон юм бол уу, тоглосон байхаа ороод ирэх байх гээд миний хүүхдүүд асуудаг. Миний амьдралыг та нар мэдэхгүй. Машины өртэй, байрны зургаан хувийн лизингтэй, миний хань байсан бол би өнөөдөр энэ улсуудтай ингээд маргалдаад байж байхгүй. Миний алгынхан чинээ хоёр үрд үзэх харах юм ч байхгүй. Бие гэж байхгүй болохоор өнөөдөр аавыг ороод ирнэ гээд хүлээгээд л байж байдаг.

*******” ХХК-ийн өмгөөлөгч нь тэр хооронд зөндөө хүмүүс мөргөлдөөд янз бүр болж байдаг. Бараг л танай хүн тэр үед ирээд мөргөчихсөн юм биш үү гэх мэтээр хэлж байсан. Үнэхээр би гомдолтой байна. Энэ хэрэг гурван жилийнхээ нүүрийг үзэх гээд явж байна. Болохгүй бол би хэвлэлийн бага хурал хийдэг юм уу? яадаг юм. Би энэ хүртэл аймаар их хүлээж, хүлээцтэй байсан. Тэгчих болов уу гээд хүлээгээд “Аяны эхлэл” ХХК-аас өөр хүн надтай нэг ч удаа яриагүй. Энэ хэрэг дээр үнэхээр гомдолтой байгаа. Үхсэн ч гэсэн би ханийнхаа төлөө явна. Хоёр гурван хүүхдийнхээ төлөө явна гэв.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  

          Анхан шатны шүүх тухайн хэрэгт дүгнэлт хийхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. болон “” ХХК-тай холбоотой иргэний нэхэмжлэгч нарын эрхтэй холбоотой зүйл заалтуудыг шийтгэх тогтоолдоо оруулж шийдсэн байдаг. Ингэж шийтгэх тогтоолдоо оруулахдаа шийтгэх тогтоолын 7 дахь хэсэг буюу Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1.4 дэх хэсэгт зааснаар талийгаач н.*******ын насанд хүрээгүй бага насны Ж., Ж. гэх хоёр хүүхэд байгаа. Бид нар нотлох баримтаа хангалттай гаргаж өгөөд тэжээгчээ алдсаны тэтгэлгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүү гээд хоёр хүүхдэд гурван зуун хэдэн мянган төгрөг авч байгаа баримтыг хавтаст хэрэгт өгсөн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хасахаар 275,500 төгрөг буюу тухайн үеийн 420,000 төгрөгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ үйлчилж байсан. Ингээд 275,500 төгрөгөөр хоёр хүүхдийг тэжээн тэтгүүлье гэсэн саналыг гаргаад шүүх шийдэхдээ утга агуулгын хувьд алдаа гаргачихсан гэж харсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдахад ойлгомжгүй байдал үүссэн гэдэг үүднээс мөн нэг хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна. Тэгэхээр хоёр хүүхдийн дунд 257,500 төгрөг олгоод байгаа юм шиг утга агуулгыг гаргасан учраас агуулгын хувьд ойлгомжгүй байна. Үүнийг давж заалдах шатны шүүх залруулаад хүүхэд тус бүрд гэдэг үгийг шийтгэх тогтоолд оруулах боломжтой гэдэг үүднээс гомдлын эхний үндэслэл тайлбарлагдаж байна.

          Нийгмийн даатгалын шимтгэл нэгхэн сар сая төгрөгөөр төлөөд, өмнөх нэлээн хэдэн удаагийн төлөлт байдаг. Дунд нь огт тасалдчихсан учраас бид нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлаад монгол хүний дундаж наслалт, тэр тусмаа эрэгтэй хүний наслалтын статистикийн баримтыг хавтаст хэрэгт статистикийн хорооноос авч өгөөд энэ хүн 42 насандаа нас барж, 20 жил буюу дундаж наслалт бараг 67 насаар гарсан. Гэхдээ бид нар 67 насаар бодоогүй. Зөвхөн 20 жил гээд 62 наслалтаар хөдөлмөр эрхэлсэн бол гээд 420,000 төгрөгийг 20 жилийн 240 сард үржээд 108,000,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч мөн гэм буруутай гэж тооцогдсон А.******* нараас нэхсэн. Ингэж нэхэхдээ хууль зүйн үндэс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод зөрчигдсөн эрхийг сэргээнэ гэсэн хуулийн зохицуулалт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хор уршиг хохирлыг нөхөн төлж болох боломжгүй байвал мөнгөн төлбөрөөр шаардаж түүнийг шүүх гаргуулна гэсэн хуулийн зохицуулалтыг баримталж шаардсан.

          2023 оны 01 дүгээр сараас үйлчилсэн авто аваарын хэрэг дээр сэтгэл санааны хохирлыг хавсралтаар бодоод олгож байгаа. Ар гэрт нь сэтгэл санааны хохирол гэдэг зүйл хуулийн хэрэгжилтээс болоод нэхэмжлэх боломжгүй байсан учраас энэ хууль зүйн үндэслэлийг бид нар тайлбарлаж шаардаж байгаа. Өнчрөөд үлдсэн хүүхдүүд нь эцэггүй өсөж байна гээд цаашаа ярих юм бол хохирол маш их учирсан гэдгийг тайлбарлаж хэлмээр байна.

          Дээрээс нь А.******* гэдэг хүний хувьд ял хөнгөдсөн гэдэг зүйлийг нэмж хэлмээр байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид зориулж хэлсэн үг нь ялаа авчихлаа болоо юм шүү гэдэг. Ганц зориулж амнаас нь гарсан үг нь тэр байсан. Хүнийхээ хувьд нэг ч удаа уучлалт гуйгаагүй, ийм зан гаргасан хүнд 4 жил үнэхээр хөнгөн ял байгаа.

          “” ХХК-ийн хувьд нэг машинаа шатаагаад, нэг авсан шинэ машинаараа хохироод хоёр жил тээвэр байхгүй, орлого байхгүй, машиныхаа үнийг авч чадахгүй өнөөдрийн хэмжээнд хүрсэн. “” ХХК-ийн ослын үнэлгээ гаргуулахад 10,000,000 төгрөгийг “Хас үнэлгээ” ХХК-д өгсөн баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байдаг. Үүнийг хохиролтой холбоотойгоор иргэний нэхэмжлэгчээс давхар гаргаад явдаг. Тэгэхээр үүнийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолоороо “” ХХК-д “*******” ХХК, “Аяны эхлэл” ХХК-аас хувь тэнцүүлэн гаргуулах хамт шийдүүлэх боломжтой байсан. Гэтэл үүнийг орхигдуулсан. Хохирлын үнэлгээнд гарсан 10,000,000 төгрөгийг шийтгэх тогтоолдоо оруулж шийдээгүй учраас давж заалдах шатны шүүх үнэлгээний баримт болон хэргийг бүхэлд нь хянахдаа давхар шийдэж өгнө үү.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн хувьд шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлтүүд эрс, тэс зөрүүтэй. Шүүх аль дүгнэлтийг нь авч дүгнээд байгаа нь тодорхойгүй гэдэг зүйлийг хэлж тайлбарладаг. Есөн шинжээч нэг зүйл дээр санал нийлээд Замын хөдөлгөөний дүрмийн зайлшгүй зогсолт хийх тохиолдолд замаа чөлөөлөөгүй байна. Үүнээс болж осол гарчээ гэдэг дүгнэлтийг хийдэг. Шинжээч нарын дүгнэлт Цогтцэцийгээс хэрэг буцаж ирэх цаг хугацаанд 2 жилийг зарцуулсан байдаг. Хэргийн газрын үзлэгийг нэг бүрчлэн хийгээд нөгөө машин хөвөөн дээрээ зогсчихсон юм уу? зогсолтоо яаж хийсэн байсан юм бэ гээд бүгдийг нь бэхжүүлээд авчихсан байсан. Тэнд нэг эгнээг А.******* гэдэг хүний машин хаагаад зогсчихсон үйл явдал тогтоогддог. 17 цаг 30 минутын үед машиных шатахуун нь дуусаад зогссон машин 20 цаг 30 минут хүртэл тэнд зогсохгүйгээр шатахуунаа аваад тэндээс хөдөлж болоогүй юм бэ? Хамгийн их хамааралтай байна. Яагаад гэхээр 17 цагаас нийтдээ гурван цаг тэнд энэ хүн машинаа хаяад архи уучхаад ороод унтаад өгсөн үйл явдал байдаг. Хоёр машин мөргөлдөөд хүмүүс шатаад нас барж байхад сэрээгүй. Өөрөө ч хэлдэг. Цагдаа нар тэр хүнийг сэрээдэг. Та энд зайлшгүй зогсолт хийсэн юм бол ослын зогсолтын тэмдгээ тавь, өөр бусад жолооч нарт аюул учруулах нөхцөл байдлыг нь арилгах үүрэгтэй. Шатахуун нь дуусгах гээд доошилчихсон байгааг тэр хүн мэдэж байтлаа машиныг хөдлөхгүй болтол нь буюу замыг чөлөөлөхгүй болтол нь явах шаардлага байсан уу? Шатахуун дуусах дөхөж байгаа юм байна. Би энэ замаас гараад зогсчихъё гээд урьдчилаад тэр хүн арга хэмжээ авах боломж байгаа. Гэтэл тэгээгүй. Бүр гурван цаг зогсчихсон. Бусад нь зөрөөд л байсан. Ганцхан энэ ирээд мөргөчихсөн гэж яриад байдаг. Давагдашгүй хүчин зүйл гээд байгаа нь бензингүй, бензин нь ноль болоод машин нь хөдлөхгүй зогсож байгаа үеийг давагдашгүй хүчин зүйл гэж ойлгоод байх шиг байна. Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлт тухайн үед гурван цаг орчим “*******” ХХК бензин нь дуусчихсан байсныг авчраад өгөх боломжит хугацаа гээд хангалттай. Хорьхон минутын цаана давхиад ирдэг гэж өөрсдөө тайлбарладаг. Тэгэхээр үүний цаана шинжилгээний байгууллага мэргэжлийн шинжээч нар дүгнэлтээ хийгээд замын хөдөлгөөний дүрмийг хэрхэн зөрчсөн, энэ осолд хэн буруутай гэдгийг дүгнээд ороод ирсэн. Гэм буруугаараа маргах эрх танд байгаа ч хэрэг бүрэн тогтоогдоод анхан шатны шүүх дүгнэлтийг хангалттай хийгээд шийтгэх тогтоол гаргасан гэдэг тайлбарыг хэлмээр байна гэв.

 

          Иргэний хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч А.Даваабилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Бид нар Ханбогд сумын шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөөд гомдол гаргасан. Тэгэхдээ иргэний хариуцагч гэдэг этгээд эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй хамааралтай эсэх дээр гомдол санал гаргах эрхтэй этгээд ч тайлбар өгөх ёстой. Нэг шинжээчийн дүгнэлт дээр манай компанитай хамааралтай буруутгасан зүйл байхгүй. Хоёр дахь шинжээчийн дүгнэлт дээр манай жолооч А.Гантулгыг 14.10-ыг зөрчсөн гэж гарч ирдэг. Гурав дахь шинжилгээний дүгнэлт буюу таван бүрэлдэхүүнтэй дүгнэлт дээр хоёр гурваараа хуваагдаад тусгай мэргэжлийн шинжээч нар дүгнэлтээ өөр өөр гаргаад эхэлдэг. Тус тусдаа санал зөрөлдсөнөө ардаа дүгнэлтээр хавсаргачихсан байдаг. Энэ хэрэгт А.Гантулгыг буруутгахдаа замын хөдөлгөөний дүрмийн 14.10-ыг буюу хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна гэснийг зөрчсөн гэж байна. Бид нар шалгуулаад шинжээчийн дүгнэлт дээр хүртэл асуухаар үнэхээр тэр хориглосон газар гэдэг. Гэхдээ бид нар үйл баримт дээр хамааралгүй зүйл дээр татагдчихаад байгаа учраас иргэний хариуцагч биш юм аа гэж маргаад байгаа шалтгаан дээрээ би заавал энэ тодотголыг хийхгүй бол болохгүй байна. Үнэндээ 14.10-ыг хангаагүй гээд би ганцхан өгүүлбэр хэлчихье. Гэхдээ зам руу нэг метр гарантай ороод зогсчихсон хүн, үл хөдлөх цэг байхгүй юу. Энэ хүн осолд огт холбогдоогүй. Өөрөөр хэлбэл хэрвээ тэнд хагархай байсан бол яах байсан юм бэ? хагархай байгаад хагархайг тойрох үйлдлийг буруу хийгээд тэнд осол болбол замын хагархайг засаагүй хүнийг шүүгдэгчээр татаад аваад ирэх байсан юм уу? мал ороод ирсэн юм бол яах байсан юм бэ? энэ саад байсан. Саадыг тойрох үйлдэл хийсэн, үндсэн шалтгаанаа буруу хийсэн этгээдэд энэ ослын суурь шалтгаан байсан. Үнэхээр энэ саадыг тойрох үйлдлийг буруу хийснээс осол гарсан суурь шалтгаан чинь эхэлсэн байдаг. Хоёрдугаар хавтасны 176 дугаар хуудаснаас эхлээд нэгдүгээр хавтас, гуравдугаар хавтасны 78 хүртэл дандаа оршуулгын зардал, хохирол төлбөрийн баримт байдаг. Бид төлөх ёстой бол бодитой үнэн баримтаар гаргасан зардлыг төлөлгүй яах вэ? нэгдүгээрт цаг хугацааны хувьд зөрсөн баримтууд байдаг. Осол болохоос өмнөх үйл баримттай. Хавтаст хэрэг дотор уг баримтууд байгаа. Хоёрдугаарт оршуулах үйлчилгээ буюу оршуулгын зардалд гараагүй баримтууд маш их байдаг. Яг үнэндээ харахад оршуулгын зардал үйлчилгээнд хамааралгүй нэршил хураамжаар авсан хоёр сая гаран төгрөгийн баримтууд байдаг. Цаг хугацааны хувьд зөрсөн таван сая гаран төгрөгийн баримтууд хэрэг дотор байдаг. Шүүх тэндээс 666,000 төгрөгийг л хассан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр оршуулгын зардлыг 19,100,000 төгрөгийг “*******” ХХК болон манай хоёр компанид хуваагаад гаргасан байдаг. Ямар ч байсан гэм буруутайг тооцож байгаа учраас 50 хувиар хуваасан. Гэхдээ 19,100,000 төгрөгийн хохирлыг хуваахдаа 19,500,000 төгрөгийг “*******” ХХК төлчихсөн гээд хохирол төлбөр төлснийг нь дурдсан байдаг. Гэтэл дахин давхцуулан гаргаад байна гээд сая “*******” ХХК-аас ярьж байна. Манайхаас гаргах ёстой юм бол ес арваны нэгийгээ “*******” ХХК манай компаниас  иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах ёстой байх. Бид “” ХХК машины хохирлын үнэлгээ дээр юм яриагүй. Тэр хохирлыг үнэхээр бодитой бүрэн үнэлсэн учраас юм ярихгүй байгаа.

          108,000,000 төгрөгийг ярьж байна. 108,000,000 төгрөгийг анхан шатны шүүх дээр сэтгэл санаанд учирсан хохирол гэсэн. Бид нар 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах тогтоолд хамаарахгүй. Цаг хугацааны хувьд энэ боломжгүй. Шүүх шинжилгээний хуулийн дагаж мөрдөх журмыг нь харахаар бид нар 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөх юм байна гэдгээр ер нь хэрэгсэхгүй болгож байсан. Тэгэхээр энэ 108,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь зөв гэдгийг хэлмээр байна.

          “*******” ХХК хэлж байна. Манайх татагдаагүй, холбогдоогүй байхад яагаад бид нар 499, 498-аар ажил олгогч “*******” ХХК болоод 102,000,000 төгрөгийг нь хуваагаад гаргачхав гэдэг. Тэнд иргэний хариуцагчаар хоёр этгээд татчихсан байхад чинь яагаад “*******” ХХК ганцаараа татдаг юм бэ гээд гомдол, тайлбар дээрээ ярьж байсан. Шүүх шийдэхдээ хоёуланг нь хувааж шийдсэн. Тэгэхээр “*******” ХХК-д хуваах нь зүй ёсных юм. Жолооч нь нас барчихсан гэдгээрээ “*******” ХХК иргэний хариуцагч хохирлоос мултрах боломжгүй. Бид нар А.Гантулгын зогсоод байгаа үйлдлээс чиргүүлнэ метр гаран орсон байдаг. Хангалттай чөлөөлж явсаар байгаад яг сүүлийн чиргүүлээс нь метр гаран л орсон байдаг. Уг машин нь 44 метрийн урттай, хоёр вагон чирчихсэн юм шиг урт, сүүлийн чиргүүлээс метр гаран л орсон учраас хангалттай тойроод яваад байх боломжтой. Хохирогч талд хүнд байгаа шиг манайд яг адилхан байна.

          Тэгээд эцэст нь хэлэхэд компанийн хувьд шүүх яаж ч шийдсэн байсан шүүхийн шийдвэрийг дагана. Бид нар Иргэний хуулийн 498, 499 дүгээр зүйлүүдэд зааснаар хохирол төлбөр төл гэвэл төлнө. Ажилтан маань 4 жилийн ял авчихсан. Цаана нь 4 нялх хүүхэд үлдэж байгаа учраас энэ ял шийтгэлийг хөнгөрүүлэх байдал дээр шүүх бүрэлдэхүүн анхаарч өгнө үү. Энэ хүн байсан байгаагүй тэнд нэг хагархай байхад энэ осол болох байсан. Ослын суурь шалтгааныг нь зөв хараад өгөөсэй гэдэг байдал дээр гомдол гаргасан. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод А.*******д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирол төлбөрийн хувьд бид ямар ч байдлаар нэхэмжлэх боломжтой. Зөвхөн энэ хүний үйлдэл оролцоонд нь зөв зүйлчлэл хийж өгнө үү гэдэг хүсэлтийг гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх иргэний хариуцагч “*******” ХХК-ийн өмгөөлөгч Д.Тамир, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, иргэний хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч А.Даваабилэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б., хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч “” ХХК-ийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нарын давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

                         Шүүгдэгч А.******* нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймаг, Цогтцэций сумын Билгэх 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээврийн авто замын 38 дахь километрт Хово маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалтад заасан "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна" гэснийг зөрчиж, тээврийн хэрэгслээ замаас бүрэн чөлөөлөлгүй зогсоосноос араас нь нэг эгнээнд явж байсан С.*******ын жолоодон явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж Ч.*******ын жолоодон явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас хохирогч С.*******, Ч.******* нарын 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

                        А.Гантулгын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “******* би, 2022 оны 10 сарын 30-нд цагаан хаднаас ухаа худаг уурхай руу явах замд 38 дахь км-т түлш дуусаад зогссон. Машинаа замаас холдуулах бүх арга хэмжээг авсан. Уурхай руу түлш дууссанаа мэдэгдсэн. Мэдэгдчихээд түлш ирэх хооронд машин асааж гаргах гэсэн боловч машин асаагүй. Стачираа дарж явуулсаар байгаад, толгойгоо, 1 дүгээр чиргүүлээ ямар ч байсан гаргаад, 2 дугаар чиргүүлээ буруу тал нь замын шороо дээр, зөв тал нь замд орсон байсан. Тэрийг арай гаргаж амжаагүй, хүч хүрээгүй. Тэгж дарсаар байгаад ерөнхийдөө аккумлятор суусан. Түлш дууссанаа мэдэгдээд, түлш ойртуулаарай гэж уурхай руу мэдэгдсэн. Аваарын гэрлээ асаачхаад аваарын түмбэ гэж авч явдаг байсан. Тэрийгээ хойд талдаа тавиад аваараа татаад түлш ирэхийг хүлээгээд байж байсан. Хүйтэн өдөр байсан болохоор даараад байхаар нь хэвтэж байсан. Би ажилд ороод 2 сар болж байсан.Авч болох бүх арга хэмжээг бүгдийг авсан, жижиг машин байсан бол түлхээд гаргачихсан байсан, том машин учир би яах ч боломжгүй. Түлш хүлээгээд байж байсан. Тус хэргээс эрдэнэт хүний амь хохирсонд туйлын их харамсаж байна. Би энэ 2 жилийн хугацаанд ч гэсэн маш их зовлонтой байсан бүтэн нойртой үзээгүй хэрэг болсон шалтгаанаас үүдэлтэй. Гэм буруутай үйл ажиллагааг шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Би өөрийгөө өмгөөлөөд байгаа зүйл ерөнхийдөө байхгүй, компаниас түлш хүрээд ирсэн бол арай эрт ирсэн бол эсвэл урсгал сөрсөн машин зам тавьж байгаад гаргачихсан бол ноцтой осол гарахгүй байсан байх.” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 22-35 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн: “...2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед байж байхад ачаандаа орчхоод кемп дээрээ ирээд хоол цайгаа уучхаад хувцас хунараа солиод урагшаа нүүрсээ буулгах гээд Цагаан хад руу ганцаараа явсан юм. Хамт компанийн нүүрс тээврийн 2 машинтай явцгаасан юм, тэгээд 20 цаг 40 минутын үед манай дүү Эрдэнэбат над руу утсаар залгаад ******* ах урд машинтай мөргөлдчихлөө, намайг очоод үзээдэх гэж хэлэхээр би ганцаараа явж нүүрс тээврийн засмал замаар явж байхад өмнө зам дээр осол гарч гал гараад машин тэрэг нь шатаж байсан. Би тэгээд замын хойд талд нь очоод зогсоход Дорждэрэм над дээр хүрч ирээд ийм юм болчихлоо би Жаргал ахыг хайгаад олохгүй байна гээд бид хоёр шатаж байгаа машиныг тойроод тэр хавиар хайхад олоогүй... Намайг очиход манай нөхрийн том тэрэгний кабин нь шатаж байсан хажуу талаас нэг машин орчихсон байдалтай мөн кабин нь шатаж байсан. Манай нөхрийн замын зэрэгцээ эсрэг талд нь Энержи том машин яг зам дээр хойшоо уурхай руугаа харчихсан зогсож байсан. Тэр манай хүнтэй мөргөлдсөн машин нь урсгал сөрж орж ирээд тэгээд мөргөлдсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 47-48 дахь тал/

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.ын: “...Би тухайн үед Өвөрхангай аймагт явж байгаад осол болсны маргааш өдөр нь ирсэн. Тэгээд осол болсон газарт нь очиход цагдаа нар хамгаалчихсан манай ахын унаж явсан машин зам тээврийн осолд орж машины кабин бүрэн шатаж эвдэрсэн байсан... Талийгаач “*******” ХХК-ний нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 55 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Галмандахын: “...Би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгаас гараад Өмнөговь аймаг Цогтцэций сумын нутагт нүүрс тээврийн ажилдаа орох гээд явсан. Тэгээд Цогт-Овоо сум руу орж ирэхэд гар утсанд олон дуудлага ирсэн байсан тэгээд компанийн жолоочоос нүүрс тээврийн 35 дахь км-т манай компанийн жолооч С.******* осолд орж байхгүй болчихлоо гэж хэлсэн. Би тэгээд Цогтцэций сумын нүүрс тээврийн 35 дахь км-т шөнө ирэхэд манай компанийн ******* улсын дугаартай Шакмен маркийн тээврийн хэрэгсэл осолд орж машины кабин нь шатсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 64 дэх тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.ын: “...Би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймаг Цогтцэций сумын нутаг болох нүүрс тээврийн 28 дахь км-т байрладаг “” ХХК-ийн кемп дээр байж байхад өдрийн 18 цагийн үед байх нүүрс тээврийн 15 автомашин жижиг Таван толгойгоос ачуулаад кемп дээр ирэхээр би жолооч нарт хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааг өгч гарын үсгийг зуруулан Цагаан хад руу тээвэрт явуулсан. Тэгээд би кемпээс гараад 20 дахь км-т явж байхад кемп менежер над руу утсаар яриад манай машин 38 дахь км-т дээр шатаж байна гэж хэлсэн би тэгээд шууд осол болсон газарт очиход ирчихсэн хоёр мөргөлдсөн ачааны машины кабин буюу манай машины 1 дүгээр чиргүүл нь шатаж байсан цагдаа нар ирчихсэн байсан... Би тэгээд ард талд явж байсан машины жолоочтой уулзаад юу болсон талаар асуухад “би 33 дахь км даваад ороод очиход өмнө нь мөргөлдчихсөн гал гарч байсан. Тэгээд шатаж байгаа машин дээр очоод хүнийг нь авах гээд хайхад олдоогүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 70 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Я.Дорждэрэмийн: “...2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ачилтанд орчхоод Цагаан хад чиглэлд манай компанийн 3 машин гарсан... Тэгээд явж байгаад ХХК-ийн цайны газар нүүрс тээврийн 25 дахь км дээр ирж хоол идчихээд тэндээс хөдөлсөн. 1 машин маань аккумлятораа солино гээд 25 дахь км дээр үлдсэн бөгөөд Жагаа ах бид хоёр Цагаан хад руу хөдөлсөн. Жагаа ах надаас түрүүлээд хөдөлсөн. Би араас нь хөдлөх гэсэн чинь хоосон 3 машин явж байхаар нь тэрийг өнгөрөөчхөөд араас нь хөдөлсөн. Явж байтал гүвээ даваад хартал гал улалзаад юм шатаад байсан ба 38 дахь км дээр ирээд хартал Жагаа ахын машин байсан. Машинаас буугаад Жагаа ахыг хайгаад олоогүй...******* компанийн машин Цогтцэций чиглэлд зогсчихсон ямар нэгэн дохио асаагаагүй тэмдэг тэмдэглэгээ тавиагүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 72-73 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мөнхлхагвын: “...2022 оны'10 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн орчимд цагаан хаднаас ачаагаа буулгачхаад Цогтцэций сум руу буцаад хөдөлсөн. Тэгээд 38 дахь км дээр явж байтал миний урд явж байсан ******* улсын дугаартай манай компанийн жолооч *******ын машин гэнэт дайвалзаж байсан. Тухайн машин надаас 200 орчим метрийн зайд явж байсан. Дайвалзаж байгаад гэнэт өөр нэг машинтай мөргөлдсөн. Тэгээд би машинаа зогсоогоод буугаад гүйтэл ойртохын аргагүй гал гарч байсан... Манай машинууд Цагаан хаднаас Цогтцэций чиглэлд явж байсан. Тухайн чиглэлийн зам дээр “*******”-ийн машин зогсчихсон байсан ба “*******”-ийн машины хажуугаар манай машин тойрох маягтай гарахад өөдөөс нь Цагаан хад чиглэлд явж байсан нүүрс ачсан машин гарч ирээд хоорондоо мөргөлдөөд замын урд тал руу унасан. Тэгээд л шууд гал гарсан... Энержи компанийн машин ямар нэгэн дохио асаагаагүй. Тэмдэг тавиагүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 75-76 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.ын: “...Намайг 2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 22 цаг 30 минутын үед Цогтцэций сумын нүүрс тээврийн автозамын 55 дахь км-т Цагаан хаднаас Ухаа худаг чиглэлд явж байхад шөнийн ээлжийн тээврийн мастер над руу утсаар залгаад “39 дэх км-т манай машины түлш дууссан байна, та хамгийн ойрхон явж байна очоод замаас холдуулах арга хэмжээ аваач” гэж хэлсэн. Би тэгээд тэр хооронд 30 орчим минутын дараа очиход засмал зам дээр аваар осол гарчихсан, цагдаа нар хамгаалчихсан дотогш нь оруулахгүй байсан... машины түлш шатахуун дууссан үед жолооч машинаа замаас бүрэн чөлөөлж, аюулгүй байдлыг хангаж ослын тэмдэг болон конусыг машины урд хойно нь машинаас 20 доошгүй метрт байрлуулан ослын зогсолтын гэрлээ асуусан байх, шөнийн нөхцөлд ойрын гэрлээ асаах зэрэг арга хэмжээ авна... намайг очиход А.******* жолооч машинаа засмал замын хойд талд хойшоо харсан байдалтай замаас гарах маягтай тавьсан. Аваарын гэрлийг асаасан байсныг би анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 81-82 дахь тал/

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 30- ны өдрийн 155 дугаартай “1 .Талийгаачид гавал яс, хүзүү, сээр, бүсэлхий нугалам, аарцаг яс, хавирга, хоёр дунд чөмөг, шилбэ ясны шаталт нүүрсжил, дотор эрхтнүүдийн шатаж нүүрсжил, уушгины мөгөөрсөн хоолой дахь тортог гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 2. Талийгаач нь өндөр хэмийн үйлчлэлээр шатаж нас баржээ” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 87-88 дахь тал/

Ч.*******ын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 89-94 дэх тал/

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 30- ны өдрийн 156 дугаартай “1 .Талийгаачид баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга хугарал, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хоёрлосон хугарал, уушги няцрал, шарх, цээжний хөндийд 800 мл цустай, хэвлийн хөндийд 600 мл цустай, элэгний язрал, цус хуралт, гол судасны урагдал, тасрал, сээрний 11-р нугалмын их биеийн салсан хугарал, нугас тасрал, аарцгийн умдаг ясны салсан хугарал, хоёр өвдөг, шилбэ ясны хугарал, хэвлийд шарх, цээж, нуруу, өгзөг, зулгаралт, хоёр өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 2.Талийгаач нь авто осол хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 97-100 дахь тал/

С.*******ын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 -р хавтаст хэргийн 101-111 дэх тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 531 дугаартай “...******* чирэгч -Үнэлгээгээр тогтоогдсон дүн - 165.200.000 төгрөг...” гэх авто машины эвдрэл, хохирлын үнэлгээ /1-р хавтаст хэргийн 130-131 дэх тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 532 дугаартай “...76-71 АР чиргүүл - Үнэлгээгээр тогтоогдсон дүн - 40.060.000 төгрөг...” гэх авто машины эвдрэл, хохирлын үнэлгээ /1-р хавтаст хэргийн 127-128 дахь тал/

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн шинжээч И.Базаррагчаа, Д.Бадрах, А.Эрдэнэтуяа нарын гаргасан 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03/23 дугаартай “...Хариулт 1. Монгол улсын ШШТ хуулийн 17.1-д “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна.”, 17.2-д “Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна.” гэж заасан байдаг тул дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна... Хариулт 2. Талийгаач Ч.*******ын жолоодож явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна... Хариулт 3. 39- 15 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан талийгаач С.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-р заалт “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө.” Гэснийг зөрчсөн байна.... Хариулт 4. ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан талийгаач Ч.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.... Хариулт 5. ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалт “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөн байна.... Хариулт 6. ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-р заалт, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалтыг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна... Хариулт 7. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илэрсэнгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1 -р хавтаст хэргийн 178-179 дэх тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч О.Галмандахын: “...би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгаас гараад Өмнөговь аймаг Цогтцэций сумын нутагт нүүрс тээврийн ажилдаа орох гээд явсан. Тэгээд Цогт-Овоо сум руу орж ирэхэд гар утсанд олон дуудлага ирсэн байхаар би жолооч Бямбазагар луу утсаар ярьж холбогдоход Цогтцэций сумын нүүрс тээврийн 35 дахь км-т манай компанийн жолооч С.******* осолд орж байхгүй болчихлоо гэж хэлсэн. Би тэгээд Цогтцэций сумын нүүрс тээврийн 35 дахь км-т шөнө ирэхэд манай компанийн ******* улсын дугаартай Шакмен маркийн тээврийн хэрэгсэл осолд орж машины кабин нь шатсан байдалтай байсан... Өөрийн компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн хохирлыг бид өөрсдөө хариуцна..” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 239-240 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгонбаярын: “...хүнд даацын автомашины жолооч А.******* нь нүүрс тээврийн 38 дахь км-т автозам дээр хойшоо буцаж байгаад замдаа түлш дуусаад тэгээд замаасаа гаргах гэж байгаад аккумлятораа суулгасан байсан гэсэн... ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл "Энержи Ресурс" ХХК-ний бүртгэлтэй өмч хөрөнгө байгаа юм....” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 250 дахь тал/

2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн техникийн шинжээчийн дүгнэлт /3-р хавтаст хэргийн 237-239 дэх тал/ зэрэг  мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж үзэв.

 

Энэхүү зам тээврийн осолтой холбогдуулан ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн шинжээч И.Базаррагчаа, Д.Бадрах, А.Эрдэнэтуяа нар 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03/23 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан ба  Хариулт 6. ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-р заалт, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалтыг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна... гэх дүгнэлт гаргасан ба ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.*******ыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх дүгнэлттэй холбогдуулан хэргийн оролцогчдын зүгээс болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс маргаж мэтгэлцээгүй, зам тээврийн ослын улмаас нас барсан жолооч С.*******ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл байгааг оролцогчид хүлээн зөвшөөрсөн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Гантулгыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалтад заасан "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна" гэснийг зөрчиж, тээврийн хэрэгслээ замаас бүрэн чөлөөлөлгүй зогсоосноос араас нь нэг эгнээнд явж байсан С.*******ын жолоодон явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж Ч.*******ын жолоодон явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас хохирогч С.*******, Ч.******* нарын 2 хүний амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч, шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэв. Учир нь:

       Жолооч А.Гантулгыг Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалтад заасан "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна" гэснийг зөрчсөн гэх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч маргаж буйтай холбогдуулан давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дараах дүгнэлтийг хийв.   

         Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14 “зайлшгүй зогсолт” гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг хэлнэ гэж тайлбарласан ба А.Гантулгын жолоодож явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн шатахуун дууссаны улмаас замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй зогссон нөхцөл байдал тогтоогдож байна.   

          Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ.”, “9.2. Анхааруулах дохио болон таних тэмдэг нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй.” гэж заасан.

         Жолооч А.******* нь ослын дохионы гэрэл /тодорхой хугацаанд/ болон ослын зогсолтын тэмдэг хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд дүрмийн 9.4. “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ:   

б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд.

        9.5. Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэснийг жолооч тус тус зөрчөөгүй байна.

          Харин зам тээврийн осол болсны дараа хэргийн газрын үзлэг хийх үед жолооч А.******* согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд: “...Жижиг машинаар яваад удаагүй очтол улаан гал авалцаж байсан. Ард нь явж байсан манай үеэл Дорждэрэмээс яасан гэтэл миний урдаас гүйгээд ирсэн. Жаргал ах хайгаад олдохгүй байна гэсэн. Би тэрүүгээр ханиа гээд дуудаад, орилоод Жаргалаа гээд орилоод нэг хавчуулагдсан хэвтэж байгаа болов уу гээд орилоод явахад улаан гал авалцаад аймаар байсан. Шоконд ороод ийш тийшээ гүйчихсэн юм болов уу гэж бодоод тэрүүгээр орилж гүйсэн. Араас нь машин ороод ирчихсэн энержийн машин зогсож байсан. Тэнд ямар ч тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байсан. Би ойртож чадахгүй, гал гараад жолооч нар тойроод хараад байдаг, ойртох хүн байхгүй. Тэгтэл “Мэнд ирмүүн” ХХК-ийн төлөөлөгч нар ирээд намайг машинд суулгаад. Энэ машины жолооч нь яасан бэ гэхэд энэ энержийн жолооч байхгүй байна гэсэн. Удаагүй цагдаа нар ирээд энэ хүн хойноо унтаж байна. Буулгаж ирэхэд энэ согтуу, хөл дээрээ тэнцэхгүй, яасан гэдгээ мэдэхгүй. Тэр шөнө юу болсныг мэдэхгүй...байсан” гэх мэдүүлэг өгсөн ба хэрэгт авагдсан жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн магадлагаанд:  “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нүүрс тээврийн замд 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 22 цаг 30 минутад Драгер Алкотест 6820 багажаар шалгахад 1.64 хувийн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэснээр болон шүүгдэгч А.Гантулгын амьсгал дахь спиртийн агууламж 1.64 промиль гарсан болохыг баталгаажуулсан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-36, 37/, А.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар: “...нүүрс тээврийн 38 дахь километрт машины түлш дууссан. Би тэгээд компанийн групп чат дээр миний түлш дууссан талаар мэдээлэл оруулчхаад зам дээрээ зогссон. Тэгээд машины стачераар нь жаахан урагшлуулж замаа чөлөөлөөд машины хойд талд 2 ширхэг гурвалжин ослын тэмдэг буюу конус тавиад машиндаа орчихоод кабинд байсан өргөлийн 0.5 граммын шилтэй архийг ганцаараа уучихаад унтаад өгсөн...Орой 17 цаг 45 минутанд нүүрс тээврийн авто замын 38 дахь километрт түлш дууссан...би ганцаараа явж байсан. /1-р хх-230-231/  гэх мэдүүлэг өгчээ.

        А.Гантулгын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаарх мэдүүлэг нь хэрэгт авагдсан жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан магадлагаа, А.Гантулгын амьсгал дахь спиртийн агууламж 1.64 промиль гарсан болохыг баталгаажуулсан гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдсон байна.

           Иймд жолооч А.******* нь замын хөдөлгөөний дүрэмд заасан “Зайлшгүй зогсолт” хийсэн байх хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн, машин дотроо унтаж байсан талаарх үйл баримт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн болон яллагдагчийн  мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

          Шүүгдэгч А.******* мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн  мэдүүлэгтээ:  ...Орой 17 цаг 45 минутад нүүрс тээврийн авто замын 38 дахь километрт түлш дууссан...би ганцаараа явж байсан.” /1-р хх-230-231/  гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.: “Намайг 2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 22 цаг 30 минутын үед Цогтцэций сумын нүүрс тээврийн авто замын 55 дахь километрт Цагаан хаднаас Ухаа худаг чиглэлд явж байхад шөнийн ээлжийн тээврийн мастер над руу утсаар залгаад 39 дэх километрт манай машины түлш дууссан байна, та хамгийн ойрхон явж байна очоод замаас холдуулах арга хэмжээ аваач гэж хэлсэн. Би 30 орчим минутын дараа очиход засмал зам дээр аваар осол гарчихсан, цагдаа нар хамгаалчихсан дотогш нь оруулахгүй байсан.” гэх мэдүүлэг,

          Гэмт хэргийн талаарх холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлд “Нүүрс тээврийн 33 дахь километрт 2 машин мөргөлдөж осол гарч, шатаж байна” гэх мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 21 цаг 50 минутад хүлээн авч тэмдэглэлийг үйлджээ. /1-р хх-18/ гэх нотлох баримтуудад үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

          А.Гантулгын жолоодож явсан тээврийн хэрэгслийн шатахуун буюу түлш 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 45 минутын орчимд дууссаны улмаас “зайлшгүй зогсолт” хийж, замын зорчих хэсэгт зогссон, энэ цаг хугацаанаас хойш 21 цаг 40 минутын орчимд уг зам тээврийн осол гарсан ба жолооч “зайлшгүй зогсолт” хийж эхэлснээс хойш 4 цагийн дараа зам тээврийн осол гарсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        Шинжээчид А.Гантулгыг Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна" гэснийг зөрчсөн гэж үзсэн ба “нэн даруй” гэх дүрэмд заасан нэр томьёог онцгойлон анхаарч, тухайн нөхцөл байдлын үед “нэн даруй” замыг чөлөөлөх боломж байсан эсэх, жолооч нэн даруй замыг чөлөөлөх арга хэмжээ авсан эсэх талаар нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийх нь зүйтэй байна.  

          “Даруй” “нэн даруй” гэх хуульд заасан цаг хугацааны талаарх нэр томьёоны  ойлголтыг холбогдох хуулиудад тайлбарласан байдаг ба “боломжит богино хугацааг” ойлгохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д тодорхойлжээ.

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: /1-р хх-22-23/ “...8239 ӨМА улсын дугаартай цагаан өнгийн кабинтай чиргүүлтэй автомашин зогсож байв. Уг машины кабин хэсэг нь замаас гарсан чиргүүлүүдийн зөв талын дугуйнууд зам дээр байршуулсан байна. Үзлэгээр осол болсон А цэгийг тогтооход N43.45287, E105.90296 гэсэн байршлыг зааж байв. А буюу үл хөдлөх цэгээс замын урд хөвөө хүртэл 3.35 метр, хойд хөвөө хүртэл 4.40 метр зайтай байв.” Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1484 дугаартай шинжээчийн дүгнэлт: /3-р хх-226/ “Зорчих хэсгийн өргөн-7.6 метр..., Зорчих хэсгийн баруун захаас зүүн тийш 3.35 метр, замын хөдөлгөөний чиглэлийн баруун талд тэмдэглэгдсэн. Замын зүүн хажуугийн шороон хөвөөн дээр зогсож байсан гэх чиргүүлтэй тээврийн хэрэгслийн толгойн байрлал замын зорчих хэсгийн баруун захаас зүүн тийш 8.5 метр, 2 дахь чиргүүлийн зүүн захаас баруун тийш зорчих хэсгийн зах хүртэл 5.8 метр тус тус зайтай тэмдэглэгдсэн.” Дээрх тэмдэглэгдсэнээс дүгнэхэд шүүгдэгч А.Гантулгын жолоодож явсан 82-39 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн толгой хэсэг замаас 0.90 метр /2 урсгалтай замын нийт өргөн нь 7.6 гэх, толгой хэсэг нь замын баруун захаас зүүн тийш 8.5 метрийн зайд гэх, 8.5-7.6=0.90 метр/ гарч зогссон. 2 дахь чиргүүл нь явж байсан чиглэлийн замын зорчих хэсгээс 1.8 метрийн /нэг чиглэлийн замын өргөн 3.35 метр гэх, чиргүүлийн зүүн захаас баруун тийш зорчих хэсгийн зах хүртэл 5.8 метр гэх, 7.6-5.8=1.8/ зайг эзэлж зогссон байна.     

        Иймд шүүгдэгч А.Гантулгын жолоодон явж байсан тээврийн хэрэгсэл тухайн чиглэлийн замын зорчих хэсгийнхээ 1.55 метр зайг чөлөөлж, 1.8 метр зайг эзэлж  зогссон байх бөгөөд  тээврийн хэрэгслийн зорчих хэсэг болох зам  нь зогсохыг “хориглосон газар” мөн байна.

        “Зайлшгүй зогсолт” хийсэн жолооч А.******* нь 4 цагийн турш тээврийн хэрэгслээ зорчих хэсгийн зам дээр зогсоосон, улмаар зайлшгүй зогсолт хийснээс хойш 4 дэх цаг дээр зам тээврийн осол гарсан ба “зайлшгүй зогсолт” хийж эхэлмэгцээ 0.5 грамм шилтэй архи нэгийг уугаад машиндаа унтсан талаараа мэдүүлсэн ба осол болсны дараа сэрсэн үйл баримт тогтоогдож байгаагаас дүгнэхэд “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ аваагүй"  гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдож байна.

        Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар иргэн бүр Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд “зам дээр тээврийн хэрэгслийн зорчих хэсэгт, зайлшгүй зогсолт хийсэн” жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, 4 цагийн турш унтаж амарч байгаа үйлдлийг зөвтгөх, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгах үндэслэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

        Иймд шинжээчдийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч А.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. болон өмгөөлөгч Т.Цэен-ойдов нар: “*******д оногдуулсан ял нь хөнгөдөж байна. Байрны зээл үлдэгдэл 94.806.000 төгрөг байгаа ба миний хань 42 настайдаа буруутай этгээдийн улмаас нас барсан. 20 жил эрүүл саруул, ажлаа хийж бид нартай байсан бол уг мөнгийг олоод байртайгаа үлдэх байсан. Хуульд заасан үндэслэл, нотлох баримтаар 100.800.000 төгрөг нэхэмжилснийг гаргуулж өгнө үү. *******д оногдуулсан ял шийтгэлийг нэмэгдүүлж өгнө үү. Байрны зээл 94.806.000 төгрөгийг *******ар төлүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан ба энэ гэмт хэрэг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гарсан, гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг шүүхээс тогтоож шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн боловч холбогдох хуулиудыг 2023 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон тул энэхүү хугацаанаас өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн гэм хорын хохирол энэхүү хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарахгүй байна.

        Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн  100.800.000 /зуун сая найман зуун мянга/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хэвээр үлдээж, “байрны зээл 94.806.000 төгрөгийг *******ар төлүүлж өгнө үү” гэх гомдлыг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол биш гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “*******д оногдуулсан ял нь хөнгөдөж байна. *******д оногдуулсан ял шийтгэлийг нэмэгдүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт энэхүү гомдлынхоо үндэслэлийг “шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлчихвий” гэх үүднээс гаргасан юм. Бусдаар бол хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, хорих ялыг нэмэгдүүлж өгөөч гэх хүсэлт байхгүй байна гэсэн тайлбарыг түүний өмгөөлөгч гаргасан болохыг дурдах нь зүйтэй. 

Иргэний нэхэмжлэгч “” ХХК-ийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов: Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь хэсэгт “Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-д зааснаар шүүгдэгч А.*******ас тэтгэлгийн зөрүү 257,500 төгрөгийг амь хохирогчийн төрсөн охин Ж., хүү Ж. нарт арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр гаргуулан олгосугай.” гэж шийдвэрлэсэн боловч хүүхэд тус бүрд биш хамтад нь олгохоор заасан нь ойлгомжгүй, тодорхой бус болсон тул хүүхэд тус бүрд гэж тусгайлан зааж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн, шийтгэх тогтоолын холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

            Өмгөөлөгч Т.Цэен-Ойдовын ХХК-д учирсан хохирлын талаарх гомдлын тухайд: Тус компаний авто осолд орж шатсан автомашины чирэгч, чиргүүл зэрэгт “Хас үнэлгээ” ХХК-иар учирсан хохирлын үнэлгээ хийлгэж үнэлгээний зардалд 10,000,000 /арван сая/ төгрөгийг “” ХХК-аас төлсөн. Тус хохирлын зардлын санхүүгийн баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримт гарган өгсөн ба хохирол төлбөрөө шаардсан байхад шүүхээс холбогдогч нараас гаргуулан олгоогүй тул олгож шийдвэрлэж өгнө үү гэх давж заалдах гомдол гаргасныг хангаж, энэхүү иргэний нэхэмжлэлийг шүүгдэгч А.*******ас гаргуулан /10.000.000 төгрөгийг/ ХХК-д олгохоор шийтгэх тогтоолын холбогдох заалтад нэмэлт оруулж шийдвэрлэв.

            Иргэний хариуцагч “*******” ХХК-ийн өмгөөлөгч Д.Тамирын гомдлын тухайд: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д: ... иргэний хариуцагч “*******” ХХК-аас 9.573.224 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.т олгосугай ...” гэснийг хүчингүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэх гомдлыг хангаж шийдвэрлэн, тогтоох хэсгийн 6-д: ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1-т тус тус зааснаар 205.260.000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу...иргэний хариуцагч “*******” ХХК-с 102.630.000 төгрөгийг гаргуулж “” ХХК-д олгосугай” гэж шийдвэрлэснийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

           Иргэний хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч А.Даваабилэгийн гомдлын тухайд: “...Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-ын зөрчлийн шинжийг хангаагүй, "хориглосон газар” биш болох нь илэрхий байхад дүрмийн тус заалтыг зөрчсөн гэж дүгнэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...осол гарах үндсэн шалтгааныг зөвхөн А.Гантулгыг буруутгасан дүгнэлт гаргасан тул бид огт хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэх агуулга бүхий гомдол гаргасан ба энэхүү гомдлын үндэслэлийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолтой холбогдуулан дээр тайлбарласан төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд ...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагч байхаар тодорхойлсон тул шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч буй талаарх иргэний хариуцагчийн энэ талаарх гомдолд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхгүй байх нь зүйтэй гэж дүгнэв.

 

         Нөгөөтээгүүр энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан  “*******” ХХК-ний жолооч А.******* нь зам тээврийн осол гарсан өдөр 17 цаг 45 минутад байгууллагын групп чатад түлш дууссан талаар мэдэгдэж, тусламж хүссэн талаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлдэг ба тус компанийн зүгээс зайлшгүй зогсолт хийсэн жолоочдоо шатахуун хүргэх талаар арга хэмжээ аваагүй, жолооч зам дээр 4 цагийн турш зогсоход түлш хүргэгдээгүй байсан гэх нөхцөл байдал хэргийн хүрээнд тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

         Түүнчлэн иргэний хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс “анхан шатны шүүхээс хохирлын дүнгээс 603,555 төгрөгийг хассан ч тухайн цаг хугацаанд хамаарахгүй зардлын баримтууд, агуулгын хувьд оршуулгын зардалд зарцуулах боломжгүй зардлын баримтууд болох үнэртэй ус, Юнителийн холболтын хураамж, банны алчуур, тавчих халат, пиво (согтууруулах ундаа), гаатай эссэ (тамхи), нүүрний ком (гоо сайхны бүтээгдэхүүн), пицца захиалгын баримтууд зэрэг 2 сая гаран төгрөгийн баримт, бусад тухайн цаг хугацаанд хамааралгүй зардлын баримт болох 5 сая шахуу төгрөгийн баримтад шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгсөнгүй.” гэх гомдол нь үндэслэлгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна.  

Иймд давж заалдах шатны шүүх иргэний хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч А.Даваабилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б., түүний өмгөөлөгч болон “” ХХК-ийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, иргэний хариуцагч “*******” ХХК-ийн өмгөөлөгч Д.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б., түүний өмгөөлөгч болон “” ХХК-ийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, иргэний хариуцагч “*******” ХХК-ийн өмгөөлөгч Д.Тамир нарын гаргасан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлуудын зарим хэсгийг хангаж, иргэний хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч А.Даваабилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нарын гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолын:

5 дахь заалтын “******* ХХК-аас 9,573,224 төгрөгийг тус тус” гэснийг хасч, иргэний нэхэмжлэгч “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 10.000.000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгч А.*******ас гаргуулан иргэний нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.” гэж нэмж, 

7 дахь заалтын “Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-д зааснаар шүүгдэгч А.*******ас тэтгэлгийн зөрүү 257,500 /хоёр зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөгийг амь хохирогчийн төрсөн охин Ж. /РД:УТ13272284/, хүү Ж. /РД:УП11241230/ нартгэсний дараа “тус тус” гэж нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          3. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

         5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.УГТАХБАЯР

 

                ШҮҮГЧИД                                   Х.ГЭРЭЛМАА

 

                                                                       Т.ДЭЛГЭРМАА