| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2026/0746/З |
| Дугаар | 128/ШШ2026/0777 |
| Огноо | 2026-09-03 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2026/0777
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х ” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Маргааны төрөл: “1. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай дугаартай шийдвэрийн нэгдүгээрт заасан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багт байрлах, дугаартай С******* нэртэй, 19.61 га талбай бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Х ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсугай гэсэн заалтыг хүчингүй болгуулах, 2. “Х ” ХХК-ийн дугаартай С******* нэртэй, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цахим мэдээллийн санд сэргээн бүртгэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэргэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х ” ХХК нь анх шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тоот дугаартай Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хандсан “Санал хүргүүлэх тухай” албан тоот нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны /АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын дүгээр шийдвэрт дурдагдсан/ 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тоот албан тооттой зөрчилдөж байх бөгөөд аль тоот нь албан ёсных эсхүл нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн аль тоот нь хүчин төгөлдөр, эсхүл аль аль нь хууль бус гэдэг нь ойлгомжгүй, мөн аль тоотыг нь гаргахад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нь Байгаль орчны яаманд үүрэг өгсөн гэдэг нь тодорхойгүй бөгөөд эдгээрийг Захиргааны шүүх хурлаар үнэн зөвийг тогтооно гэдэгт итгэж байна.
Тухайн албан тоотуудад дурдагдсан, тусгай зөвшөөрлийг цуцлахад гол хөшүүрэг болсон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, эсвэл ойн сан бүхий хамгаалалтын бүс гэх хоригууд нь манай тусгай зөвшөөрлийн талбайтай огтхон ч хамааралгүй бөгөөд хууль эрх зүйн ямар ч бодит үндэслэлгүйгээр тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсанд маш их гомдолтой байна.
Мөн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын дүгээр шийдвэрээр “Х ” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдчихаад байхад бүтэн сарын дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны сайд Г.Д нь Цагдаагийн газрын удирдлагуудыг цуглуулан /тэд зөвхөн үүрэг гүйцэтгэж байхдаа сайдад ашиглуулсан/ тэдэнтэй ярьсан яриагаа ажлаа хийж байгаа мэтээр олон нийтийн сүлжээнд тавихдаа зөвхөн манай компанийн нэрийг удаа дараа онцлон дурдаж, ярьж байгаа нь бид бүхний мэдэхгүй хэн нэгэн этгээдийн өмнө: - сайд Г.Д нь хууль бус ажлынхаа явцыг бусдад мэдээлж, миний бие ажлаа хийж гүйцэтгэлээ шүү гэж хэлж байгаатай агаар нэг байна гэж бид ойлгосон. .... Сайд үнэхээр ажлаа хийж байгаа бол ямар нэгэн лайвгүйгээр л зүгээр л ажлаа чимээгүй явуулж болно шүү дээ. Харин заавал олон нийтэд дахин дахин мэдэгдэх ёстой юм шиг лайв хийн нэг компанийн нэрийг дахин дахин дурдан мэдэгдэж байгаа энэхүү үйлдэл нь сэжиг төрүүлэм байна. Бид энэ тохиолдлын Сайдад ямар ч буруу зүйл хийгээгүй. Юунд байн байн биднийг онцлоод дурдаад байгаа нь маш ойлгомжгүй, Монгол улсад ганцхан “Х ” ХХК мэт аашиллаа. Түүгээр ч зогсохгүй 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр **-**УБИ улсын дугаартай, хар өнгийн Ланд-200 маркын автомашинтай 3 хятад манай талбай дээр ирээд уурхайн талбайг сонирхоод явсныг манай гэрээт харуулууд фото зургаар баримтжуулсан байсан. Бид тэдгээр танихгүй хятад нөхдүүд тусгай зөвшөөрөл цуцлагдсан асуудалтай холбоотой байх магадлал маш өндөр байна.
Монгол улсын Улс Төрийн өндөр албан тушаалтан, албан тушаалаа ашиглан дүн өвлийн хүйтэнд татвар төлөгчдийн мөнгөөр 2 харуулаас өөр хүнгүй байгаа бусдын эзэмшлийн талбай руу нисдэг тэрэг хөлөглөн компанийнх нь удирдлагад мэдэгдэлгүйгээр улс орон даяар лайв хийн бусдын талбайг дээрэмдэж /тухайн үед экологийн цагдаагийн алба нь төлөвлөгөөт шалгалтаар явж байсан/ бусдад авч өгөх гэсэн гутамшигт үйлдэл гаргасныг Төрийн албанд ажилладаг бусад зөв шударга хүмүүс эрс эсэргүүцэж байсныг бас олж сонслоо.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нь компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулахдаа эр бярыг үзүүлж, яамны болон АМГТГ-ын хуулийн хэлтэс, газрын дүгнэлтгүйгээр, мөн сонсох үйл ажиллагаа явуулахгүйгээр, компанийн зүгээс биечлэн уулзалт хийх хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн албан тоотоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны бичиг хэргээр дамжуулан хүргүүлээд байхад уулзалтын цаг ч өгөхгүйгээр үл хайхран өөрийн хүчийг Хэрэглэн маш богино хугацаанд яах ийхийн зуургүй тусгай зөвшөөрлийг цуцлуулсанд гомдолтой байна.
2026 оны 03 дугаар сарын 20-ны баасан гаригийн 10:00 цагаас Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, компаниудыг оролцуулсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, АМГТГ, БОУАӨЯ болон аймгуудын ЗДТГ-ын төлөөлөл оролцсон өргөн хэмжээний хэлэлцүүлэг болсон бөгөөд манай компани 5 хүний бүрэлдэхүүнтэй уг арга хэмжээнд оролцож, үг хэлж санал хүсэлтээ илэрхийлж байсан болно.
Уг арга хэмжээнд оролцсон Төрийн захиргааны байгууллагынхан маргааш нь 10:00 цагт Ерөө сумын Бугант тосгоны иргэдтэй уулзалт хийнэ, тэр уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны сайд Г.Д өөрийн биеэр оролцож иргэдийн санал бодлыг сонсож, тулгамдаж байгаа асуудлуудыг авч хэлэлцэнэ гэж ярьцгааж байснаас гадна Бугант тосгоны Захирагч Эрдэнэбулган, -Би яаралтай буцаж бэлтгэл ажлаа хангах ёстой гэж байсан.
Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд тэр уулзалтад оролцох шаардлагагүй тул бид оройдоо УБ буцсан. Гэтэл маргааш өглөө нь буюу хагас сайны өдөр буюу 2026-03-21-нд хуралд байсан Төрийн албаны хүмүүс болон Д сайд манай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай дээрээс лайв хийгээд нэр бүхий 7 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцална гэж мэдэгдэл хийсэн. Сайд болон Төрийн албаны хүмүүс Бугантад хуралд очоогүй, харин Бугантынхан тэднийг өдөржин хүлээсэн гэсэн. Үүний дараахан Засгийн газар огцорсон. БОУАӨЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Мөнхтогтохын яриагаар бол: - Сайд Б******* нь АҮЭБЯ руу нэр бүхий 7 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналтай албан тоотыг маш яаралтай явуул гэж шахсан гэдгийг олж мэдсэн болно.
Бид хөрөнгө оруулагчтай гэрээ хийсний дараа буюу 2025 оны 08 дугаар сарын сүүлчээр уурхай гарсан. Бэлтгэл ажлаа хийгээд 7 хоног хөрс хуулж байхад Байгаль орчны яамны шалгалт ирээд “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” батлуулаагүй шалтгаанаар үйл ажиллагааг зогсоож техникүүдийг лацдаад явсан. Компанийн захирал Л.Б миний бие тухайн үед УБ хотод байсан. Харин Мөнхтогтох даргатай утсаар ярьж учир байдлыг танилцуулсан. Яамаар “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” батлуулахад багийн иргэдийн нийтийн хурлын Тогтоол, протокол шаарддаг, харин "Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” бичигдээд бэлэн болсон хэдий ч багийн иргэдийн нийтийн хурал нь хуралдахгүй хүлээгдээд дээрх шаардлагатай баримтуудыг батлуулж чадахгүй байгаа тухай үнэнээ хэлсэн.
Шалгалт ирээд явсны дараагийн 2 дахь шөнө хэн нэгэн гадны этгээд лацадсан техникүүдээс хоёр техникийн лацыг огтолсон байснаас гадна шалгалтынхан үүнийг мэдэж тохиролцсон юм шиг өглөө нь гэнэт дахин орж ирээд лац хөндсөн хэргээр асуудал үүсгэж 4 техникийн компьютерыг салгаж аваад явсан байсан. Үүнийг бид санаатайгаар урьдаас төлөвлөж хийж, хэрэгжүүлсэн ямарваа нэгэн халдлага, явуулга гэж үздэгийг нуух юун. Харин бид бүхэн тэр чигтээ ямарваа нэгэн ажил дахиж хийлгүй 11-р сар хүргэсэн. Энэ хугацаанд бид БОУАӨЯ-ны Салбарын хяналтын газарт энэ талаар удаа дараа хандсан бөгөөд эцэс сүүлд нь тэд: -Бид мэдэхгүй, Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт ханд гэж албан тоот хийж өгсөн. Бид энэ бүхнийг Байгаль орчны сайд асан Б.Б*******ын албан тушаалаа хувийн ашиг сонирхолд ашигласан увайгүй явуулга гэж үзэж байгаагаа хаана ч батлах нотлох баримтуудтай хэлж чадна.
Аймгийн Прокурорын газраас биднийг хууль бусаар газар шорооны ажил хийсэн тул хөндлөнгийн шинжээч томилуулан газрын эвдрэлийн хэмжээгээр дүгнэлт гаргуулж, торгууль төлүүлж, зөрчлийн хэргээр шийтгэсэн. 11 дүгээр сарын эхээр хууль бусаар хураалгасан техникийн компьютерүүдээ арай гэж олж авч, техникүүдээ асаан шаардлагатай тос, усыг асган техникүүдээ талбай дээрээ парклаад харуул хамгаалалт гаргаад явснаас хойш өнөөдрийг хүрч байна.
Манай компани нь энэ хугацаанд усны энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэх 3 орчим га талбайг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрлөөр Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр хасуулснаас гадна 300 гаруй иргэд оролцсон Бугант тосгоны Багийн иргэдийн нийтийн хуралд “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”-ний төслөө танилцуулан ихэнх иргэдийн дэмжлэгийг авч Багийн нийтийн хурлын тогтоол, протоколоо гаргуулж авсан болно.
Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах бичиг баримтуудыг бэлдээд, холбогдох байгууллагуудаар батлуулаад бэлтгэл ажлаа хангаад явж байхад манай компанийн 2001 оноос эхлэн эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонсгол хийлгүйгээр, хуулийн газар хэлтсийн дүгнэлтгүйгээр, тухайн компанийн удирдлагуудтай уулзаж тайлбар сонсолгүйгээр, уул уурхайн талбайд манай компанийн зөвшөөрөлгүйгээр амралтын өдөр очиж сүрийг бадруулан харуул хамгаалалтыг дайран орж, бичлэг хийн нийтийн сүлжээгээр цацаж, мундаг ажил хийж байгаа дүр эсгэн, буруу мэдээллээр компанийн хууль ёсны эрхэд халдан нэр төрийг гутаан доромжилж, Монгол улсад мөрдөгдөж байгаа хуулиудыг зөрчин, шинэ Засгийн газар байгуулагдахтай зэрэгцэн тусгай зөвшөөрлийг яаран 10 гаруйхан хоногийн дотор яаран цуцалсныг хууль бус гэж үзэж байна.
Хууль бусаар тусгай зөвшөөрлийг цуцалсан гэнэтийн үйлдэл нь манай компанид эдийн засаг, сэтгэл зүй, ёс суртахууны асар их хохирлыг учруулж байгаа бөгөөд уул уурхайн ажил явагдах ид цагаар үйл ажиллагааг зогсоосон үйлдэл нь Монгол улсын Еренхий сайдын “Чөлөөлье” уриалгатай зөрчилдөж байна.
...Манай компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2017 онд Ерөө сумын төвд шинээр баригдсан ЗДТГ байрны сан техникийн угсралт болон ариун цэврийн өрөөний тохижилтыг 100 хувь шийдсэн. Ковид-ын үед 3,000,000 төгрөгийн үнэ бүхий харуул хамгаалалтын байшинг хандивласан. Ерөө сумын хогийн цэг болон Бугант тосгоны улаан гүүрний хажуугийн хогийн цэгийг техник тоног төхөөрөмж гарган цэвэрлэсэн. Бугант тосгоны захирагчийн Ланд крузер маркын машинд 10,000,000 төгрөгийн засвар үйлчилгээг 2018 онд хийснээс гадна 2024 оны өвөл Бугант тосгоны захирагчийн авто машины Улаанбаатарт бүрэн засвар хийж хүлээлгэн өгсөн. Удаа дараагийн ой хээрийн түймрийг унтраах ажилд идэвхтэй оролцон өөрийн компанийн зүгээс техник тоног төхөөрөмж, хүн хүч, шатахуун, хоол хүнс, зэрэг ойролцоогоор 10,000,000 төгрөгийн тусламж үзүүлсэн. Бугант тосгоны амьжиргааны түвшин доогуур айлын оюутан хүүхдийн сургалтын төлбөрт туслалцаа үзүүлсэн. Бугант тосгоны өсвөрийн болон насанд хүрэгчдийн хоккейн тамирчдын тэмцээний зардалд 5,000,000 төгрөг, Ерөө сумын өсвөрийн бөхийн тэмцээний зардалд 3,000,000 төгрөгийг тус тус хандивласан. 2026 онд Сэлэнгэ аймгийн Таван хан дэвжээний тамирчдын бэлтгэлийн хүнсэнд тусламж үзүүлсэн. Ерөө сумын Бугант тосгон энэ 7 сарын сүүлчээр 100 жилийн түүхт ойг тэмдэглэхтэй холбогдуулан манай компанийн зүгээс 100,000,000 төгрөг хандивлахаар амлан ажиллаж байна.
Мөн хууль тогтоомжийн өөрчлөлт, эрх зүйн орчны тодорхойгүй байдал, дэлхийн эдийн засгийн хүндрэл, түүнчлэн Ковид-19 цар тахлын улмаас манай уурхайн үйл ажиллагаа олон жилийн хугацаанд түр зогссон.
Гэвч дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа тухайн этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлахаар заасан байдаг.
Гэтэл Кадастрын хэлтсийн дарга 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дугаар шийдвэрийг гаргахдаа манай компанид урьдчилан мэдэгдээгүй бөгөөд тайлбар, санал гаргах боломж олгоогүй.
Мөн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгээр зөвхөн шийдвэр гарсныг мэдэгдсэн боловч дугаар шийдвэрийн хуулбарыг хавсаргаагүй. Үүний улмаас манай компани өөрөө Ашигт малтмал, газрын тосны газарт очиж уг шийдвэртэй танилцан хуулбарыг нь авсан болно.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд захиргааны акт гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тайлбар, санал гаргах боломж олгохоор хуульчилсан байдаг. Гэтэл энэхүү хуулийн шаардлагыг хариуцагч байгууллага биелүүлээгүй бөгөөд манай компанийн оролцоог хангалгүйгээр шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.
Манай компани нь ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон газар ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Үүний нотолгоо нь манай компанид ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон бөгөөд тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд тогтмол төлж ирсэн явдал юм.
Гэтэл манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар ашиглалтын үйл ажиллагаа явуулсан, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдсан нөхцөл, шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлийг дурдсан нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийн “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах дугаартай, “С*******” нэртэй, 19.61 га талбай бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Х ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсугай" гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2016 оноос хойш шүүхийн шийдвэрээр С******* хэмээх нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн. Түүнээс хойш нийтийг хамарсан цар тахал түүнчлэн хууль эрх зүйн байдлын өөрчлөлтөөс шалтгаалаад тухайн ордоо ашиглаж амжаагүй явж байгаад 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр цуцлагдсан болохыг бид онлайнаар буюу фэйсбүүк хуудаснаас мэдэж, Кадастрын хэлтэст хандаж манай зөвшөөрлийг цуцалсан болохыг мэдсэн байдаг. Манай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэвэл хэрвээ цуцлах гэж байгаа бол манай байгууллагыг яагаад оролцуулаагүй, ямар үндэслэлээр цуцалж байгаад тайлбар авах боломж бололцоо захиргааны байгууллагад байсан. Гэвч хариуцагчаас ямар нэгэн байдлаар сонсох ажиллагаа хийгээгүйн улмаас манай тусгай зөвшөөрлийг үндэслэлгүйгээр цуцалсан байна гэж үзэж байгаа. Манай компани ус, гол мөрөнтэй холбоотой хэсэг буюу 3 га гаруй газрыг буцаагаад хүлээлгэж өгсөн байдаг. Үлдсэн 19.61 га газар нь ойн сан бүхий газартай давхцалтай гэж байгаа боловч тухайн газар дээр ой мод байхгүй гэдгийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон бусад холбогдох эрх бүхий байгууллагууд мэдэгдэж, тухайн мэдэгдлийг өгөөд, иргэд нийтийн хурлаар хэлэлцүүлээд явж байсан баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн байгаа.
Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Сэлэнгэ аймгийн Засаг даргаас манай компанид олгогдоод байгаа 19 га газар нь ойн сан бүхий газарт хамаарахгүй юм. Өөрчлөлт оруулах санал хүсэлтийг бас гаргаад өгчихсөн байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг тодорхойлохгүйгээр шууд ойн сан бүхий газартай давхцалтай байна. Түүнчлэн урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу өргөдөл, гэрээ байгуулаагүй, нийтийн эрх ашиг сонирхолд ноцтой хохирол учруулахаар байгаа учраас ямар нэгэн сонсох ажиллагааг хийхгүйгээр цуцлах үндэслэлтэй гэж үндэслэлээ гаргаад байгааг нь тус тус хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хэрвээ сонсох ажиллагаа хийсэн бол тухайн газар орон нутаг дээр хэдэн жилийн хугацаанд хаана ямар үйл ажиллагаа эрхэлж байсан бэ?, мөн тухайн ойн сан бүхий газар гээд байгааг тодруулах боломжтой байсан. Түүнчлэн Засгийн газарт манай компанид холбогдох хэсгийг бас хэрэгсэхгүй болгуулахаар байгаа. Тогтоолд өөрчлөлт оруулахаар санал, хүсэлт өгөөд явж байсан баримтуудыг бид нараас гаргуулах боломж бололцоо байсан ч захиргааны байгууллага үүнийг бас анхаарч үзсэнгүй. Түүнчлэн хавтаст хэрэгт давхцалтай хэсгүүдийг буцаагаад хүлээлгэж өгсөн акт, баримтууд байгаа. Хариуцагчийн хариу тайлбараар ч гэсэн буцааж өгсөн гэдгийг тодорхой хүлээн зөвшөөрсөн байгаа учраас энэ хэсэг дээр маргахгүй байгаа болов уу гэж бодож байна.
Зөвхөн ойн сан бүхий газартай давхцалтай гэдэг дээр талууд маргаж байгаа гэж үзэж байгаа. Урьдчилан шийдвэр гаргахдаа манай компанид мэдэгдээгүй. Тайлбар, санал хүсэлтийг аваагүй гэдгийг гол үндэслэлээ болгон манай компани маргаж байгаа. Учир нь тухайн хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт дээр зөвхөн Байгаль орчны яамнаас ирүүлсэн албан бичгийг үндэслээд манай компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг. Тухайн саналуудыг нь хараад үзэхээр хуулийн дагуу арга хэмжээ авч шийднэ үү гээд Кадастрын хэлтэст даалгасан байдаг. Ийм учраас шууд цуцал гэсэн утгатай биш байхад яагаад цуцалсан бэ?, тэгэхээр хуулийг буруу хэрэглэж, ойлгож тайлбарлаж манай компанийн эрх ашгийг хохироогоод байгаа учраас тухайн гаргасан захиргааны актыг хүчингүй болгож, манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цахим мэдээллийн санд сэргээн бүртгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... 1. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-аас 2001 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “С*******” нэртэй 23.55 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгосон байна.
“Х ” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг гээгдүүлсэн гэх хүсэлтийн дагуу Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр ******* дугаартай гэрчилгээ, хавсралтыг дахин олгосон байна.
“Х " ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын С******* нэртэй 23.55 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын ******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх өргөдлийн бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж авах тухай” ******* дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын С******* нэртэй 23.55 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын ******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас Усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай 3.94 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 19.61 гектар талбайг ******* тоот тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.
2. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал
хайх, ашиглахыг хориглоно.” гэж, 4.3-т “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно.” гэж, заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дугаар тогтоолоор “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг” гэж, “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг”, “Ойн сан бүхий газрын хилийн зааг”-ийг баталсан.
“Х ” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын С******* нэртэй 23.55 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MB-020646 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх өргөдлийн бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж авах тухай” ******* дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын С******* нэртэй 23.55 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын ******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас Усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай 3.94 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 19.61 гектар талбайг MB-020646 тоот тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.
Харин ашигт малтмалын ашиглалтын ******* дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан “Ойн сан бүхий газрын хилийн зааг”-тай бүхэлдээ давхцалтай байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Санал хүргүүлэх тухай” дугаар албан бичгээр нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй тул холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авхуулах тухай албан бичгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хүргүүлжээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 03/927, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 03/978 дугаартай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсний дагуу Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” дугаартай шийдвэрээр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.17, 11.1.18, 11.2 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2 дахь заалт, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, 4 дүгээр зүйл, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг болон дээрх албан бичгүүдийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “Салбартай” нэртэй 268 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, мөн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” coнcox ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу “Х ” ХХК-иас гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр шийдвэрийн “Х ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч компаниас холбогдох нөхцөл шаардлагыг биелүүлээгүйтэй холбоотой Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тухай албан бичгийг хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч компанийн хувьд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй үйл ажиллагаа явуулсан. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу арга хэмжээ авхуулах, мөн усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах гэрээ, зөвшөөрөлгүй ашигласан нь Зөрчлийн тухай хуулийн 7.1.15-д заасныг зөрчсөн байгаа. Мөн хог хаягдлын ус цуглуулах, тээвэрлэх эрх ашгийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хог хаягдлын гэрээ байгуулаагүй асуудлаар Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан байгаа. 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт хүргүүлсэн албан бичиг байгаа бөгөөд уг албан бичгийг манай зүгээс хариу тайлбартаа хавсаргаж өгсөн байгаа. Гол асуудал нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт, Орхон сумын дотор орших ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд нь Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолоор батлагдсан. Одоо товлосон гэрээ байгуулах гэдэг асуудлыг анх байгуулагдсанаар хэлдэг. Тэгэхээр товлосон гэрээг Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор гэрээний хавсралт болон гэрээ байгуулах журам, хугацаат нөхөн сэргээх асуудлыг тогтоож өгсөн гэж байна.
Тэгэхээр энэ 5 талт гэрээ нь яг энэ цуцлах асуудалтай энэ компанийн үйл ажиллагаанд хамааралгүй гэсэн. Тэгэхээр энэ 5 талт гэрээ байгуулаагүй гэдэг асуудал нь 2025 оны 09 дүгээр сарын асуудал байна. Гэрээ байгуулаагүй байна гэдэг асуудал нь хөтөлбөрт энэ компаниас бол 3.4 га газрыг буцаагаад өгчихсөн байдаг юм. Тэгэхээр энэ цуцлах асуудалтай бол хамаа байхгүй. Ойн сан буюу урт нэртэй хууль хэрэгтэй. Давхцалтай талбайгаа бол буцаагаад өгчихсөн. Тэгэхээр яг өнөөдрийн нөхцөл байдалд ойн сантай бүхэлдээ давхцалтай байсан. Тэгэхээр энэ Зөрчлийн тухай хуульд заасны дагуу байгаль орчны ерөнхий үнэлгээгүй үйл ажиллагаа явуулсан нь гол зөрчлийн асуудал болж өгч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х ” ХХК нь “1. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай дугаартай шийдвэрийн нэгдүгээрт заасан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багт байрлах, дугаартай С******* нэртэй, 19.61 га талбай бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Х ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсугай гэсэн заалтыг хүчингүй болгуулах, 2. “Х ” ХХК-ийн дугаартай С******* нэртэй, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цахим мэдээллийн санд сэргээн бүртгэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй, 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулаагүй, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газарт ашиглах үйл ажиллагаа явуулсан, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй...” гэсэн үндэслэлээр “Х ” ХХК-ийн дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байна.
2. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана”, 2 дугаар зүйлийн 2.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон тухайн аймгийн Засаг дарга гэрээ байгуулж, хяналтыг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан байна.
3. Дээрх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан байна.
4. Анх “******* ” ХХК-нд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уурхайн кадастрын албанаас 2001 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “С*******” нэртэй 23.55 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг 40 жилийн хугацаагаар олгосон болох нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр олгосон Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хариуцагчийн бичгийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт нөхөн олгох тухай” 50 дугаар шийдвэрээр “...“******* ” ХХК-д Сэлэнгэ аймгийн Ерөө сумын С******* нэртэй 23.55 гектар талбайд олгосон ашигт малтмал ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн талаар “Өнөөдөр” сонины 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаарт нийтлүүлсэн зар, тус компанийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 015/06 тоот албан бичгээр ирүүлсэн тусгай зөвшөөрлийг нөхөн авах тухай хүсэлтийг хүлээн авч ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүй тооцож шинээр тоот гэрчилгээ, хавсралтуудыг тус тус нөхөн олгосугай” гэж шийдвэрлэжээ.
6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 381 дүгээр шийдвэрээр “...Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1642 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, “******* ” ХХК-ийн ашигт малтмалын ******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж, “******* ” ХХК-д хуульд заасны дагуу олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай” гэж шийдвэрлэсэн байна.
7. “******* ” ХХК-ийн маргаан бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн дугаар нь анх ******* байсан байх ба улмаар болж өөрчлөгдсөн болох нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 254 тоот, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 332 тоот албан бичгүүд болон Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр олгосон дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.
8. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанаас хойш буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 381 дүгээр шийдвэрээр “******* ” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэн байх тул Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй, 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулаагүй гэх асуудал нь нэхэмжлэгчид хамааралгүй байна.
9. Тодруулбал, дээрх хуулийн 1 дүгээр зүйлд заасан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор өргөдөл гаргах гэсэн хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрээр “******* ” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэн байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр шийдвэрээр өргөдөл ирүүлээгүй, гэрээ байгуулаагүй гэж үзэж нэхэмжлэгчийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
10. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам болон гэрээний загварыг Засгийн газар батална. ...” гэж заасан байна.
11. Засгийн газрын 2015 оны 06 дугар сарын 08-ны өдрийн “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 235 дугаар тогтоолын 3.4-т “Далд уурхайгаар олборлох нөөц нь ойн сан бүхий газрын доор, газрын доорх усны нөөц бүхий давхаргаас дээр орших, байгаль орчинд сөрөг нөлөөгүй болох нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, усны нөөцийн дүгнэлтээр баталгаажсан бол тухайн хэсэгт олборлолт явуулж болно” гэж заажээ.
12. Дээрх тогтоолын 3.4-т зааснаас үзэхэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй болох нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тогтоогдсон бол олборлолт явуулж болохоор заасан байна.
13. Нэхэмжлэгч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээ баталгаажуулахаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хандсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нь тогтоогдож байна.
14. Нэгэнт дээрх Засгийн газрын 2015 оны 235 дугаар тогтоолын 3.4 дэх заалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр сөрөг нөлөөгүй болох нь тогтоогдсон тохиолдолд олборлолт явуулж болохоор тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг нээсэн байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Яам баталгаажуулах эсэхийг шийдвэрлэсний дараа буюу бодит нөхцөл байдлыг шалгасны дараа нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах эсэхээ шийдвэрлэх ёстой байжээ.
15. Мөн Сэлэнгийн аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 438, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 243 тоот албан бичгүүдээр “******* ” ХХК-ийн С******* нэртэй 23.55 га талбай бүхий ашиглалтын талбайд “ойн модгүй болох нь үнэн болно” гэсэн байна.
16. Үүнээс үзэхэд, хариуцагч нь маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбай нь ойн модтой эсэх, ойн сан бүхий газарт хамаарах эсэх зэрэг бодит нөхцөл байдлыг нарийвчлан шалгах, мөн түүнчлэн маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайд олборлолт явуулснаар ойн сан бүхий газарт сөрөг нөлөөлөл үзүүлэх эсэх буюу хохирол учруулах эсэх нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тогтоогдохоор байжээ.
17. Иймд хариуцагч нь бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.
18. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа манай тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр цуцлах болсон талаар мэдэгдэж, манайхаас тайлбар авах боломж бололцоо захиргааны байгууллагад байсан. Гэвч хариуцагчаас ямар нэгэн байдлаар сонсох ажиллагаа хийгээгүйн улмаас манай тусгай зөвшөөрлийг үндэслэлгүйгээр цуцалсан байна гэж үзэж байгаа” гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч нь сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа хангалттай нотлоогүй байна.
19. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй” гэж заасан байх ба хариуцагч захиргааны байгууллага нь сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа шүүхэд хангалттай нотлоогүй болно.
20. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Иргэдийн нийтийн хурлын 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаар тогтоол болон тус өдрийн тэмдэглэлээс үзэхэд, “******* ” ХХК-ийн дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй шороон ордыг төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг тус багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн 167 иргэн буюу 75.2 хувийн саналаар нарийвчилсан үнэлгээний тайланг дэмжсэн байгааг энд тэмдэглэх нь зүйтэй байна.
21. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үүдэслэлдээ “...Манай компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2017 онд Ерөө сумын төвд шинээр баригдсан ЗДТГ байрны сан техникийн угсралт болон ариун цэврийн өрөөний тохижилтыг 100 хувь шийдсэн. Ковид-ын үед 3,000,000 төгрөгийн үнэ бүхий харуул хамгаалалтын байшинг хандивласан. Ерөө сумын хогийн цэг болон Бугант тосгоны улаан гүүрний хажуугийн хогийн цэгийг техник тоног төхөөрөмж гарган цэвэрлэсэн. Бугант тосгоны захирагчийн Ланд крузер маркын машинд 10,000,000 төгрөгийн засвар үйлчилгээг 2018 онд хийснээс гадна 2024 оны өвөл Бугант тосгоны захирагчийн авто машины Улаанбаатарт бүрэн засвар хийж хүлээлгэн өгсөн. Удаа дараагийн ой хээрийн түймрийг унтраах ажилд идэвхтэй оролцон өөрийн компанийн зүгээс техник тоног төхөөрөмж, хүн хүч, шатахуун, хоол хүнс, зэрэг ойролцоогоор 10,000,000 төгрөгийн тусламж үзүүлсэн. Бугант тосгоны амьжиргааны түвшин доогуур айлын оюутан хүүхдийн сургалтын төлбөрт туслалцаа үзүүлсэн. Бугант тосгоны өсвөрийн болон насанд хүрэгчдийн хоккейн тамирчдын тэмцээний зардалд 5,000,000 төгрөг, Ерөө сумын өсвөрийн бөхийн тэмцээний зардалд 3,000,000 төгрөгийг тус тус хандивласан...” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд, нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасны дагуу нэхэмжлэгчид хууль ёсны итгэл бий болсон гэж үзэхээр байна.
22. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 85 дугаартай шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул үүнтэй шууд уядаа бүхий маргаан бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг цахим мэдээллийн санд сэргээн бүртгэхийг хариуцагчид даалгуулах шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
23. Нэхэмжлэлийн 2 шаардлага нь хоорондоо шууд уялдаа холбоо бүхий шаардлагууд бөгөөд шаардлага тус бүрд нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл адил, шүүхээс өгөх дүгнэлтүүд адил тул нэхэмжлэлийн шаардлага тус бүрд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй.
Дээр тайлбарласан үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” дугаар шийдвэрийн “Х ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Х ” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын цахим мэдээллийн системд сэргээн бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Х ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ