| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0253/э |
| Дугаар | 257 |
| Огноо | 2018-06-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай /тээвэр/ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,
улсын яллагч Б.Мөнгөншагай /тээвэр/,
хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,
шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат,
нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18030 0222 0189 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн оройн 20 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нарны хорооллын урд шинэ гүүрний уулзвар замд өөрийн эзэмшлийн 0000 улсын дугаартай Тоёота приус маркийн суудлын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч иргэн Б.Г-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н-ын өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөвөөр ярьж мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл алга. Би 2-8 насны 2 хүүхэдтэй. Манай бага хүүхдийг хадам ээжийнд байгаа, том нь 2 дугаар ангиа төгссөн. Хэрэгт хүүхдүүдийн төрсний гэрчилгээ баримтыг өгөөгүй. Би 800.000 төгрөгийн тогтмол цалинтай. Манай гэр бүлийн өрхийн орлого 1.500.000 төгрөг. Манай нөхөр “А” ХХК-д борлуулалтын менежер хийдэг.
Зам тээврийн осол гаргасан тухайн үед гадаа бүрэнхий, зам гэрэлтүүлэгтэй байсан. Би ногоон гэрлээр хөдөлгөөнд оролцсон. Хэргийн газарт үзлэг хийх үед хийгдсэн хэмжилтийн бүдүүвчинд заагдсан А, Б цэгийг хохирогч, бид хамт байж байгаад цагдаагийн ажилтанд зааж өгч тэмдэглүүлсэн. Тухайн үед би 10-20 км/цаг хурдтай явж байсан. Хохирогч тэр үед “би таныг зогсож байна гэж бодоод урдуур чинь гарсан шүү дээ” гэж байсан. Би сандарсан байсан болохоор эхний ээлжинд хохирогчийг эмнэлэгт үзүүлэхээр авч яваад эмнэлгээс буцаад осол болсон газарт ирж хэмжилт хийлгэсэн. Хэмжилтийн зургаас осол болсны дараа хохирогч 2,4 метрийн зайд шидэгдсэн гэж тэмдэглэгдсэнийг би сайн мэдэхгүй байна. Зам тээврийн осол хэрэг гарснаас хойш хохирогчийн эгч гэх хүнтэй байнга холбоотой байсан. Миний хувьд зам тээврийн осол гаргаж хохирогч Г-ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос баримттай нэхэмжилсэн эмчилгээний зардалд 750.000 төгрөг төлсөн. Би хавтаст хэрэгт авагдсан бодит баримтын хүрээнд хохирол төлбөр төлж барагдуулна. Үлдэх автомашин хөлсөлсөн гэх 1.000.000 төгрөгийн тухайд манай өмгөөлөгч тайлбар хийнэ. Шүүх хуралдаанд гаргаж байгаа өмгөөлөгчийн зардлын 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг одоо сонсож байна. Энэ талаар өмнө мэдэгдээгүй байсан. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г-ын өгсөн:
“...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр сургуулиасаа тараад гэрлүүгээ харихаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нарны хорооллын урд талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо гэрэл дохиогоор зам хөндлөн гарч явсан. Тэр үед зам чөлөөтэй, замын гэрэлтүүлэг асаалттай байсан ба би явган гарцаар, зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр зам гарч явсан. Замаар гарч дуусахаас 2 метр хиртэй зайд гэнэт нэг машин хажуугаар орж ирээд, намайг мөргөсөн. Би замын хажуу руу шидэгдсэн байсан. Би мөргүүлсэний дараа хагас шокийн байдалтай байсан. Жолооч машиныхаа урд хоншоор хэсгээр, миний биеийн өвдөг хэсгийг мөргөсөн. Би гарцаар гараад ирэхэд машин зогсонги байдалтай байсан. Би ногоон гэрэл ассан үед явж эхэлсэн. Намайг мөргөсөн үйл явц болсон, шүргэсэн гэж хэлж чадахгүй. Тухайн үед миний хөл, толгой маш их өвдөлттэй байсан ба шүүгдэгч намайг эмнэлэг авч явсан. Эмнэлэг дээр байхад манай гэрийн хүмүүс ирээд би эмчийн үзлэгт ороход хэрэг болсоноос хойш 2 цаг гаран болсон. Мөнгөн гүүр эмнэлэгт томогрофикийн зураг авхуулахад хариу нь маргааш өдөр нь гарна гэхээр тэр өдрөө Интермед эмнэлэгт очиж, 22:00 цагийн үед эмчид үзүүлсэн. Шинжилгээний хариуг маргааш өглөө нь авахад миний биед шинжээчийн дүгнэлтэд заасан хүндэвтэр гэмтэл учирсан байсан.
Осолд орсны улмаас бие махбодиор хохироод зогсохгүй сэтгэл санааны хувьд маш их хохирол амссан. Би өөрөө оюутан учир 3 долоо хоногийн хугацаанд хичээлдээ явж чадаагүй болохоор хичээлээ нөхөхөд хэцүү байсан. Мөн хөлийн өвдөгний үед гэмтэл учирсан тул бие дааж явж чадахгүй, хүнээр хичээлдээ зөөлгүүлсэн. Тийм болохоор гомдолтой байна. Баруун талын хөлний булчингууд суларсан байсан учир Гранд Мед эмнэлэгт физик эмчилгээг тогтмол хийлгээ байсан. Эмчилгээний зардал төлбөртэй холбоотой бүх баримтуудыг хэрэгт өгч хавсаргуулсан. Нийт эмчилгээний зардал нь 758.700 төгрөг болсон. Намдагийн Энхтөр гэдэг хүнтэй гэрээ байгуулж, түүний Старекс загварын 0000 дугаартай тээврийн хэрэгслээр гэрээс хичээл сургуульдаа зөөлгөх, эмчилгээнд хүргүүлэх зэргээр үйлчилгээ авч нэг сарын ажлын хөлсөнд нь 1.000.000 төгрөг төлсөн. Жолоочтой байгуулсан гэрээ, хөлс төлсөн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа.
Одоогоор миний биеийн эрүүл мэндийн байдал сайжирсан, хамгаалалтын бэхэлгээтэй, таяггүй явж байгаа. Би 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс таяггүй явж эхэлсэн, одоо бие дааж явж байгаа. Физик эмчилгээ дууссан, одоо эмчийн хяналтанд байгаа. Эмчилгээний зардлын зөрүү 8.700 төгрөг, унааны зардал 1.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, нийт 1.508.700 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгчийн төлсөн 750.000 төгрөг энэ үнийн дүнд орохгүй. Би бодит гарсан зардлаа төлүүлэх хүсэлтэй байна. Гэмтсэнээс хойш сэтгэл зүйн хохирол их амссан. Шүүгдэгч нь надаас уулчлалт гуйгаагүй, дэмжлэг үзүүлээгүй. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1803002220189 дугаартай хэргээс:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-11х/,
2. Хохирогч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би 2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчим хичээлээ тараад гэрлүүгээ харихаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нарны хорооллын урд талын төв замд явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй ногоон гэрлээр гарч явтал Нарны хорооллын урд Дунд голын гүүрнээс буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагш, баруун гар тийш төв зам руу эргэж байсан суудлын приус маркийн автомашины жолооч хурдтай эргэж, миний биеийн баруун хөлийн гадна тал руу мөргөсөн. Би замын хажуу тал руу явган хүний замын хөвөө рүү унасан.
Би босох гэтэл толгой хөл хоёр өвдөж байсан. Намайг мөргөсөн жолооч нь эмэгтэй хүн байсан. Тэр эмэгтэй их сандарсан байдалтай бууж ирсэн. Надаас “юу чинь өвдөж байна” гэж асуусан. Би түүнд “миний толгой, хөл хоёр өвдөж байна” гэж хэлсэн. Тэр үед жолооч эмэгтэй “чамайг явж байхыг ёстой харсангүй” гэж хэлээд намайг автомашиндаа суулгаж Мөнгөнгүүр эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэгт очиж хөлөө үзүүлчихээд, буцаад Интермед эмнэлэгт мөн хөлний зураг авхуулсан. Буцаж осол болсон газраа жолоочтой хамт ирж хэргийн газрын үзлэг, хэмжилтээ цагдаагийн алба хаагч нартай хийсэн.
Осол гарах үед замын үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, замын гэрэлтүүлэг асаалттай, явган хүний замтай, гэрэл дохиотой, суурингийн доторх, 4 эгнээ зам байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Цагдаагийн алба хаагч нар архи уусан эсэхийг шалгаж үзсэн. Би зам хөндлөн гарахдаа явган хүний гарцтай газраар, ногоон гэрлээр гарч явсан. Намайг автомашины урд хэсгээрээ мөргөсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Гэмтлийн хүндэвтэр зэргийн дүгнэлт гарсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би ослын улмаас “баруун хөлний хоёр талын шөрмөс суналттай, урд чагтан холбоос урагдаж язарсан, булууны яс гадна талаасаа бяцралтай, толгой хавантай” гэж эмчийн дүгнэлт гарсан.
Би гомдолтой байна, өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх болно. Мөн биеийн эрүүл мэнд болон сэтгэл зүйн хувьд маш хүнд байна. Хичээл сургуульдаа явахад их хүндрэлтэй байна. Хичээл завсардахгүйн тулд хичээлдээ такси хөлслөж явахаар болж байгаа. Жолооч ер нь гэм буруугаа хүлээж надаас уучлалт гуйхгүй байна. Миний биеийн байдал сайжирч байгаа боловч хөл гишгэж болохгүй, хоёр суга таягтай явж байна. Г-ийн эмч хөл үзээд нэг сарын дараа эдгэрэлтийн байдлыг харж байгаад шаардлагатай бол мэс засал хийх эсэхийг шийдвэрлэнэ гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,
3. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3853 тоот дүгнэлтэд:
1. Б.Г-ын биед тархи доргилт, дунд чөмөгний доод булууны цууралт, дотор талын хажуу холбоосны урагдал, суналт, урд чагтан холбоосны бүрэн бус урагдал, гадна хажуу холбоосны суналт, өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 43х/,
4. Замын цагдаагийн албаны мөрдөгчийн 2018 оны 04 сарын 20-ны өдрийн 88 тоот магадлагаа:
1. 0000 улсын дугаартай Т.Приус /T.Prius/ маркийн автомашины жолооч Т.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн байх үндэслэлгүй байна.
3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.” гэсэн магадлагаа /хэргийн 70х/,
5. Дунд голын гудамж, Нарны хорооллын урд гүүрэн гарцтай уулзварын гэрлэн дохионы горим /хэргийн 99х/,
6. Шүүгдэгч Т.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн орой 20 цаг 40 минутын орчимд өөрийн эзэмшлийн Тоyota приус маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Нарны хорооллоос ертөнцийн зүгээр урагшаа хараад ногоон гэрлээр баруун гар тал руугаа эргэх үедээ явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг шүргэчихсэн юм.
Тэгээд намайг автомашинаасаа буугаад ирэхэд тэр хүн “би зүгээр зүгээр та яв яв” гэхээр нь би “эмнэлэгт үзүүлнэ” гээд Мөнгөн гүүр эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлчихээд ар гэртэй нь холбоо барьж мэдэгдсэн. Тэгээд Интермед эмнэлэг дээр очиж шинжилгээ өгсөн. Тэгээд тэнд байж байхад Цагдаагийн байгууллагаас дуудлага өгсний дагуу “хэрэг болсон газар ирсэн байна” гэхээр нь би, мөргүүлсэн хүн, мөргүүлсэн хүний эгч нарын хамт хэрэг болсон газарт очиж, хэргийн газрын үзлэгийг хийлгүүлсэн.
Анх хүн мөргүүлсэн болон мөргүүлээд унасан гэх цэгийг би болон хохирогч Г бид хоёулаа зааж өгсөн. Миний хувьд анх эмнэлэгт үзүүлсэн 25.000 төгрөг, мөн өдөр бүр хичээлдээ явахдаа такси барьж байгаа гэхээр нь данс руу нь 200.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Гаргасан баримтын дагуу эмчилгээний зардлыг төлөхөд татгалзахгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 76х/, явган зорчигч Б.Г согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 15х/, гэрч Б.Ч, Б.О, М.С нарын мэдүүлэг /хэргийн 29х/, хохирогч Б.Г-ын эмчилгээний баримтууд /хэргийн 101-107х/, Ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 106х/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 109х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 82х/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулГ-ын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн, Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Нын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн оройн 20 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нарны хорооллын урд шинэ гүүрний уулзвар замд өөрийн эзэмшлийн 0000 улсын дугаартай Тоёота приус маркийн суудлын автомашиныг жолоодож явахдаа:
- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч иргэн Б.Гыг мөргөж, зам тээврийн осол гаргасан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 6-7х/,
- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хэргийн 8-11х/,
- “0000 улсын дугаартай Т.Приус /T.Prius/ маркийн автомашины жолооч Т.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн Замын цагдаагийн албаны Мөрдөгчийн 2018 оны 04 сарын 20-ны өдрийн 88 тоот магадлагаа /хэргийн 70х/,
- хохирогч Б.Г-ын: “...Би 2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчим хичээлээ тараад гэрлүүгээ харихаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нарны хорооллын урд талын төв замд явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй ногоон гэрлээр гарч явтал Нарны хорооллын урд дунд голын гүүрнээс буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагш баруун гар тийш төв зам руу эргэж байсан суудлын приус маркийн автомашины жолооч хурдтай эргэж миний биеийн баруун хөлийн гадна тал руу мөргөсөн. Би замын хажуу тал руу явган хүний замын хөвөө рүү унасан.
Би зам хөндлөн гарахдаа явган хүний гарцтай газраар, ногоон гэрлээр гарч явсан. Намайг автомашины урд хэсгээрээ мөргөсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Гэмтлийн хүндэвтэр зэргийн дүгнэлт гарсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би ослын улмаас “баруун хөлний хоёр талын шүрмэс суналттай, урд чагтан холбоос урагдаж язарсан, булууны яс гадна талаасаа бяцралтай, толгой хавантай” гэсэн эмчийн дүгнэлт гарсан.
Одоогоор миний биеийн эрүүл мэндийн байдал сайжирсан, хамгаалалтын бэхэлгээтэй, таяггүй явж байгаа. Би 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс таяггүй явж эхэлсэн, одоо бие дааж явж байгаа. Физик эмчилгээ дууссан, одоо эмчийн хяналтанд байгаа. Эмчилгээний зардлын зөрүү 8.700 төгрөг, унааны зардал 1.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, нийт 1.508.700 төгрөг нэхэмжилж байна. Төлөгдсөн 750.000 төгрөг энэ үнийн дүнд орохгүй. Би бодит гарсан зардлаа төлүүлэх хүсэлтэй байна. Гэмтсэнээс хойш сэтгэл зүйн хохирол их амссан. Шүүгдэгч нь надаас уучлалт гуйгаагүй, дэмжлэг үзүүлээгүй. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х, шүүх хуралдааны тэмдэглэл/, мөн шүүгдэгч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас:
- Хохирогч Б.Г-ын биед “...тархи доргилт, дунд чөмөгний доод булууны цууралт, дотор талын хажуу холбоосны урагдал, суналт, урд чагтан холбоосны бүрэн бус урагдал, гадна хажуу холбоосны суналт, өвдөгний зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол /гэмтэл/ учирсан нь:
- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “Б.Г-ын биед тархи доргилт, дунд чөмөгний доод булууны цууралт, дотор талын хажуу холбоосны урагдал, суналт, урд чагтан холбоосны бүрэн бус урагдал, гадна хажуу холбоосны суналт, өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3853 дугаартай дүгнэлт /хэргийн 42х/ болон хохирогч Б.Г-аас хэрэгт гаргасан эмчилгээний зардал, хохиролтой холбоотой бичгийн баримтаар /хэргийн 100-114х/ нотлогдсон.
Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны оройн 20 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нарны хорооллын урд шинэ гүүрний уулзвар замд өөрийн эзэмшлийн 0000 улсын дугаартай Тоёота приус маркийн суудлын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч иргэн Б.Гыг мөргөж, зам тээврийн осол гаргаж, улмаар уг ослын улмаас хохирогч Б.Г-ын биед Шүүх эмнэлгийн шинжээчийн 3853 тоот дүгнэлтийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл учирч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл, үр дагавар шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Т.Н нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2 дахь заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарган явган зорчигч хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон байна.
Хэргийн шүүгдэгч Т.Н нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны оройн 20 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нарны хорооллын урд шинэ гүүрний уулзвар замд өөрийн эзэмшлийн 0000 улсын дугаартай Тоёота приус маркийн суудлын автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнөөс явган зорчигч Б.Г-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Т.Н-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Хохирогч Б.Г нь шүүгдэгч Т.Н-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож эмчилгээний зардалд 758.700 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 500.000 төгрөг, зам тээврийн улмаас биед авсан гэмтлийн улмаас биеэ дааж явах боломжгүй, хоёр суга таягтай, хүний туслалцаа дэмжлэгтэйгээр хичээл сургууль, эмнэлэг, гэрийн хооронд хүргүүлж авахуулахад зарцуулсан унааны зардал, жолоочийн хөлс 1.000.000 төгрөг, нийт 2.258.700 төгрөгийг нэхэмжилсэн шаардлага гаргасан ба үүнээс хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн нөхөн төлсөн 750.000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 1.508.700 төгрөгийг нэхэмжилснээс хууль зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авсны зардал 500.000 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
Учир нь: Хохирогч Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан өөрийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.
Нөгөөтэйгүүр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй учир өмгөөллийн үйлчилгээний зардалд нэхэмжилсэн 500.000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Мөн хэргийн хохирогч Б.Г нь М-д өдрийн сургалтаар суралцдаг оюутан болох нь түүний мэдүүлэг, хэргийн 23 дугаар талд авагдсан оюутны тодорхойлолт баримтаар нотлогдсон, тэрээр зам тээврийн ослын улмаас тархи доргилт, дунд чөмөгний доод булууны цууралт, дотор талын хажуу холбоосны урагдал, суналт, урд чагтан холбоосны бүрэн бус урагдал, гадна хажуу холбоосны суналт, өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл авсан бөгөөд уг гэмтэл нь хүний доод мөчдийн буюу тулгуур эрхтэн хэсэгт хамаарч, алхах, гишгэх, явах зэрэг хөдөлгөөн хязгаарлах нөхцөл байдлыг үүсгэх тул бусдын асрамж үйлчилгээ, дэмжлэгтэйгээр хичээл сургууль, эмнэлэг, гэрийн хооронд хүргүүлж авхуулдаг байсан хэмээн мэдүүлж унааны зардал, жолоочийн хөлс зэрэгт “Ажил гүйцэтгэх” гэрээний дагуу 0000 тээврийн хэрэгслээр хохирогчийг зөөж тээвэрлэх, асран хамгаалах үүрэг хүлээсэн /хэргийн 106х/ иргэн Н.Э-ийн ажлын хөлсөнд төлсөн баримт бүхий 1.000.000 төгрөгийг /хэргийн 108х/ нэхэмжилсэн шаардлаГ-ын үндэслэлийг буруутгах боломжгүй юм.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Т.Н-аас гэм хорын хохиролд 1.008.700 төгрөг гаргуулж хохирогч Б.Г-ад олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 500.000 төгрөгт хамаарах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Н нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 82 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Т.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэрээр гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардлаас 750.000 төгрөгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Т.Н-д 800 /найман зуу/ тооцох нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас “шүүгдэгчид оногдуулах ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлд зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх санал дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.
Шүүх Эрүүгийн хуульд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлын арга хэмжээг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан хэрэглэж болох хуулийн зохицуулалттай /ЭХЕА-ийн 7.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг/ хэдий ч тухайн нөхцөлд шүүгдэгч нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин орлоготой “О” ББСБ-д зээлийн ажилтнаар ажилладаг талаар хэрэгт тодорхой баримт авагдсан /хэргийн 77х/, мөн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу хуулийн хүчин төгөлдөр болмогц шийдвэрийг гүйцэтгэх, шийдвэрийг ...., хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэг хүлээсэн эрх зүйн зохицуулалттай зэргээс шүүгдэгчид оногдуулах ял дээр нэмж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлаГ-ын арга хэмжээг хэрэглэх шаадлагагүй гэж шүүх дүгнэсэн болно.
Энэ хэрэгт Т.Н нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт хураагдаж ирсэн Т.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №000000 дугаартай үнэмлэх баримтыг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Н-ыг 800 /найман зуу/ нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.Н нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд Т.Н-аас 1.008.700 /нэг сая найман мянга долоон зуу/ төгрөг гаргуулж хохирогч Б.Г-д олгож, нэхэмжлэлээс өмгөөллийн зардалд нэхэмжилсэн 500.000 /таван зуу мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Энэ хэрэгт Т.Н нь цагдан хоригдоогүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн Т.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №00000 дугаартай эрхийн үнэмлэх баримтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохыг шүүгчийн туслах Л.С-д даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Т.Н-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД