Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 647

 

Б.Э-, Т.Л- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.П-ын өмгөөлөгч Д.Гомбо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А- болон түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Ш.Ганбат, Ж.Тэгшмандал, Г.Нацагдорж, шүүгдэгч Т.Л-гийн өмгөөлөгч Т.Урангэрэл, Ж.Баяржавхлан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 537 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 833 дугаар магадлалтай, Б.Э-, Т.Л- нарт холбогдох 1809045770923 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Л-, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Я.Батханд, Ш.Ганбат, Ж.Тэгшмандал, Г.Нацагдорж, хохирогч Ц.Г- нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй,

Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 109 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 1998 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б овогт Б-н Э-,

2. Монгол улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Т-н Л-.

Т.Л- Б.Э- нар нь бүлэглэж 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36-105 тоот хашааны гадна талд 04-96 УБР дугаартай “Тоёота ланд круйзер Прадо-95” загварын тээврийн хэрэгслийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Бэлх-114 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Д.Б-, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Б- нарыг шалгахад хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтаахдаа цагдаагийн ахлах ахлагч Д.Б-ыг тээврийн хэрэгслээс зүүгдэн явахыг мэдсээр байж Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Өвөр согоотын эцсийн буудлын засмал зам дээр унагааж хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж алсан,

Б.Э- нь 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд ганцаараа 11 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгч нарын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар шилжүүлэн авч залилж, нийт 472,425,742 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-, Т.Л- нарыг бүлэглэж, хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж алсан, шүүгдэгч Б.Э-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж аван, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9, 2.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-д 13 жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9, 2.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Э-т 15 жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 5 жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 20 жилээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал, Я.Батханд, Ш.Ганбат, шүүгдэгч Т.Л-, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, Ж.Баяржавхлан, хохирогч Ц.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Л- гаргасан гомдолдоо “...Миний бие анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад болсон хэргийн нөхцөл байдлыг үнэн шударгаар мэдүүлж, анхнаасаа хэргээ хүлээн, хүний амь бүрэлгэхэд оролцсондоо гэмшиж байгаагаа удаа дараа илэрхийлж байсан билээ. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа дахин илэрхийлж байна.

Б.Э- нь урьд нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан бөгөөд намайг байнга дарамталж, айлган сүрдүүлдэг. Сургуулийн болоод оюутан насандаа эрдэм ном сурахын төлөө мэрийж амжилттай сурч, шилдэг сурагчаар шалгарч явсан тэр цаг маань энэхүү хар хэргийн нөлөөн дор гишгэгдэн бүдгэрлээ. Гэвч энэ нь хэнээс ч үл хамааралтай, миний өөрийн буруутай үйлдлийн ул мөр юм.

Машины дотор, гадна талд Б-, Э- нарын орилж, хашхирч зугтахыг шаардсан заналхийллийн дор би тухайн үед шоконд орсон байсан. Тийм учраас урагшаа хөдлөхийн оронд арагшаа ухарч ард тулаад зогссон машиныг мөргөсөн нь бүр ч их цочролд оруулсан. Ард зогсож байсан машин нь Э-т залилуулсан гэх хүмүүс буюу Б-ын хүмүүс байсан, миний өмнөх машин цагдаагийн машин байсан бөгөөд тэдгээр хүмүүс Э-ыг манай аав, ээж дээр ирсэн гэдгийг мэдээд гадаа хүлээж байсан байдаг. Зүгээр хүлээгээд, харж байхын оронд Э-ыг баривчилж саатуулах арга хэмжээ аваагүй нь уг хэргийн үйлдлийг гүнзгийрүүлэн, хүний амь эрсдэх нөхцөл бий болгосон гэж үзэж байна.

Хэргийн үйлдэл буюу сэдэл нь Э- нь Б-ыг залилсан гэх асуудлаас болж тэдгээр хүмүүс манай гадаа цугларсан хэдий ч асуудлыг газар дээр нь яагаад шийдээгүй гэдгийг нарийвчлан тогтоогоогүй, үүнийг шалгах ёстой байсан.

Томаграфийн зураглал үйлдсэн эмчийн дүгнэлт эхнээсээ зөв, бодитой гарсан бол хүний амь нас аврагдах магадлалтай байсан.

Б.Э- нь надад байнга айдас төрүүлдэг байсан тул тухайн хэрэг үйлдэхэд хүргэсэн бөгөөд би 2018 оны 10 дугаар сарын 15-нд өөрийн хүү Л.Г-т /2 сар 25 хоногтой байсан/ тоглоом авахаар Б.Э-тай хамт гэрээс гарахад тэрээр намайг машин бариад яв гэсэн тул би машиныг барьж явахаар болсон. Гэтэл гудамжны үзүүрт цагдаа зогсоож би бичиг баримтаа шалгуулах хооронд Б.Э-ын хохирогч гэх Б.Б- гэгч машины цонх цохиж, орилсон Б.Э- мөн орилж зугт, ална шүү гэж заналхийлсэнд би гэнэтийн цочролд орсноос үүдэн энэ хэргийн суурь тавигдсан.

Мөн манай эхнэр уушигны хүнд өвчтэй, хоёр хөлөндөө хоёр удаа хүнд хагалгаа хийлгэсэн, Хүү Л.Г 1 нас 2 сартай. Эцэг, эх хоёулаа өндөр настай эрүүл мэндийн байдал муу, надаас болж эрүүл мэнд нь улам муудсан.

Дээрх бүх асуудлыг нарийвчлан шалган тогтоох байтал тийм ажиллагаа явуулаагүй хэргийн нөхцөл байдлыг тодорхой болгоогүй. Миний бие тогтоогдсон хохирлоо төлнө.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.3-т бие махбодийн, сэтгэл санааны албадлага, бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх зэрэг эдгээр заалтуудыг үндэслэн хаалттай хорих ангид ял эдлүүлэх гэснийг нээлттэй хорих ангид ял эдлүүлэх гэж сольж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Т.Л-гийн өмгөөлөгч Т.Урангэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Өмгөөлөгч би Т.Л-д оногдуулсан хорих ялын хэмжээн дээр гэхээсээ илүүтэй түүнд оногдуулсан 13 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Т.Л- нь гэмт хэрэгт холбогдох хүртлээ үргэлж манлайлагч, өндөр ёс зүйтэй, цаашид ихийг бүтээх урам зориг тэмүүлэлтэй байсан нь хэрэгт авагдсан түүний хувийн байдлыг тогтоосон баримтуудаар нотлогдож байна. Түүний ээж, аав нь өндөр настай, биеийн эрүүл мэнд нь тааруу байдаг бөгөөд ганц хүү нь болох Г.Л-гаа ялаа эдэлж гарч ирэхэд нь хүүтэйгээ уулзахаар амьд сэрүүн байх эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Түүнчлэн Т.Л- нь айлын том хүү, ээж, аавыгаа тэжээн тэтгэх ид насан дээрээ бусдын бие махбодийн, сэтгэл санааны, албадлагын болон бусад байдлаар эрхшээл, дарамтанд орж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүнд гэмт хэрэгт холбогдоод олон жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлэх болсон нь харамсалтай.

Т.Л- нь цагдан хоригдож байх хугацаандаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, нийгэмших зорилгоор хорих ангиас зохион байгуулж буй арга хэмжээ бүрт идэвхитэй оролцож тухайлбал сантехникч, слесарийн дамжаа, зүү ороож юм оёх дамжааг амжилттай төгсөөд байгаа билээ.

Түүний үйлдсэн гэмт хэрэг нь хохирол, хор уршиг их хэдий ч хохирлыг гэр бүлийн гишүүд, мөн өөрөө хорих ангид хөдөлмөрлөж, хөдөлмөрийн үр шимээрээ нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт заасан 13 жил хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх гэсэн заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих ангид эдлүүлэхээр хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Л-гийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан хэлсэн саналдаа “Хэргийн мөрдөн шалгах ажиллагаанууд дутуу хийгдсэн. Анхан шатны шүүхэд амь хохирогч машинаас зүүгдсэн, унасан гэх газрын хоорондын зай болох 6 км газарт үзлэг хийлгэх асуудлыг тавьж байсан. Хэргийн нөхцөл байдлыг харахаар тухайн автомашиныг зогсоох арга хэмжээ авахдаа цагдаагийн албан хаагчдын хувьд хууль болон дүрэм журмыг зөрчсөн асуудалд дүгнэлт гаргуулснаар нотлобол зохих нөхцөл байдлууд тогтоогдох ёстой байсан боловч хүсэлтийг хангахгүйгээр хэргийг шийдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Эдгээр ажиллагааг хийснээр зүйлчлэлийн асуудал шийдэгдэх ёстой байсан боловч хэт нэг талыг барьж хэргийг шийдсэн. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан хэргийг анхан шатны шүүхийн дахин хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Э- гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Миний болон өмгөөлөгчийн удаа дараа гаргасан хүсэлт, гомдлыг хуульд заасны дагуу шалгаж тодруулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Намайг анхнаасаа онц хүнд гэмт хэрэгтэн гэж гүтгэж цагдаа нар өөрсдийнхөө хууль зөрчсөн үйлдлийг нуун дарахын тулд цагдаагийн албан хаагчийг халдлагад өртсөн, чирж алсан гэсэн худал мэдээг цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Мөрдөн шалгах ажлыг ч үүндээ чиглүүлж баримт, материал цуглуулсан байдаг.

Гэрч нараас авсан худал, зөрүүтэй мэдүүлгийг нотлох баримт болгосон, өмгөөлөгч Б.Нацагдоржоор дамжуулж худал мэдүүлэг өгүүлсэн бөгөөд надаас дахин мэдүүлэг аваагүй. Тус худал мэдүүлгийг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн. Прокурор Түвшинбаяр миний төрсөн эгчийн хүүхэд Т.Л-гаар худал мэдүүлэг өгүүлэн “чамд ял өгөхгүй” гэж амлалт өгөн хуурч миний эсрэг мэдүүлэг авсан. Үүнийгээ шүүхийн хэлэлцүүлэг дээр Т.Л- нь тус прокурорт хандаж “Та надад ял өгөхгүй гэсэн биз дээ” гэж хэлдэг. Ямар ч хууль мэдэхгүй хүүхдийг худал мэдүүлэг өгөхөд нь нөлөөлсөнд гомдолтой байна. Эцэст нь машинд сууж явсан намайг хүний амь насыг санаатай хохироосон гэж ялласан.

Хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй тогтоох ёстой прокурор Мажигсүрэн, Түвшинбаяр нар нь хууль зөрчин зөвхөн өөрсдийн бодлоор, ашиг сонирхолд нийцүүлж шалгасан, хэргээ мэддэггүй, танилцаагүй байдаг. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр намайг Л-гийн хашаанд байхад цагдаа нар намайг барих бүрэн боломжтой байсан боловч 20 гаруй минутын дараа гудамжны үзүүрт цагдаагийн алаг тэрэг зогсоод цагдаа зогсоосон, цагдаад шалгуулж байхад үл таних энгийн хувцастай залуус болох Б.Б-, П.Батзориг нарын хүмүүс ална, буугаад ир гэж айлган сүрдүүлсэн. Үүний улмаас Т.Л- нь айж зугтсан. Тэгээд хөдлөхөд машинаас авирсан залуус бүгд буусан ба хүн зүүгдэх ямар ч боломжгүй байсан ба араас хүн гүйн ирж зүүгдэн мөн л нөгөө танхайрсан залуус шиг авир гаргаж ална, зогс гэх зэргээр машин тэрэг өшиглөж байсан, алахаар шийдсэн юм байхдаа гэж бодсон. Гэтэл хүний амь нас эрсдэх үйлдэл гаргаж танхайрсан залуусыг гэмт хэргийн шинжгүй гэж хамгаалж, мөрдөгч, прокурор нар хуулийн дагуу шалган шийдвэрлэхгүй ял завшуулж, байгаа нь авилга, хээл хахуулийн асуудалтай гэж үзэж байна.

Т.Л-г зогс, зөөлөн яв гэж хэлсэн боловч үгэнд ороогүй. Т.Л-г дарамталж, зодох үйлдэл огт болоогүй, надад тийм авир байхгүй. Намайг гэмт хэрэгтэн болгох гэж, Т.Л- нь надад дарамтлуулдаг учир хэрэг үйлдсэн гэж өмгөөлөгч нартаа хүртэл худал ярьж буруу ойлголт төрүүлж, хэргийн талаар үнэнийг ярьдаггүй. Намайг цагдаагийн байгууллага хайж байгааг Л- мэдэж байсан ямар учраас мэдэхгүй гэж мэдүүлснийг ойлгохгүй байна.

Машинаас зүүгдэж явсан цагдаа буугаар машины зүүн талын цонхыг 2-3 удаа цохиж хагалсан тэгэхэд нь би буутай цагдаа байна зогс, буудлаа гэж хэлсэн Л- зөөлөрч зогсох үйлдэл хийх үед цагдаа үсэрсэн ба араас нь хөөж явсан субару маркийн машин мөргөн хажуу тийшээ дайраад тойрч гарахад амь хохирогч машины урд талд нь өнхөрч байсан. Үүнийг би тодорхой харсан. Уг мөргөсөн автомашиныг цагдаагийн байгууллага шалгаад цагдаа нарынхаа хууль зөрчсөн үйлдлийг хамгаалан зөвхөн нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

Би уг хэрэгт өөрийгөө ямар ч буруугүй гэж өмгөөлөөгүй, миний буруутай үйлдэл байгаа. Мөн энэ хэргийн гэрч, оролцогч нар нь бүгд анхны мэдүүлгээсээ буцаж хууль сахиулах байгууллагын албан хаагчдын үгсэн хуйвалдаан, шахалт дарамтанд орж худал мэдүүлэг өгч худлаа ярьж байгаад гомдолтой байна. Хохирогч юуны улмаас амь үрэгдсэн гэдгийг нь тодорхой тогтоох боломжтой хяналтын камеруудыг ч шалгаагүй, тухайн үед байсан гэрч нарыг бүрэн байцаагаагүй, танхайрсан Б.Б- гэх залуу цагдаа нарт мөнгө амлаж хувиараа мөрдөлт хийж, цагдаа нартай хамтарч хууль зөрчсөн үйлдэл хийж хүний амь эрсдэх нөхцөл бүрдүүлсэн, Б- гэрчийн мэдүүлэг өгчихөөд өөрийнхөө буруутай үйлдлийг мэдээд Солонгос улс руу хэрэг шийдэгдээгүй байхад зугтаад алга болсон.

Намайг залилангийн гэмт хэрэгт 11 удаагийн үйлдэлтэй гэж худал хэрэг үүсгэн, надад хамааралгүй Баттөр, Болдбаатар нарын холбогдолтой, хохиролтой хэргийг надад тулгаж, хэргийг мөрдөн шалгаагүй гомдолтой байна. Баттөрийн өөрийн эзэмшлийн “Бридж-вүүд” ХХК-ийн дансанд байсан 21.474 долларыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын орлогч,  санхүү хэлтсийн дарга 2013 онд хийж байсан С.Болдбаатарт тендерийн авилгад өгсөн. Энэ хэргээрээ Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст яллагдагчаар татагдан шалгагдаж байсан. В.Б- нь миний залилангийн бүх хэргүүдэд холбогдолтой байхад прокурор Л.Мажигсүрэн нь Баттөрийн хамтран хийсэн залилангийн хэргүүдийг хэрэгсэхгүй болгож зөвхөн намайг ялласан.

2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралд В.Б-ийг шүүх хуралд оролцох гээд ирэхдээ нүүр нь хавагнасан, архи үнэртүүлсэн байдалтай шүүхийг үл хүндэтгэсэн шинжтэй орж ирсэн. Энэ нь хуралд оролцохоор ирж байгаа хүнийг мэдэж яриад байгаа прокурор нь Баттөртэй ямар нэгэн холбоотой учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгож, хамгаалж өмгөөлөөд зөвхөн надад бүх хэргийг тулгаж, ялласан нь авилгад өртөж, зөвхөн намайг ялласанд гомдолтой байна.

Прокурор Мажигсүрэн нь хянаж буй хэргүүдээ хуулийн дагуу шийдвэрлээгүй, гэрч хохирогч нарт нөлөөлж анхан шатны мэдүүлгүүдийг өөрчлүүлж няцаадаг. Мөн прокурор Түвшинбаяр нь “Т.Л- намайг Эрүүгийн төлөөлөгч Э- дарамталдаг. Манай нагац ах Б.Э- уг хүнээр захиа зөөлгөөд байгаа” гэсэн гомдлыг бичгээр бичүүлж авч явсан. Уг гомдлыг цагдаагийн дотоод хяналт шалгалтын албанд шалгуулж холбогдох ажиллагааг явуулж эрүүгийн төлөөлөгч Э- нь Л-г дарамталсан, ямар нэгэн захиа зөөсөн гэх үйлдэл тогтоогдохгүй байна гэсэн боловч прокурор Түвшинбаяр нь анхан болон давж заалдах шатны хурлын үед тайлбар гаргахдаа “Л-г дарамталсан зүйл тогтоогдоогүй. Харин шүүгдэгч Б.Э-ын захиаг зөөсөн нь тогтоогдсон” гэх хариу ирсэн гэж худлаа ярьж хэргээ хамгаалж надад холбогдох хэрэгт зөвхөн нэг талыг баримталж яллаж, шийтгэсэнд гомдолтой байна.

Иймд дээрх байдлыг харгалзан үзэж хуулийн дагуу шийдвэр гарган миний эрх зүйн байдлыг дээрдүүлж, нэр бүхий хууль сахиулах байгууллагын алба хаагч нартай хуйвалдаж авилга өгч өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож ял завшиж байгаа дээрх нэр бүхий хүмүүсийг хуулийн дагуу шалгаж, хариуцлага тооцон надад холбогдох хэргийн хохирлыг бодитоор тогтоож өгөхийг хүсэж байна” гэв.

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Я.Батханд, Ш.Ганбат, Ж.Тэгшмандал, Г.Нацагдорж нар хамтран гаргасан гомдолдоо “...Б.Э-ын өмгөөлөгч нарын хувьд хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийлгүүлэх хүсэлт, гомдлыг удаа дараа гаргаж байсан, хэргийг шүүхэд шилжүүлэхэд урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан болон анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралдаан дээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэх санал гаргаж байсан байр сууриндаа хэвээр байгаа болно.

Өөрөөр хэлбэл шүүхээс хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Шүүхүүд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдал тогтоогдоогүй, хэргийн зүйлчлэл буруу байхад талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарлаж, гаргасан санал хүсэлтийг нэг талыг барьж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлөхүйц, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байсаар байхад хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаагаагүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн асуудлуудаар гомдолтой байна. Үүнд:

Анхан шатны шүүх хуралдааны товыг мэдсээр байж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэрч Б.Б-, Сорогдааны Б, Сономдагвын Б, хохирогчийг унаж байх үеийг харсан гэх гэрч Э нарыг шүүхэд албадан ирүүлэх хүсэлтийг хүлээж авалгүй хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, мэтгэлцэх боломж олгоогүйд гомдолтой байна.

Хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Ш-с бусад хохирогч нарт хэргийн материал танилцуулаагүй, гомдол хүсэлт гаргах эрхийг нь эдлүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчигдсөн байхад хэргийг нэг талыг барьж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тодруулбал, шүүх хуралд оролцсон хохирогч В.С-, А.Х-, З.С-, Б.Б- нар нь шүүхээс дуудахад л ирсэн, цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллага дээр дуудаагүй, хэргийн материал танилцуулаагүй, В.Б-, С.Б гэх хүмүүст итгэж мөнгө өгсөн Б.Э-ыг таньдаггүй байсан дээрх хүмүүст гомдолтой, гомдол хүсэлт гаргах боломж бидэнд олгоогүй гэж мэдүүлсээр байхад анхан шатны шүүхээс энэ асуудлаар оролцогчийн эрх ашгийг хязгаарласан эсэх, нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулах эсэх талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй байна.

Б.Э-т холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2707 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан хүчин төгөлдөр шүүгчийн захирамж хэрэгт байдаг. Уг захирамжинд дээр дурдсан хохирогч нарын итгэж өгсөн гэх В.Б, С.Б-н дүү С.Ч нарт холбогдох хэргийг буюу “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай прокурорын тогтоол танилцуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1, 4, 5 дугаар заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн захирамжинд прокурор эсэргүүцэл бичээгүй.

Б.Э-т холбогдох хэргүүд нэгтгэгдсэн талаар хэргийн оролцогчдод танилцуулаагүй, шүүх хуралд оролцсон хохирогч нарын эрхийг зориуд зөрчсөн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, хэрэгт хамтран оролцсон хүмүүст ял завшуулж үндэслэлгүйгээр шалгахаас зайлсхийсэнд гомдолтой. Энэ асуудлаар шүүхээс нотолсон үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй болохыг анхаарна уу.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчийн хэлэх эцсийн үгийг цагаар хязгаарлаж болохгүй гэж хуульчилсан байхад Б.Э-ыг гэм буруугийн хурал дээр өөрийн бэлдсэн үгээ хэлэх явцад даргалагч шүүгчээс таслан зогсоон хязгаарласан үйлдлүүдийг хийсэн мөн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр шүүгдэгч Б.Э-аар шүүгдэгчийн эцсийн үгийг огт хэлүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил юм.

Хохирогч нараас шүүхэд өгсөн мэдүүлэг, түүнд өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар анхан шатны шүүх нь хохирогч нарын мэдүүлэг, гомдол санал хүсэлтэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж гомдолтой байна. Үүнд:

Хохирогч З.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 42,500,000 төгрөгөөс 2,000,000 төгрөг авсан 40,500,000 төгрөг үлдсэн. Улсын яллагч 36,000,000 төгрөгийн хохирол гэж яллах дүгнэлтэд оруулаад байгааг ойлгохгүй байна. Үнэлгээтэй танилцуулаагүй. Миний нэр дээр 0435 дугаартай авто машин одоо хүртэл замын хөдөлгөөнд оролцож торгууль нь миний нэр дээр ирсээр байгаа. Энэ талаар шалгуулахаар хүсэлт гаргасныг хүлээж авдаггүй гэсэн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Мөн би Б.Э-ыг огт танихгүй, Сорогдооны Б-т л итгэсэн. Энэ хүнийг шалгуулна гэж өмнө нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж байсан. Одоо ч гэсэн энэ хүнийг шалгуулмаар байна гэсэн мэдүүлэгт нь анхан шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт хийгээгүй.

Хохирогч Х, Б нар нь Бридж-вүүд ХХК түүнийг төлөөлж буй В.Б-д итгэж мөнгө гаргасан В.Б нь Б.Э-т өгсөн гэж ярьдаг, сүүлд нь хамт явж В.Б-ийн дансыг шалгахад мөнгөө авсан байсан гэх мэдүүлгийг Б.Э- авсан мэтээр мэдүүлэгт хэсэгчлэн дүгнэлт хийсэн байна. Хохирогч нар нь В.Б-д итгэж мөнгө өгсөн, Бридж-вүүд ХХК-аас нэхэмжлэнэ, Бридж-Вүүд ХХК-ийн дансаар орж гарсан, түүнийг нь В.Б авч захиран зарцуулсан баримт байгааг анхаарна уу. ...мөн В.Б гэх хүнд гомдолтой энэ хүнийг шалгуулах хүсэлт гаргаж байна гэсээр байхад үүнийг шүүх анхаарч үзсэнгүй.

Хохирогч В.С нь Б.Э-ыг огт танихгүй ах В.Б-дөө итгэж мөнгө өгсөн гэсэн мэдүүлгээс үүдэлтэй В.Б, Б.Э- нарын санаа зорилго хийсэн үйлдлүүдийг нарийвчлан шалгаж Эрүү, Иргэний хэргийн аль нь болохыг тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна. Мөн хохирогч В. нь төлбөрт байр өгсөн Т-ыг шалгуулах хүсэлт гаргасаар байхад шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Хохирогч Д.Ш-г машинаа хууль бус бичиг баримтаар бусдад өгч өмчлөх эрхийг шилжүүлсэн гэмт хэргийн хохирогч гэж үзсэн бол түүнд мөнгө гаргуулж өгөх биш биет байдлаар авто машиныг нь өгөх нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Прокурор шүүхээс хохирогчоор Ц.Г- гэх хүнийг тогтоож шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон гэрч Б.Ц-н мэдүүлгээр “Монгол менежмент” ХХК нь Ц.Г-, Б.Ц нараар зуучлуулж тэр хүмүүс нь голоос нь мөнгө авч тендер авах нэрээр Б.Э-т мөнгө өгсөн гэж ойлгогдохоор байх тул жинхэнэ хохирогч нь хэн бэ? Б.Ц-н Ц.Г- ах бид 2 мөнгө авсан гэх мэдүүлгээс үүдэж хохирлын тооцоо ч ойлгомжгүй болж байгаа юм. Нэг үгээр хэлбэл энэ хэрэгт хохирогчоор “Монгол менежмент” ХХК ба түүнийг төлөөлж буй хүн байх ёстой.

Иргэний нэхэмжлэгчийн шаардлага хангагдсан гэсэн нь хуульд нийцээгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх хуульд заасан шаардлага зөрчигдсөн, хаанаас яаж хуулбарласан нь тодорхойгүй, эх хувь биш, нотариатаар гэрчлүүлээгүй баримтад шүүх үнэлэлт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй учир дутагдалтай, хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч нараас хэргийг дутуу шалгасан хохирлыг буруу тооцсон тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх санал гаргасан бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна гэсэн ганц өгүүлбэр бүхий дүгнэлт нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч нарын гаргасан санал хүсэлтийг ямар нотлох баримтаар няцаалт хийсэн, нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлага байхгүй гэдгээ юугаар баталж өгсөн нотлох баримтуудыг хэрхэн дүгнэж шийтгэх тогтоол гаргаснаа, хууль ёсны үндэслэлтэй байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлага хэрхэн хангагдсан нь шийтгэх тогтоолоос харагдахгүй байна.

Түүнчлэн өмгөөлөгч нараас шүүхэд оруулсан санал хүсэлтүүдийн талаар огт дүгнэлт хийгээгүй зүйлүүд ч байна. Тодруулбал, шүүгдэгч Т.Л-, Б.Э- нарыг хөөж явахад цагдаа нартай цуг явсан хэрэгт холбогдон саатуулагдсан хэдий ч Т.Л-, Б.Э-ыг огт танихгүй, хамаарал байхгүй болсон асуудлыг хөндлөнгийн байр суурьнаас гэрчлэх Пүрэвийн Эрдэнэ гэх хүнийг нэмэлт ажиллагаагаар байцаалгах хүсэлтэд шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Улсын яллагч Н.Түвшинбаяр 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт П.Эрдэнэ гэж хүн байдаг залилах гэмт хэрэг үйлдээд шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн талаар тайлбар хийж байсан тэхээр энэ хүн бол хэргийн талаарх жинхэнэ нөхцөл байдлыг цагдаагийн алба хаагч нарын асуудалд хэрхэн хандсаныг гэрчлэх гол гэрч юм.

Энэ хэрэгт холбогдолтой хэд хэдэн авто машин яригддаг. Т.Л- 8262 дугаартай машин хөөсөн гэх, гэрч Б 30-60 УБТ улсын дугаартай хар өнгийн кровн машин байдаг гэх, гэрч А эрэн сурвалжлагдаж буй 11- 15 УБУ приус-20 авто машин, гэрч Б 13-14 УНО приус 20 маркын машин хөөж явсан гэх, 04-96 УБР ланд крузир прадо-95 авто машины мөрөөр хурд тодорхойлох, гэрч А 82-04 УНВ хар өнгийн субару, гэрч Б 82-04 УБИ дугаартай машинтай явсан гэсэн мэдүүлгүүдээс үндэслэж хөөж явсан субару машин, хар өнгийн кровн авто машинуудад эвдрэл гэмтэл байгаа эсэх, эрэн сурвалжлагдаж байсан гэх 2 ширхэг приус авто машиныг хөөж шалгаж байсан эсэх, тухайн үед хэрэг гарах газрын ойролцоо дээрх машинууд явж байсан эсэх, эрэн сурвалжлагдаж байсан нь үнэн эсэхийг шалгаж тодруулах ажиллагаа хийлгүүлэх хүсэлтэд үнэлэлт дүгнэлт хийгээгүй.

04-96 УБР ланд крузир прадо-95 авто машиныг хохирогч Д.Ш-н зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн өгсөн нотариатчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулах хүсэлтэд дүгнэлт хийгээгүй.

Гэрчүүд албаны энгэрийн камер ашигласан талаар шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А мэдүүлэхдээ 30 гаруй минутын энгэрийн камерын бичлэг байгаа үүнийгээ цагдаад өгсөн гэх боловч хавтаст хэрэгт энэхүү бичлэг байхгүй байгаа тийм учраас хэргийн жинхэнэ нөхцөл байдлыг нуун дарагдуулж байж болзошгүй хэргийг нотлоход ач холбогдол бүхий бичлэгийг хэрэгт авхуулах хүсэлтийг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Шинжээч эмч Номинцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр багцын шинжилгээ хийсэн, 15-ны өдөр томографик оношлогооны дагуу эмийн эмчилгээ хийсэн, эрчимт эмчилгээ хийсэн, мэс засал хийх заалтгүй байсан байна...маргааш нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийж мэс засал хийх шийдвэр гаргасан...давтан томографикаар цусан хураа нэмэгдсэнээр мэс засал хийгдсэн байна гэж мэдүүлсэн. Амь аврагдах боломж байсан уу гэх өмгөөлөгчийн асуултанд амь аврагдах боломж муутай гэж хариулснаас биш огт амь аврагдах боломжгүй гэж хариулаагүй. Хохирогч эмнэлэгт очсон үед яаралтай заалтын дагуу хагалгаанд орсон бол амь аврагдах боломжтой байсан байж болзошгүй байна. Маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 16-нд хагалгаанд орох үед эмч нарын зүгээс амь хохирогчийн эхнэрт нь 5% магадлалтай гэж хэлж байж, харин анагаах ухааны үүднээс итгэлцүүрээр авч үзвэл 0.05% байхад эрчимт эмчилгээ зөв хийвэл амь аврагдах боломж талаар шүүхэд танилцуулсан хэргийн зүйлчлэлд ч нөлөөлж болох энэ асуудлаар шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Шүүхэд өгсөн гэрчүүдийн мэдүүлэг нь урьд мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгснөөсөө илт зөрүүтэй байсныг шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна. Гэрч Мөнхтулга шүүхийн шатанд мэдүүлэхдээ өмнө нь огт ярьж байгаагүй зүйл болох ...хохирогч эгц хойшоогоо толгойгоороо 2 удаа газар савж унасан, машины дотроос нь савхин куртканы зах гарч ирсэн, машин дотроос 2-3 удаа гар гарч ирсэн, 100-200м яваад унасан гэх илт Б.Э-ыг яллах мэдүүлгийг зориуд өгсөн, энэ мэдүүлэг өгөх үйл явцад шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшлох үед улсын яллагч Л.Мажигсүрэн гэрч болон хохирогч нартай биечлэн уулзаж мэдүүлгийг зааж байсан, гэрч хохирогч нарын шүүхэд ирэх ирэхгүй талаар бие даан судалгаа хийж үүнийгээ шүүхэд танилцуулж байсан зэргээс дүгнэж үзэхэд хэргийг шийдвэрлэхэд хөндлөнгөөс ихээхэн нөлөөлсөн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх хуралд орсон прокурор Б.Э-ын үйлдлийг зөв зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байна.

Тодруулбал Б.Э- нь цагдаагийн албан хаагч нартай харилцаж дургүйцлээ илэрхийлж эсэргүүцсэн, албан үүрэгтэй нь холбогдуулж алах санаа зорилгоор үйлдэл хийгээгүй байна.

Т.Л- тээврийн хэрэгсэл жолоодож явахад түүний арын суудал дээр Б.Э- явсан бөгөөд цагдаагийн албан хаагч Б. Э-т ямар нэгэн шаардлага тавиагүй байх үед Т.Л- нь тээврийн хэрэгслийг гэнэт хөдөлгөн зугтаасан, зугтааж явах үед нь зогсохыг шаардаж байсан талаараа Б.Э-ын тогтвортой мэдүүлгээс үндэслэж эдгээр хүмүүсийг үйлдлээрээ нэгдсэн гэж үзэх үндэслэл байхгүй юм.

Гагцхүү Т.Л- нь ах Б.Э- машин барьж зугтаасан, явуут дунд машины жолоог сольсон, Б. Э- ахаас айдаг түүний эрхшээлд орсны улмаас айгаад зогсох боломжгүйгээр зугтсан гэх мэт илт зөрүүтэй мэдүүлгүүд нь дангаараа Б.Э-ыг яллах нотолгоо больж чадахгүй.

Т.Л-г Б.Э- айлгаж зугтаалгасан гэх нөхцөл байдал хангалттай тогтоогүй бөгөөд Т.Л-гийн бичиг баримтыг шалгаж байсан цагдаагийн ахмад Д.Б- огт юм сонсоогүй гэснээс үзэхэд гэрч П.Батзориг, Б.Б- нарын хэд хэдэн удаагийн зөрүүтэй мэдүүлгүүд нь няцаагдаж байгаагаас гадна Т.Л-гийн Б.Э- руу чиглэсэн мэдүүлгийн эх сурвалж нь өөр ямар нэгэн баримтаар давхар тогтоогддоггүй. Үүнээс үзэхэд Т.Л-, Б.Э- нарын хэрэгт хандаж байгаа санаа зорилго нэгдсэн байдал тогтоогдохгүй бөгөөд шүүхээс Б.Э-ын зүгээс дарамт шахалт үзүүлсэн байлаа ч түүний амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлэл учирсан болон учрах нөхцөл байдал үүсхээргүй байсан байна гэсэн зөв зүйтэй дүгнэлт хийсэн атлаа хэргийг бүлэглэн үйлдсэн гэж хоорондоо зөрчил бүхий дүгнэлтийг давхар хийсэн нь буруу байна. Магадлалд дурдсанаар шүүгдэгч нар зогсоогүй, шууд зугтаад 6 км газар зогсолгүйгээр маш хурдтай давхиж араас хөөж явах цагдаагийн машиныг гүйцэж түрүүлэх боломж олголгүй замыг нь хааж шахсан, цагдаагийн албан хаагчийг унагаахаар 2 тийш займчсан гэх мэт ойлгомжгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хэрэгт 6 км явсан гэж шалгаж тогтоосон зүйлгүй, зам шалгалт хийгдээгүй, хойноос нь хөөж явсан машин нь хувийн эзэмшлийн автомашин ба цагдаагийн машин гэж таних тэмдэг дуут дохио, зогсохыг шаардаж шаардлага тавьсан зүйл огт байгаагүй, Т.Л-г тээврийн хэрэгслийг жолоодож явахад Б. Э- нь ард сууж явсан бөгөөд тээврийн хэрэгслийг зогсоох ямар ч арга хэмжээ авах боломжгүй байхад давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Харин Т.Л- гэх хүн өмгөөлөгч нь буруу зүйл зааж өгснөөс олон зөрүүтэй мэдүүлэг өгч байсан талаараа мэдүүлдэг, гомдол гаргадаг болохыг дурдая.

Түүнчлэн залилан мэхлэх гэмт хэргийн талаар гаргасан гомдолд хууль зүйн бүрэн дүгнэлт хийгээгүй анхан болон давж заалдах шатны шүүхэд яригдсан гэрч Пүрэвийн Эрдэнэ гэх хүний талаар огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Ж.Тэгшмандал хэлсэн саналдаа “Энэ хэрэгт цагдаагийн албан хаагчийг чирж аллаа гэж нийгмийн сүлжээнд ихээхэн хүнд ойлголтыг төрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа ч мөн адил хэлбэрээр явагдсан зүйл бий. Б.Э-ын өмгөөлөгч нарын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийлгүүлэх хүсэлт, гомдлыг удаа дараа гаргаж байсан, хэргийг шүүхэд шилжүүлэхэд урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан болон анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралдаан дээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэх санал гаргаж байсан боловч хүлээж аваагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн асуудал байгаа.

Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн асуудлуудыг дурдах нь зүйтэй. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолуудаар нэр бүхий гэрч, хохирогч нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байдаг. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан дээр гэрч нар товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байсан бөгөөд өмгөөлөгч нарын зүгээс албадан ирүүлэх хүсэлт тавьсан боловч хүлээж авахгүй шийдвэрлэсэн нь оролцогчийн эрхийг зөрчсөн.

Мөн Б.Э-т холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2707 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан хүчин төгөлдөр шүүгчийн захирамж хэрэгт байдаг бөгөөд прокуророос эсэргүүцэл бичээгүй. В.Б-, С.Болдбаатарын дүү С.Чинзориг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэргийн оролцогчдод танилцуулаагүй гэх үндэслэлээр хүчингүй болсон шийдвэрийн дагуу ямар нэгэн ажиллагааг хийгдээгүй байна. Гэвч хүнийг алах гэмт хэрэгтэй нэгтгэж шийдвэрлэсэн нь оролцогчийн эрхийг зөрчиж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хэлэх эцсийн үгийг цагаар хязгаарлаж болохгүй. Гэм буруугийн хурал дээр Б.Э- холбогдсон зүйлийн талаар үг хэлэх гэтэл хэлүүлээгүй, хариуцлагын хурал дээр бүр огт үг хэлүүлээгүй шийдвэрлэсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл дээр авагдсан байх гэж бодож байна. Анхан шатны шүүх нь хохирогч нарын мэдүүлэг, гомдол, санал, хүсэлтэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйд гомдолтой байна.

Хохирогч З.Санчирын шүүхийн хэлэлцүүлэгт  “би Б.Э-ыг огт танихгүй, Сорогдооны Болдбаатарт л итгэсэн. Энэ хүнийг шалгуулна” гэж өмнө нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Хохирогч А.Х- Б.Б- нар нь “Бридж-вүүд ХХК-ийг тендерт орно гэж В.Б- гэх хүнд залилуулсан. Б.Э- гэх хүнийг сүүлд мэдсэн, В.Б-ийн дансыг шалгахад мөнгөө авч залилсан байсан. В.Б- гэх хүнд гомдолтой, энэ хүнийг шалгуулмаар байна” гэх хүсэлт гаргаж байсан боловч шүүх дүгнээгүй. В.С- нь мөн адил В.Б-тэй холбоотой асуудлаар хүсэлт тавьдаг.

Хохирогч Д.Ш-ийн машин байсаар байтал яагаад хохирлын мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Ц.Г- гэх хүнийг хохирогчоор тогтоож шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна. Гэрч Б.Ц- мэдүүлэхдээ “Б.Э-т “Монгол менежмент” ХХК-ийг тендерт ялуулж өг гэж мөнгө шилжүүлсэн” гэдэг. Гэхдээ шилжүүлсэн мөнгө нь “Монгол менежмент” ХХК-ийн мөнгө гээд байхад Ц.Г- гэх хүн хохирогчоор орж ирээд байгаа. Энэ зөрүүтэй байдлыг тодруулахгүйгээр гарсан шүүхийн шийдвэрийг ойлгохгүй байна. Иргэний нэхэмжлэгчийн шаардлага хангагдсан асуудал нь хуульд нийцээгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх хуульд заасан шаардлагыг бүхэлд нь зөрчсөн баримтад шүүх дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч нараас хэргийг дутуу шалгасан хохирлыг буруу тооцсон тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх санал, хүсэлт гаргаж байсан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудад хангалттай дүгнэлт хийж чадаагүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд заасан хатгагч гэдгийг ямар баримтаар тогтоож дүгнэлт хийж байгааг ойлгохгүй байна. Б.Э- нь бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн үйлдэл хийгээгүй. Т.Л-гийн мэдүүлгийг үнэлэхэд маш хэцүү. Яагаад гэвэл эхний мэдүүлэгтээ Б.Э- машиныг жолоодож зугтааж явсан гэдэг. Хоёр дахь мэдүүлэгтээ би жолоодоод зугтаах явцад арын суудлаас Б.Э- орж ирээд солигдсон гэдэг. Гуравдахь мэдүүлэгтээ намайг дарамтлаад зугтаалгасан гэж мэдүүлдэг. Т.Л-г Б.Э- айлгаж зугтаалгасан гэх нөхцөл байдал хангалттай тогтоогүй бөгөөд Т.Л-гийн бичиг баримтыг шалгаж байсан цагдаагийн ахмад Д.Б- дарамталж буй талаар огт юм сонсоогүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн.

Тээврийн хэрэгслийг жолоодож, зугтаасан үйлдэл бол Т.Л-тай холбоотой учраас хэргийн зүйлчлэлийг анхаарч үзэх хэрэгтэй. Авто ослын улмаас хүнд гэмтэл авч нас барсан эсэхийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Б.Э-ын зүгээс дарамт шахалт үзүүлсэн байлаа ч түүний амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлэл учирсан болон учрах нөхцөл байдал үүсхээргүй байсан байна гэсэн дүгнэлт хийсэн атлаа хэргийг бүлэглэн үйлдсэн гэж хоорондоо зөрчил бүхий дүгнэлтийг давхар хийснийг ойлгохгүй байна.

Иймд хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж, хэргийн оролцогчийн эрхийг хангасан шүүх хуралдааныг явуулах боломж олгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Ш.Ганбат хэлсэн саналдаа “Гомдлыг дэмжиж байна, нэмж хэлэх зүйлгүй” гэжээ.

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Г.Нацагдорж хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хэргийн бодит нөхцөл байдлыг бодитой тогтоосон эсэх асуудлыг ярих нь зүйтэй. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээр эргүүл хийх ёстой байсан цагдаа нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр орж ирээд хүлээгээд зогсож байсан. Яагаад тэнд хүлээгээд зогсож байсан гэх нэг асуудал. Хоёр дахь асуудал нь цагдаа унасан, тусламж үзүүлэх боломжгүй байгаагүй гэдэг.

Мөн шүүх гэм бурууг тогтоогоогүй байхад Ерөнхий сайд болон Цагдаагийн Ерөнхий газрын дарга нарын тодорхой ажиллагаа хийгдсэн асуудлууд байна. Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алсан гэж зүйлчилж байгаа тохиолдолд албан үүрэг нь Б.Э-, Т.Л- нарын эрх ашигт сөргөөр нөлөөлөх ёстой.

Зам тээврийн осол гаргасан жолоочид хариуцлага оногдуулах болохоос биш дотор нь сууж явсан зорчигч нарт хариуцлага оногдуулах зүйл байдаггүй. Тэгэхээр Б.Э-ыг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэх байдлаар зүйлчилж байгаа нь буруу юм. Гэрч н.Мөнхтөр “машин хурдтай эргэх үед цагдаа унасан” гэж хэлсэн бөгөөд унасан юм уу, унагасан юм уу, алсан юм уу, амь хохирсон юм уу гэх зүйлчлэлийн асуудал байна. Тийм учраас шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Ц.Г- гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд:

Миний бие анх цагдаагийн байгууллагад Б.Ц-д залилуулсан гэж гомдол гаргасны дагуу түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй хэрэгт хохирогч болж байна гэж ойлгосон.

Б.Ц-д холбогдуулан гаргасан гомдлын дагуу түүнд холбогдох эрүүгийн хэрэг гэх ойлголтыг төрүүлсэн төдийгүй гомдлыг хянан шалгах явцад хохирлын тодорхой хэсгийг Б.Ц- нь төлж барагдуулах үйлдлийг хийж байсан нь дээрх ойлголтыг давхар бий болгосон.

Түүнчлэн гомдлын дагуу Б.Ц-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шаардлагагүй гэж үзсэн бол мөрдөгч нь гомдлыг хэрэгсэхгүй болгох тогтоол шийдвэрийг надад танилцуулж цаашид дээрх гомдлын дагуу хэнд холбогдуулан хянан шалгалт хийж байгаа талаарх мэдээллийг өгч хохирлоо хэнээс барагдуулах. нэхэмжлэл гомдлыг хэнд гаргах эрх үүргийг тайлбарлан хэрэгт холбоотой мэдээллийг цаг тухай бүрт хуулийн дагуу өгөх ёстой байсан гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх нь Ц.Г- нь “Монгол менежмент" ХХК-ийн оролцсон тендерээс зохих ашиг олох гэж өөрөө Б.Ц-гээр Б.Э- руу яриулж тендерийн мөнгө шилжүүлж байгаа нь уг хэргийн хохирогч болохыг баталж байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна ...гэжээ.

Мөрдөн байцаалтын үед Б.Э- гэдэг хүний талаар анх тодруулан асуусан ба уг хүнийг огт танихгүй бөгөөд Б.Ц-д бидний хоорондын харилцааны явцад бий болсон итгэлээр дээрх мөнгийг өгсөн тул гомдолтой байгаа түүнээс нэхэмжилж байгаа талаараа удаа дараа тайлбар мэдүүлэгтээ миний бие дурдаж байсан төдийгүй ямар нэгэн байдлаар уг тендерээс зохих ашиг олох гэсэн “Монгол менежмент” ХХК-ийн хооронд зуучилсан зүйл огт байхгүй болно. Энэ талаар тус компанийн захирал Б- болон миний бие дээрх далангийн тендерийн үйл ажиллагаанд Г-тэй хамтран оролцсон ба шалгарсан тохиолдолд ажлаа хувааж хийх байсан талаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ тодорхой дурдсан байдаг. Мөн Ц.Г-эд “Монгол менежмент” ХХК-ийн захирал Б- ямар ч мөнгө өгөөгүй тэр мөнгө Ц.Г-ийн мөнгө гэж мэдүүлсэн байдаг.

Гэтэл дан ганц Б.Ц-гийн мэдүүлгийг үндэслэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд зуучлагч ашиг олгогч мэт байдлыг бий болгож байна. Миний хувьд Б.Э- гэдэг хүнийг Б.Ц-гээс мөнгөө нэхэх үедээ түүний хэлсэн таньдаг ах гэдэг тайлбараас мэдэж авсан. /хх-180/. Би Ц-г тэр хүнтэйгээ яриад өг гэж огт хэлээгүй бөгөөд намайг “Монгол менежмент” ХХК-тай хамтран үерийн далангийн тендерт орсныг Ц- яаж мэдсэнийг би ерөөсөө мэддэггүй ба Ц- миний хувийн нууцад ямар нэгэн хууль бусаар халдаж, дээрх мэдээллийг олж аваад түүнийгээ мөнгө болгох залилан хийх арга хэрэгсэл болгосон нь тодорхой байдаг. Ц- уг залилангаа хийхийн тулд хэдэн өдөр дараалан надтай утсаар ярьж мөнгө гуйсан. Б.Ц-гийн хувьд зуучлалын ашиг олох замаар өөрийн хувь болох тодорхой хэмжээний мөнгийг үлдээх замаар Б.Э-т шилжүүлж өгсөн төдийгүй түүнээс хохирлын мөнгийг хүлээж авч байсан талаар тэмдэглэлийн дэвтэрт бичиж тэмдэглэж тооцож байсны зэрэгцээ Б.Э- нь түүнд дээрх мөнгийг бүрэн төлж барагдуулсан талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон давж заалдах шатанд гаргасан гомдолдоо дурдсаар байхад энэ талаарх нотлобол зохих байдлыг хэрэгт хавсаргаж үнэлээгүй байдаг.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх... шаардлага тавьж байгаа хүнийг иргэний нэхэмжлэгч гэх бөгөөд 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн хүн нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эсхүл түүний учруулсан хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй ... Мөрдөгч, прокурор. шүүх тогтоол. шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно гэсэн байдаг.

Гэтэл дээрх хэрэгт надад учруулсан хохирлыг хариуцвал зохих этгээд болох Б.Ц-гээс хохирлоо нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрхийг эдлүүлээгүй иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлийг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж иргэн хуулийн дагуу холбогдох этгээдээс өөрийн хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээж өгнө үү.

Жич: Иргэний нэхэмжлэлийн хүрээнд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Ц-д холбогдуулан 14,055,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч тус тогтоолын улмаас түтгэлзэх нөхцөл байдал бий болоод байна.” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.П-ын өмгөөлөгч Д.Гомбо хэлсэн саналдаа “Гэрчүүд бүгд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөөд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн. Мөн шүүгдэгч нарын эцсийн үгийг цагаар хязгаарласан асуудал байхгүй бөгөөд би өөрийн биеэр хуралд орсон. Энэ нь хурлын тэмдэглэлээс харагдах байх. Хөөж явсан цагдаа нарын машин дотор өөр хүн байхгүй байсан гэдэг нь нотлогдсон байгаа. Цагдаагийн албан хаагч энгийн хувцастай эсэх, амралттай байх эсэхээс үйл хамаараад ажил үүргээ гүйцэтгэнэ. Тийм учраас Чингэлтэй дүүргийн цагдаа нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт чиг үүргээ хэрэгжүүлж болохгүй гэсэн асуудал биш.

Хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Т.Л-гийн гомдол, мэдүүлгээс харах юм бол цагдаа зүүгдсэн байсныг мэдэж байсан гэдэг. Авто  зам зам дээр гарсан л бол авто осол биш. Тээврийн хэрэгсэл нь бусдыг алах зэвсэг болчихоод байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А-ийн өмгөөлөгч Х.Даваасүрэн хэлсэн саналдаа “Х.П-ын өмгөөлөгчийн хэлсэн тайлбарыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Б.Э-ыг айлд байгаа талаар хохирогч мэдээллээд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Өнөөдрийн хувьд зөвхөн амь хохирогчийн асуудал яригдаж байгаа боловч цаана нь насанд хүрээгүй 4 хүүхэд хохирч байна. Төрийн сангаас 10 жилийн цалинтай тэнцэх хэмжээний олговор, Засгийн газрын нөөц хөрөнгөөс хоёр өрөө байр олгогдсон нь үнэн. Гэтэл 4 хүүхдийн насанд хүрэх хугацааг тооцоод үзэхээр 37 жил байна. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна. 444,000,000 төгрөг нэхэмжилнэ гэдгээ анхан болон давж заалдах шатны шүүх дээр хэлсэн” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарыг бүлэглэж цагдаагийн албан хаагчийн эрхэлж байсан албан үүрэгтэй нь холбогдуулж алсан, шүүгдэгч Б.Э-ыг 11 удаагийн үйлдлээр бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, хуульд заасан ял оногдуулсан байна. Өмгөөлөгч нарын гомдлуудоос харахад зүйлчлэлийн талаар маргаж байна. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй бөгөөд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

Цагдаагийн алба хаагч машинаас зүүгдээд явж байхыг мэдсээр байж машинаа зогсоох арга хэмжээ аваагүй. Энэ нь араас нь дагаж явсан цагдаа нарын гар утас болон камераар бичсэн бичлэгт байгаа бөгөөд авто осол гэдэг нь үгүйсгэгдэж байгаа. Өмгөөлөгч нарын гомдлыг харахаар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой утгын хувьд адил байна. Энэ асуудлаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийчихсэн. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг  хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Л-, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Я.Батханд, Ш.Ганбат, Ж.Тэгшмандал, Г.Нацагдорж, хохирогч Ц.Г- нарын гаргасан гомдлыг гомдлыг үндэслэн Б.Э-, Т.Л- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтнуудын шаардлагаар зогссон тээврийн хэрэгслийн жолооч Т.Л- нь түүнтэй хамт зорчиж явсан гэмт хэргийн улмаас эрэн сурвалжлагдаж байсан Б.Э-тай хамтран, түүний хатгалгаар хууль сахиулагч нарын шаардлагыг эсэргүүцэн, тээврийн хэрэгсэл жолоодон зугтаахдаа цагдаагийн ахлах ахлагч Д.Б-ыг тээврийн хэрэгслээс зүүгдэн явахыг мэдсээр байж засмал зам дээр унагааж, хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж, бүлэглэж алсан,

мөн Б.Э- нь 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд ганцаараа 11 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарыг хууран мэхэлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг залилан авч, бусдад нийт 472,425,742 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Б.Э-, Т.Л- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн Б.Э-ын үйлдсэн залилах гэмт хэрэг нь хууль буцаан хэрэглэх зарчмын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, харин хүнийг алах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9, 2.11 дэх хэсгүүд, түүнчлэн Т.Л-гийн үйлдсэн хүнийг алах гэмт хэрэг нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.9, 2.11 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, тэдэнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно.

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн арга, үйлдлийн шинжийг тодорхойлж, түүнтэй уялдуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэм хорыг арилгах талаар нэгдмэл агуулгатай, дүгнэлт хийсэн хэдий ч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн албан хаагчийн ар гэрт Цагдаагийн Ерөнхий ерөнхий газраас олгосон 2 өрөө орон сууцны үнэ болох 80,000,000 төгрөгийг хүнийг алах гэмт хэргийн шууд хохиролтой адилтган дүгнэж шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хохирлыг зөв тооцож, зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Түүнчлэн хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг үүгээр тэмдэглэвэл зохино.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд хохиролтой холбоотой дээрх зөвтгөсөн өөрчлөлт оруулж, шүүгдэгч Т.Л- болон түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нарын гаргасан “...гэмт хэргийн үйлдэл, оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял эдлэх дэглэмийг нээлттэй болгож, оногдуулсан ялаас хөнгөрүүлж өгнө үү”, шүүгдэгч Б.Э-ын гаргасан “...хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, надад холбогдох хэрэгт зөвхөн нэг талыг баримтлан яллаж, шийтгэсэн, прокурорууд хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй, миний эрх зүйн байдлыг дээрдүүлж, надад холбогдох хэргийн хохирлыг бодитоор тогтоож өгөхийг хүсэж байна”, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан “...хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй, хэргийн зүйлчлэл буруу, шүүхүүд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах”, хохирогч Ц.Г-ийн “...Б.Ц-гээс хохирлоо нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрхийг эдлүүлээгүй, иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай дээрх хуулийн заалтыг зөрчсөн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж иргэн хуулийн дагуу холбогдох этгээдээс өөрийн хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 537 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...шүүгдэгч Т.Л-гаас 84,006,820 /наян дөрвөн сая зургаан мянга найман зуун хорь/ төгрөгийг, шүүгдэгч Б.Э-аас 84,006,820 /наян дөрвөн сая зургаан мянга найман зуун хорь/ төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий газарт” гэсэн хэсгийг “...шүүгдэгч Т.Л-гаас 44,006,820 /дөчин дөрвөн сая зургаан мянга найман зуун хорь/ төгрөгийг, шүүгдэгч Б.Э-аас 44,006,820 /дөчин дөрвөн сая зургаан мянга найман зуун хорь/ төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий газарт” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Л-, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Я.Батханд, Ш.Ганбат, Ж.Тэгшмандал, Г.Нацагдорж, хохирогч Ц.Г- нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН