Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
Хэргийн индекс | 128/2016/0753/З |
Дугаар | 911 |
Огноо | 2016-11-15 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 911
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Альяанстех” ХХК,
Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох
Гуравдагч этгээд: “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэл
Нэхэмжлэлийн шаардлага: “Багц-2. NCB-BCM2. “Баянхошууны 2 дугаар хэсгийн 2250 метр DN 600-ийн зөөлөн ширмэн (ЗШ) хоолойтой өөрийн урсгалын ариутгах татуургын шугамын барилгын ажил”-ын тендерт “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэлийн шалгаруулсан Үнэлгээний хорооны 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар шийдвэр, захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан NCB-BCM2 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг дахин хийхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Альянстех” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнзаяа, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, Б.Оюунчимэг, гуравдагч этгээд “Бумбод” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал, гуравдагч этгээд “Ди Вай Кэй Би” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Альянстех” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслөөс 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зарласан Багц-1. NСВ-ВСМ1. Баянхошууны 1-р 4116 метр DN 450&500-ийн зөөлөн ширмэн (ЗШ) хоолойтой хэсгийн өөрийн урсгалтай ариутгах татуургын шугамын барилгын ажил, Багц-2. NСВ-ВСМ2. Баянхошууны 2-р хэсгийн 2250 метр DN 600-ийн зөөлөн ширмэн (ЗШ) хоолойтой өөрийн урсгалтай ариутгах татуургын шугамын барилгын ажил, Багц-3. NСВ-SСМ. Сэлбийн 2183 метр DN 400-ийн зөөлөн ширмэн (3Ш) хоолойтой өөрийн урсгалтай ариутгах татуургын шугамын барилгын ажил нэртэй 3 багц тендерт оролцсон юм.
Уг төслийн нэгжээс 1 ба 2-р багцад “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэлийг шалгаруулж манай тендер саналаас татгалзсан мэдэгдлийг 2015 оны 9 дүгээр сарын 02-ны 254 тоот албан бичгээр бидэнд мэдэгдсэн. Тендер шалгаруулагч нь манай компанийн хүргүүлсэн 3 багц тендерээс 3 ижил үндэслэлээр буюу зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмжийг бэлэн байлгах, голлох албан тушаалтны туршлага болон урт хугацааны санхүүгийн эерэг гүйцэтгэлтэй байх шаардлагыг хангаагүй гэдгээр татгалзсан байсан.
Дээрх мэдэгдлийг хүлээж аваад Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэж Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны газарт 2015 оны 09 дүгээр сарын 03-ний өдрийн 756 тоот албан бичгээр зохих тайлбарыг хавсарган гомдол гаргасан болно. Сангийн Яамнаас гомдлыг хянаад, захиалагчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгон, тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн болно.
Багануурт хийж байгаа ажлын явц 75 хувьтай, Шинэ яармаг хороололд хийж байгаа ажлууд 85 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгааг нотолсон захиалагчдын албан бичгийг хавсаргаж өгсөөр байхад манай компанийг техник тоног төхөөрөмж хомс гэж үзсэн нь Тендерт оролцогчдод өгөх заавар (ТОӨЗ)-ын 5.3(б)-д ажлын туршлагыг хангахын тулд ижил төстэй ажлын доод тал нь 70 хувийг гүйцэтгэсэн байх шалгуур тавьсан байсантай болон жилд оролцох тендерийн ажлын тоо хэмжээг хязгаарласан хуулийн заалт хүчингүй болгосон хуулийн шинэчлэлтэй зөрчилдсөн дүгнэлт болсон.
Манай компани төслийн менежер, талбайн инженер, ариутгах татуурга, усны барилгын инженер, ханган нийлүүлэлтийн мэргэжилтэн, ЭМХХАА-ны инженерийг өөрийн боловсон хүчнээс гаргаж, замын ахлах инженер, замын материалын инженер, геодезийн инженер, байгаль орчны мэргэжилтэний хувьд тусгай зөвшөөрөл бүхий "Эвт Уул”, “Төгс Үржих Зам”, "Азиан Экологи Ресурс” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан оролцуулахаар санал болгосон. Эдгээр бүх инженер, техникийн ажилтнуудын ажилласан жил, ижил төстэй ажлын туршлага нь ТОӨЗ 5.3(в)-д тавьсан болзлыг хангаж байгаа баримтуудыг тендерийн материалд хавсаргаж хүргүүлсэн боловч санал болгосон ажилчид, тэдгээрийн ажлын туршлагын хувьд ТШӨХ-ийн 5.3(г) заалтын (ТОӨЗ 5.3 в) шаардлагыг хангаагүй гэсэн бодит үнэнд нийцэхгүй дүгнэлт гаргасан байсан.
Төсөл шалгаруулагч нь дахин үнэлгээ хийгээд манай компанийн санал болгосон үндсэн тоног төхөөрөмж нь ТШӨХ-ийн 5.3(в), үндсэн ажилчид, тэдгээрийн ажлын туршлага нь ТШӨХ-ийн 5.3(г) заалтыг хангахгүй байна гэсэн 2 үндэслэлээр шалгаруулаагүй тухай 339 тоот мэдэгдлийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн юм. Бид энэ шийдвэрийн талаар Сангийн яаманд дахин гомдол гаргасан.
Гэтэл тендер шалгаруулагч болон захиалагч нь Сангийн яамны хяналтын шийдвэрийг үл хэрэгжүүлэн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэгч “Бумбод” ХХК. "Ди Вай Кей Би” ХХК-ийн түншлэлтэй тендерийн гэрээг байгуулсан байна.
Улсын зээлийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх ажил үйлчилгээний тендер шалгаруулалтын хамгийн чухал үзүүлэлтийн нэг нь бага харьцуулах үнийн санал байдаг. Манай компаниас доогуур үнийн санал ирүүлсэн “Одкон” ХХК нь тендерт шалгараагүй боловч Үнэлгээний хорооны шийдвэрт гомдол гаргалгүй хүлээн зөвшөөрсөн тул манай компани хамгийн бага үнийн саналаар шалгарч үлдсэн юм.
Гэтэл тендер шалгаруулалтад оролцож илүү өндөр үнийн санал ирүүлсэн тоног төхөөрөмж болон ажиллах хүчний дутагдалтай, ажлын туршлагагүй дээрх түншлэлийг шалгаруулж бусад тендерт оролцогчдыг үндэслэлгүйгээр шаардлагыг хангаагүйд тооцож татгалзсан нь тендерт оролцогч бидний эрхийг илт зөрчиж байх тул Сангийн яамнаас өгсөн хяналтын дүгнэлтийг зөрчиж гаргасан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд Багц-2. NCB-BCM2. “Баянхошууны 2 дугаар хэсгийн 2250 метр DN 600-ийн зөөлөн ширмэн (ЗШ) хоолойтой өөрийн урсгалын ариутгах татуургын шугамын барилгын ажил”-ын тендерт “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэлийн шалгаруулсан Үнэлгээний хорооны 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар шийдвэр, захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан NCB-BCM2 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг дахин хийхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, Б.Оюунчимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянхошуу, Сэлбэ төвүүдийн гэр хороололд амьдарч буй 4000 гаруй иргэдийн амьдрах нөхцөл муу, гэр хорооллын өрхүүд хашаандаа зөвхөн нүхэн жорлон хэрэглэдэг, бохир ус болон хог хаягдлыг цуглуулж зайлуулах бүтэцгүй, агаарын бохирдол их, зохистой дулаан хангамжийн системгүй, олон улсын стандарт нийцээгүй ус түгээх худгаар ундны усаа хэрэглэдэг байдлыг бууруулах зорилгоор дэд бүтцийн үйлчилгээ ус хангамж, ариутгах татуургын шугам, нийтийн зориулалттай орон сууцны хорооллын барилгажилтыг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын гэр хороололд амьдран суудаг оршин суугчдад зориулсан дэд төвүүдийн сүлжээг бий болгох, Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд зам болон хотын дэд бүтцийн үйлчилгээ өргөжүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа болно.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Баянхошуу, Сэлбэ төвүүдэд 18.6 км цэвэр усны шугам сүлжээ, ариутгах татуургын 20.0 км шугам сүлжээ, 6.0 км бохирын гол коллектор шугам, Халаалтын 5 байгууламж, 21 км дулаан дамжуулах шугам, 2.4 км урт дулааны холболтын шугам болон 15 км авто зам, 7.9 га-д ландшафтын тохижилт, үүний дотор явган зам, гэрэлтүүлэг, сандал зэрэг нийтийн зориулалттай байгууламж барих нөхцөл бүрдэх нийтийн эрх ашгийн төлөө хийгдэж буй төсөл юм
Тендерийн баримт бичиг болон урилга дээр “Азийн хөгжлийн банкны нэг үе шаттай нэг дугтуйт тендерийн журам”-ын дагуу явуулах ба эрх бүхий орнуудын тендерт оролцогчдод нээлттэй” гэж заасан.
Монгол улсын Их хурлаас 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр соёрхон баталсан Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн Худалдан авах ажиллагаа хэсэгт “Зээлийн шугамаас санхүүжих бүх бараа ажил, худалдан авах ажиллагааг 2013 онд батлагдсан Азийн хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны журам, түүнд тухай бүрт орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу явуулна” гэж. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах журмыг Монгол улсын Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж тус тус заасан
Энэхүү тендер нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажил биш бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан “Улаанбаатар хотын гэр хорооллыг дэмжих хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулагдаж Улсын Их хурлаар соёрхон баталсан хуулийн дагуу хийгдэж буй төсөл хөтөлбөр тул улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа гэх нь үндэслэлгүй юм.
Тендерийг нээхэд бүх оролцогч 7 компанийн төлөөлөгчийг байлцуулсан бөгөөд тендер нээх үед аливаа битүүмжлэлгүй тендер байхгүй байсан бөгөөд тендер нээлтийн тэмдэглэлийг нээлтэд оролцогчдоор гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
“Альянстех” ХХК-ийн тендерт ирүүлсэн 2014 оны аудитлагдсан тайлангийн хураангуйд эргэлтийн хөрөнгийн дүн нь 11.024.856.000 төгрөг, богино хугацаат өр төлбөрийн хэмжээ 11.738.110.000 төгрөг байхаар тусгасан байсан. Иймд Үнэлгээний хороо уг тайланд тусгасан богино хугацаат өрийн хэмжээ нь эргэлтийн хөрөнгийн хэмжээнээс илүү байгаа нь 5.3 (е) дэх заалтын шалгуурыг хангаагүй гэж үзсэн.
Ажиллах хүчний тухайд: Тендерийн баримт бичгийн Тендер оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3(в)-д “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг цаг хугацаанд нь олж (өөрийн түрээслэх, хөлслөн авах г.м) бэлэн байлгах санал”, 5.3(г)-д “төслийн голлох албан тушаал бүхий хүмүүс нь гэрээнд заасан ажилтай төрөл, дүнгээрээ дүйцэх ажил дээр ТШӨХ-д зааснаас доошгүй жил, түүний дотор ТШӨХ-д зааснаас доошгүй жилд нь гэрээг хариуцаж ажилласан туршлагатай байх” гэж тусгасан.
Гэтэл “Альянстех” ХХК нь геодезийн инженер 2-г санал болгохоос 1 инженер санал болгосон, эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженерийн туршлага 1 жил байсан тул захиалагчийн зүгээс тавьсан мэргэжлээрээ 5 жил ижил төстэй ажилд 3 жил ажилласан байхаар тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй. Мөн байгаль орчны мэргэжилтэн нь магистр мэргэжилтэй, ижил төстэй
ажилд 5 жил ажилласан туршлагатай байх гэж заасан боловч тус компани нь
“Азиан экологий ресурс” ХХК-тай хамтран ажиллах тухай санамж бичиг ирүүлж,
мэргэжилтэн Г.Энхжаргалыг санал болгосон боловч, уг мэргэжилтний мэргэжлийн зэрэг боловсролыг нотлох баримт бичгийг хавсаргаагүй байсан тул ТШӨХ-ийн 5.3(г) заалтыг хангаагүй гэж Үнэлгээний хороо үнэлсэн.
Тоног төхөөрөмжийн тухайд: Бульдозер, 20 тонны кран, доргиурт индүү, асфальт дэвсэгч, хучилтын хөрөө, компрессор, витум цацагч, усны машиныг тус тус санал болгоогүй .Энэ нь тендерийн баримт бичгийн 5.3.(в) заалтыг хангаагүй.
Иймд Үнэлгээний хороо нь тус компаний тендерийн саналыг Азийн хөгжлийн банкны “Худалдан авах ажиллагааны журам”-ын 2.58 заалт, тендерийн баримт бичгийн 30.2 дахь хэсэгт “ТОӨЗ-ийн 30.1 дэх хэсгийн (а)-(е) заалтыг хангаж буй тохиолдолд тухайн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэсэн заалтыг тус тус үндэслэн шаардлагад нийцээгүй тендерийн санал гэж үзсэн.
Азийн хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны журамд “Тендерийн саналыг хүлээн авч, үнэлгээ хийсний дараа, зээлдэгч нь гэрээ байгуулах эрх олгох эцсийн шийдвэр гаргахаас өмнө, тендер хүчинтэй байх хугацаа дуусахаас дөрвөн долоо хоногоос доошгүй хугацаанд хүлээн авсан тендерийн саналын үнэлгээ, харьцуулалтын дэлгэрэнгүй тайланг, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж ба Азийн хөгжлийн банкнаас шаардаж болох бусад мэдээллийн хамт Азийн хөгжлийн банкинд хүргүүлнэ. Хэрэв гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж нь санхүүжилтийн гэрээ болон эсхүл худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд үл нийцсэн болох нь тогтоогдвол, Азийн хөгжлийн банк энэ тухай зээлдэгчид нэн даруй мэдэгдэж, шалтгааныг тайлбарлана. Бусад тохиолдолд Азийн хөгжлийн банк гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжид зөвшөөрөл олгоно. Зээлдэгч нь гэрээ байгуулах эрхийг зөвхөн Азийн хөгжлийн банкнаас “татгалзах зүйлгүй" зөвшөөрөл авсны дараа олгоно” гэж заасан байдаг.
Азийн хөгжлийн банкны “Худалдан авах ажиллагааны журам”-ын 1 дүгээр хавсралтын 2(с)-д “Зээлдэгч нь гэрээ байгуулах эрхийг зөвхөн Азийн хөгжлийн банкнаас “татгалзах зүйлгүй” зөвшөөрөл авсны дараа олгоно” гэсний дагуу үнэлгээний тайлан, үнэлгээний хорооны шийдвэрийг 2015 оны 6 дугаар сарын 26-ний өдөр тус банкинд хүргүүлж, гэрээ байгуулах зөвшөөрөл авах хүсэлтээ явуулсан.
Азийн хөгжлийн банкнаас уг ажлыг Европын хөрөнгө оруулалтын банк санхүүжүүлэх тул үнэлгээний тайлан, үнэлгээний хорооны шийдвэрийг Европын хөрөнгө оруулалтын банкаар батлуулах нь зүйтэй гэсэн цахим албан захидал 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Азийн хөгжлийн банкнаас ирүүлсэн.
Энэ нь тус “Баянхошуу, Сэлбэ дэд төвд баригдах ариутгах татуургын гол шугамын барилгын ажил”-ыг худалдан авах ажиллагаа нь Азийн хөгжлийн банкны "Худалдан авах ажиллагааны журам”-ын дагуу явагдах бөгөөд аливаа нэмэлт нөхцөл байдал үүссэн нөхцөлд Европын холбооны худалдан авалтын журмыг мөрдлөг болгосны үндсэн дээр Европын хөрөнгө оруулалтын банкны ‘Худалдан авалтын журам”-ын дагуу явагдана гэж Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр, Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хооронд байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг” болон Европын хөрөнгө оруулалтын банкны албан ёсны веб сайтад тусгагдсан.
Мөн Европын хөрөнгө оруулалтын банкны “Худалдан авах ажиллагааны
удирдамж”-ын хавсралт-2 Европын холбооны нутаг дэвсгэрээс гадна байрлах төслүүдийн худалдан авалтын ажиллагааны шийдвэрийг хянах тухай хавсралтад дурдсанаар “Зээлдэгч нь Тендерийг үнэлж, дүгнэсний дараа, дэмжигч нь /Монгол Улс/ гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж бүхий үнэлгээний тайланг Банкинд /Европын хөрөнгө оруулалтын банк/ илгээнэ. Банк нь “үл татгалзах хариу” болон холбогдох зөвлөмжийг өгнө” гэсний дагуу Европын хөрөнгө оруулалтын банкинд Үнэлгээний хорооны шийдвэр, тендерийн үнэлгээний тайланг Төсөл хэрэгжүүлэх нэгжээс 2015 оны 07 дугаар сарын 24-нд илгээсэн хүргүүлсэн.
Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 5.3 (а) хэсэгт 1 болон 2 дугаар багцыг нэг компани хийж болох тухай дурдсан боловч, Үнэлгээний хороо нь 2 дугаар багцын хувьд шаардлага хангасан бага үнэтэй тендерт оролцогч нь 1 дүгээр багцад шалгарсан тул өөрийн ирүүлсэн тендерт ижил тоног төхөөрөмж хүн хүч санал болгож байгаа нь 2 багцын ажлыг зэрэг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр 2 дугаар багцад шаардлага хангасан тендерт оролцогчдоос үнийн саналаар 2 дугаарт эрэмбэлэгдсэн оролцогчийг шалгаруулах шийдвэр гарган Үнэлгээний тайланг Европын хөрөнгө оруулалтын банк руу хүргүүлсэн.
Европын хөрөнгө оруулалтын банкны төсөл хариуцсан мэргэжилтэн Марко
Беросоос Багц-2-ын тухайд харьцуулсан үнээр 1 дүгээрт жагссан компанийг шалгаруулаагүйд тайлбар хүсч, банкны зүгээс зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Үүний дагуу тайлбар захидлыг 2015 оны 08 дугаар сарын 6, 10-ны өдрүүдэд хүргүүлсэн боловч, “...Уг 2 дугаар багцын ажил нь өртөг өндөртэй биш учир 1 дүгээрт эрэмбэлэгдсэн компани нь түншлэлийн хамт гүйцэтгэх боломжтой тул 1 дүгээрт эрэмбэлэгдсэн компани нь тоног төхөөрөмж, ажиллах хүчний хувьд зөвхөн 1 багцын ажил гүйцэтгэх хүчин чадалтай гэсэн үндэслэлээр 2 дугаар багцад шалгаруулаагүй нь шаардлага хангахгүй гэж үзэж байна. Европын хөрөнгө оруулалтын банк үнэлгээний тайланг хянан, гэрээ байгуулахад “татгалзах зүйлгүй” зөвшөөрөл өгөх боломжгүй, үнэлгээний тайланг өөрчлөн ирүүлнэ үү гэсэн хариу 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ирсэн.
Дээрх зөвлөмжийн дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаж Европын хөрөнгө оруулалтын банкны ирүүлсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрч, Үнэлгээний тайланг шинэчлэн хүргүүлснээр 2015 оны 8 дугаар сарын 28-нд гэрээ байгуулах зөвшөөрөл Европын хөрөнгө оруулалтын банкнаас Захиалагчид ирсэн.
Тус худалдан авах ажиллагаа нь Азийн хөгжлийн банкны “Худалдан авах ажиллагааны журам”-ын дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулагдсан,
гэрээ байгуулах эрхийг журамд заасны дагуу Европын хөрөнгө оруулалтын банкнаас ирүүлсэн “Татгалзах зүйлгүй” гэсэн мэдэгдлийн дагуу гэрээ байгуулсан, Азийн хөгжлийн банкны журмын дагуу Үнэлгээний хорооны шийдвэр гарсан, түншлэлийн хооронд байгуулсан тендерийн гэрээг Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны зөвшөөрөлгүйгээр цуцлах, хүчингүй болгох боломжгүй тул “Альяанстех” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэлийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал, Д.Алтанзаяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгжээс 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дотоодод нээлттэй зарласан. Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны зээлийн мөнгөөр санхүүжих “Баянхошуу, Сэлбэ гэр хорооллын дэд төвүүдийн ариутгах татуургын гол шугамын барилгын ажил 3 багц бүхий тендер шалгаруулалтын Багц-1, Багц-2 тендер шалгаруулалтад “Бумбод” ХХК нь Тендер шалгаруулалтын урилга болон, тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд “Ди Вай Кэй Би” ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулан зохих хууль, журмын хүрээнд оролцсон.
Энэхүү тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 тоот тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа урамшууллыг зохицуулах журам” болон Монгол Улсын Их Хурлаас Соёрхон баталсан Олон Улсын гэрээ, Азийн хөгжлийн банкны “Худалдан авах ажиллагааны журам”-д нийцүүлсэн зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна.
“Бумбод” ХХК болон “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэл нь маргаан бүхий тендер шалгаруулалтын Багц-2-д Ерөнхий шаардлагыг хангасан, хамгийн бага үнийн саналыг илгээсэн болох нь хэрэгт авагдсан тендерийн баримт бичиг, Үнэлгээний хорооны дүгнэлт хариуцагчийн тайлбар зэргээр тодорхой нотлогддог.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага хангасан эсэхийг Үнэлгээний хороо хуульд нийцүүлэн зөв дүгнэж нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь хариуцагчийн тайлбар, үнэлгээний хорооны тэмдэглэл, нэхэмжлэгчийн тендерийн баримт бичгээр тодорхой нотлогдож байна.
Уг тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 3 дугаар зүйлийн 3.2-т заасан зохицуулалтад хамаарах Монгол Улсын Их Хурлаас Соёрхон баталсан Олон Улсын Гэрээний заалтыг дагаж мөрдөх зохицуулалт бүхий тендер шалгаруулалт ба Тендерийн баримт бичиг болон урилга дээр Азийн хөгжлийн банкны “Нэг үе шаттай, нэг дугтуйт тендерийн журам”-ын дагуу тендер шалгаруулалтыг явуулахаар тодорхой заасан. Энэ нь тухайн тендер шалгаруулалтад баримтлах буюу хэрэглэх хуулийн үйлчлэх хүрээг тодотгосон зохицуулалт юм.
Монгол Улсын Засгийн газар, Европын хөгжлийн банк, Азийн Хөгжлийн банктай 2013 онд байгуулсан Санхүүжилтийн Ерөнхий хэлэлцээрт тусгагдсаны дагуу “Зээлийн шугамаас санхүүжих бүх бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг 2013 онд баталсан Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журам, түүнд тухай бүрт орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу явуулна” гэж тусгасан байна. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Олон Улсын гэрээний зохицуулалтыг нэн тэргүүнд баримтлах нь зүйтэй.
“Бумбод” ХХК болон “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэл нь “Баянхошуу, Сэлбэ гэр хорооллын дэд төвүүдийн ариутгах татуургын гол шугамын барилгын ажил NСВ-ВСМ-SСМ Багц-2-ын тендер шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Тендерийн баримт бичиг, ТОӨЗ-д заасан шаардлагад нийцүүлэн, тендерийн санал бэлтгэн оролцсон болох нь тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт Европын хөрөнгө оруулалтын банкнаас олгосон гэрээ байгуулах зөвшөөрөл зэргээр нотлогдоно.
Энэхүү тендер шалгаруулалтын ажил нь манай улсын цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад улирлын шинж чанартай, худалдан авалт болон барилга угсралтын ажлын богино хугацаанд хийх шаардлагатай байдаг. Бидний зүгээс төслийг амжилттай гүйцэтгэх зорилгоор гэрээнд заасан худалдан авалтыг 100 хувийг хийж, шаардагдах бараа бүтээгдэхүүн, багаж, тоноглолыг татсан ба одоо шугамын ажилд манай компаниас явагдаж байна.
“Баянхошууны ариутгах татуургын 2-р хэсгийн зөөлөн ширмэн (ЗШ) хоолой бүхий ариутгах татуургын шугамын барилгын ажил” зогсвол урьд хийсэн 1,440,576.99 долларын өртөгтэй Багц-1. NСВ-ВСМ1. Баянхошууны 1-р 4116 метр DN 450х500-ийн зөөлөн ширмэн (ЗШ) хоолойтой хэсгийн өөрийн урсгалтай ариутгах татуургын шугамын барилгын ажил үр ашиггүй ашиглагдах боломжгүй болж улсад ихээхэн хохирол учирна. Учир нь Багц-2-ын шугамыг хийснээр төвийн шугаманд холбогдож ажиллах бөгөөд энэ шугамгүй бол салангид шугам ажиллахгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр “Альяанстех” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Альяанстех” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа “Багц-2. NCB-BCM2. “Баянхошууны 2 дугаар хэсгийн 2250 метр DN 600-ийн зөөлөн ширмэн (ЗШ) хоолойтой өөрийн урсгалын ариутгах татуургын шугамын барилгын ажил”-ын тендерт “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар шийдвэр, захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан NCB-BCM2 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг дахин хийхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэж тодруулж тодорхойлсон болно.
Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгж”, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь уг хэргийн хариуцагч биш байх тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар Нийслэлийн Засаг даргыг оролцуулан явуулсан.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/259 дүгээр захирамжаар Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд бохирын ариутгах татуургын гол шугамын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулжээ.
Үнэлгээний хорооны 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтээр “Альяанстех” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “шаардлагад нийцээгүй гэж үзэж уг тендерээс татгалзсан” байна.
“Альяанстех” ХХК энэхүү Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу гомдлыг хянан хэлэлцээд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Гомдол хянан үзсэн тухай” 6/5527 дугаар албан бичгээр “захиалагчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, зохих журмын дагуу дахин үнэлгээ хийх”-ийг захиалагч болон тус компанид мэдэгдсэн байна.
Тендерийн Үнэлгээний хороо Сангийн яамны 6/5527 дугаар албан бичгийн хүлээн авч тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6 дугаар хуралдаанаар “Багц-2. NСВ-ВСМ2. Баянхошуу дэд төвийн 4116 м урттай бохир усны коллектор шугамын барилгын ажил”-ын гүйцэтгэгчээр “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэлийг шалгаруулахаар шийдвэрлэжээ.
Гэтэл нэхэмжлэгч “Альяанстех” ХХК-иас Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч дахин Сангийн яаманд гомдол гаргасны дагуу 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Гомдлын хариу” 5/5157 дугаар албан бичгээр “...үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 6/5527 дугаар тоотоор захиалагчид зөвлөмж болгосон нь Сангийн яамны эцсийн шийдвэр” гэсэн хариуг захиалагч болон тус компанид өгсөн байна.
Захиалагчаас 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэлтэй “Баянхошууны ариутгах татуургын 2 дугаар хэсгийн өөрийн урсгалтай зөөлөн ширмэн (ЗШ) хоолой бүхий ариутгах татуургын шугамын барилгын ажил”-ын NCB-BCM2 дугаар гэрээг байгуулжээ.
Нэхэмжлэгч “Альяанстех” ХХК дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрсөн үндэслэлээ:
- Хууль, журмын дагуу тендер шалгаруулалт явагдаагүй, манай компанийг тоног төхөөрөмж хомс, ажиллах хүч, ажлын туршлагын хувьд шаардлага хангахгүй гэж бодит үнэнд нийцэхгүй дүгнэлт гаргасан, манайх 3 багцад тус бүрт өөр өөр тоног төхөөрөмж, ажиллах хүч санал болгосон байсан. Тендерийг үнэлэх шаардлага бүх оролцогчдод ижил байх ёстой, манай компани бага үнийн санал өгсөн байсан. Гэтэл өндөр үнийн санал ирүүлсэн, тоног төхөөрөмж болон ажиллах хүчний дутагдалтай түншлэлийг шалгаруулсан нь бидний эрхийг зөрчиж байна гэснийг тус тус хянавал:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, 3 дугаар зүйлийн 3.2-т “Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө” гэжээ.
Монгол Улсын Их хурлаас 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр баталсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн 1 дэх зүйлд “Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай” гэж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн Худалдан авах ажиллагаа хэсэгт “Зээлийн шугамаас санхүүжих бүх бараа, ажил, худалдан авах ажиллагааг 2013 онд батлагдсан Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журам, түүнд тухай бүрт орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу явуулна ”, Харилцан ойлголцлын санамж бичигт “Худалдан авах ажиллагаа нь Азийн хөгжлийн банкны удирдамжийн дагуу явагдах бөгөөд аливаа нэмэлт нөхцөл байдал бий болсон тохиолдолд Европын холбооны худалдан авалтын журмыг мөрдлөг болгосны үндсэн дээр Европын хөрөнгө оруулалтын банкны худалдан авалтын журмын дагуу явагдана ” гэж тус тус заажээ.
Мөн Азийн хөгжлийн банкны “Худалдан авах ажиллагааны журам”-ын 1 дүгээр хавсралтын 2 (в)-д “Тендерийн саналыг хүлээн авч, үнэлгээ хийсний дараа, зээлдэгч нь гэрээ байгуулах эрх олгох эцсийн шийдвэр гаргахаас өмнө, тендер хүчинтэй байх хугацаа дуусахаас дөрвөн долоо хоногоос доошгүй хугацаанд хүлээн авсан тендерийн саналын үнэлгээ, харьцуулалтын дэлгэрэнгүй тайланг, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж ба Азийн хөгжлийн банкнаас шаардаж болох бусад мэдээллийн хамт Азийн хөгжлийн банкинд хүргүүлнэ. Зээлдэгч нь гэрээ байгуулах эрхийг зөвхөн Азийн хөгжлийн банкнаас “татгалзах зүйлгүй” зөвшөөрөл авсны дараа “олгоно” гэж заасан байна.
Тиймээс Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Азийн хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны журам, уг журмын дагуу боловсруулсан Тендерийн баримт бичиг, Харилцан ойлголцлын санамж бичиг зэргийг баримтлан худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж, уг тендер шалгаруулалт явагдсан байна.
2. Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт (цаашид ТШӨХ гэх)-ийн 5.3 (в)-д “тендерт оролцогчийн санал болгож буй гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмжийн төрөл болон үзүүлэлт, шаардагдах тоо хэмжээ”, 5.3 (г)-д “Санал болгож буй үндсэн ажилчид болон ижил төстэй ажлын туршлага”, Тендерт оролцогчдод өгөх заавар (цаашид ТОӨЗ гэх)-ын 5.3-т “Тендерт оролцогч ТОӨЗ-ын 1.1-д заасан ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхийн тулд дор дурдсан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангасан байна”, 5.3 (в)-д “ТШӨХ-д заасан үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг цаг хугацаанд олж (өөрийн, түрээслэх, хөлслөн авах г.м.) бэлэн байлгах санал”, 5.3 (г)-д “Төслийн голлох албан тушаал бүхий хүмүүс нь гэрээнд заасан ажилтай төрөл, дүнгээрээ дүйцэх ажил дээр ТШӨХ-д зааснаас доошгүй жил, түүний дотор ТШӨХ-д зааснаас доошгүй жилд нь гэрээг хариуцаж ажилласан туршлагатай байх” гэсэн шаардлага болон шалгуурыг тусгайлан заажээ.
Гэтэл “Альяанстех” ХХК-ийн ирүүлсэн Багц-2. NCB-BCM2. “Баянхошууны 2-р хэсгийн 2250 метр DN 600-ийн зөөлөн ширмэн (ЗШ) хоолойтой өөрийн урсгалын ариутгах татуургын шугамын барилгын ажил”-ын тендерийн баримт бичгээс үзэхэд ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зарим техник, тоног төхөөрөмжүүдийг огт санал болгоогүй, ажиллах хүчний хувьд геодезийн инженерийг дутуу санал болгосон, мөн санал болгосон голлох мэргэжилтнүүдийн ажилласан жил, ижил төстэй ажлын туршлагын хувьд шаардлага хангаагүй, зарим мэргэжилтний мэргэжлийн дипломын хуулбар, холбогдох нотлох баримтыг хавсаргаагүй зэрэг нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 5.3 (в), 5.3 (г)-д заасан ерөнхий шаардлагуудыг хангаагүй болох нь тус компанийн тендерт санал болгож буй төслийг хэрэгжүүлэх техникийн хүчин чадал, үндсэн тоног төхөөрөмжийн жагсаалт , удирдах болон техникийн голлох мэргэжилтний чадварын туршлага , инженер техникийн ажилтнуудын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Азийн хөгжлийн банкны “Худалдан авах ажиллагааны журам”-ын Тендерт оролцогчийн чадварыг дахин магадлах. 2.58-д “Тендерт оролцогчийг урьдчилан сонгон шалгаруулаагүй тохиолдолд хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн саналтай тендерт оролцогч түүний тендерийн саналд дурдсаны дагуу гэрээг үр ашигтай хэрэгжүүлэх чадвар, нөөц боломжтой эсэхийг зээлдэгч магадлан тогтооно. Хангавал зохих шалгуур үзүүлэлтийг тендерийг баримт бичигт тусгах бөгөөд хэрэв тендерт оролцогч тэдгээр шалгуур үзүүлэлтийг хангахгүй бол тендерийн саналаас татгалзана. Энэ тохиолдолд зээлдэгч дараах хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчийн чадварыг мөн адил зарчмаар магадлан хянана”, Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 30.1. (е)-д “Ажил гүйцэтгэхэд тавигдах бусад шаардлагыг хангасан байх”, 30.2-т “ТОӨЗ-ны 30.1 дэх хэсгийн (а)-(е) заалтыг хангаж буй тохиолдолд тухайн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэжээ.
Иймээс Үнэлгээний хорооны 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаас “Альяанстех” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Тендерийн баримт бичигт заагдсан дээрх нөхцөл, шаардлагуудыг хангаагүй тул “шаардлагад нийцээгүй тендерийн санал ирүүлсэн” гэж үзэж уг тендерээс татгалзсан шийдвэр нь үндэслэл бүхий, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, гэсэн хуулийн заалттай нийцжээ.
Түүнчлэн Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 10.1-д “Тендерт оролцохыг сонирхогч аливаа этгээд нь тендерийн баримт бичгийн талаар тодруулга авах шаардлагатай бол энэ тухай хүсэлтээ бичгээр ТШӨХ-д заасан захиалагчийн хаягаар ирүүлнэ. ...” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчид тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга авах боломжтой байсан.
Мөн Тендерийг баримт бичигт энэхүү тендерийн хоёр буюу гурван багцад нэгэн зэрэг оролцохоор бол ажиллах хүч, тоног төхөөрөмжийг багц тус бүрт давхардуулахгүй санал болгох талаар ямар нэгэн шаардлага тусгагдаагүй байх тул “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэлийн хувьд Багц-1 тендерт оролцохдоо санал болгосон гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж болон ажиллах хүн хүчийг Багц-2-т давхардуулан санал болгосон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “Манайх 3 багцад тус бүрт нь техник тоног төхөөрөмж, ажиллах хүн хүчийг давхардуулахгүйгээр санал болгосон тул тендерийн баримт бичигт заасан шаардлагаас заримыг дутуу санал болгосон” гэдгээ хүлээн зөвшөөрч байсан болно.
Иймд Багц-2. NCB-BCM2. тендерт “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэлийн шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, уг тендер шалгаруулалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 34.5-д “Тендерт оролцогч нь зарласан гурван багц гэрээний алинд нь ч санал өгч болно. Багц-1 болон Багц-2-ыг шаардлага хангасан тохиолдолд нэг гүйцэтгэгчийг шалгаруулах боломжтой” гэж тус тус заажээ.
Үнэлгээний хороо 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр хуралдаанаар Багц-2. NCB-BCM2 дугаар тендерт ирүүлсэн компаниудын тендерийг дахин хянаад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу “Эс энд Эй трейд” ХХК, “Одкон холдинг” ХХК, “Альяанстех” ХХК-иудын ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж дүгнэн, уг тендерээс татгалзсан байна.
Харин Үнэлгээний хороо шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Б-софт” ХХК болон “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэлийн тендерт үнэлгээ хийн “Б-софт” ХХК-ийг шалгаруулахаар шийдвэрлэж, Азийн хөгжлийн банкны “Худалдан авах ажиллагааны журам”-ын 1 дүгээр хавсралтын 2 (в)-д заасны дагуу Үнэлгээний хорооны шийдвэр, тендерийн үнэлгээний тайланг Европын хөрөнгө оруулалтын банкинд хүргүүлжээ.
Ингээд Европын хөрөнгө оруулалтын банкнаас 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цахим шуудангаар ирүүлсэн албан захидалд дурдсан зөвлөмж -ийн дагуу Үнэлгээний хороо 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дахин хуралдаад Багц-2. NCB-BCM2. “Баянхошуу дэд төвийн 4116 м урттай бохир усны коллектор шугамын барилгын ажил”-ын гүйцэтгэгчээр “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэлийн шалгаруулахаар шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасныг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Үнэлгээний хороо Багц-2 тендерт үнийн харьцуулалт хийхэд “Б-софт” ХХК 1,147,628.10 доллар, “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэл 1,026,868.00 долларын үнийн саналыг тус тус ирүүлсэн байсан тул бага үнийн саналтай “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэлийг дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д заасны дагуу «хамгийн сайн» үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан Үнэлгээний хорооны 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарчээ. Мөн Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 34.5-д зааснаар Багц-1 болон Багц-2-д нэг гүйцэтгэгчийг шалгаруулах боломжтой байна.
Нэгэнт “Альяанстех” ХХК-ийн ирүүлсэн тендер нь ТШӨХ-ийн 5.3 (в), 5.3 (г)-д заасан ерөнхий шаардлагуудыг хангаагүй тул нарийвчилсан үнэлгээнд ороогүй, үнийн харьцуулалт хийгдээгүй учир “Манайх бага үнийн санал өгсөн байсан, өндөр үнийн санал ирүүлсэн түншлэлийг шалгаруулсан нь бидний эрхийг зөрчсөн” гэж үзэн маргаж байгаа нь хууль бус, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Багц-2. NCB-BCM2. “Баянхошууны 2 дугаар хэсгийн 2250 метр DN 600-ийн зөөлөн ширмэн (ЗШ) хоолойтой өөрийн урсгалын ариутгах татуургын шугамын барилгын ажил”-ын тендерт “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэлийн шалгаруулсан Үнэлгээний хорооны 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар шийдвэрийн улмаас нэхэмжлэгч “Альяанстех” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн 1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 3 дугаар зүйлийн 3.2, 27 дугаар зүйлийн 27.4, 28 дугаар зүйлийн 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Альяанстех” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Багц-2. NCB-BCM2. “Баянхошууны 2 дугаар хэсгийн 2250 метр DN 600-ийн зөөлөн ширмэн (ЗШ) хоолойтой өөрийн урсгалын ариутгах татуургын шугамын барилгын ажил”-ын тендерт “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэлийн шалгаруулсан Үнэлгээний хорооны 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар шийдвэр, захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан NCB-BCM2 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг дахин хийхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Альяанстех” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА