Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ20176/00222

 

Ж.Чимэдцэрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/01079 дүгээр шийдвэр,          

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаар магадлалтай,

Ж.Чимэдцэрэнгийн нэхэмжлэлтэй,

НШГА-д холбогдох,

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдоржийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жамц, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: намайг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 1488 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 96 дугаартай тогтоолоор “Тахько” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон. Тус  ХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрт заасан гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн авлаа гэсэн аман мэдээллийг 2011 оны 07 сард шийдвэр гүйцэтгэлд хүргүүлж, цалин шилжүүлсэн баримтыг хүргүүлсэн. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэгчийн хамт ажлаа хүлээн авахаар “Тахько” ХК дээр 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр очиход тус компани нь гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлгэн өгөөгүй, харин ТУЗ-ийн 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлын албан тушаалыг түдгэлзүүлсэн гэж хэлсэн. Иймд энэхүү 15 тоот тогтоолыг эс зөвшөөрөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 1651 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар магадлалаар дээрх тогтоолыг хүчингүй болгосон. “Тахько” ХК нь шүүхийн шийдвэрийг  биелүүлээгүй тул дахин албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгч Д.Оюунцэцэг нь таньд “Тахько” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээлгэн өгөх ажиллагаа хоёр шүүхийн шийдвэрээр явагдах боломжгүй, иймээс өмнөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгаад дараагийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар албан тушаалыг хүлээлгэн өгнө” гэж хэлж надаар 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 1651 дүгээр шийдвэрийг дуусгавар болгуулах тухай хүсэлтийг бичүүлэн авч, улмаар 2013 оны 05 сарын 31-ний өдрийн 266 дугаар  Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол гаргасан нь хууль бус. Түүнчлэн уг тогтоолыг өнөөдрийг хүртэл надад албан ёсоор гардуулаагүй бөгөөд үүнийг  “Тахько” ХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн болно. Тухайн үед гүйцэтгэх захирлаар томилох талаар ТУЗ-ын шийдвэр гаргаж байсан ч гэсэн хуулийн этгээдийн  улсын  бүртгэлд бүртгэгдсэн  албаны ёсны шийдвэр гараагүй. Иймд 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол”-ыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч “Тахько” ХК-ийн ТУЗ нь 2011 оны 12 дугаар тогтоолоор маргаан бүхий 07, 08 тогтоолыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1.363.333 төгрөгийг төлбөр авагч Ж:Чимэдцэрэнгийн дансанд шилжүүлсэн байдаг. Ж.Чимэдцэрэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгах хүсэлтээ өөрөө  бичсэн  үүнд хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 67 дугаар зүйлийн 67.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгах тухай 266 дугаар тогтоол үйлдэж гүйцэтгэх баримт бичгийг хаасан болно. Нэхэмжлэлд дурдсан 1651 дүгээр шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үүссэн. Дээрх ажиллагааны талаар “Тахько” ХК гомдол гаргасан, Монгол Улсын Дээд шүүхийн 00403 дугаар тогтоолоор “...шүүхийн шийдвэрээр нэгэнт хүчингүй болсон компанийн тогтоолыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэх боломжгүй ...” гэж үзсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг Ж.Чимэдцэрэнд гардуулж өгөөгүй, гэхдээ тогтоол гарсныг нэхэмжлэгч сайн мэдэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Чимэдцэрэн нь 2013 онд тогтоол гарах үед хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан. 266 тоот тогтоолыг мэдээгүй байсан, одоо мэдээд нэхэмжлэл гаргаж буй мэт тайлбарласан бөгөөд 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн гараар гүйцэтгэх баримт бичгийг хаалгах хүсэлт гаргасан байдаг. “Тахько” ХК-ийн ТУЗ-ийн 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Ж.Чимэдцэрэнг гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 363 333 төгрөг  олгосноор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 67 дугаар зүйлийн 67.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон . Иймд хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, гомдол гаргах хугацааг сэргээгүй, шүүхийн шийдвэрт зааснаар гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн авсан нь тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/01079 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай” тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/01079 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Тахько” ХК гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “...хууль ёсны бөгөөд үндэслэл бухий байна...” гэсэн хуулийн шаардлагад нийцсэнгүй. Учир нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус байхад шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “...Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно...” гэснийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 1488 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2010 оны 1144 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2011 оны 96 дугаар тогтоолуудаар нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэнг Тахько (ХК) компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 333 333 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Тахько (ХК) компанийн 2011 оны 9 дүгээр тогтоолоор Ж.Чимэдцэрэнг ажлаас чөлөөлсөн 2010  оны 08 тоот тогтоолыг хүчингүй болгож, 2011 оны 07 дугаар сарын  09-ний өдрийн 12 дугаар тогтоолоор  2011 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Гүйцэтгэх захирлын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 333 333 төгрөгийг шилжүүлсэн.

Ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх талаар Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т заасан “...Мэдэгдлийг хүлээн авсан хариуцагч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьд ажилд нь эгүүлэн тогтоосноор шийдвэр биелэгдсэнд тооцно.” гэж  тодорхой зааснаас биш анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнээд байгаа шиг үндэслэлийг заагаагүй юм. Дээрх баримтуудаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл нэгэнт тогтоогдсон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэгчийн 266 дугаар тогтоол үндэслэлтэй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34, 143 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэгчийн талаар гомдол гаргах хугацааг нарийвчлан зохицуулсан, нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэн 2013 онд буюу тогтоол гарах үед хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлээгүй мөртлөө 2016 онд гомдол гаргаж, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хуульд үл нийцнэ. Иймд хяналтын гомдлыг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсгийг баримтлан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 181/ШШ2016/01079 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 56 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэн нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан” тухай 266 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 1488 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2010 оны 1144 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2011 оны 96 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ж.Чимэдцэрэнг “Тахько” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1.333.333 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрт бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн, “Тахько” ХК-ийн ТУЗ-ийн 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09, 12 дүгээр тогтоолоор Ж.Чимэдцэрэнг гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн томилж, улмаар шийдвэрт заасан 1.363.333 төгрөгийг шилжүүлсэн байна /хавтаст хэргийн 26-53 дугаар тал/.

Гэвч тус компанийн ТУЗ-ийн 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, уг тогтоолд Ж.Чимэдцэрэнг гомдол гаргасан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 1651 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар магадлалаар дээрх тогтоолыг хүчингүй болгожээ /хавтаст хэргийн 70-77 дугаар тал/.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 266 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 1488 дугаар шийдвэр, 119 дугаартай гүйцэтгэх хуудастай “Тахько” ХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцохдоо төлбөр төлөгч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэл дурджээ /хавтаст хэргийн 62 дугаар тал/.

“Тахько” ХК нь дээрх шийдвэрт заасан мөнгөн төлбөрийг төлж барагдуулсан боловч нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийг бодитойгоор биелүүлээгүй талаарх шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т нийцжээ.

Ж.Чимэдцэрэн нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан хүсэлтдээ зөвхөн “...1.333.333 төгрөгийг хүлээн авсан” талаар дурдсан байхад шийдвэр гүйцэтгэгч уг хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь учир дутагдалтай болжээ.

Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай шийдвэрийн хувийг төлбөр авагч, төлбөр төлөгчид хүргүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан, хариуцагч нь “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан” тухай 266 дугаар тогтоолыг төлбөр авагчид хүргүүлээгүй болохоо үгүйсгээгүй тул гуравдагч этгээдийн “...хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” талаарх гомдол үндэслэлгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/01079 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Гуравдагч этгээд хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 1 дүгээр сарын 16-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                  

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ