Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 258

 

 

 

 

 

 

 

                                                 

 

 

                                                   

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Т-д холбогдох эрүүгийн 18100 0698 0264 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Л.Т нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Төвхөн тулга” дэлгүүрт “эмэгтэй хүнтэй муухай харьцлаа” гэж иргэн Л.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1.  Шүүгдэгч Л.Т-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би хохирогч Л.Б--ыг урьд нь зүс таньдаг байсан. 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой 16-18 цагийн үед дэлгүүрт нэг эмэгтэйг хэл амаар доромжлоод байхаар нь би “болиоч” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гээд намайг хувцаснаас чирж гаргаад, хоолойгоор боосон. Тэгэхээр нь би түүний нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиод зугтаасан. Хохирогчийн хүү бололтой нэг залуу миний араас хөөж гүйцээд намайг барьж, цагдаагийн байгууллагад очсон.

Хохирогч Б-ы дэлгүүрт зүй зохисгүй харьцаад байсан тэр эмэгтэй нь түүний гэр бүлийн хүн, эхнэр нь байсныг сүүлд мэдсэн. Тухайн  хэрэг гарах үед би бага зэрэг архи хэрэглэсэн байсан тул тэр өдрөө эрүүлжүүлэхэд хоносон. Хохирогчийн биед би гэмтэл учруулсан, түүний хөмсөг нь задарсан байсан. Миний бие хохирогчийн эмчилгээний зардалд нийт 1.0 сая төгрөг нэхэмжилснийг нөхөн төлөхөөр төлбөр барагдуулах гэрээ хийж, хохирогчтой эвлэрсэн. Гэрээний дагуу  800.000 төгрөгийг Бд бэлнээр төлсөн, үлдсэн 200.000 төгрөгийг гэрээ ёсоор 2018 оны 8 дугаар сарын 15-нд төлөхөөр хохирогч бид харилцан тохиролцсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1810 0069 80264 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Л.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2018 оны 03 дугаар сарын 16-ны орой 20.00 цагийн үед ХУД-ийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Т” дэлгүүрийн гадаа эхнэр Н-тай ирээд би ганцаараа дэлгүүр ороод хүүхдийн памперс авах гээд зогсож байтал нэг согтуу хүн орж ирээд “чи над руу яагаад давшлаад байгаа юм бэ” гэхэд нь би тэр хүнд “ах нь чамтай харьцаагүй байна, чамайг танихгүй ш дээ” гэж хэлтэл тэр залуу миний хөмсөг хавьцаа гараараа нэг удаа цохисон.

Тэгэхээр нь би тэр залууг хувцаснаас барьж аваад хоёулаа зууралдсан чигээрээ дэлгүүрээс хамт гартал тэр залуу бөгжтэй гараараа миний үүдэн шүд рүү нэг удаа цохисон. Тэгээд би цохиулаад доошоо суутал дахин шанаа руу цохисон. Тэгээд би цагдаа дуудах хооронд тэр хүн зугтаагаад явчихсан. Тэгтэл машин дотор байсан манай эхнэр, хүүхдийг дуудаад, хүү ирээд тэр хүнийг хөөж барьж аваад, цагдаа дээр авчирсан юм.  

Би тэр хүнийг ямар хувцастай явж байсан, ямар содон шинж тэмдэгтэй болохыг анзаараагүй, харвал танина. Хөмсөг рүү цохисон учраас хөмсөг няцарсан, үүдэн шүд хөдөлсөн байснаа уначихсан. Баруун шанаа руу цохисон тул их өвдөж байна. Тухайн үед дэлгүүр дотор кассны эмэгтэй байсан, өөр хүн байгаагүй. Тэр хүнтэй хэн явж байсныг анзаараагүй. Тухайн үед би ганцаараа дэлгүүр орсон, эхнэр машиндаа суугаад үлдсэн юм. Би гомдолтой байна.

... Миний толгой өвдөөд байгаа учраас зураг авахуулж оношоо тодруулмаар байна. Мөн үүдэн нэг шүд хөдөлсөн байсныг авхуулсан. Би хэрэгт эмчилгээ хохиролтой холбоотой зардлын баримтыг гаргаж өгсөн байгаа. Үүнээс гадна үүдэн хоёр шүдээ хийлгэмээр байна. Энэ миний унаган шүд байсан учраас суулгадаг шүд хийлгэнэ. Энэ нь нэг шүд 1,0-2,0 сая төгрөг болох юм байна. Баримттай хохирлын зардал нь 240.600 төгрөг болж байна. Би ахиад IMR зураг авахуулах шаардлагатай  байна. Энэ 350.000 төгрөг болж байгаа. Би бас 15 хоног ажилдаа яваагүй. Сарын  440.000 төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг. Иймд дээрх хохирлоо нэхэмжилж байна. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-9х/,

 

2. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 3771 тоот:

1. Л.Б-н биед зүүн хөмсөгт няцарсан шарх, доод уруулд цус хуралт, зүүн 1 шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид 1 шүдний булгаралт ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 % алдагдуулна.” гэсэн дүгнэлт /хэргийн 21х/,

 

3. Хохирогч Л.Б-ы хохирол нэхэмжлэхтэй холбоотой, эмчилгээний төлбөрийн баримтууд, ажил олгогч байгууллагын тодорхойлолт баримт /хэргийн 58-66х/,

4. Хохирогч Л.Б, шүүгдэгч Л.Т нарын хооронд 2018 оны 06 сарын 04-ний өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл”, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /шүүхэд гаргасан/

 

5. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн саатуулах байрны бүртгэлийн дэвтрээс 2018 оны 03 сарын 16-ны өдөр саатуулагдсан хүмүүсийн бүртгэлээс баримт бичиг хуулбарлан авсан тухай  мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 56-57х/,

 

6. Гэрч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2018 оны 03 сарын 16-ны орой ...манай дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан ах орж ирээд тамхи, памперс авах гээд зогсож байтал дэлгүүрт бараг хамт орж ирсэн эрэгтэй хажуунаас нь чангаагаад “хамтдаа” гээд байсан. Тэгтэл Б ах “зүгээр бай” гээд маргалдаж байгаад гарсан. Тэгтэл тэр ах “бөгжтэй гараараа цохичихлоо” гээд зүүн хөмсөгнийхөө дээд талд цус болчихсон орж ирсэн. Яг, яаж юугаар цохисныг би хараагүй. Манай дэлгүүрээр үйлчлүүлдэг тухайн үед ах согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Нэг харахад л тэр хоёр барьцалдсан байсан. Тэгээд цусаа нойтон сальфеткаар арччихаад гараад явсан. Дэлгүүрийн камер ажилладаг боловч флаш уншуулснаас хойш бичлэг нь хадгалагдахаа больчихсон тул саяхан 03 сарын 28-нд засуулсан, одоо хэвийн ажиллаж байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14х/,

 

7. Гэрч Г.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2018 оны 03 сарын 16-ны орой манай ээж залгаад “аав чинь хүнд зодуулчихлаа” гэхээр нь би гэр лүүгээ явж байсан учир ХУД-ийн 5 дугаар хороо “Т” дэлгүүрийн гадаа ирэхэд аав Б-ы хөмсөг, амнаас нь цус гарсан байсан. Тэгээд  “тэр хүн чинь хаана байна вэ” гэж асуухад “гудамжаар гүйчихлээ” гэхээр нь би араас нь машинтайгаа яваад, тэр хүнийг гудамжинд барьж аваад байтал цагдаа ирээд аваад явсан юм. Тэгээд би хот руу явах ажилтай байсан учир буцаад явчихсан.

Зодсон гэх хүн дунд зэргийн нуруутай, 40 гаруй насны, саравчтай малгайтай, саарал өнгийн куртка, хар хилэн өмдтэй, ажлын саарал гуталтай байсан. Дунд хуруундаа том мөнгөн бөгж зүүсэн байсан. Тэр хүний халааснаас утас, түрийвч нь унахаар нь би эд зүйлийг нь цагдаад өгсөн. Тэр хүн их согтуу байгаагүй, халамцуу байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,

 

8. Гэрч Ч.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2018 оны 03 сарын 16-ны орой 19:00 цаг өнгөрч байхад би нөхөр Б, зээ охины хамт явж байгаад “Төвхөн тулга” дэлгүүрийн гадаа памперс авах гэж очсон. Тэр үед намайг “хороолол явна” гэтэл нөхөр “явуулахгүй” гээд маргалдаж байгаад нөхөр дэлгүүр лүү орсон юм. Би дэлгүүрийн гадаа машиндаа үлдсэн. Тухайн үед нэг согтуу хүн машины хажууд зогсож байснаа “та хоёр юу гэж хэрэлдээд байгаа юм бэ” гэхэд Б “бид хоёрын гэр бүлийн асуудал, чамд хамаагүй” гэж хэлээд дэлгүүр лүү хамт орох шиг болсон.

Тэгтэл удалгүй Б дэлгүүрээс гарч ирэхдээ нүднийхээ дээд хөмсөг хавьцаа цус болчихсон, нөгөө согтуу хүнтэй барьцалдчихсан гарч ирэхээр нь “юу болов” гээд асуухад худалдагч охин “согтуу хүн бөгжтэй гараараа цохьчихлоо” гэсэн. Б өөрөө цагдаа дуудтал тэр согтуу хүн нь зугтаагаад явчисан. Би хүү Хүрэл рүү “аав чинь согтуу хүнд зодуулчихлаа” гэж утасдаж хэлэхэд хүү ирээд тэр хүний араас явж барьж ирэх үед цагдаа нар ирээд аваад явсан. Тэр хүн дунд зэргийн нуруутай, 40 гаруй насны, саравчтай малгайтай, бор куртка өмссөн, нилээн согтуу хүн байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х/,

 

9. Шүүгдэгч Л.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан учир хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 03 сарын 16-ны орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд айлд очих гээд явж байсан учир буудал дээр байдаг “Төвхөн Тулга” дэлгүүрээс юм авах гээд явж байсан. Тэгэхэд нэг эрэгтэй хүн нэг эмэгтэйтэй муудалцаад байхаар нь би тэр эрэгтэйг “чи эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ, болиоч” гэж хэлтэл “чамд ямар хамаатай юм бэ” гэсэн асуудлаас болж маргалдаж байтал тэр хүн намайг дэлгүүрээс хувцаснаас татаад аваад гарсан.

Тэгээд намайг миний өмсөж байсан куртикээр боосон. Тэгэхэд нь би амь тэмцэхдээ тэр хүний нүүрэн тус газар нь цохьчихоод зугтаасан. Яг хаана нь цохисоноо мэдэхгүй байна. Тэгтэл араас нэг хүүхэд ирээд намайг барьж аваад, тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Цагдаа дээр ирсний дараа миний түрийвчийг цагдаад өгч байсан. Би нилээн согтуу, бас боолгосондоо ухаан орж гараад сайн мэдэхгүй байна. Тухайн үед миний куртка, цамц хоёр ноцолдож байхад оёдлоороо урагдсан байсан. Би тэр хүнийг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон.

Цагдаа дээр ирэхэд “чи миний хөмсөг рүү цохичихлоо” гэж байсан. Тэр хүн намайг сүйдтэй цохиогүй ч гэсэн нүүр, бие хөндүүртэй болсон байсан. Би хохирогчийн хохирлыг баримтаа аваад ирвэл төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 41х/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 46-49х/, иргэний үнэмлэхийн лавлагаа баримт /хэргийн 39х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдан тогтоогдсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Т-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Т нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Т” дэлгүүрт “эмэгтэй хүнтэй муухай харьцлаа” гэх үндэслэлээр иргэн Л.Б-ы нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь “...зүүн хөмсөгт няцарсан шарх, доод уруулд цус хуралт, зүүн 1 шүдний булгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  гэмтэл учруулсан үйл баримт:  

- Хохирогч Л.Б-ы: “...2018 оны 03 дугаар сарын 16-ны орой 20.00 цагийн үед ХУД-ийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Т” дэлгүүрийн гадаа эхнэр Нарантуяатай ирээд би ганцаараа дэлгүүр ороод хүүхдийн памперс авах гээд зогсож байтал нэг согтуу хүн орж ирээд “чи над руу яагаад давшлаад байгаа юм бэ” гэхэд нь би тэр хүнд “ах нь чамтай харьцаагүй байна, чамайг танихгүй ш дээ” гэж хэлтэл тэр залуу миний хөмсөг хавьцаа гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тэр залуугийн хувцаснаас барьж аваад хоёулаа зууралдсан чигээрээ дэлгүүрээс хамт гартал тэр залуу бөгжтэй гараараа миний үүдэн шүд рүү нэг удаа цохиод, цохиулаад доошоо суухад дахин шанаа руу цохисон.

...Би хэрэгт эмчилгээ хохиролтой холбоотой зардлын баримтыг гаргаж өгсөн байгаа. Үүнээс гадна үүдэн хоёр шүдээ хийлгэмээр байна. Энэ миний унаган шүд байсан учраас суулгадаг шүд хийлгэнэ. Энэ нь нэг шүд 1,0-2,0 сая төгрөг болох юм байна. Баримттай хохирлын зардал нь 240.600 төгрөг болж байна. Би ахиад IMR зураг авахуулах шаардлагатай  байна. Энэ 350.000 төгрөг болж байна. Мөн 15 хоног ажилдаа яваагүй. Сарын  440.000 төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг. Иймд дээрх хохирлоо нэхэмжилнэ. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-9х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “...Л.Б-н биед зүүн хөмсөгт няцарсан шарх, доод уруулд цус хуралт, зүүн 1 шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид 1 шүдний булгаралт ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 % алдагдуулна.” гэсэн 3771 тоот дүгнэлт /хэргийн 21х/,

- хохирогч Л.Б-ы хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан  эмчилгээний төлбөрийн баримтууд, 2018 оны 06 сарын 04-ний өдөр хохирогч, шүүгдэгч нарын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл”, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 58-66х/,

- гэрч Ц.Б-гийн: “...2018 оны 03 сарын 16-ны орой ...манай дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан ах орж ирээд тамхи, памперс авах гээд зогсож байтал дэлгүүрт бараг хамт орж ирсэн эрэгтэй хажуунаас нь чангаагаад “хамтдаа” гээд байсан. Тэгтэл Баяраа ах “зүгээр бай” гээд маргалдаж байгаад гарсан. Тэгтэл тэр ах “бөгжтэй гараараа цохичихлоо” гээд зүүн хөмсөгнийхөө дээд талд цус болчихсон орж ирсэн...” гэсэн мэдүүлэг  /хэргийн 13-14х/,

- гэрч Г.Х-ийн: “...2018 оны 03 сарын 16-ны орой манай ээж залгаад “аав чинь хүнд зодуулчихлаа” гэхээр нь би ...ХУД-ийн 5 дугаар хороо “Т” дэлгүүрийн гадаа ирэхэд аав Бы хөмсөг, амнаас нь цус гарсан байсан. Тэгээд  “тэр хүн чинь хаана байна вэ” гэж асуухад “гудамжаар гүйчихлээ” гэхэд нь би араас нь машинтайгаа яваад, тэр хүнийг гудамжинд барьж аваад байтал цагдаа ирээд аваад явсан юм. ...Зодсон гэх хүн дунд зэргийн нуруутай, 40 гаруй насны, саравчтай малгайтай, саарал өнгийн куртка, хар хилэн өмдтэй, ажлын саарал гуталтай байсан. Дунд хуруундаа том мөнгөн бөгж зүүсэн байсан. Тэр хүний халааснаас утас, түрийвч нь унахаар нь би эд зүйлийг нь цагдаад хүлээлгэж өгсөн. Тэр хүн их согтуу байгаагүй, халамцуу байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,

- гэрч Ч.Н-гийн: “...2018 оны 03 сарын 16-ны орой 19:00 цаг өнгөрч байхад би нөхөр Б, зээ охины хамт явж байгаад “Төвхөн тулга” дэлгүүрийн гадаа памперс авах гэж очсон. Тэр үед нөхөр намайг “хороолол явна” гэтэл “явуулахгүй” гээд маргалдаж байгаад нөхөр дэлгүүр лүү орсон юм. Би дэлгүүрийн гадаа машиндаа үлдсэн. Тухайн үед нэг согтуу хүн машины хажууд зогсож байснаа “та хоёр юу гэж хэрэлдээд байгаа юм бэ” гэхэд Б “бид хоёрын гэр бүлийн асуудал, чамд хамаагүй” гэж хэлээд дэлгүүр лүү хамт орох шиг болсон. Тэгтэл удалгүй Б дэлгүүрээс гарч ирэхдээ нүднийхээ дээд хөмсөг хавьцаа цус болчихсон, нөгөө согтуу хүнтэй барьцалдчихсан гарч ирэхээр нь “юу болов” гээд асуухад худалдагч охин “согтуу хүн бөгжтэй гараараа цохьчихлоо” гэсэн. Б өөрөө цагдаа дуудтал тэр согтуу хүн нь зугтаагаад явчихсан. Би хүү Х рүү “аав чинь согтуу хүнд зодуулчихлаа” гэж утасдаж хэлэхэд хүү ирээд тэр хүний араас явж барьж ирэх үед цагдаа нар ирээд аваад явсан. Тэр хүн дунд зэргийн нуруутай, 40 гаруй насны, саравчтай малгайтай, бор куртка өмссөн, нилээн согтуу хүн байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х/ болон шүүгдэгч Л.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Л.Б-ын биед учирсан “зүүн хөмсөгт няцарсан шарх, доод уруулд цус хуралт, зүүн 1 шүдний булгаралт гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Л.Т түүнийг бөгжтэй гараар цохисон үйлдлээс үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчид үүссэн үр дагавар /хохирол/ хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Т нь хохирогч Л.Б-ыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Прокуророос Л.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн зүйлчлэл зөв  байх тул Л.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хаиуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.  

 

Хэргийн шүүгдэгч Л.Т нь хохирогч Л.Б-ыг цохиж “зүүн хөмсөгт няцарсан шарх, доод уруулд цус хуралт, зүүн 1 шүдний булгаралт” бүхий гэмтэл учруулсан үйл баримтын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож хохирогчоос нэхэмжилсэн 1.000.000 төгрөгөөс шүүгдэгч Л.Т нь 800.000 төгрөгийг нөхөн төлж, үлдэх 200.000 төгрөгийг 2018 оны 08 сарын 15-ны өдөр нөхөн төлөхөөр харилцан тохирч тэдгээр нь Төлбөр барагдуулах хэлцэл хийсэн нь хуульд харшлаагүй, бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул /нотариатаар гэрчлүүлсэн хэлцэл, мөнгөн шилжүүлгийн баримт тус тус хэрэгт гаргаж өгсөн/ гэрээгээр тохирсон хохирлын үнийн дүнгээс үлдэх 200.000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож шүүгдэгээс гаргуулж хохирогчид нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Л.Т нь урьд Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жил 03 сарын хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 41х/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 46-49х/ тус тус хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгчийг тэнсэж, хянан харгалзсан дээрх хугацаа нь түүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн 2018 оны 03 сарын 16-ны өдрийн байдлаар дуусгавар болсон байх тул шүүгдэгч нь хуульд заасан үндэслэл журмын эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон гэж үзнэ. /ЭХЕА-ийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Л.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.

 

Шүүх, шүүгдэгч Л.Т нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Л.Б-д 800.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлын 200.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлэн хохирогчтой төлбөр барагдуулах гэрээ байгуулж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Б нь гомдол саналгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Л.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Т-г 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.Т нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Л.Б нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож 1.000.000 төгрөг нэхэмжилснээс Л.Т нь 800.000 төгрөгийг нөхөн төлж, үлдэх 200.000 төгрөгийг 2018 оны 08 сарын 15-ны өдөр нөхөн төлөхөөр харилцан тохирч Төлбөр барагдуулах хэлцэл хийж хохирогч шүүгдэгч нар эвлэрэн хэлэлцсэнийг баталж,  Л.Т-гээс 200.000 төгрөг /хоёр зуун мянга/ гаргуулж хохирогч Л.Б-д олгосугай.

 

5. Энэ хэрэгт Л.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Л.Б нь гомдол, саналгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Л.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД