Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/02     

 

 

 

 

 

 

 

 

2025    01       10                                               2025/ДШМ/02                

                                                                                                                        

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

прокурор Б.Ууганбат,

                      шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр,                  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2330003680122 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1.Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Эрдэнэцагаан сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, ам бүл 4, Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн “Цагаан-Овоо”-гийн 434 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хавхчин  овогт Баярболдын Амарбаясгалан (РД:ЛМ89071818),

                                                                                           

2.Шүүгдэгч ******* нь Эрдэнэцагаан сумын Засаг даргын орлогчоор буюу Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга, гишүүдийг 2023 оны 6 дугаар сарын 15, 22-ны өдрийн хуралд оролцоогүй байхад 80 хувийн ирцтэйгээр хуралдсан мэтээр тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, нийгмийн даатгалын тодорхойлолт, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, сүүлийн 2 жилийн санхүүгийн баталгаажуулсан тайлан, ажилчдын ажиллах цагийн хуваарь зэрэг тендерийн баримт бичгүүдийг ирүүлээгүй, зохих шаардлага хангаагүй байхад "*******" ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргил  шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******г нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, дээрх тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5.Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн 238 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа боловч 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Авлигатай тэмцэх газраас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2023 онд шалгаруулсан “Цэцэрлэгт хүрээлэн”, “Гэрэлтүүлгийн ажил” гэсэн тендерийн асуудалд  намайг холбогдуулан мэдүүлэг авсан. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа юм билээ. 2023 онд шалгарсан бүх тендер нь өмнө шалгагдсан асуудалтай алдаа нэг болно. Энэ хэрэгт миний бие буруутгагдаж шалгагдвал тэнссэн байх хугацаанд гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж, миний эрх зүйн байдал дордох болоод байна. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Үйлчлүүлэгчийнхээ давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой маргахгүй, үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Гэвч шүүгдэгч шинээр ижил төрлийн гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан нь эрх зүйн байдлыг нь дордуулахаар байна. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны үед Авлигатай тэмцэх газраас шүүгдэгчийг гэрчээр асуугаагүй байсан. Харин шүүх хуралдааны дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр асууж, ижил үйлдлийг нь шалгаж эхэлсэн. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс миний зүгээс шинээр 8 хуудас баримт гаргаж өгсөн. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоол прокурорын газраас дахин гарсан. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн талаар тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн. Үргэлжилсэн гэмт хэргийг нэмж нэгтгэж шийтгэхгүй бол шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох үндэслэлтэй. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан нэг төрлийн хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн. Хоёр дахь гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, шүүх хуралдаанд оролцоход шүүх тэнсэнтэй байх хугацаандаа ял үйлдсэн мэтээр харагдах болно. Шүүгдэгч дахин яллагдагч болсон. Үүнийг шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Гомдол гаргаснаар өмнөх хэрэг түдгэлзэж байгаа гэж ойлгож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

7.Прокурор Б.Ууганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болсон. Тус шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхээс ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгчид оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдэж, шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах бөгөөд ял нэгтгэх ердийн журмыг хэрэглэнэ. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг гагцхүү хөнгөрүүлэх зорилгоор нэгэнт хүчин төгөлдөр болсон биелэгдэж буй шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх, хэргүүдийг нэгтгэх, дахин хэлэлцэх зохицуулалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болохыг анхаарах нь зүйтэй. Иймээс шүүгдэгч *******гийн зүгээс болон өмгөөлөгчийн хувиас гаргаж буй тайлбар нь үндэслэлгүй, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

8.Шүүгдэгч *******гийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

9.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

10.Шүүгдэгч ******* нь Эрдэнэцагаан сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байх үедээ буюу Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга, гишүүдийг 2023 оны 6 дугаар сарын 15, 22-ны өдрийн тендерийн үнэлгээний хорооны хуралд оролцоогүй байхад 80 хувийн ирцтэйгээр хуралдсан мэтээр хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, нийгмийн даатгалын тодорхойлолт, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, сүүлийн 2 жилийн санхүүгийн баталгаажуулсан тайлан, ажилчдын ажиллах цагийн хуваарь гэх зэрэг тендерийн баримт бичгүүдийг ирүүлээгүй, зохих шаардлага хангаагүй байхад "*******" ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, үндэслэлтэй хэргийн бодит байдалд нийцжээ. Үүнд:

 

10.1.Шүүгдэгч *******гийн “2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тендерийн хорооны гишүүн Шинэцэцэг ээлжийн амралттай байсан тул бусад  гишүүдтэй хурал хийсэн. Тухайн үед бие биеэ мэдэх юм чинь дараа нь ирээд гарын үсэг зурчихна гэсэн. Ганболд, Тэргэл, бид гурав гарын үсэг зураад Түвшинзаяа сургалтаас ирээд гарын үсэг зурна гэсэн. Ингээд тендерийн шалгаруулалт нь явагдсан. 7 сарын үед манай нарийн бичиг Улаанбаатар явах замдаа авто осолд орсон. Би 8 сарын 1-ээс 10 сарын 1 хүртэл хадлангийн ажилтай гэж явсан. Тэр үед би бичиг баримтад хяналт тавиагүй миний буруу байсан. 9 дүгээр сарын 20 гаргаад аудитын шалгалт ирэхэд Тэргэл бичиг баримтаа бүрдүүлээгүй байсан тул нөхөн бүрдүүлэлт хийх болсон. Түвшинзаяа гарын үсэг зурахгүй гэсэн. Тэргэл би очих боломжгүй тул та миний өмнөөс гарын үсэг зурчих гэж хэлсэн тул “Тэргэл” гэж би бичсэн. Тухайн үед Тамгын газартай гурван талт гэрээ хийх байсан. Тамгын газрын дарга ээлжийн амралттай, гүйлгээг нягтлан хийх байсан, ажлын хэсгийн дарга тул намайг удаалаа гэж үзээд Цагдаагийн газар, Засгийн газар болон Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан байсан. Би мөнгө, төгрөгийн асуудлыг би шийддэггүй талаар тайлбар өгсөн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх (3 хх 23-25),  

 

10.2. Гэрч ******* “Би энэ тендерийн сонгон шалгаруулалтын талаар мэдэх зүйл алга. Ямар нэгэн үнэлгээний хорооны хуралд оролцоогүй, ямар компани, хэрхэн шалгарсан талаар мэдэхгүй байна. 2023 онд Засаг даргын орлогч ******* нь “Соёлын төвийн тайзны засвар үйлчилгээний тендертэй холбоотой бичиг баримт дээр гарын үсэг зуруулъя” гэхээр нь “би энэ асуудлын талаар мэдэхгүй учир гарын үсэг зурахгүй” гээд зураагүй юун дээр гарын үсэг зуруулах гэж байсныг мэдэхгүй байна...” гэх (1 хх 56-57),

 

10.3. Гэрч ******* “Миний бие тендерийн хорооны хурлын тэмдэглэлийг харлаа. Тухайн тэмдэглэл дээр зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр миний бие Улаанбаатар хотод эмнэлэгт байх үед орлогч дарга ******* над руу яриад: “Соёлын төвийн тайз тохижилтын ажлын материал дээр чиний гарын үсэг дутуу байна гарын үсэг зурах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би тэр үед: “Нэн шаардлагатай бол миний гарын үсгийг “Тэргэл” гээд биччих” гэж хэлсэн. Би тендер сонгон шалгаруулах ажилд огт оролцоогүй. Тухайн компанийн тендерт ирүүлсэн баримт бичгийг үзээгүй. 2023.08.21-ний өдөр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байх үед орлогч дарга *******: “Хэдэн гүйлгээ хийх хэрэгтэй байна. Чам руу хэдэн бичиг баримт цахимаар явуулъя.” гэсэн ингээд цахимаар материалыг нь үзээд зөөврийн компьютероосоо “*******” ХХК-ийн дансанд мөнгийг нь шилжүүлсэн. Тэр үед Засаг даргатай гэрээ хийчихсэн, мөнгө шилжүүлэх захирамж гарчихсан байсан учраас мөнгийг шилжүүлсэн...” гэх (1 хх 60-62),

 

10.4. Гэрч ******* “Би ямар компани сонгон шалгарсан талаар мэдэхгүй. Засаг даргын орлогч ******* тендер шалгаруулалтын хурал явагдах гэж байна гэж утсаар ярьсан. Тэр үед би очих боломжгүй байна гэж хэлсэн. Би хуралд нь суугаагүй, хурал дууссаны дараа материалтай танилцаж гарын үсэг зурсан...” гэх (1 хх 65-66) мэдүүлгүүд,

 

10.5. Эрдэнэцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаартай “Сумын 2023 оны төсөв батлах тухай” тогтоол, түүний хавсралтын хуулбар (1 хх 151-155) ,

 

10.6.Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/118 дугаартай “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжийн хуулбар (1 хх 158),

 

10.7.Соёлын төвийн тохижилтын ажлын тендерийн үнэлгээний хорооны 03, 04 дугаартай хурлын тэмдэглэлийн хуулбарууд (1 хх 173-176),

 

10.8.Эрдэнэцагаан сумын Соёлын төвийн тайз засварын ажил гүйцэтгэх тендерийн баримт бичгийн хуулбар (1 хх 177 хуудаснаас 2 хх 139 хуудас хүртэлх),

 

10.9.Соёлын төвийн тайз засварын ажлын тендерийн баримт бичигт үзлэг хийсэн “Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт ирүүлээгүй нь ТШЗ 16.2.4-т заасныг хангаагүй байна. Тендерийн өгөгдлийн хүснэгт дээр Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт ирүүлэх гэж заасан учраас мөн шаардлага хангаагүй. 2021 оны 4 дүгээр улирал, 2022 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланд аудитын дүгнэлт хийлгэж баталгаажуулаагүй ирүүлсэн нь шаардлага хангаагүй. Ажиллах цагийн хуваарийг ирүүлээгүй байна...” гэх тэмдэглэл (2 хх 140-143),

 

10.10. Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/196 дугаартай “Ажил гүйцэтгэгчийг томилох тухай” захирамжийн хуулбар (1 хх 20, 156) ,

 

10.11.Эрдэнэцагаан сумын Засаг дарга Г.Эрдэнэчулуун, “*******” ХХК-ийн захирал нарын хооронд байгуулсан 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн “Соёлын төвийн тохижилт тайз засварын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбар (1 хх 28-40, 170-172),

 

10.12.2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “*******” ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэх болон мөн өдөр тус компанийн Худалдаа хөгжлийн дахь 100121252400 дугаартай данс руу урьдчилгаа 22,500,000 төгрөгийн санхүүжилт олгосон тухай төлбөрийн хүсэлтийн хуулбар (1 хх 157),

 

10.13.2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “*******” ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэх болон 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус компанийн Худалдаа хөгжлийн банк дахь 100121252400 дугаартай данс руу үлдэгдэл төлбөр 22,473,500 төгрөгийн санхүүжилт олгосон тухай төлбөрийн хүсэлтийн хуулбар (1 хх 169),

 

10.14. Сүхбаатар  аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажилд хяналт тавьж, хүлээж авах ажлын хэсэг томилох тухай” А/159 дугаартай захирамж  (1 хх 78)

 

10.15.Соёлын төвийн тохижилт тайз засварын ажлыг хүлээлцсэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн актын хуулбар (1 хх 89-90) зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

11.Хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно.

 

12.Шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаарх анхан шатны шүүхийн шүүгчийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв, эрүүгийн хуулийн ерөнхий, тусгай ангийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал:

 

12.1. Шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийг үйлдэх үедээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан тул Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар түүнийг энэ хуулийн үйлчлэлд хамаарах “нийтийн албан тушаалтан” гэж үзнэ.

 

12.2.Шүүгдэгч ******* нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэснийг, Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 4.1 дэх хэсэгт “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна”, 4.2 дахь хэсэгт “Үнэлгээний хорооны хурал нийт гишүүдийн 75 хувиас багагүй ирцтэй хуралдсанаар хүчинтэй байна” гэснийг, 4.11 дэх хэсэгт “Үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг багцад хуваах, тендерт оролцогчид тавигдах чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлагын талаар санал гаргахдаа зах зээлийн тооцоо судалгаанд үндэслэх ба тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэхтэй холбоогүй шалгуур үзүүлэлт, шаардлага тавихгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон байна.

 

12.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулна. Мөн гэм буруутай этгээдийн зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг. Шүүгдэгчийн үйлдэл эдгээр шинжийг хангасан байна.

 

13.Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулжээ. Тодруулбал, шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарласан байдал, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагыг нийгэмшүүлэх зорилгод нийцсэн гэж дүгнэв.

 

14.Шүүгдэгч ******* “Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа боловч 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Авлигатай тэмцэх газраас 2023 онд шалгаруулсан “Цэцэрлэгт хүрээлэн”, “Гэрэлтүүлгийн ажил” гэсэн тендерийн асуудалд  намайг холбогдуулан мэдүүлэг авсан. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа юм билээ. 2023 онд шалгарсан бүх тендер нь өмнө шалгагдсан асуудалтай алдаа нэг болно. Энэ хэрэгт миний бие буруутгагдаж шалгагдвал тэнсэнтэй хугацаанд гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж, миний эрх зүйн байдал дордох болоод байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг гаргасан.

 

          15.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн хэргийн үйл баримтыг хөдөлбөргүйгээр тогтоосон байх бөгөөд шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэнээс хойш түүнийг Авлигатай тэмцэх газраас 2023 онд шалгаруулсан “Цэцэрлэгт хүрээлэн”, “Гэрэлтүүлгийн ажил” зэрэг тендерийн асуудалд гэрчээр асууж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

          Түүнээс гадна нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангах тухай ойлголт нь аль нэг үйлдэл, эс үйлдэхүй нь бие дааж тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй, эсвэл өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнд тохирч харин тэдгээрийг хамтатгаснаар тодорхой нэг гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн бий болж байх тохиолдолд хамааралтай юм. Харин шүүгдэгчийн үйлдлүүд тус тусдаа эхлэл төгсгөл, зорилго сэдэлттэй, өөр өөр цаг хугацаа, орон зайд үйлдэгдсэн, халдлагын объект тусдаа, учруулсан хохирол салангид бол нэг гэмт хэрэг гэж үзэж, нэгтгэх шаардлагагүй.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй тус тусдаа үйлдлүүдийг хохирлоор нь нэгтгэн зүйлчилж, ял шийтгэл оногдуулдаг байсан зарчмыг 2015 оны Эрүүгийн хуулиар халсан.                       

          Шийтгэх тогтоол гарахаас өмнөх шүүгдэгчийн үйлдлийг шийтгэх тогтоол гарснаас хойш шалгаж эхэлсэн талаарх нотлох баримт энэ хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хэрэгт авагдаагүй, шүүгдэгчийн сүүлд шалгагдаж буй хэрэг, үйлдэл гэмт хэргийн шинжийг хангах эсэх, шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах эсэх, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох эсэхийг давж заалдах шатны шүүхээс урьдчилан таамаглаж, дүгнэлт хийх боломжгүй тул түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

           

 Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          Нэг. Шүүгдэгч *******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

          Хоёр.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНТУНГАЛАГ           

                              ШҮҮГЧИД                       Г.БОЛОРМАА

                                                                        Д.ГАНЗОРИГ