| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | П.Ууганцэцэг |
| Хэргийн индекс | 119/2022/0025/з |
| Дугаар | 119/ШШ2026/0057 |
| Огноо | 2026-10-02 |
| Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 119/ШШ2026/0057
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг би “**” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан
“Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** баг, 2-р бичил хороолол, **-р байрны урд ** худалдааны төвийн дэргэдэх 782 м.кв талбай бүхий газрыг “**” ХХК-д эзэмшүүлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан “Нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “**” ХХК нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** баг, 2-р бичил хороолол, **-р байрны урд ** худалдааны төвийн дэргэдэх 782 м.кв талбай бүхий газрыг “**” ХХК-д эзэмшүүлэхийг даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Орхон аймаг дахь "**" ХХК нь 2004 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд барилгын материалын худалдааг эрхлэн явуулах хугацаандаа Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг 2-р бичил хорооллын **-р байрны урд байрлах **худалдааны төвийн газар дээр /тухайн үед би "** ын газар гэж ойлгож байсан/ 56 м2 талбай бүхий барилгын материалын худалдааны үйл ажиллагаа явуулахаар "**" нэртэй үл хөдлөх хөрөнгө барьж 2004 оны 01-р сарын 29-ний өдөр үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлийн ** дугаарт бүртгүүлж өмчлөх эрхийн ** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн **гийн нэр дээр авсан.
Үйл ажиллагаагаа өргөжүүлж улмаар үл хөдлөх хөрөнгөө хоёр давхар болгож 2015-12-28-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээгээ "**" ХХК-хаа нэр дээр шилжүүлж ** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ авсан юм. Гэтэл **худалдааны төвийн буюу "**" ХХК-ийн захирал ** 2019-05-31-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж "**" ХХК-ийн "**" барилгын материалын дэлгүүрийг маань албадан буулгуулж 87 м2 газар чөлөөлүүлэх тухай шаардлагыг гаргаснаар шүүх 2022-02-25-ны өдрийн 142/ШШ2022/00288 дугаартай шийдвэрээр "**" барилгын материалын дэлгүүрийг маань буулгахаар шийдвэрлэсэн.
Хариуцагч "**" ХХК-ийн захирал ** би "**"ХХК-ийн эзэмшлийн 4000 м2 талбай бүхий газар 4000 м2 байгаа эсэх мөн өөрийн "**" барилгын материалын дэлгүүр “**" ХХК-ийн газартай давхцаж байгаа эсэхийг тогтоолгохын тулд шүүхэд хүсэлт гаргаж шүүгчийн захирамжаар газрыг хэмжихээр болж хэмжилт хийсэн.
Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2019-08-14-ний өдөр ирүүлсэн 462 дугаартай албан бичигт "**" ХХК нь Орхон аймгийн Засаг даргын 2005 оны 102 дугаартай захирамжаар Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг 2-р бичил хороолол **-р байрны урд байрлах 4000 м2 /0,4 га/ газрыг 30 жилийн хугацаатай эзэмшсэн бөгөөд тус ХХК-ийн хашаалсан талбайд хэмжилт хийхэд 4782 м2 газар байна.Энэ нь захирамжаар эзэмшүүлсэн талбайгаас 782 м2-аар илүү байна гэж тодорхойлсон.
"**" ХХК-ийн захирал ** би Орхон аймгийн засаг даргад хандаж ** худалдааны төвийн хажууд байрлах "**" ХХК-ийн улсын бүртгэлийн ** дугаартай 56 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн газрыг "**" ХХК-ийн эзэмшлийн газар мөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт гаргаснаар Орхон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн дарга 2019-09-23-ны өдрийн 572 дугаартай албан бичгээрээ: "**" дэлгүүрийн барилга байрлаж байгаа 87 м2 газрыг бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн байдаг.
"**"ХХК-ийн захирал ** би "**" дэлгүүрийг барьж 2004-01-29-ний өдөр Орхон аймгийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд мэдүүлэг гаргаж өмчлөх эрхийн ** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ авч үл хөдлөх хөрөнгийн ** дугаарт бүртгүүлсэн. Энэ хөрөнгөө 2015-12-28-ны өдөр өөрийн үүсгэн байгуулсан "**" ХХК-ийн нэр дээр шилжүүлэх хүсэлтээ Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэст гаргаснаар өмчлөх эрхийн ** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй өнөөдрийг хүртэл 18 жил Орхон аймаг, Булган аймаг, Хөвсгөл аймаг, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн иргэдэд барилгын материалын худалдаагаар үйлчилж ирлээ.
"**" ХХК нь 2004 оны 01-р сарын 29-ны "**" дэлгүүрийг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан цагаасаа хойш 18 жилийн турш илээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Иргэний хуулийн 105-р зүйлийн 105.1-д: "Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж,ашиглаж байсан ЭЗЭМШИГЧ уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна" гэжээ.
"**"ХХК нь 2004 оны 01-р сарын 29-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх 18 жилийн хугацаанд илээр тасралтгүй үйл ажиллагааг **худалдааны төвийн дэргэд явуулж ирсэн учир "**"ХХК-ийн 4000 м2 газраас илүү гарсан 782 м2 газрыг давуу эрхээр эзэмших эрхтэй учир энэхүү шаардлагыг гаргаж байна.
Иймд:Орхон аймгийн Засаг даргад Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг 2-р бичил хороолол **-р байрны урд **худалдааны төвийн дэргэдэх 782 м2 талбай бүхий газрыг "**"ХХК-д эзэмшүүлэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.
3. Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 27.4-д заасныг зөрчиж газар эзэмших эрхгүй атлаа газар дээр барилга байгууламж барьсан болох нь нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүдээр тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 21.3-д “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, мөн хуулийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан.
Ийнхүү нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт нь газар эзэмшүүлэх талаар хуульд заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийг хэрэгжүүлж ажилласнаараа нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
4. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн захирал ** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ““**" ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн засаг даргад хариуцагдах Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг 2-р бичил хороолол **-р байрны урд байрлах **худалдааны төвийн дэргэдэх 782 м2 талбай бүхий газрыг "**" ХХК-д олгохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх "**" ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт шинжээч томилсон дүгнэлт гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан хэдий ч өнөөдрийг хүртэл Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дээр шинжээчийн дүгнэлт ирээгүй байгаа болно.
Иймд "**" ХХК нь тус шүүхэд хандаж гаргасан Орхон аймгийн Засаг даргад хариуцагдах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа учир татгалзлыг хангаж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“**” ХХК нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** баг, 2-р бичил хороолол, **-р байрны урд **худалдааны төвийн дэргэдэх 782 м.кв талбай бүхий газрыг “**” ХХК-д эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлж, шүүхэд хүсэлтээ ирүүлжээ.
Нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** баг, 2-р бичил хороолол, **-р байрны урд **худалдааны төвийн дэргэдэх 782 м.кв талбай бүхий газрыг “**” ХХК-д эзэмшүүлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ