Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 259

 

 

 

 

 

 

 

                                      

                                

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Г.Эсэн,

шүүгдэгч Ч.Б,

нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 17100 0886 0089 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дүгээр байрны 0 тоот дахь гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Д-г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.  

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн ”өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Тухайн хэрэг гардаг өдөр би эхнэр Д луу утсаар холбогдох гэхэд дуудлагад хариу өгөхгүй байсан учир их бухимдсан байсан ба эхнэр ажлаасаа тарж ирээд “би ажил ихтэй байлаа” гэсэн тайлбар хэлж, бид хоорондоо маргасан байсан. Д нь Орос Монголын хамтарсан 3 дугаар сургуульд захирлын туслахаар ажиллаж байсан юм. Хэрэг гарах үед хохирогч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний зодож цохисон үйлдлээс хохирогчийн зүүн гуя хөхөрсөн, толгойн хуйх хэсэгт хэсэг үс байхгүй болсон гэмтлүүд учирсан. Эхнэр бид хоёр 2012 оноос хойш хамт амьдарч байгаа, албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Одоо бид хоёрын харилцаа хэвийн, хамт амьдарч байгаа. Би эхнэр ажилтай үед бага насны 01 нас 10 хоногтой хүүхдээ хараад гэртээ суудаг. Бусад үед нь хувиараа таксинд явж орлого олдог. Эхнэрээ зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна, дахин ийм хэрэг хийхгүй байж чадна. Эхнэрээс уучлалт гуйж, эвлэрсэн байгаа.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710 0088 60089 дугаартай хэргээс:

 

1. Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоор өгсөн:

“...Нөхөр Ч.Б-тай 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, хамтран амьдарч байна. Бид хоёрын хүү А нь 01 нас 02 сартай. 2017 оны 11 сарын 04-ний өдөр нөхөр, хүүхдийн хамт гэртээ байх үед 12 цагийн орчимд Ч.Б нь “намайг тоосонгүй, хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар уурлаж, миний толгойтой үснээс хоёр гараараа зулгаагаад сэгсэрсэн, мөн том эсгий тавчикаар толгой руу 10-20 удаа цохиж, хувцасны хуванцар өлгүүрээр миний зүүн гуя орчим 10-аад удаа цохисон. Тэгэхээр нь би өөдөөс нь маргалдсан чинь улам уурлаад гал тогооны өрөөнөөс төмөр бариултай том урт хутга барьж аваад “чамайг алчих юмсан” гээд гартаа бариад байснаа хутгаа буцаагаад тавьсан. Тэгээд нөхөр биеэ бариад маргалдахаа болиод ..миний хувцасыг шкафнаас гаргаж ирээд “хувцасаа аваад яв” гэсэн. Тэгээд би хувцасаа аваад өөрийн ээж, аавын гэр лүү явсан. ...Миний дотор муухайрч, толгой өвдөж байна, зүүн гуя орчимд нилээн том хэсэгт хөхөрсөн, зүүн гарын булчингийн дотор талд бас хөхөрсөн байгаа.

...Урьд өмнө Б нь намайг цохиж зодож байгаагүй, харин бидний дунд гэр бүлийн маргаан гардаг байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд заасан хөнгөн гэмтлийг нөхөр Б надад учруулсан. Хэрэг гарсан өдрөөс хойш хэрэлдэж муудалцсан асуудал байхгүй, Б нь  надаас уучлалт гуйгаад, дахиж ийм асуудал гаргахгүй гэж амлан, буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед нөхөр Ч.Б намайг цохиход манай нялх хүүхэд А байсан. Манай нөхөр Ч.Б уурлаад эсгий углаашаар толгой руу цохисон, хувцасны өлгүүрээр гуя руу цохисон, хэдэн удаа цохисон. ... Нөхөр хааяа маргалдаж уурладаг, тэрнээс өөрөөр цохиж зоддог зүйл байхгүй. Миний хувьд нөхөр Ч.Бтай сайн дураараа эвлэрсэн. Надад одоо гомдол санал байхгүй. Бид хоёр цугтаа амьдарч байгаа. ...Хэргийг нь хөнгөнөөр  шийдэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн /хэргийн 9-10х, 13х, 32-33х/, 

 

2. ШШҮХ-ийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13865 тоот:

1. Д-н биед зулайн хуйх, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 18х/,

 

3. Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлт /хэргийн 47-50х/,

4. Шүүгдэгч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Ямар нэгэн санал байхгүй байна. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг сонсгож яллагдагчаар татаж байгааг ойлгож, сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.

Эхнэр Д, бид хоёр 2016 онд гэр бүлээ батлуулсан ба одоо дундаа 1 нас 6 сартай нэг хүүтэй. Би 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүүгээ хараад гэртээ байж байхад орой 22-23 цагийн үед эхнэр гэртээ ирсэн. Би эхнэрээс “чи яахаараа оройтож ирээд байгаа юм бэ” гэж хэлэхэд Д “ажил ихтэй, ажил амжихгүй байна” гэсэн. Тэгэхэд нь би “дуусдаггүй ажил юм бол ажлаасаа гар, ядахдаа холбогдоход яадаг юм бэ” гэх асуудлаас болоод бие, биедээ гомдож, улмаар маргалдаж Д миний цээж рүү 2 удаа цохихоор нь би эргүүлээд уурандаа үснээс нь зулгааж, тавчиктай хөлөөрөө зузаан гуя руу нь нэг удаа өшиглөж зодсон. Энэ үед Д-гийн толгойн хуйх болон биед гэмтэл учирсан байсан. Урьд өмнө би Д-г цохиж зодсон зүйл байхгүй. Энэ анхны удаагийн болсон явдал юм. Би болон Д эрүүл хэвийн байсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна. Би дахин ийм зүйл гаргахгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Д-гаас уучлалт гуйсан. Одоо бид хоёр хэвийн, эв найрамдалтай амьдарч байгаа. Д ажил хийгээд, би хүүгээ гэртээ харж байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгож, буруугаа хүлээж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 22х/, зэрэг нотлох баримтууд болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Б-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дүгээр байрны 0 тоот дахь гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр Б.Д-г “гэртээ оройтож ирлээ, дуусдаггүй ажил юм бол ажлаасаа гар, утсаар холбогдсонгүй” гэх зэргээр өдөж хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүнийг үснээс нь зулгаах, өшиглөх зэргээр зодож биед нь “...зулайн хуйх, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:  

- ШШҮХ-ийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн “Д-н биед зулайн хуйх, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13865 дугаартай дүгнэлт,

- хохирогч Б.Д-гийн: “...Чимэдцэрэнгийн Бтай 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, хамтран амьдарч байна. Бид хоёрын хүү А нь 01 нас 02 сартай. 2017 оны 11 сарын 04-ний өдөр нөхөр, хүүхдийн хамт гэртээ байх үед 12 цагийн орчимд Ч.Б нь “намайг тоосонгүй, хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар уурлаж, миний толгойтой үснээс хоёр гараараа зулгаагаад сэгсэрсэн, мөн том эсгий тавчикаар толгой руу 10-20 удаа цохиж, хувцасны хуванцар өлгүүрээр миний зүүн гуя орчим 10-аад удаа цохисон. Миний дотор муухайрч, толгой өвдөж байна, зүүн гуя орчимд нилээн том хэсэгт хөхөрсөн, зүүн гарын булчингийн дотор талд бас хөхөрсөн байгаа.  

Шүүх эмнэлгийн дүгнэлтэд заасан хөнгөн гэмтлийг нөхөр Б надад учруулсан. Хэрэг гарсан өдрөөс хойш хэрэлдэж муудалцсан асуудал байхгүй, Б нь  надаас уучлалт гуйгаад, дахиж ийм асуудал гаргахгүй гэж амлан, буруугаа хүлээн зөвшөөрсөн. Миний хувьд нөхөр Ч.Б-тай сайн дураараа эвлэрсэн, ...гомдол санал байхгүй. Бид хоёр цугтаа амьдарч байгаа. ...Хэргийг нь хөнгөнөөр  шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Б.Д-гийн биед учирсан “зулайн хуйх, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ч.Б түүний үснээс зулгаах, өшиглөж цохисон гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байна.

 

Хэргийн хохирогч Б.Д, шүүгдэгч Ч.Б нар нь 2012 оны 06 сарын 29-ний өдөр гэр бүл болсныг 2016 оны 08 сарын 08-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 1122510037 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосноор тэдгээр нь гэрлэгчдийн эрх, үүрэг үүсгэн хамтын амьдралаар амьдарч буй эхнэр, нөхөр болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн /2016 оны 12 сарын 22-ны өдөр батлагдаж 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн/ 3 дугаар зүйлд заасны дагуу уг хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд юм.     

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нь өөрийн эхнэр Б.Д-г “гэртээ оройтож ирлээ, дуусдаггүй ажил юм бол ажлаасаа гар, утсаар холбогдсонгүй” гэх зэргээр өдөж хэрүүл маргаан үүсгэн, улмаар бие эрх чөлөөнд нь халдан цохиж, зодон бие махбодын хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь тухай гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааж хуульчилсан байна.  

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд прокуророос Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.         

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлсон.  

 

Хохирогч Б.Д-гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн шууд хохиролд, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.    

 

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Б.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш Ч.Б надаас уучлалт гуйгаад дахиж ийм асуудал гаргахгүй гэж амалсан. Надад одоо гомдол санал байхгүй...” хэмээн мэдүүлж, баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй учир шүүгдэгч Ч.Б-ын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж үзэв.          

 

Шүүгдэгч Ч.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 22х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.   

 

Шүүгдэгч Ч.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.  

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Б-д 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.     

 

Энэ хэрэгт Ч.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Ч.Б-ыг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Б-ыг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Ч.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД