Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/03

 

 

 

 

 

 

 

2025  01       10                                                2025/ДШМ/03                

 

 

******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

            Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

            Шүүх хуралдаанд:

                        Прокурор Б.Жамъяндорж

                        Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Эрдэнэбат

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ нар оролцов.

            Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор Б.Жамъяндоржийн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* нарт холбогдох эрүүгийн 2430000000078 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Монгол улсын иргэн, 1982 онд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар баг “Сахиул” гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Олныхон ургийн овогт ******* /РД:*******/,

            2. Монгол улсын иргэн, 1982 онд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Улаан худаг” гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* ургийн овогт ******* /РД:*******/,

            Яллагдагч *******, нар нь бүлэглэн, “Kia bongo-3” маркийн 44-51 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2024 оны 03 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд 4 удаагийн үйлдлээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Галзуугийн худаг” гэх газар замын хажуу руу унаж осолдсон байсан “Норд бенз” маркийн 58-97 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 1 ширхэг нь 500 килограммтай 13 боодол өвс, 35 литр түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогч 2,729,996 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            3. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            4. Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч нарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс доош хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, нарыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүхийн шатанд шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч *******, нар шүүхээс оногдуулсан торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, нарт торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Kia bongo-3” маркийн 44-51 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 20,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 10,250,000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд тэдгээрээс хохирогч хохиролд 5,600,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5. Прокурор Б.Жамъяндорж эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдлийн талаар дүгнэхдээ өвсийг өдрийн цагаар, ил аргаар зөөж шилжүүлсэн нь хулгайлах гэмт хэргийн “нууцаар авсан” шинжийг агуулаагүй гэж, нь тухайн тээврийн хэрэгсэл болон ачаа барааг хаяж гээгдүүлээгүй, зам тээврийн осол тохиолдсон гэнэтийн хүчин зүйлийн улмаас том оврын тээврийн хэрэгслийг тэр даруйд нь босгож авч явах боломжгүйн улмаас түр орхиж явсан, эд хөрөнгөө хаана байгаа, ямар байдалтай үлдээсэн зэргээ ухамсарлаж ойлгож байгаа байдлыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс хаягдаж орхигдох эсвэл хяналт, хамгаалалт хэрэгжүүлээгүйгээс, мөн хөндлөнгийн хүчин зүйлээс хамааралтайгаар эд зүйл энэхүү хяналт, хамгаалалтаас гадуур байсан үед эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ хэмээн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг.

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг. /УДШ-ийн 2019.09.30-ны өдрийн №447 тогтоол/

Иргэний хуулийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.” гэж заасан.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Галзуугийн худаг” гэх газар иргэн ын жолоодож явсан нэг бүр нь 500 кг бүхий 111 ширхэг өвс ачсан 58-97 УАУ улсын дугаартай том оврын “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэл нь замын хажуу руу унаж зам тээврийн осол гарсны улмаас тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь өөрийн эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийг ачаа барааны хамт орхиж явах зайлшгүй шаардлага үүссэн, өөрөөр хэлбэл өөр тээврийн хэрэгсэл авчирч татаж гаргах шаардлагатай болсон. Ингээд өвс ачсан автомашиныг уг зам тээврийн осол гарсан газарт 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр орхиж явсан бөгөөд 3 хоногийн дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр автомашин дээрээ буцаж ирсэн байна. /Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч , гэрч 17. нарын мэдүүлэг/

нь тухайн тээврийн хэрэгсэл болон ачаа барааг хаяж гээгдүүлээгүй, гэнэтийн хүчин зүйлийн улмаас орхиж явсан, эд хөрөнгөө хаана байгаа, ямар байдалтай үлдээсэн зэргээ ухамсарлан ойлгож байгаа тул өмчлөгч эзэмшигчийн хайхрамж, болгоомжгүйгээс хаягдаж орхигдсон, өмчлөгч эзэмшигч зохих ёсоор хяналт, хамгаалалт хэрэгжүүлээгүй, удаан хугацаагаар эзэнгүй орхигдсон, өмчлөгч,эзэмшигч тодорхойгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд уг эд хөрөнгийг гээгдэл эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй юм.

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

Гэтэл шүүгдэгч нар нь өөрсдийн эзэмшилд шилжээгүй, тухайн эд хөрөнгө нь зайлшгүй шаардлагын улмаас зам дээр түр орхисон /эд хөрөнгө хаана байгаа гэдгийг өмчлөгч, эзэмшигч мэдэж байсан/ бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж, эд зүйлийн биет хэмжээ, жин зэргээс шалтгаалан биеэр авч явж чадахгүй зүйл болох нэг бүр нь 500 кг жинтэй өвсийг өөрсдийн өвөлжөө рүү буюу 12-13 км зайд зөөвөрлөх, тээвэрлэх үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор “машин механизм” ашиглан, ачиж тээвэрлэж явсан буюу идэвхтэй үйлдэл хийж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь автомашин байгаа газарт тээврийн хэрэгслээр очиж, ачааны татлагыг тасалж, өвс, түлш зэргийг өөрсдийн тээврийн хэрэгсэлд ачиж, тээвэрлэн өвөлжөө рүүгээ зөөвөрлөсөн идэвхтэй үйлдлийн улмаас эд зүйл гэмт этгээдүүдийн хууль бус эзэмшилд шилжсэн байна. Ийнхүү өвсийг хууль бусаар эзэмшилдээ авснаар захиран зарцуулах боломжтой болж, өвсийг малдаа өгөх, түлшийг автомашиндаа хийх байдлаар захиран зарцуулсан байна.

Шүүгдэгч нар өөрсдийн хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль бусаар мэдэлдээ авах замаар эд хөрөнгөд эзэмшил тогтоож, улмаар захиран зарцуулсан байна.

Иймд прокуророос шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийхдээ тэдгээрийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, харин анхан шатны шүүх өмчлөгчийн хууль ёсны эзэмшлээс эд хөрөнгийг нь шүүгдэгч нар хэрхэн өөрийн хууль бус захиран зарцуулах боломжид шилжүүлж байгаа талаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн байна.

Иймд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.  

5. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Д.Мягмар нь тухайн тээврийн хэрэгсэл болон ачаа барааг хаяж гээгдүүлээгүй, зам тээврийн осол тохиолдсон гэнэтийн хүчин зүйлийн улмаас том оврын тээврийн хэрэгслийг тэр даруйд нь босгож, авч явах боломжгүйн улмаас түр орхиж явсан, эд хөрөнгөө хаана байгаа, ямар байдалтай үлдээсэн зэргээ ухамсарлан ойлгож байгаа байдлыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс хаягдаж орхигдох, эсвэл хяналт, хамгаалалт хэрэгжүүлээгүйгээс, мөн хөндлөнгийн хүчин зүйлээс хамааралтайгаар эд зүйл, энэхүү хяналт, хамгаалалтаас гадуур байсан үед эд хөрөнгийг хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ хэмээн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг. Гэтэл шүүгдэгч нар нь өөрсдийн эзэмшилд шилжээгүй, зам дээр түр орхигдсон, бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж эд зүйлийг машин механизм ашиглан тээвэрлэж явсан буюу идэвхтэй үйлдэл хийж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь автомашин байгаа газарт тээврийн хэрэгслээр очиж, ачааны татлагыг тасалж, өвс, түлш зэргийг өөрсдийн тээврийн хэрэгсэлд ачиж тээвэрлэн өвөлжөө рүүгээ зөөвөрлөсөн идэвхтэй үйлдлийн улмаас эд зүйл гэмт этгээдүүдийн эзэмшилд шилжсэн. Ийнхүү өвсийг хууль бусаар эзэмшилдээ авснаар захиран зарцуулах боломжтой болж, өвсийг малдаа өгөх, түлшийг автомашиндаа хийх байдлаар захиран зарцуулсан байна. Иймд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч нар нь өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт отроор очсон. 2024 оны 3 дугаар сарын 04-ний үед өвсөнд явж байхад нь замд нь өвс ачсан машин унасан таарсан. Өвсийг нь адуу идэж байсан. Тэгэхээр нь адуу өвсийг идчих юм байна гэж бодоод  нэг боодол өвс авч явж, маргааш нь 12 боодол өвс авч явсан байдаг. Тухайн үед байгаль цаг уур хүнд байсан. Мал бэлчээрлэх газар байхгүй, малыг үргэлж өвсөөр тэжээж байсан. Өвсөнд явж байхдаа өвстэй таарсан, хулгай хийх зорилго огт байхгүй байсан, энэ талаараа ч хэлдэг. Тухайн өвсийг авахдаа эзэн нь ирвэл мөнгийг нь өгөх бодолтой байсан. Хөдөөний хүмүүс сайхан сэтгэлтэй, муу санаа байхгүй, субъектив санаагүй байсан. Мөн хохирогч өвсийг худалдаж авсан гэдэг. Иргэний хуульд зааснаар худалдан авах гэрээ хийгээгүй, эд хөрөнгө нь худалдаж авсан хүний гарт орж ирээгүй, замд явж байсан. Тээвэрлэгч осолдсон. Тэгэхээр энэ өвсийг хаягдал гэх үү, орхисон гэх үү, гээгдэл гэх үү гэдэг талаар судалж үзсэн. Цэвэлийн толь бичигт зааснаар эдгээр үгс нь нэг утга санаатай байдаг. Орхигдсон гэдгийг гээгдэл гэж үзнэ, гээгдэл гэдэг нь орхисон зүйлийг хэлнэ гээд утга нэгтэй. Иймд хулгай хийсэн гэж үзэхгүй, хаяад 3-4 хоносон байсан зүйлийг авсан. Мөн гарцаагүй байдлын үүднээс малдаа өвсгүй болсон тул авсан байдаг. Эзэн нь ирвэл мөнгийг нь өгөх байсан. Иймд гэмт хэрэг мөн гэж үзвэл гээгдэл эд хөрөнгийг авсан гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, нарын бүлэглэн, “Kia bongo-3” маркийн 44-51 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2024 оны 03 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд 4 удаагийн үйлдлээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Галзуугийн худаг” гэх газар замын хажуу руу унаж осолдсон байсан “Норд бенз” маркийн 58-97 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 1 ширхэг нь 500 килограммтай 13 боодол өвс, 35 литр түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогч 2,729,996 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...хулгайлах гэмт хэрэгт эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, дээрмийн гэмт хэрэгт хүч хэрэглэх буюу хэрэглэхээр сүрдүүлэх, залилах гэмт хэрэгт төөрөгдүүлэн мэхлэх байдлаар эд хөрөнгийг өөрийн мэдэлд авдаг ба аль ч тохиолдолд энэ нь идэвхтэй үйлдэл байдаг. Харин завших, ашиглах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн хяналтад хууль, гэрээний дагуу шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах санаа гэмт этгээдэд бий болдогоороо онцлог юм.

Өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж болгоомжгүйгээс хаягдаж орхигдох эсвэл хяналт, хамгаалалт хэрэгжүүлээгүйгээс, мөн хөндлөнгийн хүчин зүйлээс хамааралтайгаар эд зүйл энэхүү хяналт, хамгаалалтаас гадуур байсан үед эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх ба уг зүйл, хэсэгт тодорхойлсон “алдаатай”, “андуурагдсан”, “гээгдэл” гэх нэр томъёо нь цогцоороо хууль ёсны эзэмшигч тодорхой нөхцөл байдлын улмаас эд хөрөнгөдөө хяналт, хамгаалалт хэрэгжүүлээгүй байсан үед шүүгдэгч хөрөнгийг өөрт шилжүүлэн авсан бөгөөд харин эд хөрөнгийн хяналт, хамгаалалтыг няцаах, алдагдуулах ноцтой, идэвхтэй үйлдэл хийгээгүй гэж ойлгоно.” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

4. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн субьектив талын шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

Гэтэл шүүгдэгч нар нь өөрсдийн эзэмшилд шилжээгүй, тухайн эд хөрөнгө нь зайлшгүй шаардлагын улмаас зам дээр түр орхисон /эд хөрөнгө хаана байгаа гэдгийг өмчлөгч, эзэмшигч мэдэж байсан/ бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж, эд зүйлийн биет хэмжээ, жин зэргээс шалтгаалан биеэр авч явж чадахгүй зүйл болох нэг бүр нь 500 кг жинтэй өвсийг өөрсдийн өвөлжөө рүү буюу 12-13 км зайд зөөвөрлөх, тээвэрлэх үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор машин механизм ашиглан, ачиж тээвэрлэж явсан буюу идэвхтэй үйлдэл хийж, эд зүйлийг хууль бусаар эзэмшилдээ шилжүүлж захиран зарцуулжээ.

5. Шүүгдэгчийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдэх сэдэлт, зорилгыг зөв тогтоох нь тухайн гэмт хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой юм.

6. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж юм.

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөрт захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Шүүгдэгч нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн дээрх шинжийг агуулж байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн ялыг хүндрүүлэх, түүний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэх боломжгүй юм.

7. Дээрх нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд нөхөн гүйцэтгэх, зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Шүүгдэгч *******, нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЗУУ

               ШҮҮГЧИД                                 Г.БОЛОРМАА

                                                                 Д.ГАНЗОРИГ