Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 124/ШШ2026/0034

 

                                   

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ...............................-т оршин суух, Ш овогт Ж-ний Ч,

            Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын Засаг дарга нарын хооронд үүссэн газар эзэмших эрхийн маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, гэрч Э.Б нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Нэхэмжлэгч Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/17 дугаартай захирамжийн Ж.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            2.1. Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаартай захирамжийг үндэслэн Н.Д-д 3 га газрыг хүнсний ногооны зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 0145788 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. (Хавтаст хэргийн 23 дугаар хуудас)

            3.2. Мөн сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/56 дугаар захирамжаар уг 3 га газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар, 15 жилийн хугацаатай дахин эзэмшүүлсэн байна. (Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)

            3.3. Улмаар, тухайн 3 га газрыг Наранбулаг сумын Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/05 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Ж.Чд эзэмшүүлэхээр шилжүүлж, төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай 0000345932 дугаартай гэрчилгээ олгосон. (Хавтаст хэргийн 25-26, 42 дугаар хуудас)

            3.4. Харин хариуцагч Наранбулаг сумын Засаг дарга 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/17 дугаартай захирамжаар нэхэмжлэгчид олгосон 3 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх үндэслэлийг зааж хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. (Хавтаст хэргийн 3 дугаар хуудас)

            3.5. Нэхэмжлэгч маргаан бүхий Наранбулаг сумын Засаг даргын 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/17 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан хугацааны дотор байх тул захиргааны хэрэг үүсгэсэн.

            Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Ж.Ч-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Наранбулаг сумын Засаг даргын 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/17 дугаартай захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлаж, хууль зөрчсөн шинжтэй гэж бидний зүгээс үзсэн. Тухайн захирамжийн үндэслэх хэсэгт “тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, 2 иргэн хоорондоо учраа олоогүй, эвлэрэн хэлэлцээгүй учраас газрын гэрчилгээг хүчингүй болгоно” гэдэг байдлаар захирамж гарсан. Нэхэмжлэгч Ж.Ч-ы нөхөр Н.Д нь 2023 оны 7 дугаар сард хорт хавдраар нас барсан. Түүний хувьд 1998 оноос хойш тухайн харзны эх гэх газарт бага багаар ногоо тарьсаар 2004 онд газар эзэмших гэрчилгээ авч, гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тухайн газар эзэмших эрхтэй болсон цаг хугацааны дараа буюу 2008 онд Дэлхийн зөн олон улсын байгууллагын төсөл Наранбулаг суманд хэрэгжиж, тухайн төслөөр хоршоо, баг болж иргэд нь хэсэг бүлгээрээ нийлж хоршоо, нөхөрлөл хэлбэрт шилжиж, ажил үүргээ хуваарилан хүнсний ногоо тарьсан. 2012-2013 онд тухайн төсөл зогсож нөхөрлөл ч гэсэн татан буугдсан. Тус нөхөрлөлд байсан О.Ю гэдэг хүн чиний газар дээр төсөл хэрэгжүүлсэн учраас төсөл зогссон ч би тухайн хэсэгт ногоо тарьж байсан газраа би хуулийн дагуу өмчилж авах нь зүйтэй гэдэг байдлаар хандаж сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлт гаргажээ. Тухайн үеийн газрын даамлын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Н.Д-ийн нэр дээр байсан 3 га газартай давхцуулж газар олгохдоо түүнд мэдэгдээгүй. Улмаар энэ ярвигтай газрын давхцалтай гэх асуудал улам даамжирч явсаар 2021, 2022 онд Н.Д, О.Ю нарын хооронд маргаан болсон. Энэ талаар Н.Д нь “О.Ю-тэй уулзаж учраа олъё, ярилцъя гэдэг байдлаар бие муу байхдаа дуудуулсан боловч тэрээр ирээгүй” гэж охин Д.Амархишиг нь хэлдэг. 2023 оны 7 дугаар сард Н.Д нас барж  эхнэр Ж.Ч 2025 онд уг газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Ж.Ч-ы газар эзэмших эрх үүссэнээс хойш буюу 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс маргаан бүхий захирамж гарах хүртэл 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглах, эзэмших эрх нээлттэй байгаа. Түүнчлэн Ж.Ч өөрийн охидтойгоо хамт маргаан бүхий газраа зориулалтын дагуу эзэмшиж, 2025 онд ногоогоо тарьж байсан. 2026 оны 2 дугаар сард газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гарсан учир тэдний хувьд учраас ногоо тарьж чадаагүй. 2025 онд ногоогоо тарьж байсан. О.Ю-ийн хувьд ногоо тарьдаг гэж сумын иргэд ярьдаг боловч О.Ю нь гэрчилгээгээр эзэмшсэн өөр газартай буюу тухайн газар дээрээ ногоо тарьдаг. Харин нэхэмжлэгчийн маргаан бүхий давхцалтай гэх газраас хадлан авдаг, цаашдаа ч гэсэн хадлан авах зорилгоор л газрыг булаацалдаад байгаа. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байгаагүй гэдгээр 2004 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан, 1998 оноос эхлэн ногоо тарьж байсан тухайн газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн 2003 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь ямар нэгэн зориулалтаар хэдэн га газрыг ямар иргэдэд хэрхэн яаж эзэмшүүлэх талаар тусгагдаагүй. Тухайн төлөвлөгөө нь сумын Засаг даргын Тамгын газартай холбоотой буюу тухайн онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гэдэг нь харагдаж байна. Тухайн газрыг олгохгүй, ийм газрыг эдгээр иргэдэд ямар хэмжээгээр олгоно гэсэн төлөвлөгөө батлагдаагүй. Харин 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн төлөвлөгөөнд газрын тухай хуульд заасны дагуу төлөвлөгөө нь ямар зориулалтаар, газрын хэмжээтэйгээр эзэмшүүлэх гэдэг байдлаар гарсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гаргах талаар заасан буюу формаль эрх зүйн шаардлагыг тухайн захиргааны акт нь хангаж байх ёстой гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах”, 40.2.4, 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заасан”, 43-т “захиргаа нь захиргааны актын хууль зүйн үндэслэл, захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгосон хуулийн зүйл заалтыг тодорхой заана” гэж заасан байгаа. Эдгээр зүйлүүдэд заасан захиргааны актыг бичгээр гаргах хэлбэрийн шаардлагыг хариуцагч хангаагүй гэж үзэж байна. Мөн хариуцагчийн зүгээс газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг эзэмшчихсэн байсныг хүчингүй болгосон гэж тайлбарладаг боловч сонсох ажиллагааны явцад уг асуудалтай холбоотойгоор тайлбараа ирүүлнэ үү гэж сонсох ажиллагааг хуулийн дагуу зөв хийж чадаагүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох боломжийг бүрэн эдлүүлж оролцогчийг сонсож чадаагүй учир тухайн захиргааны акт хууль зүйн хувьд үндэслэлгүй учир маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэжээ.

3.3. Хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ж.Ч-ы нөхөр Н.Д-д анх 2004 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр олгогдсон газар эзэмшлийн гэрчилгээг аймгийн Архивын газраас Наранбулаг сумын Засаг даргын 2004 онд гарсан захирамж шийдвэрүүдийг шүүлгэхэд Н-ын Д-д холбогдох газар эзэмшүүлсэн захирамж гараагүй болно. Мөн Ж.Ч-ы нөхөр Н.Д-д 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/56 дугаар сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлсэн үйлдэл нь иргэн О.Ю-т 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн сумын Засаг даргын А/50 дугаартай захирамжаар хүнсний ногоо тарих зориулалтаар 0,5 га газрыг эзэмшүүлэхээр олгогдсон захирамжтай давхардаж газар олгогдсон үйлдэл юм. Н.Д нь 2010 оноос хойш эзэмшсэн газартаа үйл ажиллагаа огт явуулаагүй бөгөөд тус газрын эзэмшигч нь 2023 онд насан өөд болсноор түүний эхнэр Ж.Ч-д 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр сумын Засаг даргын А/05 дугаар захирамжаар газар эзэмших эрх шилжүүлсэн. Ж.Ч нь газар эзэмших эрх шилжүүлж, эзэмшсэнийхээ дараагаар ч өнөөдрийг хүртэл тус 3 га талбайг бүрэн ашиглаж, үйл ажиллагаа огт явуулаагүй болно. Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн газар тусгагдаагүй болохыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс харж болно. Ж.Ч, Н.Д нарын эзэмшил газрын үйл ажиллагаа явуулсан эсэх нотломж зургийг дээрээс нь болон хажуу талаас нь дрон нисгэж дарсан ба зурагтай хамт тайлбарыг хавсралтаар хүргүүлж байна. Иймд газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” анх газар эзэмших эрхийг авахаар хүсэлт гаргасан этгээдийн хувьд төлөвлөгөөнд заагдсан газраас олгох ёстой байсан тул дээрх 2 захирамжийг хүчингүйд тооцсон болно. Сумын засаг даргын 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/17 дугаар захирамжаар Ж.Ч, О.Ю нарын газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн шийдвэр хэмээн үзэж байна” гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2003, 2014, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газар нь иргэнд эзэмшүүлэхээр тусгагдаагүй. 2004-2008 оныг хүртэл газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэж яг одоогийнх шиг боловсронгуй төлөвлөгөөг гаргаж батлуулдаг байгаагүй юм. Мөн сумын газрын даамал гэрчилгээ олгохдоо гарын үсэг зурж олгодоггүй, Засаг дарга зөвлөлөөрөө хэлэлцэж, захирамж гарсныхаа үндсэн дээр гэрчилгээнд Засаг дарга өөрөө гарын үсгээ зурах зарчмаар газар олгодог байсан. 2003 оны ерөнхий төлөвлөгөөнд газар тариалангийн талаар тусгасан байдаг. Тухайн үед гэрчилгээг бүртгэлийн дэвтэрт бүртгэдэг байсан. Бидний зүгээс Архивын газраас бүртгэлийн дэвтрийг авах гэсэн ч олдоогүй. 2004 онд тухайн газрыг 15 жилийн хугацаатайгаар олгосон гэхээр 2019 онд газар эзэмших эрхийн хүчинтэй хугацаа дуусаж байна. 2019-2022 оны хооронд 3 жилийн хугацаа өнгөрсөн байгаа. 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “тухайн газраа сунгуулна” гэж өргөдлөө өгч төлөвлөгөөнд оруулах боломж байсан. Гэтэл 2022 онд газар эзэмших эрхээ сунгуулахдаа тэр боломжийг ашиглаж чадаагүй. Нөгөөтээгүүр маргаан бүхий газрыг 2004 онд яг олгогдсон хүчин төгөлдөр гэрчилгээтэй гэж үзээгүй. Яагаад гэвэл газар олгогдох процесс нь Засаг даргын захирамж гарч байж захирамжийнхаа хавсралтаар гэрчилгээ олгогддог. Гэтэл 2004 оны тухайн газрын гэрчилгээ байгаа боловч ч захирамж нь олдоогүй. Захирамжийг бид Архивын газраас хайсан боловч “Наранбулаг сумын Засаг даргын 2004 оны захирамжаас Н.Д-тэй холбогдох газар эзэмшүүлсэн захирамж гараагүй болно” гэсэн тодорхойлолт өгснийг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Газрын тухай хуулийн 27.4-д “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан бөгөөд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд хууль бус шийдвэрийг хүчингүй болгох үйлдлийг таслан зогсоох, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, эс үйлдэхүйгээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан нь өөрөө буюу эсхүл дээд шатны байгууллага, албан тушаалтан нь тус шийдвэрийг хүчингүй болгож шийдвэр гаргаж болно” гэж заасны дагуу захирамж гарсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актын холбогдох хэсгийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

            2. Нэхэмжлэгч Ж.Ч “Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/17 дугаартай захирамжийн Ж.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

            3.1. Нэхэмжлэгч талаас “...Н.Д нь 1998 оноос тухайн газарт ногоо тарьж байсан ба 2004 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулсан. ...түүний эзэмшиж байсан газарт өөр этгээдэд давхардуулан газар олгосон нь тухайн үеийн газрын даамлын буруутай үйл ажиллагаатай холбоотой, энэ талаар Н.Д-д албан ёсоор мэдэгдээгүй. Маргаан бүхий газрын эзэмших эрхийг 2025 онд нэхэмжлэгч Ж.Ч шилжүүлж авсан бөгөөд тэрээр охидын хамт газартаа ногоо тарьсан. Газар эзэмших эрх 2004 онд олгогдсон байхад газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж үзэх нь үндэслэлгүй” гэж,

            3.2. Хариуцагч Наранбулаг сумын Засаг дарга “...Н.Д-д 2004 онд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн гэх сумын Засаг даргыг захирамж байхгүй, уг газар нь бусдын эзэмшил газартай давхцалтай, тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бөгөөд энэхүү зөрчлийг арилгах зорилгоор газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлынхаа үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

            4.1. Хэрэгт авагдсан баримтаар, Н.Д-д Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар захирамжийг үндэслэн маргаан бүхий 3 га газрыг хүнсний ногооны зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 0145788 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

            4.2. Н.Д-ээс тус 3 га газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллагад 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гаргаснаар Наранбулаг сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/56 дугаар захирамжаар түүнд төмс, хүнсний ногооны зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна.

            4.3. Улмаар, хариуцагч Наранбулаг сумын Засаг дарга 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/05 дугаартай захирамжаар Н.Дийн 3 га газрыг нэхэмжлэгч Ж.Ч-д төмс, хүнсний ногоо, усалгаатай тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шилжүүлж, 0000345932 дугаартай гэрчилгээ олгосон.

            4.4. Харин Наранбулаг сумын Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаартай захирамжийг үндэслэн О.Ю-т хүнсний ногооны зориулалтаар 0,5 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 000560056 дугаартай гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан бөгөөд түүний хүсэлтийн дагуу 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/50 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн 000560056 дугаартай гэрчилгээг нөхөн олгосон гэх үйл баримт тогтоогдож байхаас гадна хэргийн оролцогч энэ талаар маргаагүй.

            5. Ж.Ч болон О.Ю нарын зүгээс дээрх газар давхцал үүссэн гэж маргаан үүсгэснээр хариуцагч Наранбулаг сумын Засаг дарга 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/17 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 31.2 дүгээр зүйлийн 31.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд зааснаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэд эзэмшүүлэхээр тусгагдаагүй гэх үндэслэлийг зааж Ж.Ч-ы төмс, хүнсний зориулалттай 3 га газар, О.Ю-ийн хүнсний ногооны зориулалттай 0,5 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгожээ.

            6. Хариуцагч Наранбулаг сумын Засаг даргын зүгээс маргаан бүхий захирамжаар Ж.Ч-ы төмс, хүнсний зориулалттай 3 га газар болон О.Ю-ийн хүнсний ногооны зориулалттай 0,5 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг тус тус тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэд эзэмшүүлэхээр тусгагдаагүй гэж хүчингүй болгосон боловч захирамжийн үндэслэлээ Ж.Ч-ы маргаан бүхий 3 га газартай О.Ю-ийн хүнсний ногооны зориулалттай 0,5 га газар давхцалтай, Н.Д болон түүний энхэр Ж.Ч нар тухайн маргаан бүхий газартаа 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаж байна.

            7. Гэсэн хэдий ч хэрэгт авагдсан баримтаар, Ж.Ч-ы маргаан бүхий 3 га газартай О.Ю-ийн хүнсний ногооны зориулалтаар олгосон 000560056 гэрчилгээний дугаартай 0,5 га газартай давхцалтай эсэх нь тогтоогдохгүй байна.

            7.1. Учир нь, маргаан бүхий газартай давхцуулан О.Ю-т 2011 оны сумын Засаг даргын захирамжаар хүнсний ногооны зориулалттай, 000560056 дугаар эрхийн гэрчилгээтэй 0,5 га газар олгосон гэх боловч энэхүү газар нь газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй, кадастрын зураггүйгээс гадна бодит байдал дээр О.Ю 000560056 дугаар эрхийн гэрчилгээтэй, хүнсний ногооны зориулалттай 0,5 га газрын эзэмшихээс гадна хадлангийн зориулалтаар мөн 0,5 га газрыг хашиж авч ашиглаж байгаа болох нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

            8. Үүнээс гадна маргааны үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгч Ж.Ч-ы нөхөр Н.Д нь маргаан бүхий газрыг 2004 оноос хойш хүнсний ногооны зориулалтаар эзэмшиж байсан буюу О.Ю-ээс өмнө нэхэмжлэгчийн газар эзэмших эрх түрүүлж үүссэн гэж үзэхээр байна.

            8.1. Тодруулбал, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна” гээд 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх үүрэгтэй”, мөн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал тухайн иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх, газрын мэдээллийн санг эрхлэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

            8.2. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл, эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх талаар шийдвэр гаргахдаа газар эзэмшлийн давхцал үүсэх эсэх, тухайн этгээдэд газар эзэмшүүлэхэд харшлах шалтгаан нөхцөл байгаа эсэхийг бүх талаас нь шалган тогтоож, хүсэлт гаргасан иргэний газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлага хангагдсан тохиолдолд газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээний үндсэн дээр хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх шийдвэр гаргах үүрэг”-ийг хэрэгжүүлэх талаар хуульчилжээ.

            8.2. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага хуульд зааснаар нэхэмжлэгч Ж.Ч-ы нөхөр Н.Д-ийн газар эзэмших эрх түрүүлж үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, О.Ю-ийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авахдаа түүнд олгосон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс шалтгаалж, нэхэмжлэгчийн эзэмшлийн маргаан бүхий 3 га газартай давхцуулан О.Ю-т газар эзэмших эрх олгосон нь дээр дурдсан Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн.

            9. Түүнчлэн, Н.Д-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн гэх Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар захирамж нь өөр агуулгатай, түүнд газар эзэмшүүлсэн захирамж олдохгүй байгаа талаар хариуцагчаас маргаж байх боловч Н.Д нь маргаан бүхий газрыг 2004 оноос хойш бодит байдалд эзэмшиж байсан үйл баримт тогтоогдсон, мөн 2004 онд түүнд 3 га газар эзэмшүүлэх гэрчилгээг хариуцагчаас олгож, гэрээ байгуулсан нөхцөл байдал тогтоогдож байхаас гадна 2022 онд хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж гэрчилгээний хугацаа дууссан тул сунгаж өгөх тухай хүсэлт өгөхөд 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/56 дугаар захирамжаар дахин маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2025 онд түүний эхнэр Ж.Ч-д шилжүүлсэн атлаа Ж.Ч болон О.Ю-ийн нараас газрын давхцалын талаарх маргаан үүсэхэд шууд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 31.2 дүгээр зүйлийн 31.2-т заасан “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэж газар эзэмших эрхийг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалтын зарчимд нийцээгүй.

            9.1. Тухайлбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус зааснаар Засаг дарга нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд захирамж гаргах, уг шийдвэр нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үзвэл өөрөө хүчингүй (эсхүл өөрчлөх) болгох эрхтэй боловч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох шаардлагыг хангах үүрэгтэй.

            9.2. Хариуцагч сумын Засаг даргын захирамжаар нэхэмжлэгчид “газар эзэмших эрх” үүсгэсэн эерэг нөлөөлөл бүхий акт тул захиргаа түүнийг шууд хүчингүй болгохоос өмнө Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасны дагуу бодит нөхцөл байдлыг судалж, нэхэмжлэгчийн эрхийг хамгийн бага хөндөх замаар тухайн зөрчлийг арилгах боломжит хувилбарууд байгаа эсэхийг тодруулах ёстой. Ингэхдээ хуульд нийцүүлсэн шийдвэр гаргах, зорилгодоо хүрэх сонгох боломжоос зөвийг ашиглах, өөрөөр хэлбэл, хуульд заасан ямар аргаар захиргааны байгууллага өмнөх эрх олгосон шийдвэрийн дагуу хууль ёсны итгэл үүсэж үйл ажиллагаа явуулж байгаа газар эзэмшигч этгээдэд дарамт багатай байх  зарчмыг баримталсан шийдвэрийн боломжит хувилбарыг хэрэгжүүлэх ёстой.

            10. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, хариуцагч захиргааны байгууллагаас бодит нөхцөл байдал дээр нэхэмжлэгч Ж.Ч-ы эзэмшлийн маргаан бүхий 3 га газартай О.Ю-т хүнсний ногооны зориулалтаар олгосон 000560056 дугаар гэрчилгээтэй 0,5 га газар давхцалтай эсэх эсхүл нэхэмжлэгчийн маргаан бүхий 3 га газарт О.Ю ямар нэгэн эрхийн гэрчилгээгүйгээр хашиж хадлангийн зориулалтаар ашиглаж байгаа эсэхийг тогтоосны үндсэн дээр асуудлыг дахин шийдвэрлэх нь зүйтэй, эдгээр асуудлыг тодруулах цар хүрээ нь хариуцагчийн чиг үүрэгт хамаарах тул шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэнд хамаарна.

            11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу дээрх асуудлыг тогтоох, хуульд дахин нийцүүлэн шийдвэр гаргуулахад гурван сарын хугацаа хангалттай байх тул Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/17 дугаартай захирамжийн Ж.Чд холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэв.

            12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ч-д олгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/17 дугаар захирамжийн Ж.Ч-д холбогдох хэсгийг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурван/ сарын хугацаанд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/17 дугаар захирамжийн Ж.Ч-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газраас 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ч-д олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.БАТДОРЖ