| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0257/э |
| Дугаар | 268 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д-д холбогдох эрүүгийн 18100 0040 0234 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо Парадайсе амралтын газрын хашаанд байх гэрт иргэн Б.Ч-ы баруун хөлний шилбэнд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Г.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би 2009 оноос хойш хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон. Би сар бүр тэтгэмж 147.000 төгрөг авдаг. Манай эхнэр мод түүж, өдрийн 5000-10000 төгрөг олдог. Би хохирогч Б.Ч ахаас уучлалт гуйсан. Би хааяа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргах зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 0040 0234 дугаартай хэргээс:
1. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-10х/,
2. Хохирогч Б.Ч-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Парадайсе” нэртэй амралтын газарт манаач ажилтай юм. Уг газарт би хамаатны дүү Г.Д, Г.Д-гийн эхнэр Н нарын хамт амьдардаг юм. Г.Д нь манай ээжийн төрсөн дүү нь юм. Би Дгийн нагац ах нь юм. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г.Д, Н бид гурвыг гэртээ байж байхад гаднаас Нийн найз эмэгтэй Ц, нөхөр ХЧы хамт орж ирсэн. Ирэхдээ 2 шил 0.5 литрийн архи авчирсан. Тэгээд тавуулаа тэр архийг нь хувааж уусан. Н хоол, цай хийж өгсөн. Тэгээд архи нь дуусаад Н дэлгүүр лүү архинд явсан. Н дэлгүүр ороод ирэхдээ 0.75 литрийн 1 шил архи аваад ирсэн байсан.
Тэр архийг нь тавуулаа хувааж уусан. Тэгээд нэлээн орой болсон хойно, цагийг нь сайн санахгүй байна. Н бид хоёр Био руу архинд явсан. Биогийн дэлгүүрээс 0.5 литрийн 2 шил архи аваад гэртээ ирсэн. Тэгээд авчирсан 2 шил архины 1 шил архийг нь хувааж уугаад дуусч байхад Ц, ХЧ хоёр хажуу талын гэрт “орж унтлаа” гээд гарсан. Тэгээд би баруун талын орон дээр, Д хойморийн орон дээр хэвтэж байсан юм. Харин Дгийн эхнэр Н миний орны хажуу талд сууж байсан. Тэгээд би Дг “одоо унт, амар” гэж хэлэхэд Д “унтахгүй” гэхэд нь “чи одоо хаашаа юм бэ, унтаа миний дүү” гэж хэлсэн.
Тэгэхэд Д “ах үлдсэн ганц шил архиа гаргаад өгчих” гэхээр нь би “чи одоо ууж хэрэггүй, өглөө ууя” гэхэд “одоо ууна, чи хар усаа харамлалаа, чамайг алчихвал алчихана шүү” гээд ...Д босож гэрийн голд ширээн дээрх мах идэж байсан бор өнгийн модон богино иштэй хутгыг аваад над руу дайрахад нь би баруун хөлөө өргөтөл миний баруун хөлний шилбэний хэсэгт хутгаараа зүссэн. Тэгээд миний баруун хөлний шилбэний доод хэсгээс маш их цус гарсан.
Тэр үед Дгийн эхнэр Н гэрийн баруун талын орны доод талд шүүгээний урд талд ачийгаа тэврээд сууж байснаа болохоо байлаа гээд гэрээс гараад явсан. Гэрээс гарч яваад удалгүй Цтэй хамт орж ирсэн. Тэгээд Н цагдаа болон түргэн тусламж дуудсан. Өөрөөр би Г.Дтэй маргасан зүйл болоогүй. Харин би Д унтахгүй болохоор нь унт амар гэж хэлэхэд уурлаад босож ирээд миний баруун хөлний өвдөгний шилбэний хэсэгт хутгаар зүссэн. Г.Д намайг архи өгсөнгүй гэх шалтгаанаар хутгаар зүссэн гэж бодож байна. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Тодруулах зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Уг хэргийг хааж өгнө үү. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,
3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 720 тоот дүгнэлтэд:
1. Б.Ч-ы биед баруун хөлийн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 42х/,
4. Гэрч Т.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Г.Д-г танина. Би Г.Д-гийн эхнэр Нийн багын найз нь юм. Г.Д, Н хоёрыг анх гэр бүл болсон цагаас эхлэн найзалж нөхөрлөж ирсэн. Намайг гэр лүү ороход гэрийн баруун талын орон дээр Ч, гэрийн хойд талын дэлгэдэг орон дээр Д сууж байсан. Харин Н, гэрийн баруун талын орны урд шүүгээний хажууд ач хүүгээ тэврээд сууж байсан юм.
Ч ахын баруун хөлний шилбэний дээд хэсэгт хутгаар зүсэгдсэн шарх харагдаж байсан. Зүсэгдсэн шархнаас нь маш их цус гарч байсан. Намайг нөхөр ХЧы хамт Нийн хажуу талын гэрт унтаж байхад Н гүйж орж ирээд “Д Ч ахын хөлийг хутгаар зүсчихлээ, болохоо байлаа” гэж хэлэхээр нь би босоод гэрлүү нь орсон. Манай нөхөр ХЧ гэрт унтаад үлдсэн. Тэгээд би буцаж орж ирээд ХЧд болсон асуудлын талаар хэлсэн.
...Г.Д нь Архангай аймагт төрсөн, их дуугай, төлөв даруу зантай, мөрөөрөө хүний арга эвийг олох гээд л явдаг хүн юм. Н, Г.Д хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Д нь Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, хүнтэй хэрэлдэж муудалцаж байхыг нь би хараагүй. Ер нь хүн чанар сайн, хүний үгэнд их сайн ордог, гэр бүлдээ хайр халамжтай хүн шиг харагддаг.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26х/,
5. Гэрч Л.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Г.Д нь миний нөхөр юм. Би хуульд заасан эрх үүрэгтэйгээ уншиж танилцлаа. Би нөхөр Г.Д-гийн эсрэг болон хувийн зан байдлын талаар нь мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би мэдүүлэг өгнө. Би нөхөр Д-гийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Парадайсе” амралтын газарт манаачаар ажилладаг юм. Манай нөхөр Г.Д, нагац ах Ч, бид гурвыг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байхад өглөө 09:00 цагийн үед Ц, түүний нөхөр Х хоёр 1 шил 0.5 литрийн Ерөөл архитай ирсэн. Тэгээд авчирсан архийг нь тавуулаа хувааж уугаад, дараа нь би дэлгүүр орж дахин 0.75 литрийн Ерөөл архи авч бид нар уусан.
Тэгээд нэлээн орой болсон хойно Ч ах бид хоёр Биогийн дэлгүүр орж 0.5 литрийн Их монгол архи 2 шил, 2.5 литрийн Боргио пиво нэгийг авч, ...гэртээ очоод дэлгүүрээс авсан архи, пивоо хувааж ууж байгаад, Ц, Х хоёр хажуугийн гэрт ороод унтаад өгсөн. Тэр үед нагац ах Ч “үлдсэн нэг шил архийг нь маргааш өглөө ууна, одоо уухгүй” гэж хэлэхэд Д нь “одоо ууна” гэж хэлээд тэд хоорондоо маргалдсан. Би тухайн үед нь гэрийн баруун талын орны хойд талын шүүгээний урд ач хүүгээ тэврээд сууж байсан юм.
Тэгтэл Д ширээн дээр байсан хүрэн бор өнгийн модон иштэй хутгыг аваад, гэрийн баруун талын орон дээр дээшээ хараад хэвтэж байсан Ч ах руу “алчихна шүү” гээд дайрахаар нь Ч ах “чаддаг юм бол ал” гээд баруун хөлөөрөө биеэ хамгаалах гээд хөлөө өргөөд Д рүү чиглүүлэх үед Д баруун гартаа барьж байсан хүрэн бор өнгийн модон иштэй хутгаар Ч ахын баруун өвдөгний доод хэсэгт зүссэн. Тэгээд Ч ахын баруун талын өвдөгнөөс маш их цус гарахаар нь би гэрээсээ гараад хажуу гэрт байсан Цг дуудаж сэрээгээд, эмнэлэг, цагдаа дуудсан юм.
...Манай нөхөр Д, Ч ахаас “үлдсэн нэг шил архийг ууя” гэж хэлэхэд Ч ах одоо уухгүй, өглөө ууна гэснээс болж уг маргаан нь эхэлсэн юм. Тэр өдөр мах чанасан болохоор гэрийн гол хэсэгт байдаг ширээн дээр махны хүрэн бор, модон иштэй хутга байсан юм. Д 1965 онд Архангай аймгийн Их тамир суманд төрсөн. Айлын ганц хүү, бид хоёр 1986 онд танилцаад, 1987 онд нэг гэртээ орж гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа хоёр хүүхэдтэй. Манай том хүү А одоо Нарантуулын лангуун дээр суудаг, харин бага хүү Алтаншагай Парадайсе амралтын газрын гал тогоонд нь зөөгчөөр ажилладаг.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-29х/,
6. Гэрч Д.Х-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2017 оны 12 сарын 24-ний өдөр хамтран амьдрагч Ц-г ...дагаад найз Н-ийнд нь очсон. Нийн гэрт очиход нөхөр Д, нагац ах нь гээд Ч, Н 3 гэртээ байсан. Тэднийд орохоосоо өмнө Таван шарын автобусны буудлын хажуу дэлгүүрээс чихэр боов, нэг шил 0.75 ерөөл архи авсан. Тэгээд дэлгүүрээс авч очсон архиа тавуулаа хувааж уугаад дууссаны дараа ....Д, Ч ах нэг шил 0.75 архи гаргаж ирсэн. Ц бид хоёр 21:00 цаг өнгөрч байх үед хажуу талын гэр лүү орж унтсан. Тэгээд өглөө 08:00 цагийн үед Ц-тэй хамт Дгийн гэрт ороход гэрийн баруун талын орны доод талд нөжирсөн цус болсон байсан. Юу болсон талаар асуухад Н “урьд шөнө та хоёрыг унтсаны дараа Д, Ч ах хоёр хоорондоо муудалцаад Д, Ч ахын хөлийг нь хутгаар зүсчихсэн, шөнө түргэн тусламж, цагдаа нар ирээд тэр хоёрыг аваад явсан” гэж хэлсэн. Гэрт Н ачтайгаа хамт байсан. Би баруун талын орны доод талд нөжрөөд тогтсон цусыг шалны алчуураар арчиж цэвэрлэсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-37х/,
7. Шүүгдэгч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Би Прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Хэрэг болсон өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байдаг Парадайсе амралтын газарт манаачаар ажилладаг байсан юм. Тухайн өдөр нагац ах Ч, эхнэр Н, эхнэрийн найз Ц, түүний нөхөрийн хамт, бид нар харуулын байр байрладаг гэртээ 2 шил 0.5 литрийн савалгаатай архи, нэг шил 0.75 литрийн савалгаатай архи хувааж ууцгаасан юм. Тэгээд гаднаас ирсэн хүмүүсийг амрагчдын гэрт оруулж унтуулаад, гэрт Ч ах, манай эхнэр Н, бид гурав үлдсэн. Тэр үед нь би “үлдсэн нэг шил архиа хуваагаад уучихъя” гэтэл Чука ах “уухгүй” гээд байхаар нь ширээн дээр байсан жижигхэн бор өнгийн иштэй хутгыг аваад орон дээр хэвтэж байсан Ч ахыг айлгах санаатай зангатал өөдөөс хөлөө өргөхөд нь түүний баруун хөлнийх нь өвдөгний доод хэсэгт сүлбээд орчихсон.
Тэгээд эхнэртээ түргэн дууд гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би шүүх эмнэлгийн №720 дугаартай дүгнэлтийг уншиж танилцсан. Энэ дүгнэлтэд бичигдсэн байгаа Б.Ч ахын биед учирсан гэмтлийг би хутгаар нэг удаа хатгаж учруулсан. Ч ах надаас архиа харамлаад байхаар нь айлгаж байгаад архийг нь аваад уучих санаатай л зангаж байгаад хутгалчихсан юм. Би өөрийн буруугаа хүлээж, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 60-61х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 69х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн шүүгдэгч Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө 01:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо Парадайсе амралтын газрын хашаанд байх харуулын гэрт иргэн Б.Чтай “архиа харамлалаа, архи уулгасангүй” гэснээр шалтаглан маргаж, улмаар гэрийн хойморт байсан ширээн дээрх бор модон иштэй жижиг хутгийг авч, түүний баруун хөлний шилбэнд хутгалснаас хохирогч Б.Ч-ы биед “баруун хөлний шилбэнд шарх” гэмтэл учирсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-10х/,
- хохирогч Б.Ч-ы: “...Би Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Парадайсе” нэртэй амралтын газарт манаач ажилтай юм. Уг газарт би хамаатны дүү Г.Д, Г.Д-гийн эхнэр Н нарын хамт амьдардаг юм. Г.Д нь манай ээжийн төрсөн дүү нь юм. Би Дгийн нагац ах нь юм. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г.Д, Н, бид гурвыг гэртээ байж байхад гаднаас Нийн найз эмэгтэй Ц, нөхөр Х-ы хамт орж ирсэн. Ирэхдээ 2 шил 0.5 литрийн архи авчирсан. Тэгээд тавуулаа тэр архийг нь хувааж уусан. ...Тэгээд нэлээн орой болсон хойно, цагийг нь сайн санахгүй байна. Н бид хоёр Био руу архинд явж, Биогийн дэлгүүрээс 0.5 литрийн 2 шил архи авч гэртээ ирээд ...хувааж уугаад дуусч байхад Ц, ХЧ хоёр хажуу талын гэрт “орж унтлаа” гээд гарсан. .... Тэгээд би Дг “одоо унт, амар” гэж хэлэхэд Д “унтахгүй” гэхэд нь “чи одоо ямар хаашаа юм бэ, унтаа миний дүү” гэж хэлэхэд .... Д “ах үлдсэн ганц шил архиа гаргаад өгчих” гэхээр нь би “чи одоо ууж хэрэггүй, өглөө ууя” гэхэд “одоо ууна, чи хар усаа харамлалаа, чамайг алчихвал ч алчихана шүү” гээд ...Д босож гэрийн голд ширээн дээрх мах идэж байсан бор өнгийн модон богино иштэй хутгыг аваад над руу дайрахад нь би баруун хөлөө өргөтөл миний баруун хөлний шилбэний хэсэгт хутгаараа зүссэн. Тэгээд миний баруун хөлний шилбэний доод хэсгээс маш их цус гарсан. ...Г.Дтэй маргасан зүйл болоогүй. Харин би Дг унтахгүй болохоор нь “унт, амар” гэж хэлэхэд уурлаад босож ирээд миний баруун хөлний өвдөгний шилбэний хэсэгт хутгаар зүссэн. Г.Д намайг архи өгсөнгүй гэх шалтгаанаар хутгаар зүссэн гэж бодож байна. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Тодруулах зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Уг хэргийг хааж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн “...Б.Чы биед баруун хөлийн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 720 тоот дүгнэлт /хэргийн 42х/,
- гэрч Т.Ц-гийн: “...Намайг гэр лүү ороход гэрийн баруун талын орон дээр Ч, гэрийн хойд талын дэлгэдэг орон дээр Д сууж байсан. Харин Н, гэрийн баруун талын орны урд шүүгээний хажууд ач хүүгээ тэврээд сууж байсан юм. Ч ахын баруун хөлний шилбэний дээд хэсэгт хутгаар зүсэгдсэн шарх харагдаж байсан. Зүсэгдсэн шархнаас нь маш их цус гарч байсан. Намайг нөхөр ХЧы хамт Нийн хажуу талын гэрт унтаж байхад Н гүйж орж ирээд “Д, Ч ахын хөлийг хутгаар зүсчихлээ, болохоо байлаа” гэж хэлэхээр нь би босоод гэрлүү нь орсон. ...Г.Д нь Архангай аймагт төрсөн, их дуугай, төлөв даруу зантай, мөрөөрөө хүний арга эвийг олох гээд л явдаг хүн юм. Н, Г.Д хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Д нь Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, хүнтэй хэрэлдэж муудалцаж байхыг нь би хараагүй. Ер нь хүн чанар сайн, хүний үгэнд их сайн ордог, гэр бүлдээ хайр халамжтай хүн шиг харагддаг.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26х/,
- гэрч Л.Н-ийн: “...Г.Д нь миний нөхөр юм. Би мэдүүлэг өгнө. Би нөхөр Дгийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Парадайсе” амралтын газарт манаачаар ажилладаг юм. Манай нөхөр Г.Д, нагац ах Ч, бид гурвыг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байхад өглөө 09:00 цагийн үед Ц, түүний нөхөр Х хоёр 1 шил 0.5 литрийн Ерөөл архитай ирсэн. Тэгээд авчирсан архийг нь тавуулаа хувааж уугаад, дараа нь би дэлгүүр орж дахин 0.75 литрийн Ерөөл архи авч бид нар уусан. Тэгээд нэлээн орой болсон хойно Ч ах бид хоёр Биогийн дэлгүүр орж 0.5 литрийн Их монгол архи 2 шил, 2.5 литрийн Боргио пиво нэгийг авч, ...гэртээ очоод дэлгүүрээс авсан архи, пивоо хувааж ууж байгаад, Ц, Х хоёр хажуугийн гэрт ороод унтаад өгсөн. Тэр үед нагац ах Ч “үлдсэн нэг шил архийг нь маргааш өглөө ууна, одоо уухгүй” гэж хэлэхэд Д нь “одоо ууна” гэж хэлээд тэд хоорондоо маргалдсан.
...Тэгтэл Д ширээн дээр байсан хүрэн бор өнгийн модон иштэй хутгыг аваад, гэрийн баруун талын орон дээр дээшээ хараад хэвтэж байсан Ч ах руу “алчихна шүү” гээд дайрахаар нь Ч ах “чаддаг юм бол ал” гээд баруун хөлөөрөө биеэ хамгаалах гээд хөлөө өргөөд Д рүү чиглүүлэх үед Д баруун гартаа барьж байсан хүрэн бор өнгийн модон иштэй хутгаар Ч ахын баруун өвдөгний доод хэсэгт зүссэн. Тэгээд Ч ахын баруун талын өвдөгнөөс маш их цус гарахаар нь би гэрээсээ гараад хажуу гэрт байсан Цг дуудаж сэрээгээд, Цагдаа, эмнэлэг дуудсан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-29х/,
- гэрч Д.ХЧы: “...2017 оны 12 сарын 24-ний өдөр хамтран амьдрагч Цг ...дагаад найз Нийнд нь очсон. ...Д, Ч ах нэг шил 0.75 архи гаргаж ирсэн. Ц бид хоёр 21:00 цаг өнгөрч байх үед хажуу талын гэр лүү орж унтсан. Тэгээд өглөө 08:00 цагийн үед Цтэй хамт Дгийн гэрт ороход гэрийн баруун талын орны доод талд нөжирсөн цус болсон байсан. Юу болсон талаар асуухад Н “урьд шөнө та хоёрыг унтсаны дараа Д, Ч ах хоёр хоорондоо муудалцаад Д Ч ахын хөлийг нь хутгаар зүсчихсэн, шөнө түргэн тусламж, цагдаа нар ирээд тэр хоёрыг аваад явсан” гэж хэлсэн. Гэрт Н ачтайгаа хамт байсан. Би баруун талын орны доод талд нөжрөөд тогтсон цусыг шалны алчуураар арчиж цэвэрлэсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-37х/, болсон хэрэг явдлын талаар шүүгдэгч Г.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн дээр дурьдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн шүүгдэгч Г.Д нь хохирогч Б.Ч-ы баруун хөлний шилбэ орчимд хутгалж “баруун хөлний шилбэнд шарх” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байдлаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон өөрийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг, мөн хэргийн хохирогч, шүүгдэгч, бусад гэрч нар нь тодорхой шалтаг шалтгаангүйгээр архидан согтуурсан байдал тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг тус тус тэмдэглэх нь зүйтэй. /хэргийн 60-61х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Д-гийн хохирогч Б.Ч-д “баруун хөлний шилбэнд шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргээр зүйлчлэн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон ба хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Г.Д-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан.
Тухайн хэргийн нөхцөлд хохирогч Б.Ч-ы эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Энэ хэргийн хохирогч Б.Ч нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө: “...би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. ...надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” хэмээн мэдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгч Г.Д-гээс гаргуулах баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 69х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм.
Шүүгдэгч нь анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.
Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогч Б.Ч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.Дд 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Ч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн модон бариултай ажлын хэсэг 8 см, бариул 10 см хэмжээтэй хутга 1 ширхэгийг зохих журмын дагуу устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д-г 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Д нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн модон бариултай ажлын хэсэг 8 см, бариул 10 см хэмжээтэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
5. Энэ хэрэгт Г.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Ч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД