| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2406040382537 |
| Дугаар | 2025/ДШМ/113 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Манилцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/113
2025 01 21 2025/ДШМ/113
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Манилцэцэг,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/3005 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Манилцэцэгийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.Эд холбогдох 2406040382537 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Б.Э нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шөнө” нэртэй бааранд хохирогчтой “тооцоогоо хийсэнгүй” гэж маргалдаж, “хүзүүнээс нь базаж, цохилоо” гэх шалтгааны улмаас нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж, биед нь доод уруулын няцарч, урагдсан шарх, баруун, зүүн, дээд, доод үүдэн 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: 1. Хохирогч Х.Ө нь гэмт үйлдлийн улмаас ямар эмчилгээ, үйлчилгээг авсан, уг үйлчилгээний зардал нь хэдий хэмжээний болох талаар Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэний нэхэмжлэгчийг тогтоож, холбогдох баримтыг гаргуулж, гэм хорын хохирлыг нэхэмжлэх эсэх талаар тодруулах шаардлагатай.
2. Яллагдагч нь хохирогчид тооцоо хийх талаар удаа дараа мэдэгдсэн боловч хохирогч нь хэл амаар доромжилж, улмаар яллагдагч руу түрүүлж биед нь халдсан талаар удаа дараа мэдүүлсэн байх ба уг асуудлыг шалган тодруулах ажиллагаа хийгдээгүй байна. Иймд аливаа иргэний эрх зүйн харилцаанд орж үйлчилгээ авсны дагуу төлбөрөө төлсөн эсэх, төлбөрөө төлөх тухай шаардлага тавьсныг яагаад зүй бус шаардлага тавьж маргаан үүсгэсэн гэж үзэж байгаа талаараа прокуророос хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд тухайн байгууллагад хяналтын камерын бичлэг байсан бөгөөд уг бичлэгийг оролцогчоос мөрдөгчид гаргаж өгсөн гэж байх боловч хэрэгт уг баримт авагдаагүй байх тул оролцогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналтын камерын бичлэг гаргаж өгсөн эсэх, хэрэв түүний гаргаж өгсөн хяналтын камерын бичлэгийг мөрдөгч хэрэгт хавсаргаагүй тохиолдолд холбогдох арга хэмжээг авах ажиллагааг хийж нөхөн гүйцэтгэх нь зүйтэй байна. Иймд Б.Эд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт буцтал яллагдагч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Манилцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь заалтад “... “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг...” гэж, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ. ...” гэж тус тус заасан байна.
Гэтэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт өөрийн санаачилгаар хохирол, гэм хор нөхөн төлүүлэхээр шаардлага гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш этгээдийн эрхийг зөрчсөн хязгаарласан гэсэн үндэслэлээр шүүхээр хэргийг прокурорт буцаасан нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн яллагдагч Б.Э нь гэм хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг мөрдөн шалгах ажиллагааны явцад сайн дураараа төлж барагдуулсан байна
Дээрх тохиолдолд нэгэнтээ гэм хорыг бүрэн төлж барагдуулан арилгасан байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй этгээдийг мөрдөгч, прокурорын санаачилгаар иргэний нэхэмжпэгчээр тогтоох үндэслэлгүй болно.
Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг бүхэлд нь цогц байдлаар үнэлэхгүйгээр зарим нэгэн нотлох баримтыг бусдаас нь илүү мэтээр үнэлж, үндэслэл муутай, хэргийн бодитой байдалтай нийцээгүй дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг буюу нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй байна гэж дүгнэсэн хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон урьдчилсан хэлэлцүүлгийн үе шатанд яллагдагч Б.Э нь мэдүүлэг өгөхдөө “...гэмт хэрэг болох үед хохирогч Х.Ө, яллагдагч Б.Э хоёр л байсан бөгөөд хохирогч Х.Ө нь яллагдагчийн хүзүүнээс базаж дууссаны дараа буюу хохирогчийн зүй бус үйлдэл дуусгавар болсон байхад түүний бие эрх чөлөөнд халдсан талаараа мэдүүлж байхад хэт нэг талын буюу гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг харж дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй, бусад нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа нь ойлгомжгүй байна.
Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал хамаарахгүй бөгөөд харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаардагы тул үүнийг прокурорт буцаалгүйгээр үүнийг нотлох баримтыг шинжпэн судлах байдлаар тогтоох боломжтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “...Хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана...” гэж заасан бөгөөд яллагдагчийн зүгээс өөрийн холбогдох утасны дугаар болон өөрөө биет байдлаар хэрэг шалгаж байсан мөрдөгчид хяналтын камерын бичлэгийг гаргаж өгсөн гэх баримт хавтаст хэрэгт байхгүй, хэрэг гарах үеийн камерын бичлэг байсан гэж үзэх үндэслэл бүхий баримт нотолгоо байхгүй байхад дан ганц яллагдагчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгчийн асуусан асуултад хариулсан тайлбарыг үндэслэн камерын бичлэг байгаа эсэхийг шалгаж тогтоох гэсэн үндэслэлээр хэргийг буцаасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, хэрхэн ямар байдлаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай, хүрэлцээтэй нотлох баримт хэрэгт цугларсан байхад шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, талуудын гаргасан санал, тайлбарыг үл харгалзаж, хэргийн бодит байдалтай нийцээгүй хийсвэр дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаах тухай захирамж гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. ...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж “...Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэний нэхэмжлэгчийг тогтоож, холбогдох баримтыг гаргуулж, гэм хорын хохирлыг нэхэмжлэх эсэх талаар тодруулах шаардлагатай, яллагдагч нь хохирогчид тооцоо хийх талаар удаа дараа мэдэгдсэн боловч хохирогч нь хэл амаар доромжилж, улмаар яллагдагч руу түрүүлж биед нь халдсан талаар удаа дараа мэдүүлсэн байх ба уг асуудлыг шалган тодруулах ажиллагаа хийгдээгүй, хяналтын камерын бичлэгийг мөрдөгч хэрэгт хавсаргаагүй тохиолдолд холбогдох арга хэмжээг авах ажиллагааг хийж нөхөн гүйцэтгэх ёстой байсан. ...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.
Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагчийн гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. ...” гэж зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээтэй холбогдсон асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой гэж үзэв.
Иймээс яллагдагч Б.Эд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай оролцогчийг талуудын хүсэлтээр оролцуулан яллагдагчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/3005 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Прокурор Г.Манилцэцэгийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хангаж, яллагдагч Б.Эд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ