| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Болормаа |
| Хэргийн индекс | 119/2026/0056/з |
| Дугаар | 119/ШШ2026/0056 |
| Огноо | 2026-09-29 |
| Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 119/ШШ2026/0056
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “**” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороо
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **, **, **
Гуравдагч этгээд: “**” ХХК нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026-07-27-ны өдрийн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон М-ДБ-112-12/5039 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20260102781 дугаартай “Туузан дамжуулгын хурдны хөтлүүрийн их засварын сэлбэг” тендерийн Үнэлгээний хорооны 2026-07-27-ны өдрийн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 03 дугаартай хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Маргаан бүхий тендерийг дахин үнэлэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20260102781 дугаартай “Туузан дамжуулгын хурдны хөтлүүрийн их засварын сэлбэг” тендерийн Үнэлгээний хороонд даалгах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “**” ХХК-ийн захирал **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, **, гуравдагч этгээд “**” ХХК-ийн захирал ** /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026-07-27-ны өдрийн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон М-ДБ-112-12/5039 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20260102781 дугаартай “Туузан дамжуулгын хурдны хөтлүүрийн их засварын сэлбэг” тендерийн Үнэлгээний хорооны 2026-07-27-ны өдрийн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Маргаан бүхий тендерийг дахин үнэлэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20260102781 дугаартай “Туузан дамжуулгын хурдны хөтлүүрийн их засварын сэлбэг” тендерийн Үнэлгээний хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/57 дугаар тушаалаар “Туузан дамжуулгын хурдны хөтлүүрийн их засварын сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг байгуулсан ба 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тендерийг нээж, хянан үзсэн байна.
3. “**” ХХК уг “Туузан дамжуулгын хурдны хөтлүүрийн их засварын сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцсон байна.
4. 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
5. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн захирал ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““**” ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20260102781 дугаартай “Туузан дамжуулгын хурдны хөтлүүрийн их засварын сэлбэг” тендер шалгаруулалтад оролцсон. Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 2026-06-23-ны М-ДБ-112-12/4382 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлээр тус тендер шалгаруулалтад илгээсэн манай компанийн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.161 дэх хэсэгт заасны дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгож буй талаар мэдэгдсэн. Гэтэл бусад оролцогчоос Сангийн яаманд гомдол гаргаж улмаар манай компанид гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж улмаар “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон талаар 2026-07-27-ны өдрийн М-ДБ-112-12/5039 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдсэн. Сангийн яамны тухайн тендерт дахин үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн үндэслэл нь тодорхой бус байна. Тус тендерт шалгарсан нээлттэй материалыг хянан үзэхэд дараах 2 тендерийн зүйл заалтыг зөрчсөн байна. “**” ХХК-ийн тендерт ирүүлсэн зураг нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн техникийн үзүүлэлт хэсгийн нэмэлт шаардлага 34 дэх хэсэгт заасан “Иж бүрдэл хөтлүүргийн техникийн зургийг ISO 7200 стандартын дагуу боловсруулан үйлдвэрлэгчээр баталгаажуулан ирүүлэх” гэснийг зөрчсөн, мөн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 12.1 дэх хэсэгт “тендер шалгаруулалтын хэл монгол хэл байна”, “...оролцогчдын ирүүлэх тендер монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер түүний доторх баримт бичиг, мэдээллийг баталгаат орчуулгын хамт бэлтгэн ирүүлнэ. Тендерийн материалыг Монгол хэл дээр ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно” гэсний зөрчиж техникийн зураг нь орчуулгагүй байхад шаардлагад нийцсэн тендер гэж дүгнэн тендерийг үнэлэх үе шатанд оруулан үнэлж улмаар хамгийн сайн тендер гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26-р зүйлд тендерийг хянан үзэх үе шатыг хуульчилсан бөгөөд тус зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ” гэж заасан. Мөн зүйлийн 26.4 дэх хэсэгт Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:
26.4.1.ЭНЭ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх;
26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх;
26.4.3.захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх;
26.4.4.тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх гэжээ.
Тодруулбал хуулийн 26-р зүйлийн 26.9 дэх хэсэгт “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 26.10 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана” гэж тодорхой заасан байхад тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг хангаагүй оролцогчийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж дүгнэсэн байна. Иймд дээрх хууль бус захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгуулах замаар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20260102781 дугаартай “Туузан дамжуулгын хурдны хөтлүүрийн их засварын сэлбэг” нийлүүлэх тендер шалгаруулалтад оролцсон. Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн М-ДБ-112-12/4382 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлээр тендер шалгаруулалтад илгээсэн манай компанийн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн гэж үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгосон гэдэг мэдэгдэл авсан. Сангийн яаманд бусад оролцогчид гомдол гаргасан. Сангийн яам гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, Үнэлгээний хороог дахин үнэлгээ хийхээр шийдвэрлэсэн. Дахин үнэлгээ хийсэн шийдвэр буюу Үнэлгээний хорооны 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл шийдвэрээр “**” ХХК гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн М-ДБ-112-12/5039 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн байна. Уг тендерт дахин үнэлгээ хийсэн 07 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл, баримтуудыг үзэхэд энэ хоёр компани хоёулаа шаардлага хангаж байна, гэхдээ “**” ХХК бага үнийн санал ирүүлсэн учраас гэрээ байгуулах эрх олгосон гэсэн агуулга харагддаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудыг судлаад үзэхэд “**” ХХК-ийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ” гэсэн хянан үзэх процессын явцад хасагдах ёстой компани байсан гэж үзэж байгаа.
Нэгдүгээрт “**” ХХК-ийн тендерт ирүүлсэн зураг нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн техникийн үзүүлэлтийн нэмэлт шаардлага гэдэг хэсгийн 34 дэх хэсэгт заагдсан Иж бүрдэл хөтлүүрийн техникийн зургийг ISO 7200 стандартын дагуу боловсруулан үйлдвэрлэгчээр баталгаажуулан ирүүлэх гэснийг зөрчсөн. Эхний Үнэлгээний хорооны хурал дээр энэ зураг нь шаардлага хангахгүй байна гэдэг тухай асуудал яригдсан. Хоёрдугаарт ТШЗ 12.1-д заасан “тендер шалгаруулалтын хэл монгол хэл байна, ...оролцогчдын ирүүлэх тендер монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер түүний доторх баримт бичиг, мэдээллийг баталгаат орчуулгын хамт бэлтгэн ирүүлнэ. Тендерийн материалыг Монгол хэл дээр ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно” гэснийг зөрчиж техникийн зураг нь орчуулгагүй байхад шаардлагад нийцсэн тендер гэж дүгнэн тендерийг үнэлэх үе шатанд оруулан үнэлж улмаар хамгийн сайн тендер гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэх заалт зөрчигдөж байна. Тендерийн баримт бичиг гэдэг ойлголтод тухайн компанийн тендерт орсон бүх материал, сертификат, техникийн зураг зэргийг бүгдийг хамааруулж ойлгох ёстой. Гэтэл энэ зураг нь ISO стандартын дагуу боловсруулагдаагүй, тендерийн баримт монгол хэлээр байх ёстой гэдэг тусгай шаардлага зөрчсөн байхад шаардлагад нийцсэн тендер гэж үзэх боломжгүй. Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.10-т зааснаар шаардлага хангаагүй гэж татгалзах ёстой байхад шалгаруулсан нь “**” ХХК-ийн эрхийг зөрчиж байгаа. Энэ асуудлаар холбогдох судалгааг хийж “**” ХХК-тай ижил төстэй алдаатай тендерүүдийг шүүх хэрхэн шийдэж байсныг өөрсдөө болон хиймэл оюун ухаан ашиглаж хайж үзэхэд тодорхой кэйсүүд гарч ирж байна. Тухайлбал Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Ус оруулах шахуургын сэлбэг” гэсэн тендерийн маргааныг хэрхэн шийдвэрлэсэн 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаартай шийдвэр байна. Уг шийдвэрийн 3.17-д “...ТШЗ 12.1-д Тендер шалгаруулалтын хэл: Монгол хэл Тендер шалгаруулалтын зарлал, баримт бичиг, урилгыг гадаад хэлээр давхар нийтэлсэн эсэхээс үл хамааран тендер шалгаруулалтын баримт бичиг, тендер шалгаруулалттай холбогдох албан бичиг, захидал, бусад баримт бичиг, оролцогчдын ирүүлэх тендер Монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг баталгаат орчуулгын хамт бэлтгэн ирүүлнэ. Тендерийн материалыг Монгол хэл дээр ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан байна...” гэх бөгөөд иймд нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендер шаардлагад нийцэхгүй гэж дүгнэсэн байна. 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0625 дугаартай шийдвэрт мөн адил ТШЗ 12.1-д монгол хэлээр ирүүлнэ гэсэн агуулга байна. Үүнд дипломын хуулбар орос хэлээр байна, дипломыг өөрсдөө орчуулсан буюу баталгаат орчуулгагүй байгаа учраас шаардлагад нийцэхгүй байна гэжээ. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 632 дугаартай шийдвэрийн 13 дахь хэсэгт мөн адил Монгол хэлээр ирүүлнэ, зураг схем монгол хэлээр байх шаардлагатай гэсэн байна. 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 569 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хороонд холбогдох Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажлын багц №1 тендертэй холбоотой магадлалын 22 дахь хэсэгт мөн адил тендерийн баримт бичигт заасан орчуулгын баримт бичгүүд бүрэн баталгаажаагүй алдаатай байна гэж үзсэн байна.
Иймд “**” ХХК-ийн ирүүлсэн баримт гадаад хэл дээр байсан гэдэг нь хурлын тэмдэглэл, гуравдагч этгээдийн өөрсдийнх нь тайлбараас нотлогдоно. Гуравдагч этгээд өмнө нь олон удаа нийлүүлж байсан гэж тайлбарладаг. Гэтэл өмнө яасан нь хамаагүй. Тендерийн материал хуульд заасны дагуу ирүүлсэн эсэхийг Сангийн яам болон шүүх шийдвэрлэх ёстой. Сангийн яам яагаад илэрхий алдаатай байхад нь ийм шийдвэр гаргаж байгаа вэ гэдэг нь эргэлзээтэй. Энэ асуудлаар манай компанийн зүгээс холбогдох албан тушаалтнуудтай холбоотой асуудлаар холбогдох газарт нь хандах асуудал яригдаж байгаа. Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад үзэхэд “**” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүй байна. Иймд энэхүү Үнэлгээний хорооны шийдвэр, эрх олгосон мэдэгдэл зэргийг хүчингүй болгож, дахин үнэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд уг тендер нь 445.050.000 төгрөгийн төсөвт өртөгтэй нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулагдахаар тусгагдсан. Үүний дагуу Үнэлгээний хороог "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2026 оны 02 дүгээр сарын 04-ний өдрийн А/57р тушаалаар байгуулсан. Тус тендерийг цахим хэлбэрээр www.tender.gov.mn сайтад 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нийтэд нээлттэй зарлахад "**" ХХК, "**" ХХК, "**" ХХК гэсэн 3 оролцогч материалаа ирүүлсэн. Хуульд заасны дагуу болон бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичгийн дагуу шалгуур үзүүлэлтээр үнэлээд хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасны дагуу хамгийн сайн тендер ирүүлсэн гэж “**” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлж байсан. Харин “**” ХХК-ийг захиалагчийн шаардсан техникийн зургийг баталгаат орчуулгаар орчуулж ирүүлээгүй гэдэг шалтгаанаар тендерийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй гэж дүгнээд 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн М-ДБ-112-12/4383 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийг хүлээж аваад “**” ХХК Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны зүгээс захиалагчаас ирүүлсэн тендерийн материалыг хянаж үзээд 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03/8354 дугаартай албан бичгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ирүүлсэн байдаг. Уг албан бичигтээ “...Захиалагчийн техникийн тодорхойлолтод "Туузан дамжуулгын хурдны хөтлүүр-ХЗКА140е/НU/Т/иж бүрдэл/SЕW-ЕURODRIVЕ /эсвэл түүнтэй дүйцэх/ 34. Иж бүрдэл хөтлүүрийн техникийн зургийг 180 7200 стандартын дагуу боловсруулан үйлдвэрлэгчээр баталгаажуулан ирүүлэх” гэж заасан байна. Тус техникийн зурагт барааны хэмжээс, техникийн үзүүлэлтийг тоон утга стандарт инженерийн тэмдэглэгээ болон техникийн дүрслэлээр илэрхийлсэн бөгөөд зургийн доод хэсэгт зурагтай холбоотой тайлбар, мэдэгдлийг гадаад хэлээр тусгасан байна. Дээрх техникийн зурагт тусгагдсан барааны хэмжээс, техникийн үзүүлэлт нь тоон утга, инженерийн тэмдэглэгээ болон техникийн дүрслэлээр тодорхой илэрхийлэгдсэн байх тул захиалагч уг мэдээлэлд үндэслэн тус компанийн санал болгосон бараа техникийн тодорхойлолтод нийцэж байгаа эсэхийг хянан үзэх боломжтой байна. Иймд техникийн зураг дахь тайлбар, мэдээллийг монгол хэлээр орчуулаагүй гэх үндэслэлээр тус компанийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна...” гэжээ. Хоёрдугаарт гэрээ байгуулах эрх олгосон "**” ХХК-ийн тендерийг хянан үзээд ирүүлсэн техникийн тодорхойлолтынх нь үзүүлэлт зөрүүтэй байна гэсэн байсан. Сангийн яамнаас ирсэн албан бичгийн дагуу Үнэлгээний хороо 2 дахь удаа хуралдсан. Уг хуралдаанаар “**” ХХК-ийн бараа бүтээгдэхүүний орчуулгагүй байна гэсэн Сангийн яамны албан бичгийн дагуу судалж үзээд уг бараа бүтээгдэхүүн дээр байгаа техникийн үзүүлэлтүүд, тоон утга, тэмдэглэгээ, техникийн дүрслэлээр энэхүү бараа бүтээгдэхүүнийг үнэлж болохуйц байна гэдэг дээр санал нэгдээд, өмнөх гаргасан шийдвэрээ өөрчлөөд тендерийн баримт бичигт нийцэж байна гэж дүгнэсэн. “**” ХХК-ийн албан бичигт дурдсан үзүүлэлтүүд зөрүүтэй байна гэдгийг хүлээж аваагүй аль аль баримт бичиг нь шаардлагад нийцэж байна гэж үзээд бага үнийн санал ирүүлсэн гэдгээр “**” ХХК-ийг шалгаруулж шийдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2-т заасныг үндэслээд “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож мэдэгдэл хүргүүлсэн. Захиалагчийн зүгээс хуулийн заалт болон Тендерийн баримт бичигт гомдол гаргах журмын 1.3-т заасныг баримтлаад “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.” гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ тендерт ялангуяа тоног төхөөрөмжийн хувьд үйлдвэрлэгчээс техникийн зураг шаарддаг. Аливаа тоног төхөөрөмжийн бүх зүйлийг үйлдвэрлэхдээ техникийн зургийг үндэслэдэг. Дараа нь үйлдвэрлэгдээд ирсэн зүйл нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т таарахгүй байх асуудал гардаг учраас техникийн зураг шаарддаг. Уг техникийн зураг дээр бидний авах гэж байгаа тоног төхөөрөмж, бидний үйлдвэрлэлийн нөхцөл, хэмжээ зэрэг бүх зүйлтэй таарч байна уу гэдгийг техникийн зургаас урьдчилж хардаг. Энэ зураг дээр тоон утгууд тэмдэглээстэй байдаг. Өндөр, өргөн, урт богино гэх мэт янз бүрийн хэмжээснүүд л байдаг. Бидний авах гэж байгаа зүйл таарч байна уу гэдгийг л харах зорилготой. Сангийн яамнаас ирсэн албан бичигт бидний гаргасан эхний шийдвэрийг үндэслэлгүй байна гэсэн учраас дахиж хуралдаад шийдвэр гаргасан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны гишүүдийг дээд шатны захиргааны байгууллага буюу Сангийн яамны шийдвэрийг биелүүлээгүй байна гэж буруутгадаг маш олон кейс дээр байдаг. Үүнээс болоод дээд шатны байгууллагын шийдвэр бидэнд болж байгаа эсэхийг харьцуулаад Үнэлгээний хороо шийдвэр гаргадаг. “**” ХХК-ийн гаргасан гомдолтой холбоотой хэмжээ зэргийг бид судалж үзсэн. Тэр нь яах аргагүй Хятад улсын сайт байсан. Бид орчуулж үзэх боломжгүй, тендерт ирсэн материалын хүрээнд л үздэг. Уул уурхайн тоног төхөөрөмж нь маш өндөр өртгөөр бүтдэг. Зах зээл дээр лангуун дээр байж байдаг, нэг газраас худалдаж авдаг зүйл биш. Уул уурхайн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэхэд тодорхой инженерчлэл хэрэгтэй. “Эрдэнэт үйлдвэр” 1978 оноос хойш ажиллаж байна. Анх ЗХУ-д үйлдвэрлэгдэж байсан бүтээгдэхүүн суурилуулж байсан. 45 дахь жилдээ ажиллаж байгаа учраас хуучирч муудаад солих, засварын асуудал үүсдэг. Одоо энэ их засварын ажлаар яригдаад байгаа бүтээгдэхүүн нь Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт ашиглах гэж байгаа хөдөлгүүр юм. Уг хэсэгт 9 конверь байдгаас 7-г нь шинэчилсэн, энэ тендерээр 2-г нь солих гэж байсан. Үйлдвэрлэлд тоног төхөөрөмжийг нутагшуулах ажиллагаа нь бүх компанид нээлттэй байдаг. Уул уурхайн компаниуд бүгд адилхан биш. Өөр газар суурилуулсан байх нь хамаагүй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өөрөө онцлогтой. Иймд тоног төхөөрөмжөө авч ирээд, нутагшуулаад, инженерийн дүгнэлт гаргуулах асуудал бүх компанид нээлттэй. Гол асуудал нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бодлогын хувьд баталгаажсан, нутагшсан техник авна. Эвдрэл гэмтэл гарах юм бол маш том үр дагавар үүсгэдэг. Жишээ нь энэ хөтлүүр зогсоход дагаад үндсэн тоног төхөөрөмж буюу тээрмүүд зогсоно. 1 тээрэм 1 цаг зогсоход олон сая долларын асуудал яригдах буюу дунджаар 44,000,000 төгрөгийн хохирол учирна. Үнэлгээний хороо олонхоороо зургийг орчуулах ёстой гэдэг шийдвэр гаргасан. Сангийн яам орчуулга байсан ч байгаагүй ч үнэлж болохоор байна, та нарын гаргасан шийдвэр үндэслэлгүй гэсэн. Бид Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар дээд шатны шийдвэрийг дагах ёстой. Орчуулгатай орчуулгагүй бид шаардлагатай мэдээллээ авч байна гэж үзсэн, боломжтой зүйлээ л үнэлсэн. Зургийн хувьд хэмжээснүүд нь манайд нийцэж учраас болж байна гэж үзсэн 2 дугаарт нэхэмжлэгч “**” ХХК-ийн Сангийн яамнаас өгсөн шийдвэрийн дагуу асуудлыг сайт руу орж нягтлах боломж байгаагүй. Бид сайт руу орж үзсэн боловч манайд болж байгаа эсэхийг үнэлэх боломж байгаагүй.” гэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “** төлөөлөгчтэй санал нэг байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-н Үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар дагах ёстой гэж удирдлагаас шаарддаг. Үнэлгээний хорооны зөвлөмжийг манай мониторинг бас шалгадаг.” гэв.
10. Гуравдагч этгээд “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн тендерт сонгон шалгаруулалт явуулаад Үнэлгээний хороо “**” ХХК-ийг шалгаруулсны дараа тендерийн нээлттэй бичиг баримттай танилцсан. Манай компани Монголын зах зээлд 14 дэх жилдээ ажиллаж байна. Яг энэ хөдөлгүүрийн чиглэлээр дагнасан мэргэжлийн компани гэж хэлж болно. Тухайн үйлдвэрлэгчийн захиалагчаас тавьсан шаардлагын дагуу HHH маркийн хөдөлгүүрийн туузан дамжуулагч бүтээгдэхүүнд мэргэжлийн инженерийг авч ирж инженерчлэл тооцооллыг хийлгэсэн. Үүний үндсэн дээр бид зөвхөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т биш Монголын бүх уул уурхайн компаниудтай хамгийн үр дүнтэй ажиллагаа явуулдаг. Энэ нь өндөр бүтээмжтэй үйлдвэрлэл явуулдаг үйлдвэрлэгч. “**” ХХК-ийн ирүүлсэн техникийн зурагт нэгдүгээрт ISO7200 гэдэг стандарт нь баруун доод буланд стандартын дагуу тухайн бүтээгдэхүүний мэдээлэл, масштаб, бодит хэмжээнээс хэд дахин бууруулсан бэ гэдэг мэдээлэл, зураг зохиогч, зургийг баталсан үйлдвэрлэгчийн мэдээллийг бүгдийг оруулсан байхыг хэлж байгаа юм. Энэ нь дэлхий даяар ашиглагдаж байгаа, чөлөөтэй хөрвөх чадалтай байх мэдээллийг оруулах стандарт. “**” ХХК нь ISO7200 гэж бичсэн байгаа боловч ингэж бичсэнээрээ тухайн стандартыг хангаж байгаа гэсэн үг биш. Би Үнэлгээний хорооны гишүүдийн нэрсийн жагсаалтыг харахад **, ** нараас бусад нь инженер биш хүмүүс байсан. Зарим инженер гэх хүмүүс ч үүнийг мэддэггүй. “**” ХХК-ийн зургийн дээд буланд техникийн үзүүлэлт гэж ирүүлсэн хүснэгт байгаа. Тэр хүснэгтэд алдаатай мэдээлэл байгаа. Дамжуулах тооны зөрүүтэй байдал, буцах эргэгчийн буруу байрлал зэрэг асуудал байгаа. Давтамж хувиргагчийн мэдээллийг оруулсан байгаа. INOVANCE AC800-4T-075G гэсэн нь дурдагдсан бол тухайн зурагт давтамж хувиргагчийн зураг бас орсон байх ёстой. Эдний жишээ зураг шиг ингэж хийгддэггүй. Манай ирүүлсэн зурагтай харьцуулж үзээрэй. Энэ бүтээгдэхүүнийг ингэж ашиглаж болно гэдэг тооцоог хийж зураг гарсан. Тийм учраас Сангийн яам манай гомдлыг хүлээж авсан. Манай зурагт ямар ч текст байхгүй. “**” ХХК-ийн хувьд ямар ч зурагт хүлцэж болох стандарт гэж байдаг. Миллиметр хэмжээ зөрүү гарахыг хүлцэж болно. Гэтэл өөрсдийнх нь зураг дээр хүлцэл байхгүй. Өөрсдөө давтамж хувиргагч үйлдвэрлэдэг компани. Гэтэл өөр компанийн давтамж хувиргагчийг оруулахдаа огт байхгүй зүйл зохиосон. Тэр компанийн төлөөлөгч нь манай компанитай хамтарч ажиллах санал тавьсан. Техникийн бичиг баримтад тавигдах шаардлагад үйлдвэрлэгчээс авсан зөвшөөрөл хавсаргана гэж байгаа. Үүнийг Үнэлгээний хороо харгалзаж үзээгүй давтамж хувиргагчийг нь орхигдуулсан. Манайх давтамж хувиргагчийг санал болгохоор ирүүлсэн. Манайх энэ үйлдвэрлэгчийн Монгол дахь албан ёсны дистрибьютер эрхтэй. Анхнаасаа эдгээр үзүүлэлтийг хянаж үзээд шалгаруулаагүй байсан бол энэ нэхэмжлэл үүсэх үү гэдэг асуудал байна. “**” ХХК-ийн Эрдэнэбат гэдэг хүн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж байсан уу гэдгийг асуумаар байна. Манай техникийн зурагт орчуулах текст байхгүй. Олон улсын стандартын дагуу тоон утгаар илэрхийлсэн байхад үүнийг орчуулж болохгүй.” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн тухайд:
1.1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026-07-27-ны өдрийн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон М-ДБ-112-12/5039 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20260102781 дугаартай “Туузан дамжуулгын хурдны хөтлүүрийн их засварын сэлбэг” тендерийн Үнэлгээний хорооны 2026-07-27-ны өдрийн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Маргаан бүхий тендерийг дахин үнэлэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20260102781 дугаартай “Туузан дамжуулгын хурдны хөтлүүрийн их засварын сэлбэг” тендерийн Үнэлгээний хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:
2.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ЭҮТӨҮГ/20260102781 дугаартай “Туузан дамжуулгын хурдны хөтлүүрийн их засварын сэлбэг” нийлүүлэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог Ерөнхий захирлын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/57 дугаар бүхий тушаалаар байгуулжээ.
2.2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас захиалсан ЭҮТӨҮГ/20260102781 дугаартай “Туузан дамжуулгын хурдны хөтлүүрийн их засварын сэлбэг” нийлүүлэгчийг шалгаруулах нээлттэй тендерт “**” ХХК, “**” ХХК, “**” ХХК-иуд оролцсон.
2.3. Үнэлгээний хорооны 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэлээр тендерт оролцогч “**” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж хянан үзэж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байна.
2.4. “**” ХХК нь захиалагчийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн М-ДБ-112-12/4382, Т-ДБ-112-12/4383 дугаар мэдэгдлүүдийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байх ба Сангийн яам гомдлын дагуу маргаан бүхий тендерийг хянаад 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03/8354 дугаартай шийдвэрээр” ... 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн М-ДБ-112-12/4382, Т-ДБ-112-12/4383 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийлгэх”-ээр шийдвэрлэсэн байна.
2.5. Үнэлгээний хороо 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар тендерийг дахин хянан үзэж, “**” ХХК болон “**” ХХК-иудын тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэн, хамгийн бага үнийн санал гаргасан “**” ХХК-ийг тендерийг хамгийн сайн тендер ирүүлсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр 03 дугаар тэмдэглэлээр шийдвэрлэжээ.
Захиалагч болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн М-ДБ-112-12/5038 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “**” ХХК-д, 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн М-ДБ-112-12/5039 дугаартай мэдэгдлээр “**” ХХК-ийг тендерийн үнийг эрэмбэлэхэд 2 дугаарт эрэмбэлэгдсэн болохыг тус тус мэдэгдсэн байна.
3. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар:
3.1. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн нэхэмжлэлийг дараах хууль зүйн үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3.2. “**” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “**” ХХК тендерийн баримт бичигт ирүүлсэн зураг нь стандартын шаардлага хангаагүй, орчуулгагүй байхад шаардлагад нийцсэн тендер гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргасан болно.
3.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "Тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, Өгөгдлийн хүснэгт /ӨХ/, техникийн тодорхойлолт, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарна.
3.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Гуравдугаар бүлгээр худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан бөгөөд тухайлбал, хуулийн 26 дугаар зүйлд “Тендер хянан үзэх”, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 26.4.2-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Тендер үнэлэх”, 30 дугаар зүйлийн 30.1-д заасан “Гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульд зохицуулсан.
3.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2-т “Тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх”, 50.2.3-д “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж зааснаар тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна.” гэж зааснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн үнэлгээний хороо нь 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай хуралдааны тэмдэглэлийг гаргажээ.
3.6. Захиргааны Ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-д “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ.”, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тушаалын хавсралтаар баталсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 1.3-д “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ.” гэж тус тус заасны дагуу Үнэлгээний хороо 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар хуралдаанаар Сангийн яамны 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03/8354 дугаар албан бичигт “... “**” ХХК-ийн техникийн зурагт тусгагдсан барааны хэмжээс, техникийн үзүүлэлт нь тоон утга, инженерийн тэмдэглэгээ болон техникийн дүрслэлээр тодорхой илэрхийлэгдсэн байх тул захиалагч уг мэдээлэлд үндэслэн тус компанийн санал болгосон бараа техникийн тодорхойлолтод нийцэж байгаа эсэхийг хянан үзэх боломжтой ...” гэж,
““**” ХХК-ийн тендерт ирүүлсэн харьцуулсан техникийн тодорхойлолт болон техникийн зурагт санал болгосон барааны загварыг WJRHB3HH7-35.5 ...” гэж, хөтлүүрийн дамжуулах тоог 33.46 гэж заасан байна. ...”** ХХК-ийн санал болгосон барааны дамжуулах тооны үзүүлэлт нь захиалагчийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг нягталж, шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэх” гэж,
“**” ХХК-ийн санал болгож буй цахилгаан хөдөлгүүрийн төрөл, давтамж хувьсгуурын үзүүлэлт нь захиалагчийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг нягталж, хянан үзэх” гэж үзээд захиалагчийн гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгон тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье” гэсний дагуу тендерийн Үнэлгээний хороо дахин хянан үзсэн байна.
3.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.18-д “Техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг ойлгохоор заасан.
3.8. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж зааснаар “Туузан дамжуулгын хурдны хөтлүүрийн их засварын сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтыг Тендер шалгаруулалтын баримт бичгийн хүрээнд тендер сонгон шалгаруулалтыг явуулжээ.
3.9. Нэхэмжлэгч “**” ХХК нь “**” ХХК-ийг тендер шалгаруулалтын баримт бичигт ирүүлсэн техникийн зураг нь техникийн үзүүлэлт хэсгийн нэмэлт шаардлагын 34 дэх хэсэгт заасан “Иж бүрдэл хөтлүүрийн техникийн зургийг ISO 7200 стандартын дагуу боловсруулан үйлдвэрлэгчээр баталгаажуулан ирүүлэх хэсгийг зөрчсөн гэж маргасан.
3.10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана.”, 12.7-д “Барааг үйлдвэрлэх, нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх явцад баримтлах тусгайлсан шаардлагыг техникийн тодорхойлолтод тусгаж болно.” гэж заасны дагуу тендерийн Үнэлгээний хороо техникийн тодорхойлолт болох “Техникийн үзүүлэлт”-ийг боловсруулахдаа ”Нэмэлт шаардлага”-ыг тусгасан байна.
3.11. Дээрх нэмэлт шаардлагад “Иж бүрдэл хөтлүүрийн техникийн зургийг ISO 7200 стандартын дагуу боловсруулан үйлдвэрлэгчээр баталгаажуулан ирүүлэх” гэж тусгасан ба гуравдагч этгээд “**” ХХК нь дээрх шаардлагыг хангасан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
3.12. Мөн нэхэмжлэгч компани тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 12.1 -д “Тендер шалгаруулалтын хэл: Монгол хэл Тендер шалгаруулалтын зарлал, баримт бичиг, урилгыг гадаад хэлээр давхар нийтэлсэн эсэхээс үл хамааран тендер шалгаруулалтын баримт бичиг, тендер шалгаруулалттай холбогдох албан бичиг, захидал, бусад баримт бичиг, оролцогчдын ирүүлэх тендер Монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг баталгаат орчуулгын хамт бэлтгэн ирүүлнэ. Тендерийн материалыг Монгол хэл дээр ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно.” гэсэн шаардлагыг “**” ХХК хангаагүй байхад хамгийн сайн тендер гэж дүгнэн, гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус гэж маргасан болно.
3.13. Тендерийн Үнэлгээний хороо 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар “**” ХХК-ийг тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 12.1-д заасан шаардлага болох захиалагчийн шаардсан техникийн зургийг баталгаат орчуулгаар орчуулж ирээгүй гэсэн үндэслэлээр тус компанийн тендерээс татгалзаж, 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн М-ДБ-112-12/4383 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн байдаг.
3.14. Дээрх захиалагчийн шийдвэрт “**” ХХК, Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яам 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03/8354 дугаар албан бичгээр “ ...техникийн зураг дахь тайлбар. Мэдээллийг монгол хэлээр орчуулаагүй гэх үндэслэлээр тус компанийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. ...захиалагчийн М-ДБ-112-12/4383 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна.” гэжээ.
3.15. Тендерийн Үнэлгээний хороо Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тушаалын хавсралтаар баталсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 1.3-д “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ.” гэж заасны дагуу 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар хуралдаанаар “**” ХХК-ийн тендерийн баримт бичгийг шаардлага хангасан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
3.16. Тодруулбал, “**” ХХК-ийн техникийн зураг нь тухайн зурагт тусгагдсан барааны хэмжээс, тоон утга, инженерийн тэмдэглэгээ, техникийн дүрслэлээр тодорхой илэрхийлэгдсэн гэж үзэн тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 12.1-д заасан шаардлагыг хангасан гэж тендерийн Үнэлгээний хороо үзсэн нь үндэслэлтэй байна.
3.17. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендер шалгаруулалтын техникийн баримт бичгийн шаардлага хангасан гэж үзэн захиалагч 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн М-ДБ-112-12/4382 дугаартай мэдэгдлээр гэрээ байгуулах эрх олгосон боловч Сангийн яамны 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03/8354 дугаар албан бичгээр “ ...тендерт ирүүлсэн харьцуулсан техникийн тодорхойлолт болон техникийн зурагт санал болгосон барааны загварын WJRHB3HH7-35.5 ...” гэж, хөтлүүрийн дамжуулах тоог 33.46 гэж заасан байна. ...“** ХХК-ийн санал болгосон барааны дамжуулах тооны үзүүлэлт нь захиалагчийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг нягталж, шаардлагад нийцсэн эсэхийг, цахилгаан хөдөлгүүрийн төрөл, санал болгож буй барааны давтамж хувьсгуурын үзүүлэлтүүд нь захиалагчийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг нягтлан хянан үзэх нь зүйтэй.” гэсэн үндэслэлээр захиалагчийн дээрх шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
3.18. Тендерийн Үнэлгээний хороо 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар “**” ХХК-ийн тендерийн баримт бичгийг шаардлага хангасан эсэх талаар Сангийн яамны албан бичгийн дагуу хянан үзэх гэсэн боловч тухайн албан бичигт дурдсан сайтаар ороход бараа санал болгож байгаа компанийн үндсэн сайтны нүүр хэсэг л гарч байсан учраас тухайн компанийн тендерийн баримт бичиг шаардлага хангасан гэж үзсэн гэж тайлбарласан болно.
3.19. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-д “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 50.2.1-д “тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах” заасан чиг үүргийнхээ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо нь “Туузан дамжуулгын хурдны хөтлүүрийн их засварын сэлбэг” нийлүүлэх тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, нэмэлт шаардлагыг боловсруулсан байна.
3.20. Туузан дамжуулагчийн хурдны хөтлүүр-ХЗКА140е/HU/ T /Иж бүрдэл/ SEW-EURODRIVE /эсхүл түүнтэй дүйцэх/ байхаар техникийн үзүүлэлтийг тодорхойлсон ба хөтлүүрийн ерөнхий үзүүлэлт болох “дамжуулах тоо”-ны үзүүлэлтийг “33.46” байхаар захиалагч тодорхойлсон байхад “**” ХХК техникийн зурагт санал болгосон барааны загварыг “WJRH3HH7-35.5” гэж дамжуулах тооны үзүүлэлтийг 35.5 байхаар ирүүлсэн нь техникийн үзүүлэлтийн шаардлагыг хангаагүй, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.5-ын 2-д “Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна.” заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй байна.
3.21. Гуравдагч этгээд “**” ХХК нь нэхэмжлэгч компанийг техникийн үзүүлэлтийн 29 дугаарт АСS880-07-0145А-3 үзүүлэлттэй давтамж хувьсгуурын техникийн зургийг үйлдвэрлэгчээр баталгаажуулж ирүүлээгүй, давтамж хувьсгуурын техникийн зургийг үйлдвэрлэгчээр баталгаажуулж ирүүлэх байсныг нэхэмжлэгч “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн зэргээс дүгнэхэд “**” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20260102781/02/01 дугаартай “Туузан дамжуулгын хурдны хөтлүүрийн их засварын сэлбэг” нийлүүлэгчийг сонгох тендерт ирүүлсэн тендерийн баримт бичиг нь шаардлага хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
3.22. ЭҮТӨҮГ/20260102781/02/01 дугаартай “Туузан дамжуулгын хурдны хөтлүүрийн их засварын сэлбэг” нийлүүлэгчийг сонгох тендерийн Үнэлгээний хороо 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар “**” ХХК, “**” ХХК-иудын тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” зааснаар хамгийн бага үнийн санал гаргасан “**” ХХК-ийг хамгийн сайн тендер гэж үзэн гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэжээ.
3.23. Хэдийгээр “**” ХХК-ийг хамгийн бага үнийн санал гаргасан гэх үндэслэлээр хамгийн сайн тендер ирүүлсэн гэж Үнэлгээний хороо дүгнэсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэснийг зөрчөөгүй, харин тендерийн баримт бичгийн техникийн шаардлагыг “**” ХХК хангаагүй болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул захиргааны байгууллагыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.
3.24. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасан.
3.25. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэдэг.
3.26. Нэгэнт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Туузан дамжуулгын хурдны хөтлүүрийн их засварын сэлбэг” нийлүүлэгчийг сонгох тендерт нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендер шаардлага хангаагүй, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороо нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, захиргааны актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
3.27. Иймд дээрх үндэслэлүүдээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж зааснаар Үнэлгээний хорооны зөвлөмж, захиалагчийн мэдэгдэл нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026-07-27-ны өдрийн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон М-ДБ-112-12/5039 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20260102781 дугаартай “Туузан дамжуулгын хурдны хөтлүүрийн их засварын сэлбэг” тендерийн Үнэлгээний хорооны 2026-07-27-ны өдрийн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 03 дугаартай хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Маргаан бүхий тендерийг дахин үнэлэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20260102781 дугаартай “Туузан дамжуулгын хурдны хөтлүүрийн их засварын сэлбэг” тендерийн Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.7, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026-07-27-ны өдрийн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон М-ДБ-112-12/5039 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20260102781 дугаартай “Туузан дамжуулгын хурдны хөтлүүрийн их засварын сэлбэг” тендерийн Үнэлгээний хорооны 2026-07-27-ны өдрийн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Маргаан бүхий тендерийг дахин үнэлэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20260102781 дугаартай “Туузан дамжуулгын хурдны хөтлүүрийн их засварын сэлбэг” тендерийн Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА