2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/09805

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 13 191/ШШ2025/09805

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ******* хороо, Мэргэжилтан ******* байр, ******* тоот хаягт оршин суух, Дашдоржийн Одпүрэвийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Одпүрэв,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Одпүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Одпүрэв миний бие 1988 оны 08 сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд микробиологийн шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн ариутгал савалгааны тасагт аппаратчинаар ажилласан. микробиологийн шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдэл 2003 онд Монэнзим ХХК болж нэршлээ өөрчилсөн.

Хөдөлмөрийн дэвтэрт ажилласан талаар бичигдсэн хэдий боловч холбогдох тушаалууд байхгүйгээс дээрх ажилласан хугацаа тооцогдохгүй байгаа. Ажиллаж байсантайгаа холбоотой лавлагааг Нийслэлийн архив, Үндэсний төв архиваас гаргуулахаар хүсэлт гаргасан боловч баримт байхгүй гэсэн хариуг өгсөн.

Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Д.Одпүрэв нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн талаарх Баянзүрх дүүргийн ******* хорооны засаг даргын тодорхойлолт,

Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Үндэсний төв архивын 2025 оны 11 сарын 20-ны өдрийн 1758 тоот, Нийслэлийн архивын газрын 2025 оны 09 сарын 24-ний өдрийн 470 тоот тодорхойлолтууд,

Ж.Алимаа, Д.Чимэддулам нарын иргэний үнэмлэхний хуулбар, тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд,

Д.Одпүрэв 1995-2000 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 сарын 10-ны өдрийн тодорхойлолт,

Монэнзим ХХК-ийн 2024 оны 11 сарын 07-ны өдрийн 93 тоот тодорхойлолт, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Монэнзим нэгдлийн захирлын 1991 оны 05 сарын 15-ны өдрийн 23 тоот Хүүхэд асрах, тэтгэмжтэй чөлөө, ээлжийн амралт олгох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2025 оны 10 сарын 28-ны өдрийн 45269 дугаартай шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Д.Одпүрэвийн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 маягт, Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 баримт,

, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл, Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн Монэнзим ХХК нь нэр, хэлбэрээ өөрчилсөн эсэх талаарх,

Үндэсний төв архивын газар, Нийслэлийн архивын газар, Монэнзим ХХК-иас Д.Одпүрэв 1988 оны 08 сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд , Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд аппаратчинаар ажиллаж байсантай холбоотой баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Дээр дурдсан байгууллагууд холбогдох баримтуудыг ирүүлсэнээс гадна ирүүлэх боломжгүй талаараа шүүхэд мэдэгдсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Дашдоржийн Одпүрэв нь 1988 оны 08 сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд , Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Монэнзим нэгдэлд аппаратчинаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Хэрэг авагдсан баримтуудаар дараах нөхцөл байдлууд тогтоогдов.

2а. Нэхэмжлэгч Д.Одпүрэв нь 1988 оны 08 сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд , Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Монэнзим нэгдэлд аппаратчинаар ажиллаж байсан нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

2б. Д.Одпүрэвийн шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, түүний 340021 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

2в. Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Монэнзим нэгдлийн захирлын 1991 оны 05 сарын 15-ны өдрийн 23 тоот Хүүхэд асрах, тэтгэмжтэй чөлөө, ээлжийн амралт олгох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, тушаалын хавсралтын 4-т Д.Одпүрэв, аппаратчин, ажилласан хугацаа 3 жил, амрах хоног 26,

2г. Гэрч Жигжиддоржийн Алимаагийн 2025 оны 11 сарын 06-ны өдөр шүүхэд өгсөн:

... Би энэ байгууллагыг үүсгэн байгуулсан хүний нэг. Би 1975 оноос 2007 онд тэтгэвэрт гартлаа ажилласан. 1995 оноос манай байгууллагын үйл ажиллагаа зогсонги болж ажилчидаа чөлөөлж байсан. Д.Одпүрэв тэгээд ажлаас чөлөөлөгдсөн. ... гэх мэдүүлэг,

2д. Гэрч Давагдоржийн Чимиддуламын 2025 оны 11 сарын 06-ны өдөр шүүхэд өгсөн:

Би 1988 онд 10-р ангиа төгсөөд конкурстээ унаад , микробиологийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэлд аппаратчинаар ажилд орсон. Би 1988 оны 07 сарын сүүлчээр ажилд орсон. Д.Одпүрэв 1988 оны 08 сарын дунд хавиар ажилд орсон. Биднийг 1994 оны 07 сард үйлдвэрлэлийн ажиллагаа бүрэн зогссон гээд ажлаас халсан. Д.Одпүрэв 1995 оны эхээр ажлаас гарсан.... гэх мэдүүлэг,

2е. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Дашдоржийн Одпүрэв, Монэнзим нэгдэлд аппаратчин гэх лавлагаа,

2ё. Монэнзим ХХК-ийн 2025 оны 11 сарын 10-ны өдрийн 94 тоот тодорхойлолт, уг тодорхойлолтоор хавсарган ирүүлсэн ШУҮ-ийн Монэнзим нэгдлийн 1993 оны эхчүүдийн тэтгэмжийн жагсаалт ******* улирал гэх баримт, жагсаалтын 15-д Д.Одпүрэв, ажилчин, 1993.5.28 төрсөн, 4080 төгрөгийн тэтгэмж олгосон,

Д.Одпүрэвт олгож байсан эмнэлгийн хуудсууд, тэтгэмж олгож байсан баримтууд,

Мөн нэгдлийн захирлын 1993 оны 10 сарын 01-ний өдрийн 38 тоот ... Д.Одпүрэв нарт хүүхэд төрүүлсний дараах тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 3, 7-9, 11-17, 20-28, 34-63 дугаар тал/

 

3. Үндэсний төв архивын газрын 2024 оны 11 сарын 20-ны өдрийн 1758 тоот, 2025 оны 11 сарын 06-ны өдрийн 03/1137 тоот лавлагаанд ... сан хөмрөгт Энзимилоги микробиологийн шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн баримт шилжиж ирээгүй тул ... Д.Одпүрэвт холбогдох лавлагааг гаргах боломжгүй,

Нийслэлийн архивын газрын 2025 оны 09 сарын 24-ний өдрийн 470 тоот, 2025 оны 11 сарын 04-ний өдрийн 01/901 тоот лавлагаанд Хөдөө аж ахуй, Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Энзимилоги микробиологийн шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн баримт хадгалагддаггүй болно гэжээ.

Дээр дурдсан байдлаас дүгнэхэд Д.Одпүрэвийн ажиллаж байсан болохыг шүүхийн бус журмаар сэргээх боломжгүй болсон байна.

/ХХ-ийн 4, 30-33 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Дашдоржийн Одпүрэвийн 1988 оны 08 сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд , Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Монэнзим нэгдэлд аппаратчинаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Одпүрэвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН