2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/09776

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 13 191/ШШ2025/09776

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, 6, 7 тоот хаяг, ******* ******* ХХК-ийн /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, утасны дугаар *******, *******/ нэхэмжлэлтэй

*******ын ыг /РД: *******/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.******* оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б. манай компанитай 2022 оны 07 сарын 26-ны өдөр Х-БЗГ/2022-51582 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,269,900 төгрөгийг сарын 2,55 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, Samsung UE75AU8000 загварын зурагт худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч Б. манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу зурагтыг Пи си молл ХХК-иас худалдан авсан ба гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн.

Б. 2025 оны 09 сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 8,444,446.03 төгрөг төлөхөөр ба 2022 оны 08 сарын 25-ны өдөр 190,000 төгрөгийн төлөлт хийснээс бусдаар төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 999 хоног хугацаа хэтрүүлсэн.

Манай байгууллагаас харилцагчийн зээл авах үедээ бүртгүүлсэн Төв аймаг, Жаргалант сум, 2-р баг, Өгөөмөр 8-р гудамж, 6а тоот хаягаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэсэн хэдий ч Б. уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тус багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож мөн шүүхийн 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 151/ШЗ2025/01980 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Б.ыг бид өөрсдийн бүхий л боломжоор эрэн хайх ажлыг хийсэн ч зээл авч байх үед бүртгүүлсэн хаягтаа оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэл шаардахын тулд хариуцагчийн хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул Б.ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

2022 оны 07 сарын 26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мэдэгдэл, харилцагчийн анкет, Б.ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга,

******* зээл ХХК-ийн Б.ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2025 оны 04 сарын 22-ны өдрийн 191/ШЗ2025/17641 дугаар шүүгчийн захирамж,

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 сарын 13-ны өдрийн 151/ШЗ2025/01980 дугаар бүхий хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 10 сарын 28-ны өдрийн 45303 дугаар шүүгчийн захирамжаар *******ын ын /РД: *******/ оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2025 оны 10 сарын 31-ний өдөр лавлагааг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 сарын 13-ны өдрийн 151/ШЗ2025/01980 дугаар захирамжаар Б.т холбогдох 6,363,219.89 төгрөг гаргуулах тухай хэрэгт Б. Төв аймаг, Жаргалант сум, 2-р баг, Өгөөмөр 8-р гудамж, 6а тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 17 дугаар тал/

 

Тус шүүхийн 2025 оны 10 сарын 28-ны өдрийн 45303 дугаар шүүгчийн захирамжаар *******ын ын /РД: *******/ оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Б.ын хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын /Хур систем/ 2025 оны 10 сарын 31-ний өдрийн лавлагаанд түүнийг Төв аймаг, Жаргалант, 2-р баг, Өгөөмөр 8-р гудамж, 6а хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.

/ХХ-ийн 20-22 дугаар тал /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын ын /РД: *******/ оршин суугаа хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар *******ын ыг /РД: *******/ эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ын ыг /РД: *******/ эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Төв аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН