Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 272

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                   

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Н.Анхбаяр /тээвэр/,

шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг

нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 0037 00211 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагийн үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Оргил худалдааны төвийн баруун замд 0000 улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Д-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                   

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц-ын өгсөн: 

“...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн өглөөний 09:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оргил худалдааны төвийн баруун уулзвар дээр явган зорчигчийг мөргөж гэмтээсэн. Би хохирогчийг эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед зам ачаалалтай байсан. Жолооч, явган зорчигч нарын ногоон гэрэл зэрэг асаж байсан. Хохирогчид даатгалаас 5.000.000 төгрөг гаргаж өгсөн, би өөрөө 1.460.000 төгрөг, нийт 6.460.000 төгрөгийг эмчилгээний зардалд нөхөн төлж, хохиролд нэхэмжилсэн төлбөрийг бүрэн барагдуулсан. Хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлага гарвал би цаашид гарах эмчилгээний зардлыг нь төлнө.

Миний хувьд 1998 онд жолооч болсон боловч 2016 оноос автомашин жолоодон хөдөлгөөнд оролцож эхэлсэн, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг мэднэ. Зам тээврийн осол гарах үед жолоодож явсан 0000 улсын дугаартай Toyota prius маркийн автомашин нь миний өөрийн өмч юм. Би группэд байж байгаад саяханаас хугацаа нь дуусч цаашид сунгах шаардлагагүй гэсэн байгаа. Одоо өөрийн машинаар хувиараа такси үйлчилгээ эрхэлж, орлого олж амьдралаа залгуулдаг. Сардаа 400.000-450.000 төгрөгийн орлого олдог. Миний буруутай үйлдлийн улмаас уг осол гарч, хүний эрүүл мэндэд гэмтэл учирсан тул гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм асуудал гаргахгүй, анхаарал болгоомжтой байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1803 0037 00211 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-10х, 16-17х/,

 

2. Автотээврийн хэрэгслийн жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 13-14х/,

 

3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Тухайн өдөр өглөө 09:00 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Олонлог сургуулиас хүүхэд авахаар явган хүний гарцаар, баруунаас зүүн тийш зөвшөөрсөн ногоон гэрлээр гарч явтал гэнэт л түс тас гээд явсан. Тэгээд би машинд мөргүүлсэн. Босоод иртэл жолооч эрэгтэй бууж ирээд жолоочийн хамт Гэмтлийн эмнэлэг орсон. Гэмтлийн эмнэлэгт 2 хоног хэвтсэн байх. Одоо Э эмнэлэгт хэвтэж байна, энэ эмнэлэгтээ хагалгаанд орсон.

Би зам руу харахад замын хөдөлгөөнд оролцож байгаа машинууд зогсоод, явган хүнд зам тавьж өгөх үед нь зам руу хартал ойр хавьд машин байхгүй, явган хүний зөвшөөрсөн ногоон гэрэл ассан байсан. Тэгээд гарцаар зам гарч байхад хаанаас ч юм мэдэхгүй нэг машин ирээд мөргөчихсөн. Осолд орох үедээ би ганцаараа явж байсан, намайг мөргөсөн машины жолооч таксины жолооч бололтой байсан, тэрээр нэг хүүхэнтэй явж байсан, тэр хүүхэн нь буугаад  яваад өгсөн. Өөр тэр хавьд хүн явж харагдаагүй. Машины хөдөлгөөн нилээн байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлийн талаар одоогоор хэлж мэдэхгүй байна. Хохирлын баримт гаргаж өгнө.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

 

4. Хохирогч Ч.Д-с хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримт /хэргийн 22-23х/,

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5506 тоот дүгнэлтэд:

1. Ч.Д-н биед баруун шилбэний ясны дунд 1/3-ийн хөндлөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 27х/,

 

6. Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 05 сарын 16-ны өдрийн 327 тоот дүгнэлтэд:

1. Toyota prius 20 маркийн 0000 улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.Ц нь МУ-ын ЗХД-ийн 12. Уулзвар нэвтрэх 12.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ч.Д нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлсөн үндэслэлгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 41х/,

 

7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Д-с тус шүүхэд бичгээр гаргасан “...жолооч Ц.Ц нь миний хагалгааны төлбөр болох 6.460.000 төгрөгийг барагдуулсан тул гомдолгүй болно.” гэсэн хүсэлт,

 

8. “М” даатгалын компаниас жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу даатгалын эрсдлийн нөхөн төлбөрт 5.000.000 /таван сая/ төгрөг нөхөн төлсөн болон шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардалд 1.460.000 төгрөг төлсөн Төрийн банкны орлогын мэдүүлэг баримт /шүүхийн шатанд талуудаас гаргасан/, 

 

9. Шүүгдэгч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би прокуророос сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг барагдуулах болно. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 48х/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хэргийн 53х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49х/, гэрч Ч.Б-гийн мэдүүлэг /хэргийн 24х/, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 54-55х/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар баримт /хэргийн 53х/, хувиараа таксинд явж, орлого олдог гэх шүүгдэгчийн өөрийн гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Ц-ын гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагийн үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Оргил худалдааны төвийн баруун замд 0000 улсын дугаартай өөрийн эзэмшлийн Toyota prius маркийн тээврийн хэрэслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө” гэснийг зөрчиж уулзвараар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ч.Д-ыг мөргөсөн зам тээврийн ососл гаргасан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 5х/,

- осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хэргийн 6-10х, 16-17х/,

- “Toyota prius 20 маркийн 0000 улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.Ц нь МУ-ын ЗХД-ийн 12. Уулзвар нэвтрэх 12.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө.” гэсэн  заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй.” гэсэн Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2018 оны 05 сарын 16-ны өдрийн 327 дугаартай дүгнэлт /хэргийн 41х/,

- хохирогч Ч.Д-ын: “...Тухайн өдөр өглөө 09:00 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Олонлог сургуулиас хүүхэд авахаар явган хүний гарцаар, баруунаас зүүн тийш зөвшөөрсөн ногоон гэрлээр гарч явтал гэнэт л түс тас гээд явсан. Тэгээд би машинд мөргүүлсэн. Босоод иртэл жолооч эрэгтэй бууж ирээд жолоочийн хамт Гэмтлийн эмнэлэг орсон. Гэмтлийн эмнэлэгт 2 хоног хэвтсэн байх. Одоо Э эмнэлэгт хэвтэж байна, энэ эмнэлэгтээ хагалгаанд орсон.

Би зам руу харахад замын хөдөлгөөнд оролцож байгаа машинууд зогсоод, явган хүнд зам тавьж өгөх үед нь зам руу хартал ойр хавьд машин байхгүй, явган хүний зөвшөөрсөн ногоон гэрэл ассан байсан. Тэгээд гарцаар зам гарч байхад хаанаас ч юм мэдэхгүй нэг машин ирээд мөргөчихсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

- шүүгдэгч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...прокуророос сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг барагдуулах болно. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн өглөөний 09:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оргил худалдааны төвийн баруун уулзвар дээр явган зорчигчийг мөргөж гэмтээсэн. Би хохирогчийг эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед зам ачаалалтай байсан. Жолооч, явган зорчигч нарын ногоон гэрэл зэрэг асаж байсан. Хохирогчид даатгалаас 5.000.000 төгрөг гаргаж өгсөн, би өөрөө 1.460.000 төгрөг, нийт 6.460.000 төгрөгийг эмчилгээний зардалд нөхөн төлж, хохиролд нэхэмжилсэн төлбөрийг бүрэн барагдуулсан. Хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлага гарвал би гарсан эмчилгээний зардлыг нь төлнө. Зам тээврийн осол гарах үед жолоодож явсан 0000 улсын дугаартай Toyota prius маркийн автомашин нь миний өөрийн өмч юм. ...Миний буруутай үйлдлийн улмаас уг осол гарч, хүний эрүүл мэндэд гэмтэл учирсан тул гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм асуудал гаргахгүй, анхаарал болгоомжтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 48х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Дээрх зам тээврийн ослын улмаас хохирогч Ч.Д-ын биед “...баруун шилбэний ясны дунд 1/3-ийн хөндлөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт...” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол /гэмтэл/ учирсан болох нь ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “Ч.Д-н биед баруун шилбэний ясны дунд 1/3-ийн хөндлөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5506 дугаартай дүгнэлт /хэргийн 27х/, хохирогч Ч.Д-с хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан эмчилгээний төлбөрийн баримтууд /хэргийн 22-23х/, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 5х/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-10х/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Ц.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө” гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчин гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ч.Д-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас хохирогч Ч.Д-ын биед Шүүх эмнэлгийн шинжээчийн 5506 тоот дүгнэлтийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт үйлдэл нь “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах”  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгийн шинжийг бүрэн хангасан байна.

Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байх тул шүүгдэгч Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Энэ хэргийн шүүгдэгч Ц.Ц нь зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч Ч.Д-ын эмчилгээний зардалд нэхэмжилсэн баримт бүхий 6.460.000 /зургаан сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг нөхөн төлж барагдуулсан,  хохирогч Ч.Д нь “Ц.Ц нь миний хагалгааны төлбөр болох 6.460.000 төгрөгийг барагдуулсан тул гомдолгүй” тухай хүсэлтээ шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр гаргасан /хэргийн 78х/ тул эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж дүгнэж, хохирогч нь зам тээврийн ослын улмаас авсан бэртэл гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ, сувилгааг цаашид хийлгэх шаардлагатай гэж үзвэл тухай бүрд нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээр дурьдсанаар шүүгдэгч Ц.Ц нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь нэгэнт тогтоогдсон тул шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариулагын талаарх санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хэргийн 49 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар шүүгдэгч Ц.Ц урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзэх юм.

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл онгдуулахдаа тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ц-ыг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт Ц.Ц нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг шийтгэх тогтоолд дурьдаж, хэрэгт хавсарган ирсэн Ц.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №68886 дугаартай үнэмлэх баримтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож шийдвэрлэв.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон      

                                                         

                                                             ТОГТООХ нь:

 

1. Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ц-ыг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Ц нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ч.Д нь гэм хорын хохиролд 6.460.000 /зургаан сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөг нэхэмжилснийг Ц.Ц нь бүрэн төлж барагдуулсан учир гомдол саналгүй болохоо илэрхийлснийг дурьдаж, хохирогч нь цаашид эмчилгээ үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт Ц.Ц нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн Ц.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №00000 дугаартай эрхийн үнэмлэх баримтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ц.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.БАЗАРХАНД