| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2407000000116 |
| Дугаар | 2025/ДШМ/114 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/114
2025 01 21 2025/ДШМ/114
З.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Сэлэнгэ,
хохирогч А.А,
шүүгдэгч З.А, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/207 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2407000000116 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч 3.А нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Скайланд амралтын газрын харалдаа “машин голд суучихлаа, сайн зам харж өгөхгүй яасан юм” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Аийн эрүүл мэндэд чулуу шидэх, биеийг чулуун дээр хүчээр дарах зэргээр халдсан, мөн 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр …… дүүргийн .. дугаар хороо, .. тоот гэртээ үл ялих зүйлээр шалтаглаж хаалга руу түлхэж, гарыг нь өчиж, газар унагаах зэргээр халдаж, үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: З.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Аыг үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Аыг 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Ад оногдуулсан 2.000.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч З.А давж заалдах гомдолдоо: “...Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэм буруутайд тооцсон нь хууль зүйн хувьд буруу шийдсэн гэж үзэж байна. Учир нь би гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй, зөвхөн А.Аийн хууль бус, зүй бус үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авсан болохоос илтэд нүүр, нүдгүй цохиж зодсон зүйл байхгүй.
2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн үйл явдлын талаар А.Аь шүүх хуралдаан дээрээ намайг цохиж зодсон зүйл байхгүй, харин хоорондоо хэрэлдэж маргалдсан талаар тайлбарласан байдаг. Гэтэл шүүх тус нөхцөл байдлыг дүгнэлгүйгээр шийдвэрлэсэн нь илтэд нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Надад оногдуулсан шийтгэл хэт өндөр байгаа бөгөөд хохирогчийн өөрийнх нь илтэд буруутай үйлдэл байхад өндөр торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэж шийдсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Эхнэрийн хувьд уураа барьж дийлдэггүй болохоор миний хувьд аль болох тайвшруулахын тулд үйлдлийг нь хязгаарласан үйлдэл гаргасан болохоор шууд санаатайгаар зодож цохисон зүйл байхгүй. Уг асуудлыг талууд ч, гэрчүүд ч тайлбарладаг. Гагцхүү эхнэрийн ах цагдаагийн байгууллагад ажилладаг болохоор мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлсөн байх гэж миний хувьд хардаж байгаа тул уг асуудлыг үнэн мөнөөр нь шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Иймд миний хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж, А.Аийн үйлдэл холбогдолтойгоор хэргийг дахин шалгаж өгнө үү. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч А.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Шүүгдэгч З.Аын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл хатуудсан буюу 4 сарын хугацаанд 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй гэж үзсэн. Иймд торгох ялыг багасгаж өгнө үү гэх саналтай байна. Субъектив шинжийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй байна. 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн үйлдлээр үзэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан. Гэр бүлийн хоорондын маргаанаас үүссэн гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэж байгаа бол гэр бүлийн ямар төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг дүгнэх ёстой байсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх зүйл ангиар зүйлчилж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Сэлэнгэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэгдсэн байх тул Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. . ..” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, түүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч 3.А нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Скайланд амралтын газрын харалдаа “машин голд суучихлаа, сайн зам харж өгөхгүй яасан юм” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Аийн эрүүл мэндэд чулуу шидэх, биеийг чулуун дээр хүчээр дарах зэргээр халдсан, мөн 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ....... дүүргийн ...... дугаар хороо, ....... тоот гэртээ үл ялих зүйлээр шалтаглаж хаалга руу түлхэж, гарыг нь өчиж, газар унагаах зэргээр халдаж, үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч А.Аийн “...2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Нөхөр тухайн үед “машины доод хэсэг хараад өг” гээд байсан. ...Тэгээд би яваад очтол машин дотроосоо над руу “писда” гэж орилоод машины гол хэсэгт байсан усны савыг над руу шидсэн. Тэгтэл намайг оноогүй голд унасан. Тэгээд би усны саваа авах гэтэл царай нь аймар ууртай болоод машинаас буугаад ирэхээр нь би айгаад гол гараад хүүхдүүд рүүгээ яваад очтол миний араас том том чулуу шидээд байсан. Тэгтэл миний хөл хэсэгт нэг чулуу оноод миний хөл хөхөрсөн. Нэлээн олон чулуу шидсэн. Гэхдээ нэг чулуу нь миний зүүн хөлийн шуу хэсэгт оносон. Тэгээд би эргэж хараад газраас чулуу аваад “дахиад чулуу шидвэл би чам руу шиднэ” гээд машин руу нь чулуу шидсэн. Тэгтэл машиныг оноогүй. Тэгтэл над руу шууд гүйж ирээд намайг чулуун дээр дарж унагаад биеийн хоолой хэсгээс боогоод унагасан. Ээж нь дээрээс гүйгээд хүрээд ирсэн. Ээж нь “боль, тавь” гэтэл А “үгүй тавихгүй, наадах чинь орилоод байна” гээд байсан. Тэгээд бас миний гарын шуу хэсгийг базаад байсан. Тэгээд би босоод иртэл намайг дахиад газар унагасан. ...2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр маргааш нь гэртээ байхдаа би нөхөртөө хандаж “хүүхдүүдээ эмээ, өвөөгийнхөөс нь аваад ир, усанд оруулна” гэсэн чинь “чи хэзээ хүүхдүүддээ анхаарал тавьдаг болчихсон юм” гээд хаалга руу түлхээд, гар өчөөд, дарж газар унагаагаад хоолой боогоод байхаар нь “би үхлээ ш дээ” гээд уйлж байж гарыг нь тавиулсан. ...” /хх 4-5, 66-68/,
насанд хүрээгүй гэрч А.Аб “...аав машинаасаа бууж ирээд ээжийг “сайн харж байхгүй яасан юм бэ” гээд усны сав, чулуу аваад ээж рүү шидээд байсан. Тэгэхэд ээж бид нарыг “цаашаа яв” гээд бид нар тэндээс бага зэрэг холдсон юм. Тэгээд холоос харж байхад аав, ээж рүү очоод газар унагаагаад хөл гарыг нь өчөөд байхад нь бид нар очоод аавыг болиулах гээд дийлэхгүй байсан. Тэгж байтал аавын ээж, дүү нар ирсэн. Маргааш нь манай дүү нар эмээгийнх рүү явчихсан би бэлтгэлдээ явсан хойгуур аав ээжийг зодсон юм шиг байна лээ. Намайг бэлтгэлээсээ ирэхэд ээжийн тохой нь хөхөрчихсөн болохоор нь “би яасан юм бэ” гэхэд “аав нь зодсон” гэж хэлсэн. ...” /хх 8-9/,
гэрч Х.С “...Тэгээд би амралтын газраас буугаад хүү дээр иртэл машин нь шаварт суусан байсан. Тэгтэл бэр А голын эргээс А руу чулуу шидээд байсан. Тэгтэл А гол гарч ирээд унагаад газар дараад хэвтсэн. Тэгээд би “болиоч” гэтэл А “наадах чинь машин руу чулуу шиднэ” гэсэн. Тэгтэл бэр А хашхираад байсан. ...” /хх 80-81/,
З.Аын яллагдагчаар өгсөн “...Би гол гараад эхнэр дээрээ очоод чулуу шидэж байгааг нь болиулах гээд ноцолдоод байж байтал надтай өөдөөс ноцолдоод байхаар нь би хавирч унагаад дээрээс нь дарсан. Тэр үед “писда минь намайг тавь” гээд намайг хараахаар нь гар хөлнөөс нь олон удаа чанга барьсан учир түүнээс болж хөхөрсөн байх. Тэр үед миний 2 хүүхэд намайг удаа дараа салгах гээд татсан боловч би хүүхдүүдээ цаашаа бол гээд уурандаа дараад байж байсан. Тэгээд намайг “тавь” гээд байхаар нь тавьсан. ...Тэгээд бид 2 маргалдаад ноцолдсон. Тэгэхээр нь би том өрөө рүү авч ирээд хавирч дарж унагасан. Тэгээд дээрээс нь дарсан байсан. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 58-60/ гэсэн мэдүүлгүүд,
Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 208 дугаартай “...А.А биед зүүн бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн өгзөг, цээж, ууц, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. ...” /хх 21-22/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос З.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэж, шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтад нийцжээ.
Шүүгдэгч З.А нь “...Эхнэрийн хувьд уураа барьж дийлдэггүй болохоор миний хувьд аль болох тайвшруулахын тулд үйлдлийг нь хязгаарласан үйлдэл гаргасан болохоор шууд санаатайгаар зодож цохисон зүйл байхгүй. А.Аийн үйлдэл холбогдолтойгоор хэргийг дахин шалгаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “... “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг. ...” гэж, 5.1.2 дахь заалтад “... “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” /цаашид “хохирогч” гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг. ...” гэж ойлгохоор заажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч З.Аыг гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Аийн халдашгүй байдалд хууль бусаар халдаж, хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Түүнчлэн, шүүгдэгч З.А нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Аийг урьд өмнө нь зодож байсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаар хохирогч болон гэрч нар мэдүүлсэн бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан аюулын зэргийн үнэлгээ /хх 27-29/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 30-37/ зэрэг нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул түүний 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Скайланд амралтын газрын харалдаа “машин голд суучихлаа, сайн зам харж өгөхгүй яасан юм” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Аийн эрүүл мэндэд чулуу шидэх, биеийг чулуун дээр хүчээр дарах зэргээр халдсан, мөн 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ..... дүүргийн .. дугаар хороо, ...... тоот гэртээ үл ялих зүйлээр шалтаглаж хаалга руу түлхэж, гарыг нь өчиж, газар унагаах зэргээр халдаж, үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжийг буюу “хүндрүүлэх нөхцөл байдал”-ыг бүрэн хангаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар гэр бүлийн хүрээнд амралтад амраад буцах замдаа голд машин суусан энгийн нөхцөл байдлын улмаас маргаан гарч З.А нь эхнэрийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, түүний үйлдлийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Аыг 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ