2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/09750

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 12 191/ШШ2025/09750

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байр, Хас банк ХК-ийн /РД: *******, утасны дугаар *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуунзул, Э.Дүүрэнзаяа, утасны дугаар *******, *******/ нэхэмжлэлтэй,

Эрдэнээгийн Дэлгэрмөрөн /РД: ХО78060765/, Даваахүүгийн Соёл-Эрдэнэ /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.,

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Алтан тауэр салбарын захирал Ж.Жаргалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.Дэлгэрмөрөн, Д.Соёл-Эрдэнэ нар тус банктай 2023 оны 06 сарын 29-ний өдөр 1470088583 дугаартай зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, 365 хоногт 20,4 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар зээлсэн.

2025 оны 02 сарын 15-ны өдөр гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн ба гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 сарын 01-ний өдрийн 192/ШЗ2025/35505 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Дээрх байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих Эрдэнээгийн Дэлгэрмөрөн, Даваахүүгийн Соёл-Эрдэнэ нарын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа тул хариуцагч нарыг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Хас банк ХК нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд,

2023 оны 06 сарын 29-ний өдрийн жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 06 сарын 29-ний өдрийн хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, зээлийн дансны хуулга, шаардах хуудас, Э.Дэлгэрмөрөн, Д.Соёл-Эрдэнэ нарын иргэний үнэмлэхний хуулбар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл, мөн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 сарын 01-ний өдрийн 192/ШЗ2025/35505 дугаар бүхий хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 10 сарын 10-ны өдрийн 45247 дугаар шүүгчийн захирамжаар Эрдэнээгийн Дэлгэрмөрөн /РД: ХО78060765/, Даваахүүгийн Соёл-Эрдэнэ /РД: / нарын оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2025 оны 10 сарын 29-ний өдөр лавлагааг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХК нь Э.Дэлгэрмөрөн, Д.Соёл-Эрдэнэ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 01-ний өдрийн 192/ШЗ2025/35505 дугаар шүүгчийн захирамжаар Э.Дэлгэрмөрөн, Д.Соёл-Эрдэнэ нарт холбогдох 29,585,794 төгрөг гаргуулах тухай Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч нар Хан-Уул дүүрэг, 2-р хороо, 19-р хороолол, 12б байр, 9 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 3-4 дүгээр тал/

 

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 сарын 10-ны өдрийн 45247 дугаар шүүгчийн захирамжаар Эрдэнээгийн Дэлгэрмөрөн /РД: ХО78060765/, Даваахүүгийн Соёл-Эрдэнэ /РД: / нарын оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Э.Дэлгэрмөрөн, Д.Соёл-Эрдэнэ нарын хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын /Хур систем/ 2025 оны 10 сарын 29-ний өдрийн лавлагаанд түүнийг Хан-Уул дүүрэг, 2-р хороо, 19-р хороолол, 12б байр, 9 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.

/ХХ-ийн 30-33 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Эрдэнээгийн Дэлгэрмөрөн /РД: ХО78060765/, Даваахүүгийн Соёл-Эрдэнэ /РД: / нарын оршин суугаа хаяг тодорхой бус байх тул эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /Э.Дүүрэнзаяа, Б.Намуунзул/ өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Эрдэнээгийн Дэлгэрмөрөн /РД: ХО78060765/, Даваахүүгийн Соёл-Эрдэнэ /РД: / нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Эрдэнээгийн Дэлгэрмөрөн /РД: ХО78060765/, Даваахүүгийн Соёл-Эрдэнэ /РД: / нарыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газар /хэлтсүүдэд/ даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН