Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 273

 

 

 

 

 

                                          

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1810011890346 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх сурвалж” агентлагт зураглаачаар түр ажиллахдаа 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хариуцуулан өгсөн “Canon 5d mark3” загварын камерыг тус өдөр барьцаалан зээлдүүлэх газарт 2.500.000 төгрөгийн барьцаанд тавьж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

       

Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.  Үүнд:

1.  Шүүгдэгч Б.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хулан нь над руу утсаар яриад “Эх сурвалж” сайтад зураглаачаар ажиллах санал тавьсан. Тэгээд би 05 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авч байсан учир маргааш нь ажил дээр нь очиж уулзсан. Захиралтай нь уулзаад зураглаачаар түр ажиллахаар болж, албан ажлын хэрэгцээнд Canon 5D mark-3 мэргэжлийн камерыг надад хүлээлгэн өгсөн юм. 2018 оны 05 сарын 02-ны өдөр сэтгүүлчийн хамт сурвалжлагад яваад, тэгээд ажил тарах цаг болсон учир камерыг гэрлүүгээ авч явж байгаад замдаа Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудлын ойролцоох ломбарданд эхлээд 800.000 төгрөг, дараа 700.000 төгрөгт барьцаанд тавиад тэр мөнгөөр нь автомат тоглоомын газарт тоглоод алдчихсан юм. Тэгээд хэд хоногийн дараа дахин очиж мөнгө аваад нийтдээ тус ломбардаас 2.500.000 төгрөг авч, өөртөө хэрэглээд дуусгачихсан юм.

Тухайн үедээ мөнгийг нь богино хугацаанд буцаагаад олоод өгнө гэж бодсон боловч бүтээгүй. Тэгээд тус агентлагаас утсаар ярихад нь айгаад хөдөө явж байна, эмнэлэгт байна гэх зэргээр худлаа ярьсан асуудал байгаа. Тэр ломбардын 2.500.000 төгрөг, хүүгийн хамт нийт 2.750.000 төгрөг төлж, камерыг буцааж аваад ажилтанд хүлээлгэж өгсөн. Мэргэжлийн камер учир их үнэтэй, 6.969.000 төгрөгөөр үнэлгээний байгууллага үнэлсэн байсныг танилцсан. Эд зүйлийн үнэлгээний талаар маргаан байхгүй. Төлбөрийг манай 2 дүү төлсөн. Хохирогч байгууллагад хохирол бүрэн нөхөн төлөгдсөн байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна. Өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлүүлэхээр прокурорт санал гаргасан юм.” гэсэн мэдүүлэг, 

 

Эрүүгийн 1810011890346 дугаартай хэргээс:

 

1. “Э” агентлагын редактор Х.Х-гаас Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол, өргөдөл /хэргийн 3-4х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Х-гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг:

“...2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хуучин “Зууны мэдээ” сонинд хамт ажиллаж байсан фото гэрэл зурагчин Б нь манай “Э” агентлагт гэрэл зурагчингаар 1 сарын хугацаанд ажиллаж үзье, хэрвээ боломжийн байвал үргэлжлүүлэн ажиллая” гэж надтай уулзаж, амаар тохиролцсон. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр захирал Ш-тай уулзуулсан. Захирал Бтай өөрөө уулзаад ажилтан Билэгсайханыг дуудаж, түүнд камерыг хүлээлгэн өгсөн. Тухайн өдөр нь Б нь хөгжмийн зохиолч С-ын ярилцлагын зураг авна гээд манай сэтгүүлч Ундраагийн хамтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн лүү явсан. Тэр өдөр ажил 17:30 минут тарчихдаг. Б камер аваад ярилцлагаа дуусгаад тэндээсээ шууд гэртээ харихаар явчихсан байсан.

Маргааш өглөө буюу 2018 оны 05 дугаар сарын 03-ны өглөө ярихдаа “би эмнэлэгт Эх нялхас дээр хүүхдийн бие муу байгаа учраас сахиад байж байна, 11:00 цагийн үед яваад очьё” гэж хэлэхээр нь өөр зүйл хэлээгүй. Тэр өдөр Хэвлэлийн эрх чөлөөний өдөр байсан учраас байгууллагынхаа хамтаар нэг арга хэмжээнд орохоор болоод Б ахаа “захирал шагнал авахаар болчихлоо камер яаралтай хэрэгтэй байна, та 14:00 цагт бэлэн МУБИС-ийн 1 дүгээр байранд хүрээд ирээрэй” гэж хэлтэл “за” гэж хэлчихээд ирээгүй. Тэр хугацаанд зөндөө залгаж дуудсан боловч ирээгүй. Ингээд маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бас л ирээгүй. Тэгээд залгаад ярьтал “Дарханы зам дээр мал махлаад явж байна, орой 16-17 цагийн үед очно” гэж хэлсэн боловч ирэхгүй байхаар нь залгатал утсаа ч аваагүй. Мөн маргааш нь дахин залгаж ярихад “Багануураас ачаа ачаад явж байна, машин эвдэрчихээд, очиж амжихгүй байна, камер гэрт байгаа хүн байхгүй, түлхүүр нь надад байна” гэх мэтчилэн ярьсаар байгаад өнгөрсөн.

Өчигдөр өглөө Б-ын БЗД-ийн Сандэй худалдааны төвийн хойд талын 34а байрны 4 давхарт 18 тоот хаягаар нь очтол хаалгаа нээж өгөөгүй, буугаад гаднаас нь цонхыг нь хартал тэдний нэг цонх онгорхой байдалтай байсан учир Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очтол өөрөө над руу залгаад “маргааш өглөө 08:30 гэхэд аппаратыг чинь аваад очъё” гэж хэлээд ирээгүй байсан. Энэ хугацаанд Быг Үндэсний шуудангийн гэрэл зурагчин учраас эрхлэгчээр ажиллаж байсан хүмүүсээс асуусан чинь “мөрийтэй тоглоом тоголдог болчихсон” гэх зүйлийн талаар маш олон хүнээс сонссон болохоор бидний камерыг ломбарданд тавих юм уу, эсхүл зараад тоглосон байж магадгүй гээд Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн юм.

Б нь манай “Э” агентлагийн эзэмшлийн Canon 6d марк 3 мэргэжлийн фото дүрс бичлэгийн камерыг аваад явчихсан юм. Тус камерыг 2017 оны 09 дүгээр сард хувь хүнээс мэргэжлийн фото камерны бодийг 8.000.000 төгрөгөөр, мөн оныхоо 10 дугаар сард дуранг нь 2.400.000 төгрөгөөр хувь хүнээс худалдаж авсан. Нийтдээ 10.400.000 төгрөгөөр худалдан авч байсан.

Б нь ээлжийн амралтын нэг сарын хугацаанд ажиллана, цаашид үргэлжлүүлэн ажиллаж болно гэж анх ажилд орохдоо хэлсэн учраас байгууллагаас ямар нэг тушаал шийдвэр гаргаагүй. Тэгээд анх орж ажилласан өдрөө л манай камерыг авч яваад, ...ломбарданд 2.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Тэр мөнгө яаж үрсэнийг нь мэдэхгүй байна, ...бараг л тоголсон байх гэж бодож байна. Гэхдээ хуулийн байгууллага ломбарднаас манай камерыг хураан авч, бидэнд хүлээлгэн өгсөн учир одоо гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-8х/,

 

3. Иргэний нэхэмжлэгч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Б.Б гэх хүнийг танихгүй. Би “М” ХХК-ийн “F1 КОМПЬЮТЕР ТВ” ломбардны Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудал дээрх салбарт зээлийн мэргэжилтэнээр ажилдаг юм. 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 17-18 цагийн хооронд намайг ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад 40 гаран насны нэг ах “Canon 5d mark 3 загварын мэргэжлийн фото аппаратыг барьцаанд тавья” гэж хэлээд гаднаас орж ирэхээр нь би тухайн камерыг шалгаж үзээд “та хэдэн төгрөгөөр тавих юм бэ” гэж асуутал “800.000 төгрөгөөр тавьмаар байна” гэж хэлсэн. Тэгээд тэр хүний хэлсэнээр 800.000 төгрөгийн зээлийг олгож мэргэжлийн фото камерыг хүлээн авсан. Тэгсэн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 12:00 цагийн үед Б гэх хүн ирээд “дахин 700.000 төгрөгийг нэмж авмаар байна, удахгүй маргааш буцаагаад авна” гэхэд нь эд зүйл нь үнэлгээндээ хүрч байсан учир дахин 700.000 төгрөгийг нэмж олгоод явуулсан.

Тэгээд тэрнээс хойш 2 хоногийн дараа 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б гэх хүн 15:00 цагийн үед ирээд “нэмээд 500.000 төгрөг авмаар байна, яаралтай мөнгөний хэрэг гараад байна, бас л надад маргааш авчихна” гэж хэлээд 500.000 төгрөгийг авч яваад маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дахин 500.000 төгрөг авах хүсэлт гаргасан. Тэгэхээр нь би “одоо дахин мөнгө нэмэхгүй” гэдгийг хэлсэн. Тэгсэн Б гэдэг хүн нь гуйгаад “өөрийнхөө ажлын үнэмлэх, иргэний үнэмлэх, гэрийн түлхүүр, банкны карт зэргээ үлдээчихье, ах нь найдвартай маргааш авна, хөдөөнөөс мөнгө ороод ирнэ, үнэтэй цайтай юмаа юу гэж алдахав дээ” гээд байсан учир дахин 500.000 төгрөгийг аваад явсан. Ингээд нийт 2.500.000 төгрөгийн зээл болж, уг зээлийн хүү нь 14 хоногийн хугацаанд 175.000 төгрөг болсон.

Түүнээс хойш ирээгүй байж байгаад 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс цагдаагийн алба хаагч нар Б гэх хүнийг, мөн тухайн барьцааны эд зүйл мөн эсэхийг шалгаж үзээд, “мөн байна” гэдгийг тогтоож, “зарж үрж болохүй, мөн Б гэдэг хүнд битгий өгөөрэй” гэж хэлээд явсан.

Билэгсайхан гэдэг хүн дахин өөрөө гарын үсэг зурж лацдаад, надад хүлээлгэж өгөөд явсан. 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тус Цагдаагийн хэлтсээс болон мөн нөгөө Билэгсайхан гэх хүмүүс ирээд хураан авах прокурорын зөвшөөрлийг үзүүлээд “Canon 5D mark 3” загварын мэргэжлийн фото аппаратыг хурааж авсан. Тухайн үед тэр Б гэдэг хүн нь “ах нь зураглаач” гэж хэлж байсан. Тэр хүний үнэмлэхийг нь хархад бүх байгууллага, албан газар луу орж сурвалжлага хийх эрхтэй гэсэн тодотголтой байсан.  Тухайн үед тэр хүний бичиг баримтыг бүгдийг шалгаж үзсэн. Уг хүнд 2 ажлын газрын үнэмлэх байсан. Нэг нь Монгол Улсын Их хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхийн үнэмлэх, нөгөөх нь Үндэсний Шуудан өдөр тутмын сонин гэж байсан. Зээлийн 2.500.000 төгрөг, 14 хоногийн хүүгийн 175.000 төгрөг, бүгд 2.675.000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х/,

4. “М” ХХК-ийн “F1 компьютер, ТВ” ломбардны ажилтан Ганболдын Эас “хар өнгийн Canon 5D mark 3” загварын мэргэжлийн фото камер 1 ширхэгийг хураан авч, хохирогч Х.Хд хүлээлгэн өгсөн тухай Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хэргийн 25-27х/,

 

5. “Д” хөрөнгийн үнэлгээ, зуучлалын ХХК-ийн үнэлгээчийн Canon 5D mark 3” загварын мэргэжлийн фото камерыг 2018 оны 05 сарын 02-ны өдрийн байдлаар 6.960.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 50-52х/,

 

6. М ХХК-иас гаргасан нэхэмжлэл, шүүгдэгчид зээл олгосон баримтууд, мөн зээл хүүгийн хамт бүгд 2.6750.000 төгрөгийг 2018 оны 05 сарын 21-ний өдөр бэлнээр төлсөн талаарх мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гарын үсэг бүхий тодорхойлолт баримт  /хэргийн 33-37х, 38х/,

 

7. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр манай хуучин хамт ажиллаж байсан нэг залуу над руу залгаад “Х эгч асуугаад байна” гэж хэлэхээр нь Хулангийн утасны дугаарыг олоод ярьсан чинь надаас “та манай агентлагт ажиллах боломж байна уу” гэж асуухаар нь би “очиж уулзаж байгаад болъё” гээд маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хулангийн ажлын газар дээр нь очиж уулзсан.

Уулзаад би “амралтаа авч байгаа учир танайд 1 сарын хугацаатай ажиллаад үзье”  гэж тохирсон. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өглөө 09:00 цагт ХУД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх сурвалж” агентлаг дээр очоод Хулан болон тухайн агентлагийн захиралтай уулзаад ажиллахаар болсон. Захирал нь нэг хүнийг дуудаад “надад камер хүлээлгэж өг” гээд би гарын үсэг зурж камерыг хүлээж авсан. Тэр өглөө ганц нэг зураг  авч байгаад, үдээс хойш нь цагдаагийн Сүлд чуулга дээр сэтгүүлчийн хамтаар очиж ярилцлага авсан. Орой нь ажлаасаа буугаад тэр чигтээ тус агентлагийн мэргэжлийн аппаратыг аваад эргээд ажил дээрээ очихгүйгээр буугаад үлдсэн.

Тэгээд шууд Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудал дээр байрлах ломбардад орж үзүүлээд эхлээд 800.000 төгрөгийн барьцаанд тавьчихсан юм. Тэгээд уг мөнгөө авч яваад 11 дүгээр хороололд байрлах автомат тоглоомын газраар орж тоглож байгаад тэр мөнгөө алдчихсан юм. Ингээд маргааш нь буюу 2018 оны 05-р сарын 03-ны өдөр дахин нөгөө ломбардын газар дээрээ очоод 700.000 төгрөгийг нэмж аваад, тэрүүгээр өмнө алдсан мөнгөө нөхөж олох гээд автомат тоглоомоо дахин тоглоод тэр 700.000 төгрөгийг алдчихсан.

Ингээд 2018 оны 05-р сарын 05-ны өдөр уг ломбард дээрээ дахин очоод 500.000 төгрөгийг нэмж аваад уг мөнгөөрөө мөн адил автомат тоглоом тоглож байгаад алдсан. Үдээс хойш нь дахин очиж 500.000 төгрөг авах гэтэл өгөхгүй байхаар нь бичиг баримт, бүх зүйлээ тавьж, банкны картуудаа өгч байгаад дахин 500.000 төгрөг аваад энэ мөнгөөрөө мөн л тоглоод хэдэн төгрөг олчихно гэж бодоод л ийм зүйл болчихлоо. Энэ хугацаанд Хулан над руу маш олон удаа залгаж намайг дуудсан. Бас мэргэжлийн камерыг авчирч өгөхийг шаардсан тэр үед “ах нь хүүхдийн бие муудаад байна, эмнэлэг дээр байна, очиж амжихгүй байна” гэх мэтчилэнгээр аргалаад худлаа яриад яваад байсан нь үнэн. 11 дүгээр хорооллын 2 дугаар байрны баруун талын байшингийн подволь руу орж тоглож байсан, гаднаа ямар нэг хаяг байхгүй, уг газар нь одоо хаагдсан гэж сонссон.

... Прокурорын зөвшөөрлийн дагуу цагдаагийн байгууллагаас камерыг ломбарднаас хураан авсан бөгөөд би ломбардын зээл хүүг бүрэн төлж хохирлыг бүрэн барагдуулсан. Би хохирлоо бүрэн барагдуулсан. Би энэ зүйлдээ дэндүү их харамсаж байна. Дахин ийм зүйл гаргахгүй байж чадна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 45х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 55х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 31х/, баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн уг хэргийн шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн Эх сурвалж агенлагийн зүгээс “Canon 5D mark 3” загварын мэргэжлийн фото камерыг хүлээн авч хохирлоо барагдуулсан гомдол саналгүй тухайгаа илэрхийлж, хохирогч, шүүгдэгч хэн аль нь холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж, 2018 оны 06 сарын 21-ний өдрийн 37 дугаартай прокурорын тогтоол хүсэлтийг шийдвэрлэн, улмаар шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулсан  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зохицуулалтыг зөрчөөгүй, хуульд нийцсэн байна. 

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх сурвалж” агентлагт зураглаачаар түр ажиллахдаа 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өөрт албан ажлын шаардлагаар хариуцуулж хүлээлгэн өгсөн “Canon 5d mark3” загварын камерыг “М” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж, 2.500.000 төгрөгийн зээлж аван автомат тоглоомын газарт тоглож өөрийн хэрэглээнд захиран зарцуулж ашигласан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан “Эх сурвалж” агентлагын редактор Х.Х-гаас Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол, өргөдөл /хэргийн 3-4х/, хохирогч Х.Х /хэргийн 7-8х/, иргэний нэхэмжлэгч Г.Э /хэргийн 10-11х/ нарын мэдүүлэг болон “М” ХХК-ийн “F1 компьютер, ТВ” ломбардны ажилтан Г.Эас “хар өнгийн Canon 5D mark 3” загварын мэргэжлийн фото камер 1 ширхэгийг хураан авч, хохирогч Х.Хд хүлээлгэн өгсөн тухай Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт баримт  /хэргийн 25-27х/, “Д” хөрөнгийн үнэлгээ, зуучлалын ХХК-ийн үнэлгээчийн Canon 5D mark 3” загварын мэргэжлийн фото камерыг 2018 оны 05 сарын 02-ны өдрийн байдлаар 6.960.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 50-52х/ баримт, “М” ХХК-иас гаргасан нэхэмжлэл, шүүгдэгчид зээл олгосон баримтууд, мөн зээл хүүгийн хамт бүгд 2.6750.000 төгрөгийг 2018 оны 05 сарын 21-ний өдөр бэлнээр төлсөн талаарх мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гарын үсэг бүхий тодорхойлолт баримт  /хэргийн 33-37х, 38х/ болон шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” агентлагт зураглаачаар түр ажиллахаар орохдоо 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр албан хэрэглээний зориулалтаар өөрт нь итгэмжлэн хариуцуулж, хүлээлгэн өгсөн “Canon 5d mark3” загварын камерыг “М” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж, 2.500.000 төгрөгийг зээлж аван автомат тоглоомын газарт тоглож өөрийн хэрэглээнд захиран зарцуулж ашигласан үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.  

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эд хөрөнгөд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан. 

 

Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол, хор уршиг арилж, нөхөн төлөгдсөн нь хохирогч Х.Х-ийн: “...хуулийн байгууллага ломбарднаас манай камерыг хураан авч, бидэнд хүлээлгэн өгсөн учир одоо гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-8х/, “М” ХХК-ийн “F1 компьютер, ТВ” ломбардны ажилтан Г.Э-с “хар өнгийн Canon 5D mark 3” загварын мэргэжлийн фото камер 1 ширхэгийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хэргийн 25-27х/, мөн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон  ХХК-ийн “F1 компьютер, ТВ” ломбардны ажилтан Г.Э-д зээл, хүүгийн төлбөрт 2.675.000 төгрөгийг бэлнээр 2018 оны 05 сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн тодорхойлолт баримт /хэргийн 38х/, түүний тус шүүхэд бичгээр гаргасан “...нэхэмжлэх зүйл байхгүй, би гомдолгүй” гэсэн хүсэлт /хэргийн 80х/ баримтаар тус тус тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хэргийн 55 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба тэрээр  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. 

 

Шүүгдэгч Б.Б нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутай болох нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Б.-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг биелүүлэх хугацааг шүүх шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 09 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож  шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах зүйтэй.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. Б.Б-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б-ын эдэлвэл зохих 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр тогох ялыг 09 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт нөхөн төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.БАЗАРХАНД