| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0255/э |
| Дугаар | 274 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,
улсын яллагч Б.Соёлмаа,
шүүгдэгч Т.А,
нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А-д холбогдох эрүүгийн 1810 0050 60228 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Т.А нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эвсэг кашмерын хашаанд С.Д-тэй “ээжийн тэтгэвэрийн мөнгийг авч хэрэглэчихээд мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож, цохин эрүүл мэндэд нь зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Т.А--ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би дүүгийн гэрт хоносон. Өглөө нь манай бэр С.Д, эгч Т.А нар орж ирээд “380.000 төгрөг хэрэгтэй байна” гэж надаас нэхсэн. Урьд нь мөнгө нэхэхэд нь би өгдөг байсан. Ээжийн тэтгэврийг битгий идээрэй, битгий аваарай гэж хэлж сануулж байсан ба огт биелүүлдэггүй байсан. Хохирогч Д нь миний төрсөн дүүгийн эхнэр юм.
Тухайн үед надад мөнгө байгаагүй учир мөнгө өгөхгүй, яв гэхэд С.Д нь надтай маргалдаж, над руу салаавч гаргасан. Тэгэхээр нь би “одоо зайл” гэхэд над руу салаавч гаргасан. Тэгэхэд би араас нь гараад хэд хэдэн удаа цохисон. Хэрэг явдал болсон тухайн үед би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэээгүй байсан ба би угаасаа архи уудаггүй.
Миний эгч А нь ээжийг халамжилдаг юм. Урьд ээжийн тэтгэврийн мөнгийг С.Д нь авч хэрэглэсэн байсан учир би энэ талаар түүнд сануулж хэлсэн юм. Би хохирогчид баруун нүдний зовхины цус хуралт бүхий гэмтэл учруулсан. Би хохирогчийн нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Д-гийн биед учирсан гэмтэл нь би түүнийг цохисон үйлдэлтэй холбоотой. Одоо дүү бид хоёр эвлэрсэн, бидний хоорондын харилцаа хэвийн байгаа.
Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн. Би одоо “Э” барилгын компанид хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр ажилд орсон. Туршилтын хугацаанд сарын цалинг 700.000 төгрөг гэж тогтоосон. Манай гэр бүлийн хүн “А” ХХК-д үйлчлэгчээр ажилладаг, сардаа 500.000 төгрөгийн цалинтай, бид 4-10 насны 2 хүүхэдтэй. Хохирогч С.Д-гийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Миний хувьд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир гэм бруу, хэргийн зүйлчлэлд маргахгүй. Прокуророос надад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 0506 0228 дугаартай хэргээс:
1. Хохирогч С.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хадам ах Т.А-д “ээжийн бие муу байна, гэр бүл хамаатан садангаасаа мөнгөн тусламж авах хэрэгтэй байна” гэж хэлээд “300.000 төгрөг өгчих, бүх айл өрхүүд тийм хэмжээний мөнгө өгч байгаа” гэж хэлсэн. Тэгтэл Т.А “тийм хэмжээний мөнгө өгөхгүй, ээж өөрөө тэтгэвэрийн мөнгө авдаг, тэр мөнгийг нь та нар авч идсэн” гээд маргаан үүссэн. Тэгээд би гэрээс нь гараад явж байтал араас гарч ирээд, үснээс зулгаагаад, газар унагаагаад чирсэн. Миний нүүр лүү 3-4 удаа өшиглөсөн санагдаж байна. Тухайн үед зодооныг том эгч А салгасан. Тэгээд буцаад гэрт нь ортол намайг хэл амаар доромжлоод, миний өөдөөс салаавч өгөхөөр нь би зөрүүлээд өөрлүү нь салаавч гаргасан. Би Т.А-д хандаад “чи төрсөн эхийгээ хайрлаж чадахгүй байж өөр эмэгтэй хүн хайрлана гэж юу байдаг юм” гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй.
Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Тухайн үед “хадам ээжийг эмнэлэгт хэвтүүлье гээд мөнгө хэрэгтэй байна, ах дүү нараараа мөнгөө нийлүүлье” гэснээс болж намайг зодсон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо гомдол санал байхгүй, энэ хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү.” ” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-31х/,
2. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2751 тоот дүгнэлтэд:
1. С.Д-гийн биед зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 19х/,
3. Шүүгдэгч Т.А-ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 10:00 цагийн үед би Алтанзулынд байж байтал эгч А, бэр Д хоёр дүүгийн гэрт орж ирээд “ээж С эмнэлэгт хэвтсэн” гээд ээжийн эмнэлгийн зардлын талаар мөнгө нэхэж орж ирсэн. Манай эгч, бэр хоёр ер нь ээжийн тэтгэврийг аваад идчихдэг байсан. Би тэр хоёрт 2017 оны 08 дугаар сараас хойш “ээж С-ын тэтгэврийг битгий авч идээд бай” гэж хэлж байсан тул энэ асуудлыг дахин давтаж хэлсэн. Тэгээд “яагаад мөнгө байдаггүй юм, ээжийн тэтгэврийг та хоёр авч идээ биздээ” гэтэл хэрүүл болоод би “зайл пизда минь” гэж хэлэхэд бэр Д миний өөдөөс салаавч гаргаад, элдвээр хэлээд гараад явсан. Тэгэхэд нь би араас нь оймстойгоо гарч, эгч А-ийн нүүр лүү нь нэг удаа алгадаад, бэр Д-г зодсон. Д-гийн нүүр лүү нь гараараа нэг удаа алгадсан, оймстой хөлөөрөө гар луу нь өшиглөж, тонгойсон байхад нь гараараа хоёр удаа цохисон. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. ...Ер нь бэр Д намайг байнга хэл амаар доромжилдог, тухайн үед нь би тэсэхээ байгаад зодсон.
Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 9х, 42х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 36х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 24х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 26х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн ба тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.А-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Т.А нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эвсэг кашмер” компанийн хашаанд бэр дүү С.Д-тэй “ээжийн тэтгэвэрийн мөнгийг авч хэрэглэчихээд мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар маргалдаж хувийн таарамжгүй харилцааа үүсгэн, С.Дг цохиж зодон биед нь “зовхинд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
- хохирогч С.Д-гийн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хадам ах Т.А-д “ээжийн бие муу байна, гэр бүл хамаатан садангаасаа мөнгөн тусламж авах хэрэгтэй байна” гэж хэлээд “300.000 төгрөг өгчих, бүх айл өрхүүд тийм хэмжээний мөнгө өгч байгаа” гэж хэлсэн. Тэгтэл Т.А “тийм хэмжээний мөнгө өгөхгүй, ээж өөрөө тэтгэврийн мөнгө авдаг, тэр мөнгийг нь та нар авч идсэн” гээд маргаан үүссэн. Тэгээд би гэрээс нь гараад явж байтал араас гарч ирээд, үснээс зулгаагаад, газар унагаагаад чирсэн. Миний нүүр лүү 3-4 удаа өшиглөсөн санагдаж байна. Тухайн үед зодооныг том эгч А салгасан. Тэгээд буцаад гэрт нь ортол намайг хэл амаар доромжлоод, миний өөдөөс салаавч өгөхөөр нь би зөрүүлээд өөрлүү нь салаавч гаргасан. Би Т.А-д хандаад “чи төрсөн эхийгээ хайрлаж чадахгүй байж өөр эмэгтэй хүн хайрлана гэж юу байдаг юм” гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй. Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Тухайн үед “хадам ээжийг эмнэлэгт хэвтүүлье гээд мөнгө хэрэгтэй байна, ах дүү нараараа мөнгөө нийлүүлье” гэснээс болж намайг зодсон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо гомдол санал байхгүй, энэ хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү.” ” гэсэн мэдүүлэг,
- ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2751 тоот: “...С.Д-гийн биед зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ, уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 19х/,
- шүүгдэгч Т.А-ийн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 10:00 цагийн үед би А-д байж байтал эгч А, бэр Д хоёр дүүгийн гэрт орж ирээд “ээж Санпилноров эмнэлэгт хэвтсэн” гээд ээжийн эмнэлгийн зардлын талаар мөнгө нэхэж орж ирсэн. Манай эгч, бэр хоёр ер нь ээжийн тэтгэврийг аваад идчихдэг байсан. Би тэр хоёрт 2017 оны 08 дугаар сараас хойш “ээж Санпилноровын тэтгэврийг битгий авч идээд бай” гэж хэлж байсан тул энэ асуудлыг дахин давтаж хэлсэн. Тэгээд “яагаад мөнгө байдаггүй юм, ээжийн тэтгэврийг та хоёр авч идээ биздээ” гэтэл хэрүүл болоод би “зайл пизда минь” гэж хэлэхэд бэр Д миний өөдөөс салаавч гаргаад, элдвээр хэлээд гараад явсан. Тэгэхэд нь би араас нь оймстойгоо гарч, эгч А-ийн нүүр лүү нь нэг удаа алгадаад, бэр Дг зодсон. Д-гийн нүүр лүү нь гараараа нэг удаа алгадсан, оймстой хөлөөрөө гар луу нь өшиглөж, тонгойсон байхад нь гараараа хоёр удаа цохисон. ...Ер нь бэр Д намайг байнга хэл амаар доромжилдог, тухайн үед нь би тэсэхээ байгаад зодсон. Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч С.Д-гийн биед учирсан “зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Т.А түүнийг гараараа цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйдлийн улмаас үүссэн үр дагавар /хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл/ хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч Т.А нь хохирогч С.Д-г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Прокуророос Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч С.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө: “...надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй.” хэмээн мэдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.
Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгч Т.А-с гаргуулах баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Т.А нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгуулийн ялын төрлийг сонгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 36х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол хор уршгийн хэмжээ, хохирогч С.Д нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Аэд 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүхэд хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн 2018 оны 06 сарын 20-ны өдрөөс 2018 оны 06 сарын 25-ны өдрийн хооронд цагдан хоригдсон 05 /тав/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журамд нийцүүлэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг цагдан хоригдсон нэг хоногтой дүйцүүлэн (5 /хоног/ х 15 т.н=75 х 1000 = 75.000 төг /нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна./) далан таван мянга төгрөгийг түүнд оногдуулсан 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөг торгох ялд оруулан тооцож, Т.А-ын биечлэн эдлэх ялыг бүгд 425 нэгж буюу 425.000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоох нь зүйтэй.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А-ийг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А-ийн цагдан хоригдсон 05 /тав/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг цагдан хоригдсон нэг хоногтой дүйцүүлэн түүнд оногдуулсан 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаас 75 /далан тав/ нэгж буюу 75.000 /далан таван мянга/ төгрөгийг эдлэх ялаас хасч, Т.А-ийн биечлэн эдлэх ялыг бүгд 425 тооцох нэгж буюу 425.000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
5. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан Т.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай.
7. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД