Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар  2025/ДШМ/04 

 

 

 

 

 

 

 

 

2025   01       10                                                2025/ДШМ/04                 

                                                                                                                        

 

 

******* холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

прокурор Б.Жамъяндорж ,

                      шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Хүдэр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2430000000244 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1.Монгол Улсын иргэн, 1985 онд Түмэнцогт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, Түмэнцогт сумын цэцэрлэгт жижүүр ажилтай, ам бүл 2, эхийн хамт тус сумын 3 дугаар баг, *******1 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэгдсэн, ******* овогт ******* (РД:ЛЙ85022271),

 

2.Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 3 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Ундрах” дэлгүүрийн урд талаас “Баян-Овоо” задгай тоот хүртэлх зайд “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг 3,52 хувийн согтолттойгоор жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндорж нь түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч ******* хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч ******* Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5 дахь  хэсгийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сар 05 хоногийн хугацаагаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулж, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцож, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор эсэргүүцэлдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж тодорхой заасан. Уг зохицуулалт нь дээрх шаардлага хангасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс тухайн зүйл хэсэгт заасан үндсэн ял болох хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх байдлаар олгож буй хуулиар тогтоосон боломж бөгөөд уг зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхтэй холбоотой харилцаа нь зөвхөн үндсэн ялын нэг төрөл болох хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхтэй холбоотой харилцааг зохицуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой төрлийн гэмт хэргүүдэд заавал оногдуулахаар заасан нэмэгдэл ял болох эрх хасах ялыг тэнсэх болон хүчингүй болгохтой холбогдсон харилцааг энэ зүйлээр зохицуулаагүй болно. Гэтэл анхан шатны шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн ******* тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахдаа тэнсэх шийдвэрээс гадна шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ял болох 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хүчингүй болгож, нэмэгдэл ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хэмжээнээс багасгаж 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял шинээр оногдуулж эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

6.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний хувьд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шинээр ял оногдуулж байгаа учраас 2-3 удаагийн давтамжтай байлаа гээд жолоодох эрхийг заавал 3 жилээр хасна гэсэн ойлголт байхгүй. Шүүх жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Миний үйлчлүүлэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл барьсан нь ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно гэдэг байдлаар прокурор сая тайлбарлаж байна. Шүүх өмнөх шийдвэрийг хүчингүй болгоод 6.8, 6.9-өөр ял оногдуулахдаа эрүүгийн хуулийг буруу хэрэглээд тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.

8.Прокурор Б.Жамъяндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  Шүүгдэгч ******* эхлээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ зөрчлийн шийтгэврээр жолоодох эрхээ хасуулсан. Ийнхүү жолоодох эрхээ хасуулсан байх үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж анхан шатны шүүх 3 жилийн хугацаагаар эрх хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн. Гэтэл ******* 3 дахь удаагаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн. Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа өмнө олгосон 3 жилийн хугацаагаар эрх хасах болон 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгоод шинээр ял оногдуулахдаа 3 жилийн эрх хассан байсныг 1 жил болгож багасгасан. Мөн 2 жилийн хорих ялаар тэссэнийг хүчингүй болгоод 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болгосон. Тэгээд сүүлд үйлдсэн гэмт хэрэг дээр нь нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг тогтоосон. Прокурорын эсэргүүцлийн гол үндэслэл нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгоод өөр үндсэн ялыг оногдуулна гэсэн заалтын хувьд зөвхөн үндсэн ялтай нь холбоотой асуудлыг шийдвэрлэсэн зохицуулалт болохоос эрх хасах нэмэгдэл ялыг өөрчлөх эрх зүйн зохицуулалт биш гэж үзэж байгаа. Тийм учраас 3 жилийн эрх хассан шийдвэрийг хүчингүй болгосон нь өөрөө эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн. Мөн ойр ойр давтамжтай, 3 удаагийн үйлдлээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хэрэгт удаа дараа холбогдоод байгаа шүүгдэгчийг өмнө шийтгэсэн ялаас хөнгөн ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг алдагдуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          9.Дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

10. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 3 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Ундрах” дэлгүүрийн урд талаас 3 дугаар багийн “Баян-Овоо” задгай тоот хүртэлх зайд “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг 3,52 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогдож, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

11 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэл байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө.” гэж, мөн энэ хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ.”  гэж тус тус заасан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4  заалтууд  тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй зөрүүтэй бичигдсэнээс гадна, шүүх хуралдааны тэмдэглэл нь дуу-дүрсний бичлэгээс зөрүүтэй байх тул анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэв.

12.Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгүүдэд тухайн шүүхийн нэрийг буруу бичсэн, тогтоох хэсгийн 4, 6, 8 дахь заалтууд уншихад ойлгомжгүй, үг үсэг, найруулгын алдаатай, хоорондоо зөрүүтэй бичигдсэн байна. Тухайлбал: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад нийт эдлэх нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж” гэж бичсэн атлаа тогтоох хэсгийн 8 дахь заалтад “шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай” гэж бичсэн нь хоорондоо зөрүүтэй, биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн байна.

13. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлтэй холбоотой дүгнэлт хийхгүй, дээд шатны прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг хэлэлцэхгүй орхив.

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн  1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

          Хоёр. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ                   

                              ШҮҮГЧИД                          Г.БОЛОРМАА

Д.ГАНЗОРИГ