| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0268/э |
| Дугаар | 277 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,
улсын яллагч Ш.Алтанцэцэг,
шүүгдэгч С.Э,
нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810 0118 00383 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч С.Э нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 байрны 00 тоотод өөрийн гэртээ нөхөр Н.Э-тай маргалдах явцдаа түүний толгой руу ваар шидэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн ”өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч С.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би 9-21 насны 3 хүүхэдтэй. Би сарын 670.000 төгрөгийн цалин орлоготой хөдөлмөр эрхэлдэг. Манай гэр бүлийн өрхийн орлого дунджаар сардаа 2.000.000 төгрөг. Бид хоёр урьд нь маргалдаад би нөхрөө цагдаагийн байгууллагад баривчлуулсан. Манай нөхөр архи уудаг байсан, тэр үед хэцүү байдаг байсан. Одоо архи уудаггүй учир би ч гэсэн уураа барьж амар тайван амьдрах хүсэлтэй байгаа.
Би нөхөртэйгээ 25 жил хамт амьдарч байна. Тэр өдөр би Хамрын хийд явна гэхэд намайг явуулахгүй гээд маргаан гарч, би шавран ваар авч шидсэн. Тэр ваар хагарсан. Манай нөхөр толгойндоо оёдол тавиулсан, надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна, цаашид ийм асуудал гаргахгүй, өөрийгөө барьж тайван амьдарна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1810 0118 00383 дугаартай хэргээс:
1. Хохирогч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эхнэртэйгээ гэрлүүгээ явж байтал манай эхнэр “би амралтын өдрүүдэд ажлын газрын хамт олонтойгоо аялал зугаалгаар явна” гэж хэлхэд нь “хоёулаа энэ талаар чинь ярилцсан шүү дээ, танай ажлын газрын хамт олон гээд байгаа хүмүүс байнга л архи уудаг, хэрэггүй биз дээ” гэж хэлсэн. Тэгтэл над руу дайраад, орилоод “чи миний эрхийг зөрчөөд байна, би цагдаад мэдэгдэнэ” гэж хэлэхээр нь би машинаа гарааж руу оруулж тавьчихаад эхнэртээ хандан “чи ажлын газрын хамт олонтойгоо явна гэж байгаа бол хууль ёсоор салсаныхаа дараа яваарай” гэж хэлсэн. Манай эхнэрийн ууж идэх, наргиж цэнгэх асуудал ойр ойрхон давтагддаг учраас эхнэртээ энэ талаар нь удаа дараа хэлж байсан.
Тэгтэл манай эхнэр машины хажууд, гарааж дотор миний хөл хэсэг рүү өшиглөж, нүүр хэсэг рүү самардаж, хэл амаар доромжилж, намайг цагдаад мэдэгдэнэ гэж сүрдүүлсэн. Тэгэхээр нь би эхнэрийнхээ гар цүнхийг аваад машиндаа хийж цоожлоод, гараад сааданд сууж байтал миний гар утас руу танихгүй дугаар залгахаар нь утсаа автал эхнэр байхаар нь гар утсаа тасалсан. Дахин өөр дугаараас залгахаар нь авахад “цагдаа байна, та эхнэрийнхээ гар утас, гар цүнхийг дээрэмдсэн байна” гэж хэлэхээр нь би “эхнэрийнхээ гар цүнх, гар утсыг дээрэмдээгүй, би машиндаа үлдээсэн байгаа, юу болсон гэж эхнэрээ дээрэмддэг юм бэ” гэж хэлээд гар утсаа тасалсан.
Тэгээд би дүүгийндээ хонохоор гэр лүү нь явсан. Дүүгийнд байж байтал над руу манай том хүү Б залгаад “аав, та ээжийн гар утас, цүнхийг өгчих, тэгэхгүй бол хэрүүл хийгээд гэрт орилоод байна” гэж хэлэхээр нь би гар утас, цүнхийг нь гаргаж өгөхөөр буцаж гэртээ иртэл манай эхнэр хэрүүл өдөөд, орилоод байхаар нь би хэрүүл хийлгүй, маргалдахгүй гээд гэрээс гарах гэтэл гэрээс гаргахгүй, хувцаснаас зуураад байсан. Тэгтэл гэрийн хаалганы хажууд байсан шаазан ваарыг аваад над руу чиглүүлээд шидсэн. Гэнэт л толгой дүүрээд эргээд газарт унасан. Миний дух хэсгээс цус гарсан. Би өөрийн гар утаснаас 103, 102-т дуудлага өгсөн. Эмч ирээд манайх анхан шатны тусламж үзүүлдэг, Гэмтэл явж оёдол хийлгэ гэж хэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг яваад оёдол тавиулсан. Тухайн өдөртөө би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгөөгүй маргааш нь өргөдөл бичиж өгсөн. Манай гэрт эхнэрийн байгаа байдал хэрцгий догшин байдаг. Хүүхдүүдийг байнга айлгадаг, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрт байгаа эд хогшил, эд зүйлсийг авч шиддэг. Гэрт маш чангаар орилж чарлан намайг хүчирхийллийг үйлддэг болгож харуулах санаатай байдаг.
Эхнэр С.Э нь Гэр бүл хүчирхийллийн тухай хууль гарсанаас хойш “намайг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг болгож харагдуулна, чи миний эрхээр байна, чи миний эрхийг зөрчиж байна, хоол идэх эрхийг, унтах эрхийг, ажиллах эрхийг ер нь бүх эрхийг зөрчиж байна” гээд л цагдаад худлаа дуудлага өгөөд, тухайн өгсөн дуудлагаар нь би цагдаагийн байгууллагаар шалгуулан Хан-Уул дүүргийн шүүхээр 14 хоногийн баривчилгаа авч байсан.
Миний хувьд ямар нэгэн гэмт хэрэг зөрчил үйлдээгүй байхад худал дуудлага мэдээлэл өгсөнөөс болоод би баривчлагдаж байсан. Манай эхнэр архи уусан үедээ намайг болон үр хүүхдээ айлгах зорилгоор амиа хорлоно гэж байнгын давтамжтайгаар явагдаж цонхоор үсэрнэ, хутгаар зүснэ гэж айлгадаг. Согтуудаа өөрийнхөө гарыг зүсэж байсан.
Манай эхнэр ажлын газрын хүмүүстэйгээ хамт сард 2-3 удаа архи согтууруулах ундаа хэрэглэдэг, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрт орж ирээд гэрийн бүхий л зүйлийг авч шиддэг, агсан тавьж орилж чарладаг. Мөн ажлын байран дээрээ архидан согтуурах явдалд нь байгууллагын хамт олон гэх хэсэг хүмүүс байдаг юм.
Намайг “ажлын газрын хэсэг хүмүүстэй нь зугаалгаар явуулсангүй, архи уулгасангүй” гэх шалтгаанаар манай эхнэр гэмтээсэн. Миний хувьд эхнэрээ тэр зугаалганаас хорьсон зүйл байхгүй, “явах хэрэг байна уу, гэртээ байж байсан нь дээр биш үү, танай ажлын газрын хүмүүс явахаараа архидалт болдог” гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй. Урьд өмнө машинаа цохино, эд зүйл авч шиднэ, нулимах зэргээр миний биед маш их халддаг. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ.
Энэ материалыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Миний эхнэр Э нь намайг байнга шүүх цагдаагаар сүрдүүлж, “би юу ч гэж хэлнэ, чи гэр бүл хүчирхийлэгч болж дуусна тэгэхээр чи миний эрхээр байна, би одоо гэртээ байж байхдаа чанга орилоход хажуу айлын хүмүүс чамайг эхнэрээ зодож байна ойлгоно, тэгээд л миний талд шүүх цагдаа үйлчилнэ” гэж хэлдэг. Яг энэ байдлаараа намайг хэд хэдэн удаа цагдаагийн байгууллагад хүргүүлж, шүүхээр баривчлуулж байсан. Би тэр үед ямар нэгэн зүйл хэлээгүй ба гэр бүлээ хамгаалахын үүднээс эхнэрийнхээ өгсөн худал мэдүүлэг байцаалтаас болж баривчилгаанд явж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-8х/,
2. ШШҮХ-ийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5914 тоот:
1. Н.Э-н биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 19х/,
4. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа баримт /хэргийн 32х/,
5. Шүүгдэгч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн:
“...2018 оны 05 сарын 03-ны өдөр гэртээ байж байгаад нөхөртэйгээ маргалдсан. Манай ажлын газрын хүмүүс зугаалгаар явахаар болосн. Тэгтэл нөхөр намайг явуулахгүй гэж хэлснээс болж маргасан. Би хаалганы хажууд байсан ваарыг аваад чиглүүлээд шидсэн чинь нөхөр оногдчихсон. Нөхрийнхөө биед гэмтэл учруулсандаа гэмшиж, буруугуу ойлгож байна.
...Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл, ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би нөхөр Эын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Бид учир зүйгээ олсон. Би 3 хүүхэдтэй манай том хүү Э.Б 21 настай эрэгтэй, ...бага хүүхдүүд болох Э.Э, Э.М 9 настай эрэгтэй, эмэгтэй 2 ихэр хүүхэд юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х, 46-47х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 22х/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Н.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргахгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлж /хэргийн 49х, 54х/ тэдгээр нь холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорын хяналтын шатанд бичгээр гаргасныг прокурорын 2018 оны 06 сарын 21-ний өдрийн 59 дугаартай тогтоолоор хүлээн авч хангаж шийдвэрлэн, прокуророос С.Э-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж /хэргийн 57х/, 1810 0118 00383 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч С.Э нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 46а байрны 1901 тоот дахь өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох өөрийн нөхөр Н.Э-тай “ажлын газрын хамт олонтойгоо аялал зугаалгаар явахад нь татгалзаж дургүйлхэсэн” шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүн лүү гэрт байсан шаазан ваарыг авч шидэхэд М.Э-ын толгой тус газарт онож эрүүл мэндэд нь “...духанд шарх” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:
- ШШҮХ-ийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн “...Н.Э-н биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5914 дугаартай дүгнэлт,
- хохирогч Н.Э-ын: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эхнэртэйгээ гэрлүүгээ явж байтал манай эхнэр “би амралтын өдрүүдэд ажлын газрын хамт олонтойгоо аялал зугаалгаар явна” гэхэд нь би “хоёулаа энэ талаар чинь ярилцсан шүү дээ, танай ажлын газрын хамт олон гээд байгаа хүмүүс байнга л архи уудаг хэрэггүй биз дээ” гэж хэлтэл ...“над руу дайраад, орилоод чи миний эрхийг зөрчөөд байна, би цагдаад мэдэгдэнэ” гэхээр нь би машинаа гарааж оруулж тавьчихаад эхнэртээ хандаад “чи ажлын газрын хамт олонтойгоо явна гэж байгаа бол хууль ёсоор салсаны дараа яваарай” гэж хэлсэн.
Манай эхнэрийн ууж идэх, наргиж цэнгэх асуудал ойр ойрхон давтагддаг учир би эхнэртээ энэ талаар нь удаа дараа хэлж байсан юм. Тухайн үед эхнэр машины хажууд гарааж дотор миний хөл рүү өшиглөж, нүүр хэсэг рүү самардаж, хэл амаар доромжилж, намайг цагдаад мэдэгдэнэ гэж сүрдүүлсэн. Тэгэхээр нь би эхнэрийнхээ гар цүнхийг нь авч машиндаа хийж цоожлоод гараад гадаа сааданд сууж байхад миний гар утас руу танихгүй дугаар залгахаар нь утсаа автал эхнэр байхаар нь гар утсаа тасалсан. Дахин өөр дугаараас залгаад, гар утсаа автал “цагдаа байна, та эхнэрийнхээ гар утас, гар цүнхийг дээрэмдсэн байна” гэж хэлэхээр нь би “эхнэрийнхээ гар цүнх, гар утсыг дээрэмдээгүй, би машиндаа үлдээсэн байгаа, юу боллоо гэж эхнэрээ дээрэмддэг юм бэ” гэж хэлээд гар утсаа тасалсан.
Тэгээд би дүүгийнхээ гэрлүү хонохоор явсан. Дүүгийндээ байж байтал над руу манай том хүү Б залгаад “аав та ээжийн гар утас, цүнхийг өгчих, тэгэхгүй бол хэрүүл хийгээд гэрт орилоод байна” гэж хэлэхээр нь би гар утас, цүнхийг нь гаргаж өгөхөөр буцаж гэртээ иртэл манай эхнэр хэрүүл өдөөд орилоод байхаар нь би хэрүүл хийлгүй, маргалдахгүй гээд гэрээсээ гарах гээд хувцасаа өмсөхөд эхнэр гаргахгүй гээд хувцаснаас зуураад байсан. Тэгээд гэрийн хаалганы хажууд байсан шаазан ваарыг аваад над луу чиглүүлээд шидсэн. Тэгтэл гэнэт л толгой дүүрээд, би эргээд газарт унасан. Миний дух хэсгээс цус гарсан. Би өөрийн гар утаснаас 103 дугаар луу, мөн 102 дугаар луу залгаж дуудлага өгсөн. Түргэний эмч ирээд “манайх анхан шатны тусламж үзүүлдэг, Гэмтлийн эмнэлэг явж оёдол хийлгэ” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
- шүүгдэгч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн дээр дурьдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Н.Э-ын биед учирсан “духанд шарх” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч С.Э түүн лүү ваар шидсэнээс толгойн тус газарт нь оносон шууд санаатай гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ хэрэгт “Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн үнэлгээ” түвшинг тогтоогоогүй, тухайн гэмт хэргийн үндсэн шинж болох гэр бүлийн хүчирхийллийн шинж байгаа эсэхийг тодорхойлоход ач холбогдол бүхий “Аюулын зэргийн үнэлгээ” болон “Нөхцөл байдлын үнэлгээ”-г эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй хэргийг шүүхэд ирүүлсэн нь учир дутагдалтай хэдий ч хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд болох шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогчийн мэдүүлэг, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, иргэний гэр бүлийн байдлын гэрлэлт бүртгэлийн лавлагаа, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтад шүүх үнэлэлт дүгнэлт хийж, хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан журмын дагуу, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Э-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Хэргийн хохирогч Н.Э, шүүгдэгч С.Э нар нь 1993 оны 04 сарын 19-ний өдөр гэр бүл болсныг 1997 оны 04 сарын 19-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 0029 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосноор талаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа баримт хэргийн 32 дугаар талд авагдсан, тэдгээр нь гэрлэгчдийн эрх, үүрэг үүсгэн хамтын амьдралаар амьдарч буй эхнэр, нөхөр болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн /2016 оны 12 сарын 22-ны өдөр батлагдаж 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн/ 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдсон байна.
Нөгөөтэйгүүр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон.
Шүүгдэгч нь өөрийн нөхөр Н.Э-ыг “ажлын газрын хамт олонтойгоо аялал зугаалгаар явна гэхэд нь хориглосон” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн, улмаар гэртээ байсан ваарыг авч шидэн бие эрх чөлөөнд нь халдаж бие махбодын хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн, уг үйлдлийн улмаас нөхөр Н.Э-н эрүүл мэндэд “духанд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь тухай гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлагдсан.
Иймд шүүгдэгч С.Э-ыг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Н.Э-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн шууд хохиролд, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Н.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...эхнэр С.Э-д одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” тухайгаа илэрхийлж /хэргийн 49х, 54х/, баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгч С.Э-ын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 22х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүгдэгч С.Э нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналыг зэргийг тус тус харгалзан шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт С.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С.Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Э-ыг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт С.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан С.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД