| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 2330002270131 |
| Дугаар | 2025/ДШМ/05 |
| Огноо | 2025-01-10 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/05
2025 01 10 2025/ДШМ/05
*******, ******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
прокурор Б.Жамъяндорж,
шүүгдэгч *******, *******,
шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Х.Ургаа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурор Б.Жамъяндоржийн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2330002270131 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.1.Монгол Улсын иргэн, 1987 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, соёлын менежер мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрт уран бүтээлийн нэгжийн дарга, дуучин ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт, Баруун-Урт сумын 7 дугаар баг “Дөрвөлж” хотхоны 4-12 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* (РД:ЛИ87070665)
1.2.Монгол Улсын иргэн, 1982 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежер мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн “Угсаатны зүй” музейн нягтлан бодогч ажиллаж байсан, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт, Баруун-Урт сумын 2 дугаар баг “Саруул” хотхоны 104-26 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* (РД:)
2.Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн захирлаар, шүүгдэгч ******* нь тус номын сангийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6, 7.1.7, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4 дэх заалтуудыг зөрчиж, орон нутгийн төсвөөс дулааны шугам шинэчлэх зориулалтаар Нийтийн номын сангийн дансанд олгогдсон 15,000,000 төгрөгөөс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1,300,000 төгрөгийг *******, 1,400,000 төгрөгийг ******* нь бусдын дансаар шилжүүлэн авч, өөрсдийн хувийн хэрэгцээнд зарцуулан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндорж нь шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
4.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар аймгийн Прокуророос шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу *******, ******* нарт холбогдох 2330002270131 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, шүүхийн шатанд *******, ******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндорж эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх нь хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. “Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нь тогтоогдсон байна” гэж шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэлт хийсэн байх боловч тогтоох хэсэгт шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүх цагаатгах талын ямар нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэсэн нь тодорхойгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Түүнчлэн шүүх яллах талын нотлох баримтуудыг няцаасан үндэслэлээ дурдаагүй болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлэх, өөрийн дансанд мөнгийг буцаан төвлөрүүлэх зэргээр идэвхтэй үйлдлийг хийсэн. Төрийн Аудитын болон бусад хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн аудитор төлбөрийн акт тогтоосон нь төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актуудыг зөрчсөн болохыг хяналтаараа илрүүлж, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж буй хэлбэр бөгөөд энэхүү шийдвэр үйл ажиллагааг хууль бус, хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Түүнчлэн шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд зааснаар Захиргааны акт буюу хуульд нийцүүлэн гаргасан улсын байцаагчийн акт, албан шаардлагыг илт хууль бус гэж үзэх, Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаартай “албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 10 дугаар зүйлд заасан албан шаардлага, төлбөрийн актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй. Мөн Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу *******, ******* нарт сахилгын шийтгэл ногдуулж, зөрчлийн улмаас үүссэн хохирлыг бүрэн барагдуулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч *******, ******* нар үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор 15,000,000 төгрөгөөр номын сангийн шугам сүлжээний засвар хийлгэсэн мэтээр санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлж, санхүү, нягтлан бодох бүртгэл болон төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн хууль тогтоомжуудыг зөрчиж, төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулан ******* нь 1,300,000 төгрөг, ******* нь 1,400,000 төгрөгийг тус тус хувьдаа авч ашиг хүртэх байдлаар өөртөө болон бусдад давуу байдал олгосон идэвхтэй үйлдэл байх тул “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн гэжээ.
6.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
7.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
8.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Ургаа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтууд бүрэн шинжлэн судлагдсан. Энэ хүмүүс төрийн аудитын байгууллагын дүгнэлтээр дээрх асуудлаар хариуцлага хүлээсэн. Прокурорт аудиторын дүгнэлтийг хүчингүй болгох эрх хэмжээ бий. Шүүгдэгч нар аудитын дүгнэлтээр 15,000,000 төгрөгийг төлж, сахилгын шийтгэлийн дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн. Эрүүгийн хуулийн зарчимд нэг үйлдэлд давхар шийтгэл хүлээлгэхгүй талаар дурдсан байдаг. Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 сарын 22-ны өдрийн 54 дугаартай тогтоолоор энэ төрлийн хэргийн талаар тайлбарласан байдаг. Дээд шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан гэмт хэргийг агуулгаар нь тайлбарласан байгаа. Хэргийн үйл баримт, үйлдэл заавал адил байх албагүй. Би прокурорт аудиторын актыг хүчингүй болгодог эрх хэмжээ байгаа гэсэн утгаар хэлээгүй, харин хүчингүй болгуулах талаар Захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй гэж тайлбарласан. Хохирлын мөнгийг удаан хугацаанд төлөх эсэх нь хамаагүй. Эцэст нь хохирол төлөгдсөн эсэх тухай л асуудал. 15,000,000 төгрөгийн актад 1,300,000 төгрөгийн акт багтаж байгаа гэдгийг нэмж дурдъя. Эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
9.Прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
10.Прокуророос шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн захирлаар, шүүгдэгч ******* нь тус номын сангийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, орон нутгийн төсвөөс дулааны шугам шинэчлэх зориулалтаар Нийтийн номын сангийн дансанд олгогдсон 15,000,000 төгрөгөөс 1,300,000 төгрөгийг *******, 1,400,000 төгрөгийг ******* бусдын дансаар шилжүүлэн авч, өөрсдийн хувийн хэрэгцээнд зарцуулан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэмээн буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
11.Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтүүд хоорондоо зөрчилтэй, харилцан үгүйсгэлцсэн шинжтэй байна.
12.Тодруулбал, цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн үйл баримтыг буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон болох нь тогтоогдсон байна гэх дүгнэлтийг хийсэн атлаа “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтүүд хоорондоо зөрчилтэй байна гэж дүгнэв. (Хэргийн 4 дүгээр хавтасны 162-163, 165 дугаар хуудас)
13.Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой тусгаагүй, уг цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар прокурорын эсэргүүцлийг хангаж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
14.Мөн мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржийн эсэргүүцлийг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
Хоёр.Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.БОЛОРМАА
Д.ГАНЗОРИГ