| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0136/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/146 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгч Н.Нямсүрэн, М.Эрдэнэ-Очирын нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар П.Ханбүргэд
Улсын яллагч М.Ариунцэцэг
Иргэдийн төлөөлөгч Б.Цэнд-Аюуш
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг
Шүүгдэгч А.Б-г оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-д холбогдох эрүүгийн 1838003580163 тоот хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, А.Б-,
Шүүгдэгч А.Б- нь зэвсэг хэрэглэн 2018 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Ч.Б-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч А.Б- нь зэвсэг хэрэглэж 2018 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Ч.Б-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Ч.Б-гийн: Би тухайн үед яг юу болсныг сайн санахгүй байгаа. Нэг ухаан ороод сэрэхэд эмнэлэгт хүргэгдчихсэн, хутгалуулсан байдалтай байсан. Гэрийнхнээсээ яасан юу болсон талаар асуухад Баяндалай намайг хутгалсан л гэж хэлсэн. Миний хувьд Баяндалай намайг яаж байгаад хутгалсныг нь үнэхээр санахгүй байгаа. Би тухайн үед тасарчихсан байсан. Хамт явсан Д.М- гэх залуу сүүлд надад хэлэхдээ хоёуланг нь гараад явж байхад Баяндалай араас ирээд хутгалчихсан л гэж хэлж байсан. Миний биеийн байдал одоо гайгүй байгаа. Зүүн уушиг маань талаасаа дотогш гайгүй, талаасаа дээш муу амьсгаатай байгаа. Одоо өвдөж зовиурлаж байгаа зүйл огт байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р тал/,
Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр найз Батзаяагийн төрсөн өдрийг тэмдэглэж Дэнж хорооллын гудамжны ард, хээр гарч 0.75 литрийн Ихмонгол гэдэг архи уусан. Мөн 0.5 литрийн Ерөөл гэдэг архи хувааж ууцгаасан энэ үед Батзаяа бид 2-той хамт Б.С- гэдэг залуу хамт архи уусан. Тэгэд шөнө 00 цагийн үед манай найз Батзаяа буюу Мажуу их согтоод намайг Бямбадалай гэдэг айлд орж унтна намайг хүргэж өгөөч гээд байхаар нь би Батзаяаг нөгөө айлд нь хүргэж өгсөн. Тэгээд тэнд ороод Батзаяа Бямбадалайтай маргаад унахаар нь би Батзаяаг аль харья би чамайг хүргэж өгье гээд гэрхээс гараад мотоцикль дээрээ суух гээд явж байхад Баяндалай араас гүйж гарч ирээд Батзаяагийн цээжин хэсэг рүү хутгаар хатгачихсан. Тэгхээр нь би буцаж гэрт ороод Ө.О- гээд унтаж байсан ахыг нь сэрээгээд гадаа Баяндалай Мажууг хутгалчих шиг боллоо гаръя гэж хэлээд авч гарсан гэрээс гараад Мажууг үзэхэд Мажуугийн цээж хэсгээс хувцасных нь цаанаас цус гарч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р тал/,
Гэрч Ө.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Би тэр шөнө гэртээ унтаж байсан. Тэгсэн чинь Д.М- гэдэг манай дүү нарын найз орж ирээд намайг сэрээгээд гадаа Бямбадалай Мажууг хутгалчих шиг боллоо гэж хэлэхээр нь босоод гарахад Мажуу буюу Батзаяа газарт уначихсан байсан. Тэгэхээр нь би Д.М-ын хамт урд айлын сувилагч хүүхэнд гэрийн гаднаас нь хашгирч энд хүн болохоо байчихлаа эмнэлэг рүү дуудлага өгөөд өгөөч гэж хэлээд буцаж очсон тэр хооронд Бямбадалай мотоциклиор эмнэлэг явсан байсан удалгүй эмнэлэг ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,
Гэрч Ө.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 00 цаг 00 минутанд манай сувилагч С.Наранцэцэг утсаар гэдсэндээ хүн хутгалуулсан дуудлага ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсаа гараад эмнэлгийн жижүүр дээр очихол Алимаагийн Бямбадалай гэдэг залуу сууж байсан. Тэгэхээр нь би анх тэр хүнийг хутгалуулсан юм болов уу гэж ойлгосон. Тэгээд тэр хүнээс чи яав, юу болов гэсэн чинь нөгөө залуу би биш хутгалуулсан манай гэрийн гадаа байсан гэсэн. Тэгэхээр нь би эмнэлгийн багаж хэрэгслээ аваад Бямбадалайгийн араар суугаад галчаа мотоцикльтой нь авч араар нь сувилагчаа суулгаад 4-үүлээ хоёр мотоцикльтой тэдний гэрт очиход гэрийн хашааны гадаа нөгөө хутгалуулсан хүн түрүүгээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь дээш нь эргүүлээд үзлэг хийхэд бүх хувцас нь цус болсон хэвтэж байсан газарт нь цус гарсан байдалтай байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,
Гэрч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр шөнө 30-ны 02 цаг 202 минутын үед эмнэлгийн жолооч намайг гэрээс ирж аваад болсон зүйлийг хэлсэн тэгэхэд манай хүү Батзаяа эмнэлэгт ирсэн байсан. Миний сонссоноор өөрийнх нь танил найз Бямбадалай гэдэг залуу цээж рүү нь хутгалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/,
Гэрч Б.С-гийн мэдүүлэг /хх-ийн 35-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 226 дугаартай:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9-р тал/,
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12-р тал/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р тал/,
Эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16-р тал/,
зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч А.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 90-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 1838003580163 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн цус мэт бохирлогдсон пудволк 1 ширхэг, хар хөх өнгийн куртик 1 ширхэг, ясан бариултай 15 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь унаж, татдаг эфилефси өвчтэй, группт байдаг, ахыгаа асран хамгаалдаг тухай багийн даргын тодорхойлолт, гэмт хэргийн шинж, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллгаад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, -д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.Б-г хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар А.Б-г 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар А.Б-д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон пудволк 1 ширхэг, хар хөх өнгийн куртик 1 ширхэг, ясан бариултай 15 см урттай хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Н.НЯМСҮРЭН
М.ЭРДЭНЭ-ОЧИР