| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 1902007470166 |
| Дугаар | 2023/ДШМ/773 |
| Огноо | 2023-08-01 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2023/ДШМ/773
2023 8 01 2023/ДШМ/773
Б.О-, З.Б- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Б-,
шүүгдэгч З.Б-, түүний өмгөөлөгч Л.Батаа,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/552 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалын бичсэн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.О-, З.Б- нарт холбогдох эрүүгийн 1902007470166 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. О-, /;
2. Б-,
Шүүгдэгч Б.О- нь 2019 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Төмөр замын дээд сургуулийн хажуу талд байх хашаан дотор цэвэр жин нь 0.1135 грамм хэмжээтэй “шавар” гэх нэршилтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетрагидроканнабинол” бодисын агууламжтай хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдаас олж авсан,
улмаар 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Бенз” авто засварын газрын хоёр давхарт байрлах З.Б-ий ажил дээр очиж “шавар” гэх нэршилтэй 0.0835 грамм хэмжээтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар З.Б-д өгсөн гэмт хэрэгт,
шүүгдэгч З.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр авто засварын газрын хоёр давхарт з Б.О-аас “шавар” гэх нэршилтэй 0.0835 грамм хэмжээтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, тухайн өдрөө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Циркийн урд талын өргөтгөлийн барилгад биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.О-, З.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч О-ыг сэтгэцэд нөлөөт бодис түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бусдад өгсөн,
шүүгдэгч Б-ийг сэтгэцэд нөлөөт бодис түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-, З.Б- нарыг хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэж, тэдгээрт хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-, З.Б- нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг тайлбарлаж, Б.О-, З.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор А.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хэлэлцээд шүүхээс шүүгдэгч Б.О-, З.Б- нарыг Эрүүгийн хуулийн ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэхдээ шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн хуулийн заалтыг шүүгдэгч нарт тайлбарлаагүй байна. Шүүгдэгч нарт шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял оногдуулах тухай хуулийн үр дагаврыг ойлгуулан тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн заалтыг зөрчсөнөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх шүүгдэгч Б.О-, З.Б- нарын үйлдсэн гэмт хэргийн нотолгоо болон гэм буруугийн хувьд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/552 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн хуулийн заалтыг шүүгдэгч нарт тайлбарлаж өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор Г.Б- тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч З.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй. ...” гэв.
Шүүгдэгч З.Б-ий өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурор А.Энхжаргал “шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, эргэлзээгүй байх ёстой. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэж тайлбарласан” гэж эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” гэж заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, тодорхой, ойлгомжтой гарсан. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Б.О-, З.Б- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.О- нь 2019 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Төмөр замын дээд сургуулийн хажуу талд байх хашаан дотор цэвэр жин нь 0.1135 грамм хэмжээтэй “шавар” гэх нэршилтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетрагидроканнабинол” бодисын агууламжтай хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдаас олж авсан,
улмаар 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Бенз” авто засварын газрын хоёр давхарт байрлах З.Б-ий ажил дээр очиж “шавар” гэх нэршилтэй 0.0835 грамм хэмжээтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар З.Б-д өгсөн гэмт хэргийг,
шүүгдэгч З.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр авто засварын газрын хоёр давхарт з Б.О-аас “шавар” гэх нэршилтэй 0.0835 грамм хэмжээтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, тухайн өдрөө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Циркийн урд талын өргөтгөлийн барилгад биедээ хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
З.Б-ий яллагдагчаар өгсөн “...О- цагаан өнгийн картан дээр байгаа шавар шиг зүйлээс бритвагаар зүсээд жоохныг надад өгсөн. ...О- нь шавар гэх зүйл өгөөд оронд нь ямар нэгэн хариу төлбөр, эд зүйл нэхсэн зүйл байхгүй. ...” /2хх 64-65/,
Б.О-ын яллагдагчаар өгсөн “...би 2019 оны 9 дүгээр сард Төмөр замын Андуудын ойролцоо зүс мэдэх хүнээс шавар гэх мансууруулах бодис 40.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэр шавар гэх зүйлээ хэрэглэж амжаагүй байж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн үед найз Б-тэй ажил дээр нь уулзаад нөгөө шавар гэх зүйлээ харуулаад сонирхуулсан. З.Б- шивээс хийж байсан тул тавиур дээрх байх тамхины хайрцаг дотор үлдээчих гэхээр нь би жоохныг хуваагаад бритвагийн хайрцаг дээр наагаад өгсөн. ...” /2хх 79-81/ гэсэн мэдүүлгүүд,
“...Б.О-, З.Б- нарын биеэс хураан авсан эд зүйлээс дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн 5029, 5030 дугаар дүгнэлт /1хх 54-55, 61-62/,
Б.О-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах ажиллагаагаар түүний шээснээс THC илэрсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 10-11/, З.Б-, Б.О- нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-14, 15-18/, Б.О-, З.Б-ий нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 19-31/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх 30-37/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.О-, З.Б- нар ямар гэм буруутай, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Б.О-ын 0.1135 грамм хэмжээтэй “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, 0.0835 грамм “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн, З.Б-ий 0.0835 грамм хэмжээтэй “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Прокурор А.Энхжаргал “...анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тайлбарлаж, сануулаагүй. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.О-, З.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуульд заасны дагуу үүрэг хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг тайлбарлажээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим үйлчилдэг бөгөөд шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрхэн ял оногдуулах асуудлыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тусгайлан зохицуулсан тул шийтгэх тогтоолд заавал тусгах шаардлагагүй гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/552 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалын бичсэн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН