| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2307000000099 |
| Дугаар | 2023/ДШМ/774 |
| Огноо | 2023-08-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2023/ДШМ/774
2023 8 01 2023/ДШМ/774
Э.Г-эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Баясгалан,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2307000000099 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г-,
Шүүгдэгч Э.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 19-ний шөнийн 02 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” караокены шатан дээр тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Э.Б-ийг нүүрэн тус газар нь цохиж унагаан эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Э.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Г-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Г- давж заалдах гомдолдоо: “...би хамт явсан Б-ийн нүүрэнд цохиж унагаан хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Миний бие одоогоор ковшийн операторчоор ажиллаж байгаа ба надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял амьдралд минь хүнд тусч байна. Би эхнэр, 3 хүүхдээ ажил хийж тэжээдэг. Том хүү 11 настай, дунд хүүхэд 3 настай, бага хүүхэд 1 нас 6 сартай. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж торгох ялаар сольж өгнө үү. Миний сарын цалин 1.000.000 төгрөг. ...” гэжээ.
Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.Г- нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхтэй холбоотой гомдол гаргаж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Э.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь эргэлзээгүй тогтоогдсон. Гэмт хэрэг 2023 оны 02 дугаар сард үйлдэгдсэн, анхан шатны шүүх хуралдаан 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр болсон. Хэдийгээр шүүгдэгч “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж байгаа боловч хохирогчид учруулсан үйлдэлдээ гэмшиж, ямар нэгэн байдлаар тусалж, дэмжээгүй байдал нь эрүүгийн хариуцлага оногдуулахад нөлөөлж байна. Анхан шатны шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлага оногдуулах саналын хүрээнд шүүгдэгч Э.Г-эд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Э.Г-эд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Э.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 19-ний шөнийн 02 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” караокены шатан тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Э.Б-ийг нүүрэн тус газар нь цохиж унагаан эрүүл мэндэд хөлийн шивнүүрийн хугарал, хоёр шүдний булгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
хохирогч Э.Б-ийн “...Г- ямар нэгэн шалтгаангүйгээр миний уруул руу цохиод би хойшоо шатны уруу унахад Г- цаашаа гүйгээд явсан. ...Миний амнаас цус гарч гараараа амаа дартал ...2 шүд байсан. ...” /хх 7/,
гэрч Э.Э-ын “...Г- гэх залуу Б-ийг хэл амаар доромжилж байгаад шатны дээд талаас цохиод унагачихаар нь би Б-ийг босгож байтал Г- гараад явчихсан. ...Б-ийг аваад машиндаа суулгаж байгаад шүд нь унасныг мэдсэн. ...” /хх 9-10/,
гэрч А.Х-ын “...тухайн хүмүүс текний хажууд ирээд зодолдож байгаад салцгаасны дараа шүдээ цохиулсан гэх эрэгтэй өөр өрөөний хүмүүс рүү агсраад байсан. ...” /хх 12-13/,
гэрч Ц.С-ын “...Г- шатан дээр зогсож байгаад Б-ийн нүүр шүд хэсэг рүү нэг удаа цохиж унагаагаад гараад явчихсан. ...Би буцаад орох үед Б-ийн 2 шүд уначихсан. ...” /хх 15/,
шинжээч Р.Ням-Осорын “... Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой цохих, цохигдох үед үүсэх боломжтой. ...Хазгай гишгэх болон өшиглөх үед бол хугарах боломжгүй. ... Зүүн доод 1,2 дугаар шүд булгарсан, буйлан цайвар шаргал өнгийн шархтай, ой орчимд нь улаан хүрэн өнгийн цус хуралттай. Хаван хавдартай гэдэг нь шинэ үүссэн гэмтэл гэдгийг нотлож байгаа юм. ...” /хх 27/
Э.Г-ийн яллагдагчаар өгсөн “...би тухайн үед Э.Б-ийн нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. ...” /хх 43/ гэсэн мэдүүлгүүд,
“...Э.Б-ийн биед хөлийн шивнүүрийн хугарал, хоёр шүдний булгарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 89 дүгээр дүгнэлт /хх 21-22/,
дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4/, АСАП сангийн лавлагаа /хх 48-50/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Э.Г- ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Э.Г-ийн хохирогч Э.Б-ийн нүүр лүү цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Э.Г- “... нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Г-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, тухайн зүйл заалтад зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Г-ийн ял шийтгэлийг өөрчлөх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН