Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/1019

 

       

 

 

 

 

    2023           10            19                                          2023/ДШМ/1019

 

 

    Ц.А-, Г.Ө-, Г.Ж- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ө- даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

шүүгдэгч  Ц.А-ын өмгөөлөгч А.Буянжаргал,

шүүгдэгч Г.Ж-, түүний өмгөөлөгч О.Баяржаргал, Э.Түвшинбаяр,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/792 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ж-, Ц.А- нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.А-, Г.Ө-, Г.Ж- нарт холбогдох эрүүгийн 2209023930415 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Ө-,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн **** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

 

2. А-,

3. Ж-,

 

Шүүгдэгч Ц.А-, Г.Ө-, Г.Ж- нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 23-ны шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, “****” төвийн гадаа Г.Ц-ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Г.Ц-ид хүч хэрэглэж, түүний халааснаас 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Галакси Эс-7” загварын гар утсыг, “Хас” банкны **** дугаарын данс бүхий виза картад байсан 106.000 төгрөгийг авч, бусдад 226.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.А-, Г.Ө-, Г.Ж- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Г.Ө-, Г.Ж- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэм хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч А-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч А-, Ө-, Ж- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Ц.А-, Г.Ө-, Г.Ж- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Ц.А-т энэ тогтоолоор оногдуулсан 10 /арав/ сарын зорчих эрхийг хязгаарлах ял болон 1 жилийн хорих ялыг тус тусад нь эдлүүлж, шүүгдэгч Г.Ө-т энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн **** дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 2  жил  6 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ц.А- зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, дээрх ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,  шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.А- давж заалдах гомдолдоо “...миний бие тухайн үед болж байсан явдалд оролцоогүй, найзуудыгаа боль гэж хэлээд салгасан. Манай найзуудад ах юм авч өгье гэсэн гэж надад хэлсэн. Гэтэл ахын түрийвч алга байна, ахынхаа түрийвчийг өгчих гэхээр нь хоёр найзаасаа түрийвчийг нь өгчих, хаана байна гэж хэлсэн. Би түрийвчийг алга болсныг мэдээгүй. Тэгээд хоёр найзаасаа түрийвчийг нь авч өгсөн. Ахыг таксинд суулгаад өгөх үү гэсэн чинь “Би өөрөө алхаад явчихна” гээд явсан. Би энэ үйл явдалд оролцоогүй байхад надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулсныг зөвшөөрөхгүй байна. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Ж- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ялласанд гомдолтой байна. Хэргийн тухайд, би өөрийн найз Ц.А- болон Г.Ө- нарт мөнгө зээлэхээр “****” зочид буудалд очсон. Улмаар бид 3 юм ярьж, пиво уугаад караоке орж дуулахаар болсон. Дуулж байхад Ц.А- утсаар ярина гэж гараад алга болсон тул Г.Ө- бид хоёр санаа зовоод араас нь гарахад Ц.А- хамраа дараад цусаа гоожуулаад зогсож байсан. Бид хоёрт ойлгуулахдаа хохирогч Г.Ц- Ц.А-ыг зодсон гэж ойлгуулсан. Пиво уусан согтолттой байсан тул найзыгаа өмөөрөөд хоёр өшиглөсөн. Тэгээд хохирогч Г.Ц- манай найзаас уучлалт гуйгаад ТҮЦ ороод идэх юм авч өгье гэхэд нь дагаад явсан. Үнэндээ би найз Ц.А-ыг хохирогч гэж эргэлзээгүй итгэсэн болохоор Г.Ц-ийг ичсэндээ аргадаад байна гэж бодоод зогсож байсан. Мөн тэр гурвын хооронд ямар нэг яриа болсныг сонсоогүй, хол зогсож байсан. Түүнээс биш Г.Ө-ын мэдүүлсэн шиг тэр хоёртой нийлж гар утас авч гудсан дор хийгээгүй. Мөн Ц.А-ын мэдүүлсэн шиг “Юм аваад өг гэж  гуйгаад ...түрийвчийг нь авсан” зүйлгүй. Г.Ө- болон Ц.А-ын мэдүүлэг ч зөрүүтэй байдаг. Хохирол барагдуулахад миний оролцоогүй барагдуулсан. Яагаад гэвэл би дээрэм хийж байгааг мэдээгүй. Дээрэмдэж олсон мөнгөнөөс хэрэглээгүй тул хохирол барагдуулах шаардлага үүсээгүй. Хохирлыг Г.Ө-, Ц.А- нар барагдуулсныг дансны хуулгаар нотолно. Иймд бүлэглэн дээрэм хийсэн гэх хэрэгт миний оролцоо байхгүйг бодитоор, шударгаар шүүж өгнө үү. Мөрдөн байцаалтын явцад миний эрхийг зөрчсөн. Өмгөөлөгчгүй байцаалт өгөхийг шаардсан. Г.Ц-той холбогдох шинжээчийн дүгнэлтүүдтэй намайг танилцуулаагүй. Шүүхээс урьдчилан хэлэлцүүлэг зарлаагүй. Үүнээс гадна анх хэрэг үйлдэхдээ хэрэг үйлдэж байгаагаа өөрөө огт мэдээгүй, санаандгүйгээр үр дүнгээ тооцоололгүйгээр оролцсон зэргийг харгалзан үзнэ үү. Би сэтгэл хөдлөлдөө автаж биеэ зүй зохистой авч явалгүй бусдыг өшиглөсөндөө гэмшиж байна. Цаашлаад найз нөхдөө зөв сонгоогүй нь миний ийм байдалд орж, хийсэн хэрэгтээ буруутгагдан ял шийтгэл авч байгаа шалтгаан юм. Би засрал хүмүүжлээ 461 дүгээр ангид байх хугацаандаа хангалттай олсон. Би залуу хүн учраас надад боломж олгооч гэж хүсч байна. Би дээрэм хийж байгааг огт мэдээгүй. Мэдсэн бол хэзээ ч хөхүүлэн дэмжиж тэнд байхгүй. Би өндөр настай өвөөтэй. Ээж минь Өмнөговь  аймгийн Шивээхүрэн боомтод том машин барьж гэр бүлээ тэжээдэг. 15, 12 болон 4 настай дүүгээ би өсгөдөг. Одоо 3 дүү минь 70 нас шүргэж буй өвөөтэй минь үлдсэн. Хичээл сургууль орсон тул би харж асрах ёстой. Надад тохиолдсон асуудлаас үүдэн өвөөгийн даралт ихсэх болсон. Өвөө маань доголон хөгжлийн бэрхшээлтэй тул асаргаа хэрэгтэй. Шүүх хэргийн бодит үнэнийг хараад миний хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял бүү оноогооч. Би залуу хүн, энэ удаагийн тохиолдол надад маш том сургамж боллоо. Үүнийг чин сэтгэлээсээ гуйя. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Ж-ын өмгөөлөгч О.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие давж заалдах шатны шүүхийн шатнаас эхлэн өмгөөлөгчөөр оролцож байна. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, бодитой байх талаас нь үнэлээгүй буюу Эрүүгийн хуулийн суурь зарчмууд хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн үйлдлүүд буюу нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй гэж үзсэн. Тухайн шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болж чадахгүй буюу нотлох баримтын шинжийг агуулж чадахгүй. Гэмт хэргийн тухайд гэм буруугийн шууд санаатай хэлбэр буюу хүсэж үйлдсэн байхыг илэрхийлдэг. Шүүгдэгч Г.Ж-ын хувьд тухайн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж байгааг анхнаасаа мэдээгүй буюу үгсэн тохиролцсон зүйл байхгүй. Гэтэл анхан шатны шүүх дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй буюу ойлгомжгүй байна. Мөн Г.Ж- ямар оролцоотой байсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар бүрэн тогтоогдохгүй байна. Түцний гадаа зогсож байсан талаараа Г.Ж- мэдүүлдэг боловч гар утас болон эд хөрөнгийг авч байгаа талаарх баримт байдаггүй. Г.Ж-ын тухайд дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх санаа зорилго байгаагүй бөгөөд үйлдэж байгааг мэдээгүй, хөнгөмсгөөр найдсан байсан. Иймд Г.Ж-д холбогдох дээрмийн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Ж-ын өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн зүгээс хэргийг шүүх рүү шилжүүлэхдээ 2 зүйлчлэлээр шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан Г.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, сэдлийн хувьд анх хохирогчийн эрүүл мэндэд халдах шинжтэй гэмт хэрэг үйлдэж байсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдаагүй гэж үзэж байна. Магадгүй шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх зорилгод дээрэмдэх гэмт хэргийн санаа зорилго байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн гүйцэтгэсэн гэж журамласан. Хавтас хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтаар анхнаасаа үгсэн тохиролцож, хохирогчийн бие махбодод халдаж, хүч хэрэглэж, довтлон дээрэмдэх зорилго агуулагдаагүй гэж харагдаж байгаа. Энэ агуулгаар шүүгдэгч нарын үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд халдах үйлдэл байжээ. Үйлдлээрээ үргэлжлээд дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл бий болсон. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь довтлох, хүч хэрэглэхээр заналхийлэх шинжийг агуулдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмтэл учруулсан байгаа боловч довтолж байгаа шинж нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг буюу тухайн этгээдийг дээрэмдэх зорилгыг агуулаагүй. Хавтас хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хохирогч нь өөрийн сайн дурын үндсэн дээр өөрийн эд зүйлийг гаргаж өгсөн, шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Мөн 3 шүүгдэгчийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байхад тухайн мэдүүлгийг үнэн зөв, бодит байдалд нийцсэн гэж үзсэн шүүхийн үндэслэл буруу болсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан атлаа шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дүгнээгүй. Шүүгдэгч Г.Ж-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шууд санаатай үйлдэх буюу хохирогчийг дээрэмдэх талаар шууд санаатай үйлдэл байгаагүй. Энэ шинж үгүйсгэгдэж байгаа учраас шүүгдэгч Г.Ж-д холбогдох дээрмийн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зарчмаар хөнгөрүүлэн зүйлчлэх боломжийг анхаарч үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.А-ын өмгөөлөгч А.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Ж- нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүйгээр давж заалдах гомдол гаргасан. Г.Ж- давж заалдах гомдол гаргасан учраас Ц.А-  “би ч энэ хэрэгт гомдол гаргах ёстой” гэж ойлгоод давж заалдах гомдол гаргасан гэж өөрөө тайлбарладаг. Ц.А-ын хувьд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа. Тийм учраас энэ хэрэгтэйгээ нэгтгэж, нэг шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэх зорилгоор давж заалдах гомдол гаргах байсан. Гэтэл өөрөө хэргийнхээ үйл баримтын талаар давж заалдах гомдол гаргасан. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, гэм буруудаа маргаагүй гэх үндэслэлээр хуульд зааснаас доогуур ял оногдуулсанд маргаагүй, харин өөр гэмт хэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж байгаа учраас хоёр хэргийг нэгтгэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Өнөбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.Ж-ын хувьд анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргасан гэж байна. Анхан шатны шүүх харин ч хэргийн бодит байдалтай нийцсэн, хамгийн боломжит, үйл баримтыг сэргээн дүрсэлсэн шийдвэр гаргасан. Учир нь, энэ хавтас хэрэгт хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг байдаг. Мэдүүлгүүд нь өөр хоорондоо нэг нэгнээ авцалдуулж, болсон үйл явдал нь хэд хэдэн давхар эх сурвалжаар нэг үйл баримт байсан гэдгийг оновчтой, зөв тодорхойлж, бодит байдлыг зөв тодорхойлсон гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байдаг бөгөөд нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа яллах нотлох баримт болохгүй гэж заасан болохоос бусад нотлох баримттай тохирч, адил агуулга, утга санаа бүхий үйл баримтыг тал бүрээс нь оновчтой, голыг нь олж нотолсон бол нотлох баримтын шаардлага бүрэн хангана. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд болсон үйл баримтыг шүүгдэгч нарын өмгөөлөгч нар мэдэхгүй байна. Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар улсын яллагчийн зүгээс 3 шүүгдэгч нараас тус тусад нь мэдүүлэг авах саналыг гаргасан. Саналыг хүлээн авч, 3 шүүгдэгч нараас тус тусад нь мэдүүлэг авахад хэн, хэнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг 3 шүүгдэгч ярьдаг. Ямар үйлдэл оролцоотой хэрэг үйлдсэн талаараа хангалттай мэдүүлдэг. Мөн хэргийн нотолбол зохих байдлын талаар бүрэн тогтоогоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбар хэлсэн. Бүрэн тогтоогоогүй гэх байдлыг хэлж байгаа болохоос нотолбол зохих байдлын яг алийг хэрхэн нотлоогүй талаар тайлбарласангүй. Тиймээс үүнд дүгнэлт хэлэх боломжгүй байна. Дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцоогүйгээр үйлдсэн гэж байна. Үүнд прокурорын зүгээс маргахгүй. Урьдчилсан үгсэн тохиролцоогүй ч үйлдлээрээ санаатай нэгдсэн. Маргалдсан, зодолдсон үйл баримтын тухайд шатны доошоо оруулж зодсон талаар хяналтын камерын бичлэг байдаг. Дагуулж яваад түүнээс идэх зүйл худалдаж аваад хоорондоо хувааж идэж, үргэлжүүлэн тухайн буудалд оруулж, гар утас, карт зэрэг эд зүйлийг нь авсан байдаг. Энэ агуулгыг анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харвал Г.Ж- бүх үйл баримтыг мэдэж байсан, гудсан доогуур нуусан байсан гэдгийг ойлгож, ухамсарлаж байсан нөхцөл байдал байдаг бөгөөд үүнийгээ өөрөө мэдүүлдэг. Тийм учраас хохирогчийг урьдчилж дээрэмдэх гэсэн санаа зорилгогүйгээр, хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулах явцдаа дээрэмдэх санаа зорилго аль алинд нь төрж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн. ...Шүүгдэгч нар хохирогчийг зодож, дэлгүүрээс идэх зүйл тулгаж шаардан авахуулж, зодож байх явцдаа гар утсыг нь халааснаас нь авч, картыг булааж авснаараа дээрэмдэх гэмт хэрэг болох эсэх талаар хангалттай ойлгох хэмжээний эрх зүйн бүрэн чадамжтай байсан. Тийм учраас дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.А-, Г.Ө-, Г.Ж- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Тодруулбал;

Прокуророос Ц.А-, Г.Ө-, Г.Ж- нарыг бүлэглэн Г.Ц-ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Г.Ц-ид хүч хэрэглэж, түүний халааснаас 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Галакси Эс-7” загварын гар утсыг, “Хас” банкны **** дугаарын данс бүхий виза картад байсан 106.000 төгрөгийг авч, 226.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Г.Ө-, Г.Ж- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч Ц.А-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Ц.А-, Г.Ө-, Г.Ж- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.А-ыг 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1,  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-, Г.Ө-, Г.Ж- нарыг тус бүр 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ингэхдээ, шүүгдэгч Ц.А-, Г.Ө-, Г.Ж- нарын дээрэмдэх гэмт хэргийн үйл баримтын /холбогдсон хэргийн агуулгыг/ талаар хэт ерөнхийлөн, тухайлбал “....Ц-ид хүч хэрэглэж, түүний халааснаас гар утас, “Хас” банкны виза картад байсан 106.000 төгрөгийг хууль бусаар авч, 226.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж бичин гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн шалтгаан, арга, сэдэлт, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр /хэн нь хэдэн удаа, ямар арга хэлбэрээр хохирогчийн эд зүйлийг авсан гэх зэрэг/, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, хэн, хэрхэн яаж, хэнд ямар хохирол учруулсныг тодорхой заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан заалтын агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.

Түүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүгдэгч Г.Ж-, Ц.А- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын “...дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч Ц.А-, Г.Ө-, Г.Ж- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/792 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ц.А-, Г.Ө-, Г.Ж- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр  үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                Т.Ө-

 

 

                                    ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

 

 

                                    ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН