Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 126/ШШ2026/0038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х**************  ХХК,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Амаржаргал,

Хариуцагч: Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.З************** нарын хоорондын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.З************** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Х**************  ХХК нь Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.З************** д холбогдуулан Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.З************** гийн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0051001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэл гаргажээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар.

2.1. Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.З************** нь 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0051001 дугаартай шийтгэлийн хуудсаар Х**************  ХХК-ийг Хөвсгөл нуурийг бохирдуулсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 2,000,000 төгрөгөөр торгож, хохирол 6,240,457.6 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2.2. Тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Х**************  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч буюу эрх бүхий этгээд болох Б.З************** нь 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Х**************  ХХК-ийн харьяалалтай Тойлогт завь Хөвсгөл нуурт живж нуурын усыг нефтийн бүтээгдэхүүнээр бохирдуулсан..гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 2,000,000 төгрөгөөр торгож, хохиролд 6,240,475 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Энэхүү гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр тус шүүхэд гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү шийтгэлийг Байгаль орчны улсын байцаагч ноогдуулсан болно. Усан зогсоолд байсан Тойлогт завь картер загварын завь тул уснаас гарган зогсоох боломжгүй байдаг, Хөвсгөл нуурын Захиргаанаас зааж өгсөн усан зогсоолд байсан нь мөс цөн /цэлмэх/ түрэх үед мөсний эрэг чиглэсэн түрэлтийн улмаас цооролт үүсэж тал хэсэг нь живсэн асуудал гарсан нь шийтгэл оногдуулсан хуулийн заалтад огт нийцээгүй, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас болгоомж, санамсаргүйгээр ийм байдалд хүрсэн нь санаатайгаар зөрчил гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Тухайлбал: Хатгалын Онцгой байдлын газар, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар, Хатгал тосгоны Захирагчийн албаны 30 хүн оролцож тосны тархалтыг зогсоох зорилгоор /пролон, зулхай зэргийг ашиглаж/ нарийн газарт хөөсөнцөр хавтан уяагаар уяж тавьсан нь тархалтыг зогсоон цэвэрлэж аюулгүй болгосон, бүрэн живээгүй завины моторын дээд тагийг онгойлгож тосыг тархахаас өмнө цэвэрлэсэн зураг бичлэг зэргээс дүгнэхэд шийтгэл оногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8-д заасан Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх заалттай огт нийцээгүй болно.

Усан замын тээвэр, хөвөгч хэрэгсэл хариуцсан мэргэжлийн байгууллага юунаас болсон шалтгаан нөхцөлийг тогтоох дүгнэлт хараахан гараагүй байгааг харгалзан үзэлгүй Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл байгалийн хүчин зүйлийн нөлөөллийг хүний санаатай үйлдэл гэж үзсэн нь хууль хэрэглээний алдаа бөгөөд Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй зарчмыг зөрчсөн, шийтгэл оногдуулж байгаа нь хуульд үндэслэх ба хууль дээдлэх зарчмыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Мөн хувь хүн хуулийн этгээдийн хэнд нь шийтгэл оногдуулаад байгаа нь тодорхойгүй байна. Мөн дээж авахад шөнө байсан тул маргааш нь цэвэрлэсний дараа дээж авах, түлш тархсан талбайг хэмжин зөв тогтоох шаардлагатай байсан бөгөөд энэ нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дараах байдлаар дутуу хийгдсэн гэж үзэж байна.

1.  Түлш асгарсан гэх хэмжээ, хор уршгийг тогтоогоогүй.

2.  Бохирдол нь техникийн гэмтэл, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас шалтгаалсан эсэх, энэ үйлдэл нь санаатай болон болгоомжгүй үйлдлийн улмаас болсон эсэхийг шалгаж тогтоогоогүй.

3.  Хэрэгт авагдсан гэрэл зураг, бичлэг болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл нуур, Эгчийн голын сав 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн улсын байцаагчийн 0051001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү бичив.

3.2.    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.З************** нь 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 263800072 дугаартай Зөрчлийн хэрэг нээж шалгасан. Хэрэг бүртгэлийн хэргийн материал нээж шалгасан баримтуудаар энэ зөрчлийг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүүн улмаас байгаль орчин бохирдуулсан гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Энэ нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа өөрөө хууль ёсны дагуу хийгдээгүй. Хуульд заасны дагуу нотлох баримт цуглуулах, шалгах журам зөрчигдсөн. Зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаанд эрх бүхий албан тушаалтан 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай 263800072 дугаартай Зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэж шийтгэлийн хуудас ногдуулсан байгаа боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шийтгэл ноогдуулсан. Энэ үйл баримт нь Зөрчлийн хэргийг хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулаагүй байна гэдгийг харуулж байна. Нефтийн бүтээгдэхүүнээр байгаль орчин бохирдуулсан гэж байгаа шинжилгээ буюу дээж авах ажиллагаа нь Зөрчлийн хэрэг нээхээс өмнө хийгдсэн байгаа. Дээж авах ажиллагаанд Зөрчилд холбогдон шалгагдагч нарыг байлцуулаагүй. Дүгнэлттэй холбоотой гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй. Төрийн эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль заасан журмын дагуу хэрэгжүүлэх ёстой боловч хэрэгжүүлж ажиллаагүй улмаас нотлох баримт цуглуулж шалгах, хэргийн оролцогчийн тэгш эрх, тухайн гаргасан шийдвэрт гомдол гаргах эрхийг нь эдлүүлэхгүйгээр шийтгэлийн хуудас ноогдуулсан. 2025 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хэв загвар дээж авч илгээсэн байгаа боловч хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс өмнө энэ ажиллагаа хийгдсэн. Мөн энэ ажиллагаанд хэргийн оролцогч буюу холбогдогч нарыг мэдэх эрхээр хангах, гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй. Мөн холбогдогчийг зөв тодорхойлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Х**************  ХХК-иас зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох этгээдэд итгэмжлэл олгосон цаг хугацаанаас өмнө хэргийн материал танилцуулж оролцогчийн эрхийг хязгаарлаж зөрчсөн. Өөрөөр хэлбэл 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдөр А-26/036 дугаартай албан бичгээр Ш.Пүрэвдоржийг төлөөлөх эрхийг Ж.Батсуурьд олгосон байдаг. 6 дугаар сарын 4-ний өдөр итгэмжлэл олгосон байхад 6 дугаар сарын 3-ны өдөр хэргийн материал танилцуулсан. Мөн тэрнээс өмнөх цаг хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулсан мэт гарын үсэг зуруулж хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн. Нефтийн бүтээгдэхүүнээр бохирлогдсон гэж үзэж байгаа боловч Усны нөөцөд учирсан хохирлыг тооцох шинжээчийн дүгнэлтэд асгарсан бензиний хэмжээ 25 литр байна гэж тодорхойлсон байна. Тэгтэл энэ тээврийн хэрэгсэл нь түлшээр явдаг байсан. Гэрчийн мэдүүлгээр тухайн тээврийн хэрэгслийг 2025 оны намар буюу өвлийн зогсолтод бэлтгэж Сүхбаатар хөлөг онгоцны зогсоолд очиж байршуулж тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын ажилтан мэдэгдсэн. Мэдэгдсэн мэдэгдлийн дагуу Сүхбаатар хөлөг онгоцны усны хаялага зогсоолын хэмжээ, стандартад заасны дагуу тухайн зогсоол дээр аваачиж тавихыг шаардсан. Шаардсан шаардлагын дагуу намар 9 дүгээр сард аваачиж тавьсан. Аваачиж тавих явцад тухайн онгоцны түлш дуусаж тухайн тээврийн хэрэгсэл усан замын зогсоол дээр очиж чадахгүй, зогсоолоос наана түлшгүй болоод чирч аваачиж хөлөг онгоцны зогсоол дээр тавьсан. Эрх бүхий албан тушаалтны болон тухайн тээврийн хэрэгсэл эвдэрсэн эвдрэл гэмтлийг тогтоох багийн тайлбар болон дүгнэлтээр Сүхбаатар хөлөг онгоцны баруун талд тавьсан бол тухайн тээврийн хэрэгсэлд мөсний түрлэг бага байсан. Мөсний түрлэгээр тээврийн хэрэгсэл цоорч живэх боломж бага байх байсан. Харин зүүн талд тавьсны улмаас мөсний түрлэгийн хүчтэй нөлөөнөөс живх нөхцөл байдал үүссэн гэдгийг үзлэгийн тэмдэглэлд шинжээч нар тусгасан байдаг. Сүхбаатар хөлөг онгоцны зүүн талд, баруун талд тавь гэдэг шаардлага ирээгүй. Зогсоолд тавихад нь шатахуун хоосорсон байсан. Энэ нөхцөл байдал шинжээч нарын дүгнэлтээс зөрүүтэй байгаа. Эрх бүхий албан тушаалтны ирүүлсэн нотлох баримтуудад асгарсан бензиний хэмжээ 25 литр гэж байгаа. Усны дээжээс түлш илэрсэн юм уу, бензин илэрсэн юм уу. 2026 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хэв загвар, дээж эрх бүхий албан тушаалтан авсан байдаг. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс өмнө авсан дээж нь өөрөө өөр нефтийн бүтээгдэхүүнээс бохирлогдсон газраас дээж аваад бензин илрээд байгаа юм биш үү. Тухайн тээврийн хэрэгслээс бензин асгарах боломжгүй. Түлшээр явдаг тээврийн хэрэгслээс түлш асгарах ёстой байтал яагаад бензин илрээд байгаа нь бэ гэдэг асуудал нь хуульд заасан журмын дагуу дээж авах ажиллагааг хийгдээгүй юм байна. Бензин асгарсан газраас тухайн бензиний дээж илэрч өөр газарт өөр зөрчилд холбогдсон ажиллагаанд дээж авч энэ ажиллагааг хийсэн байна гэдэг эргэлзээг төрүүлж байгаа. Бензиний байгаль орчин бохирдуулах цар хүрээ, хурд, хэмжээ, өтгөн, шингэний агууламж, түлшний өтгөн шингэний агууламж, бүтцийн хувьд ч гэсэн усанд уусах, асгарсан хэмжээ нягтаас шалтгаалж байгаль орчин бохирдуулсан хохирол хор уршгийн хэмжээ өөрөөр гарах нөхцөл байдал үүсэж бий болно гэж харж байна. Хэний буруугаас 25 литр бензин асгарсан бэ. Энэ нь хэний зөрчил байсан. Түлшээр явдаг тээврийн хэрэгслээс яагаад бензин асгарах болов. Энэ шалтгаан нөхцөлийг тогтоохоор эрх бүхий албан тушаалтан холбогдогчийг байлцуулж дээж авах, шинжилгээ хийлгэх, шинжилгээний дүгнэлттэй холбоотой гомдол гаргах цаг хугацаа боломжоор хангаагүй улмаас шийдэгдээгүй өнөөдрийг хүрсэн байна. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2026 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1/762 дугаартай албан бичгээр 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 2638000720 дугаартай зөрчлийн хэрэг нээж дугаар авч шалгаж эхэлсэн байна. Хэрэг нээснээс хойш 6 дугаар сарын 04-ний өдөр шийтгэлийн хуудас ноогдуулсан байна. Зөрчил шалгах хугацааг эрх бүхий албан тушаалтад хуульд заасны дагуу 14 хоногийн хугацаанд шалгах эрхтэй байдаг. Үүнээс хойш цаг хугацаанд нэмэлт ажиллагаа хийх хугацаа сунгах хэрэгтэй бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгах боломжтой байсан. Ерөнхий прокуророос ирсэн 2026 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг 762 дугаартай албан тоотоос харахад 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс хойш зөрчлийн хэрэг нээж шалгаснаас хойш 6 дугаар сарын 4-ний өдөр ноогдуулж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно шийтгэл ноогдуулж зөрчил шалгах шийдэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөж, зөрчилд холбогдогчийн эрхийг хязгаарлаж, нотлох баримт цуглуулах, шалгах ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлүүдээр эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж гаргаж байна. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгөөч гэв.

Дөрөв. Хариуцагчийн тайлбар.

4.1. Хариуцагч Б.З************** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны эрх бүхий албан тушаалтан Б.З************** би Х**************  ХХК-ийн 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А-26/045 дугаартай Нэхэмжлэл гаргах тухай Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд тусгасан Хөвсгөл нуурын захиргаанаас зааж өгч, зөвшөөрсөн усан зогсоолд байршуулсан гэсэн нь холбогдох ямар нэгэн эрх бүхий байгууллагаас албан ёсны зөвшөөрөл аваагүй бөгөөд Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хуулиар хүлээсэн чиг үүрэгт усан зогсоолд завь байршуулах зөвшөөрөл олгох талаар тусгагдсан заалт байхгүй. (Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлээр нотлогдоно.) Цөн түрэх, мөс цэлмэх үеийн мөсний эрэг чиглэсэн түрэлтийн улмаас завины бөөр хэсэгт шинэ цооролт үүссэн нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд дараах байдлаар няцаагдана.

Үүнд: Нуурын цөн түрэх, мөс цэлмэх үзэгдэл жил бүр явагддаг төдийгүй энэ нөхцөл байдалд эзэмшигч завины бүрэн бүтэн, аюулгүй байдлыг бүрэн хангаж, усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлэх ёстой. Завийг зогсоолд байршуулахдаа буруу газар байршуулсан бөгөөд зогсоолын урд хэсэгт буюу Сүхбаатар хөлөг онгоцны зүүн гар талд байршуулсан бол цөн түрэх хүчний нөлөөлөлд автахгүй байх боломжтой байсан. Монгол улсын Далайн захиргааны даргын 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №01/151 тоот албан бичигт Усан замын тээврийн хэрэгслийг өвлийн сул зогсолтод тавихад бэлтгэх, зохион байгуулалтын арга хэмжээ, түүнчлэн усан замын тээврийн хэрэгслийн зарим техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, системийг өвөлжилтөд бэлтгэх, хадгалах болон тэдгээрийг биелүүлэх хугацааг өмчлөгч тогтоохоор холбогдох дүрэмд заасан гэсэн нь усан замын тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгч дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй нь харагдаж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл гэдэгт газар хөдлөлт, үер, хүчтэй аадар бороо, аянга цахилгаан, хар салхи, ган гачиг, зуд, байгалийн голомтот халдварт өвчин зэргийг хамааруулдаг бөгөөд цөн түрэх нь жил бүр давтагддаг байгалийн үзэгдэл юм. Үүнийг урьдчилан тооцоолж үүсэх эрсдэлээс сэргийлэх боломжтой. Завь бүрэн живээгүй, доошоо бага зэрэг суусан, завины моторын дээд тагийг онгойлгож тосыг тархахаас өмнө цэвэрлэсэн гэсэн нь Хөвсгөл нуурын усыг бохирдуулаагүй гэсэн санааг илэрхийлсэн байх бөгөөд энэ нь дараах байдлаар бохирдуулсан нь нотлогдоно.

Үүнд: Усан замын тээврийн хяналтын асуудал хариуцсан байгууллага болох Монгол улсын Зам тээврийн яамны харьяа Монгол улсын Далайн захиргааны даргын 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/52 дугаар тушаалаар батлагдсан усан онгоц живсэн шалтгаан нөхцөлийг шалган тогтоох чиг үүрэг бүхий ажлын хэсгийн үзлэг, шалгалтаар 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн орчимд усан замын тээврийн хэрэгслийн их биеийн хойд хэсгийн 75 орчим хувь живж усанд автсан байдалтай байгааг тогтоосон. Энэ нь усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, шатахууны нөөцлүүр сав буюу банк бүрэн усанд автсан гэсэн үг юм. Мөн 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 23 цаг 00 минутад газар дээр нь очиж үүссэн нөхцөл байдалтай танилцан сорьц дээж авч ажилласан. Дээж авах үед нуурын усны мандалд илт мэдэгдэхүйц нефтийн бүтээгдэхүүн хөвж байсан. Энэ нь хэргийн газарт авагдсан гэрэл зураг, бичлэгээр нотлогдоно. Хэргийн газраас авсан дээжийг Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид өгч шинжлүүлсэн бөгөөд дээжийн сорьцын дүнгээр М№ 4586:2024 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс сорьц-1 нефтийн бүтээгдэхүүний агууламж 94 дахин, сорьц-2 62 дахин их үзүүлэлттэй гарсан. Энэ нь нуурын усанд нефтийн бүтээгдэхүүн алдагдаж, бохирдуулсныг илтгэж байгаа юм. (Монгол улсын Далайн захиргааны даргын 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/52 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн үзлэг шалгалт хийсэн илтгэх хуудсаар, Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн 2026/Я-1-2 дугаартай сорилтын дүнгээр тус тус нотлогдоно.)

Хувь хүн хуулийн этгээдийн хэнд нь шийтгэл оногдуулаад байгаа нь тодорхойгүй гэсэн нь Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны эрх бүхий албан тушаалтан Б.З************** миний 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №0051001 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудаст тодорхой бичигдсэн байгаа бөгөөд тус шийтгэлийн хуудсаар хуулийн этгээд болох Х**************  ХХК-д шийтгэл оногдуулсан болно. (2026 оны 06 дугаар сарын 04- ний өдрийн №0051001 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар нотлогдоно.) Дээж авахад шөнө байсан бөгөөд дээж авах, түлш асгарсан талбайг хэмжин цар хүрээг зөв тогтоох шаардлагатай байсан боловч тогтоож шалгах ажиллагааг хийгээгүй гэсэн нь 2026 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 23 цаг 00 минутад очиж дээж авах үеэр хэмжилт хийх боломжгүй байсан бөгөөд нэгдүгээрт шөнө учраас үзэгдэх орчин муу, хоёрдугаарт мөс цөн түрэх үзэгдэлтэй байсан нь завиар ороход амь насанд эрсдэлтэй байсан тул осол үргэлжилсэн хугацаанд буюу 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн орчимд нефтийн бүтээгдэхүүн тархсан талбайн хэмжээг нүдэн баримжаагаар хэмжиж сансрын зураг болон ArcGIS 10.8 программ ашиглан тооцоолон гаргасан. Мөн усны нөөцөд учирсан хохирлыг тооцуулахаар 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг томилон ажиллуулж шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтээр Хөвсгөл нуурт живсэн завины ослын улмаас ойролцоогоор 25 литр нефтийн бүтээгдэхүүн алдагдаж, усны гадаргууд 11,520 м.кв талбайд тархсан. Усны шинжилгээгээр нефтийн бүтээгдэхүүний агууламж 3.10-4.70 мг/л буюу стандарт хэмжээнээс 78 дахин их гарсан нь нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон болохыг тогтоосон.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2025 оны А/37, А/31 дүгээр тушаалаар баталсан Хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирол тооцох аргачлал-ын 3.23-3.26 дахь заалтын дагуу тооцоход усны нөөцөд орсон нефтийн бүтээгдэхүүний нийт хэмжээ 0.198462 тн бөгөөд усны нөөц бохирдуулснаас учирсан хохирлын хэмжээ 6,240,457.6 төгрөг (зургаан сая хоёр зуун наян хоёр мянга дөрвөн зуун тавин найман) төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчны хяналтын улсын байцаагчийн шийдвэрээр нөхөн төлбөр ногдуулж, Байгаль орчин уур амьсгалын санд төвлөрүүлэх шаардлагатай гэж шинжээчийн дүгнэлт гарсан. (Усны газрын Шинжээчийн 14/2026 дугаар дүгнэлтээр нотлогдоно.)

Иймд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь заалтын дагуу Х**************  ХХК-д оногдуулсан шийтгэл нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийтгэлийн хуудсыг хүчинтэй хэвээр үлдээж өгнө үү.

4.2. Хариуцагч Б.З************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалж усан замын тээврийн хэрэгсэл живэх нөхцөл болсон гэж бичсэн байсан. Тэр байгалийн давтагдашгүй хүчин зүйл биш. Жил бүр үзэгддэг байгалийн үзэгдэл. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөгөө гэдэг нь гэнэтийн үер, ус, салхи, шуурга зэрийг хэлдэг. Мөс түрэх нь байгалийн үзэгдэл. Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч завийг хаана тавих уу, ямар зогсоолд байршуулах уу гэж эрсдэлээс урьдчилан сэргийлж холбогдох арга хэмжээг тооцоолж тавьсан байх ёстой. Дээжийг 5 дугаар сарын 09-ний өдөр шөнийн 23 цагийн үед авсан. Байгаль орчин, уур амьсгалын яамнаас чиглэл ирүүлсний үндсэн дээр дээж авсан. Тухайн үед зөрчлийн хэрэг нээх асуудал шийдэгдээгүй байсан. Сав газрын захиргааны хуулиар хүлээсэн чиг үүрэг дотор усны нөөцийг бохирдлоос хамгаалах чиглэлээр зохицуулалт байдаг. Үүний дагуу яамнаас чиглэл өгсний дагуу дээжийг авсан. Энэ үед зөрчлийн хэрэг нээх асуудал яригдаагүй байсан. Ямар албан тушаалтан энэ хэргийг авч шийдвэрлэх талаар яригдаагүй байсан. Тэгэхэд 5 дугаар сарын 9-ний өдөр яамнаас чиглэл өгсний дагуу дээжийг авсан. Нэгэнт дээж, хэв загвар авсан учир цаг хугацааг нь өөрчлөх эрх надад байхгүй. Ийм учир яг 5 дугаар сарын 9-ний өдрөөр дээж авсан цаг хугацааг тавьсан. Зөрчлийн хэргийн материалыг танилцуулах талаар Ж.Батсуурь гэх хүнийг итгэмжилсэн төлөөлөгчөөр томилсон. Ш.Пүрэвдорж өөрөө гэрчийн мэдүүлэг өгөөд түүнээс хойш хугацаанд Улаанбаатар хот руу эхнэрийн бие өвдсөн хагалгаанд орох шалтгаантай байгаа ямар нэгэн байдлаар оролцох боломжгүй гэсэн тайлбар өгсөн учир өөрийгөө итгэмжлэлээр төлөөлөх хүнийг томилж өгөөч гэсний үүднээс Ж.Батсуурь гэх хүнийг томилж өгсөн. Хэргийн материал танилцуулахад өөрөө байхгүй байсан учир Ж.Батсуурь гэх хүнээр гарын үсэг зуруулсан. Шинжээчийн дүгнэлт ямар байдлаар тооцож гаргасны би сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн байгаль орчны хяналтын төв лаборатори дээр гаргасан дүгнэлтээр эрдэс тос гэж гарсан байдаг. Тухайн хэргийн газар дээр бензин асгарсан уу, түлш асгарсан уу гэдгийг би урьдчилан тооцох боломжгүй. Дээж авч явуулсны үндсэн дээр дээжний сорьцын хариу эрдэс, тос гэж гарсан. Цаг уур, орчны шинжилгээний газрын Байгаль орчны хэмжил зүйн төв лабораторийн сорилтын дүн 26/-1-2 гэсэн дугаартай байгаа. Зогсоолын асуудал дээр Сүхбаатар хөлөг онгоцны зогсоол дээр зогсоохыг улсын тусгай хамгаалалттай газрын юм уу, байгаль орчны асуудал хариуцсан албан тушаалтан зөвшөөрөл олгох боломжгүй. Тэнд зогсоож болно гэдэг асуудлыг ярих боломжгүй. Энэ нь Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг, Усны газрын гаргасан дүгнэлт дээр байршлыг тодорхой зааж өгсөн байдаг. Тэр газар нь Жанхай орчим гэсэн байршлыг тодорхой зааж өгсөн. Сүхбаатар хөлөг онгоцны орчим байршуулах зөвшөөрлийг хэн олгосон юм. Хөвсгөл нуур намар хөлдөх үедээ давлагаатай хөдөлгөөнтэй байдаг учир тийшээ байршуулахыг ярьсан байж магадгүй. Тэнд зогсоохдоо зогсоолоо буруу сонгосон байна. Цөн түрэх хүчний нөлөөллийг тооцолгүйгээр дээд хэсэгт байршуулсан байна. Доор нь байрлуулсан бол болох байж гэдэг саналыг л хэлсэн. Үүнийг хүртэл урьдчилан тооцоолж тавих ёстой байсан. Хугацааны хувьд дээж авсан өдрөөрөө тавьсан. Өөрчлөх боломжгүй. Зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа 14 хоног. Энэ хугацаанд зөрчил шалган шийдвэрлэгч шийдвэрлэх ёстой. Энэ хугацаанд бүрэн багтаж шийдсэн. Цахимаар бүх хугацаа ороод явдаг. 5 дугаар сарын 14-ний өдөр гомдол мэдээллийн дугаар бүртгэсэн байгаа. Зөрчлийн хэрэг нээх тогтоол 5 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдсэн. Магадгүй Зөрчлийн хэргийн цаасан баримт дээр зарим нэг он сарыг солилгүй хэвлэсэн алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Түүнээс бүх зүйл цахимын дагуу хугацаандаа шийдэгдээд явсан. Эцсийн хугацаа 6 дугаар сарын 04-ний өдөр байсан. Би 6 дугаар сарын 04-ны өдөр шийтгэлийн хуудас ноогдуулсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.  Нэхэмжлэгчээс Усан зогсоолд байсан Тойлогт завь нь усан зогсоолд байршуулсан байсан цаг хугацаанд мөс цөн түрэх үед мөсний эрэг чиглэсэн түрэлтийн улмаас завины бөөр хэсэгт шинэ цооролт үүсч завь доошоо сууж живж болзошгүй эрсдэлд хүргэсэн нь шийтгэл ногдуулсан хуулийн заалтад нийцээгүй, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас буюу гэнэтийн нөхцөл байдлын улмаас завины бөөр хэсэгт шинэ гэмтэл цооролт үүссэн нь санаатайгаар зөрчил гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шийтгэл ногдуулсан... гэж, хариуцагчаас Нуурын цөн түрэх, мөс цэлмэх үзэгдэл жил бүр явагддаг төдийгүй энэ нөхцөл байдалд эзэмшигч завины бүрэн бүтэн, аюулгүй байдлыг бүрэн хангаж, усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлэх ёстой. Завийг зогсоолд байршуулахдаа буруу газар байршуулсан... Дээж авах үед нуурын усны мандалд илт мэдэгдэхүйц нефтийн бүтээгдэхүүн хөвж байсан. Энэ нь хэргийн газарт авагдсан гэрэл зураг, бичлэгээр нотлогдоно. Хэргийн газраас авсан дээжийг Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид өгч шинжлүүлсэн бөгөөд дээжийн сорьцын дүнгээр М№ 4586:2024 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс сорьц-1 нефтийн бүтээгдэхүүний агууламж 94 дахин, сорьц-2 62 дахин их үзүүлэлттэй гарсан. Энэ нь нуурын усанд нефтийн бүтээгдэхүүн алдагдаж, бохирдуулсныг илтгэж байгаа гэж тус тус маргажээ.

3.  Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар (1 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр тал) нэхэмжлэгчийг Хөвсгөл нуурийн усыг бохирдуулсан гэх зөрчлийг гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу 2,000,000 төгрөгөөр торгож, байгаль орчинд учирсан хохирол 6,240,457 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

4.  Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлд Усны тухай хууль зөрчих гэж, мөн зүйлийн 8 дахь хэсэгт Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж тус тус заажээ.

5.  Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас буюу гэнэтийн нөхцөл байдлын улмаас завины бөөр хэсэгт шинэ гэмтэл цооролт үүссэн нь санаатайгаар зөрчил гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай гэжээ.

6.  Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаар тушаалын хавсралтаар Усан замын объект болон усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дүрэм-ийг баталсан байх бөгөөд тус дүрмийн 5.2-т Усан замын тээврийн хэрэгслийг өвлийн сул зогсолтод тавихад бэлтгэх  зохион байгуулалтын арга хэмжээ, түүнчлэн усан замын тээврийн хэрэгслийн зарим техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, системийг өвөлжилтэд бэлтгэх, хадгалах ажлууд болон тэдгээрийг биелүүлэх хугацааг эзэмшигч /өмчлөгч/ тогтооно, 5.3-т Өвлийн сул зогсолтын хугацаанд усан замын тээврийн хэрэгслийн техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, механизм, системийг хадгалахдаа тэдгээрийн техникийн зааварт заасны дагуу гүйцэтгэнэ, 5.4-д Усан замын тээврийн хэрэгслийг өвөлжилтэд бэлтгэх, түүний болон түүн дээрх эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, механизм, системийг хадгалах, ослоос урьдчилан сэргийлэх аврах болон галын аюулаас урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмж, хэрэгслийн бэлэн байдлыг хангах ажлыг ахмадын удирдлагаар гүйцэтгэнэ. гэж тус заасан байна.

7.  Дээрх дүрмийн зохицуулалтаас үзэхэд өвлийн сул зогсолтын үед усан замын тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах болон ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч хийж гүйцэтгэх ёстой.

8.  Гэтэл нэхэмжлэгч нь дээрх дүрмээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас Хөвсгөл нуур бохирдсон болох нь хэрэгт авагдсан холбогдогч Ш.П**************-с авсан мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар тал), гэрч С.Г**************-с авсан мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дугаар тал), Монгол Улсын Далайн захиргааны 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/151 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 107 дугаар тал), 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Илтгэх хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 108-112 дугаар тал), гэрч Д.Чинзоригийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 196-198 дугаар тал), 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зураг (2 дугаар хавтаст хэргийн 34-50 дугаар тал), Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч О.Э**************-с 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн илтгэх хуудас (2 дугаар хавтаст хэргийн 120-123 дугаар тал) гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

9.  Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шийтгэлийн хуудсанд дурдсан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

10.  Хэдийгээр нэхэмжлэгч зөрчил гаргасан болох нь холбогдох баримтуудаар тогтоогдож байх боловч хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг бүртгэлтийн хугацааг хэтрүүлж шийтгэл ногдуулсан байна.

11.  Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана, 2.4-т зөрчлийн хэрэг нээх., 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2.Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна, 2 дахь хэсэгт Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж заасан байна.

12.  Дээрх хуулийн зохицуулалтын дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн, эсхүл гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор зөрчлийн хэрэг нээх асуудлыг шийдвэрлэж, хэрэг нээсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор, шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл хоног, прокуророос 30 хүртэл хоногоор сунгуулж хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж шийтгэл ногдуулах учиртай.

13.  Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчлийн хэргийн хувийн материалд авагдсан Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолын огноо нь 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэсэн нь техникийн шинжтэй алдаа гэсэн бөгөөд хэрэгт авагдсан Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлээс үзэхэд Хөвсгөл нуур бохирдсон зөрчлийн гомдол мэдээллийг хариуцагч нь 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр СГЗ21/26-1 гомдлын дугаарт бүртгэж (2 дугаар хавтаст хэргийн 146 дугаар тал), мөн өдрөө 2638000720 дугаартай зөрчлийн хэргийг нээж (2 дугаар хавтаст хэргийн 141 дүгээр тал) тус хэргийн хугацааг сунгах ажиллагааг огт хийлгүйгээр 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчид шийтгэл ногдуулсан байна.

14.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргахаар хуульчилсан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуулиар тогтоосон хугацааны дотор явуулахыг эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон агуулгатай байна.

15.  Үүнээс үзэхэд хариуцагч нь хэрэг бүртгэлтийн хугацааг 7 хоногоор хэтрүүлж нэхэмжлэгчид шийтгэл ногдуулсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

16.  Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хэрэг бүртгэлтийн хугацаанд багтааж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийж гүйцэтгэн дуусгах бөгөөд тус хугацаа дууссан тохиолдолд зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байтал шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.

17.  Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.З************** гийн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0051001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг тус тус баримтлан Х**************  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.З************** гийн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0051001 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х**************  ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР