Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 125/2017/0044/З |
Дугаар | 221/МА2018/0220 |
Огноо | 2018-04-11 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2018/0220
“Э” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг дарга холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Ховд аймгийн усны аж ахуйн “Э” ХК нь 1961 онд байгуулагдсан усны аж ахуйн конторын суурин дээр Ховд аймгийн Өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолын дагуу хувьчлагдсан аж ахуйн нэгж юм. Улмаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр 1998 онд “Э” ХК, “Ш б” ХК болж хоёр хуваагдахад “Э” ХК-ийн 43444 ширхэг хувьцаанд ногдох хөрөнгөнд газар болон хашаа, бусад хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шилжин ирсэн юм. Өөрөөр хэлбэл “Э” ХК нь Монгол Улсад Газрын тухай хэрэгжиж эхлэхээс өмнө тухайн газрыг эзэмшиж байсан бөгөөд 2011 оны 03 сарын 04-ний өдрийн 46 дугаар Ховд аймгийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхээ баталгаажуулж авсан байдаг. Гэтэл Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамж гарч “Э” ХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ба уг захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүхээс хууль бус, үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Нэг: Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2.3 /ийм хуулийн заалт байхгүй/, 12.1 дүгээр зүйл заалтуудыг үндэслэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 1.1 /ийм хуулийн заалт байхгүй/-д заасан бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргасан байдаг.
Захиргааны акт нь хууль зүйн үндэслэл болон бодит нөхцөл байдлыг тодорхой тусгасан байхыг шаарддаг.
Засаг даргын А/274 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэл, 1, 3 дахь заалтуудаас харахад У.Б-г Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2.3, 12.1 дүгээр зүйл заалтуудыг зөрчсөн гэж үзэн 2011 оны 03 сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамжийн 3 дугаар заалтыг хүчингүй болгосон байдаг.
Гэтэл шүүхээс Газрын тухайн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт заасан заалтуудын зөрчсөн, Үйлдвэр үйлчилгээний зориулалтаар газар эзэмших талаар Газрын хууль зөрчсөн гэж Ховд аймгийн Засаг дарга нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна гэж захирамжийн хууль зүйн үндэслэлийг дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
Хоёр: Ховд аймгийн Засаг даргын А/274 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг тусгаагүй байхад шүүхээс хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.
Гурав: Шүүхээс маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь “Э” ХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон 46 дугаартай Засаг даргын захирамж гарах үед хэрэгжиж эхлээгүй байсан талаар дүгнэлт хийгээгүй, хуулийн бичиглэлийн алдаа гаргасныг дурдаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
1. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/274 дүгээр захирамж “Э” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдсэн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурджээ.
“Э” ХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжийн талаар тус хуулийн этгээдийн захирал У.П-д мэдэгдсэн гэх Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 394 дүгээр албан бичиг, 395 дугаар мэдэгдэх хуудас хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
Гэвч дээрх Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 394 дүгээр албан бичиг, 395 дугаар мэдэгдэх хуудас зэргийг нэхэмжлэгч “Э” ХК-д хүргүүлээгүй, мэдэгдээгүй болох нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2012 оны “Явуулсан баримт бичгийн бүртгэл” №1 дэвтэр, гэрч Ш.Т-ын /2007 оноос 2013 онд Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан/ мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан.
Дээрхээс үзэхэд Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамж гаргасан талаар 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлтэй байх тул түүнийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Мөн Сум дундын 25 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 403 дугаар захирамжаар үүссэн О.Э-ийн нэхэмжлэлтэй “Э” ХК-д холбогдох иргэний хэрэг, Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар захирамжаар үүссэн О.Э нарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Э” ХК-ийн мэдсэн гэж шууд дүгнэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан “Э” ХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжийг гарсан тухай нэхэмжлэгчид хариуцагч албан ёсоор мэдэгдээгүй байна.
Дээрх үндэслэлээр “Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй гэж шүүх дүгнэв.
2. Нэхэмжлэгч “Э” ХК-ийн “Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамжаар тус аймгийн Жаргалант сумын нутагт дэвсгэрт, Наран баг, Усны аж ахуйн албан контор, хашааны 1 га газрын үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг “Э” ХК-д олгосон байна.
Улмаар 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Э” ХК-ийн захирал Д.У нь Ховд аймгийн газрын албатай “иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 15 жилийн хугацаатай байгуулжээ.
Гэтэл “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2.3, 12.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр “Э” ХК-ийн газар эзэмших эрхийг Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжаар хүчингүй болгожээ.
Харин нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна.
Учир нь хариуцагч “Э” ХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “Ховд аймгийн Засаг дарга 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамжаар “Э” ХК-д анх газар эзэмшүүлэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх боловч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь 2011 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй юм.
Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж энэхүү хуулийг дагаж мөрдөх хугацааг хуулиар тогтоосон байна.
Нийтээр дагаж мөрдөж эхлээгүй хуулийг үндэслэл болгон гарсан Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр А/274 дүгээр захирамж нь хууль дээдлэх зарчимд нийцээгүй, нэхэмжлэгч “Э” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт гэж шүүх дүгнэв.
Тиймээс анхан шатны шүүхийн “Ховд аймгийн Засаг дарга 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамжаар “Э” ХК-д 1 га газрыг анх эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт заасныг зөрчжээ” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.
Газрын тухай хууль нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулах бөгөөд уг хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болгох тохиолдлыг, 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг заасан байхад энэхүү хуулийг үндэслэл болголгүйгээр, хуульд заагаагүй үндэслэлээр бусдын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр хууль бус юм.
Зүй нь, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх атал, маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжийн үндэслэлд байхгүй Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт заасныг шүүх өөрөө үндэслэл болгон зааж, захиргааны байгууллагын шийдвэрийг зөв гэж үзсэн нь буруу.
Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд Засаг дарга газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заасан боловч хэрэгт цугларсан баримтуудаар “Э” ХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Ховд аймгийн Засаг дарга 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамжаар “Э” ХК-д 1 га газрыг анх эзэмшүүлэхээс өмнө маргаан бүхий газар дээр “Э” ХК-ийн өмчлөлийн граж, склад, худаг зэрэг хөрөнгө байсан болох нь “Ховд аймгийн өмч хувьчлалын комиссын 1991 оны 03 дугаар тогтоол”, “Ховд аймгийн Усны аж ахуйн конторыг хувьчилж хувьцаат компани болгон өөрчлөх төсөл, “Ч.Л-с өөрийн мэдэлд байсан Усны аж ахуйн “Э” ХК-ийн 34 хувийн 31212 ширхэг хувьцааг “Э” ХК-ийн захирал У.Б-д 2001 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн батламж, мөн У.Б-д үлдсэн хөрөнгийн жагсаалт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд болон түүнд хавсаргасан фото зургаас үзэхэд нэхэмжлэгч “Э” ХК нь маргаан бүхий газар дээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах ...” гэж заасан газар эзэмших эрхээ эдэлж байсан болохыг нотолж байгаа юм.
Тиймээс Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэгчид анх газар эзэмшүүлсэн гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Мөн маргаан бүхий газрыг эзэмших хугацаандаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХК нь газрын төлбөрөө төлж байсан болох нь Ховд аймгийн татварын хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 366 дугаар албан бичгээр ирүүлсэн “Э” ХК-ийн 2011-2017 онд газрын төлбөр төлсөн төлбөрийн жагсаалт зэргээр нотлогдож байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР