Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 916

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Орхонтамир, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өнөрсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сансартуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Билэгсайхан нарыг оролцуулан иргэн   Х.Ариунгэрэл, Б.Зочин-эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийн Х.Ариунгэрэл, Б.Зочин-эрдэнэ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны “5 дугаар” танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Х.Ариунгэрэл

Нэхэмжлэгч: Б.Зочин-Эрдэнэ.

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга.

Хаяг: Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч иргэн Х.Ариунгэрэл, Б.Зочин-Эрдэнэ нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Иргэн Х.Ариунгэрэл, Б.Зочин-Эрдэнэ бид  Баянзүрх дүүргийн Засаг Даргын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/642 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 21 хороо Бага дарь эх 10 гудамж 1970 б тоотод 500 м.кв газрыг Х.Ариунгэрэлд болон Баянзүрх дүүргийн 21 хороо Бага дарь эх 10 гудамж 1972 А тоотод 351 м.кв газрыг Б.Зочин-Эрдэнэд тус тус 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон.

Бидний зүгээс газар эзэмших эрх баталгаажсан тул тухайн газартаа 2015 оны 1 сараас эхлэн 4 орчим сая төгрөгөөр модон банз, шон, дай зэргийг худалдан авч бусдад 1.000.000Т төгрөгийн хөлс өгч хашаа бариулж амьдарч эхэлсэн.

Улмаар төвийн тог авах шон 50 метрээс хол зайтай байсан тул өөрсдийн хөрөнгөөр бетон нь шон хийж цахилгааны тог тавиулсан бөгөөд эзэмших эрх үүссэн цагаас эхлэн өнөөдрийг хүртэл тус газраа эзэмшиж ашигласаар ирсэн. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр газрын албаны байцаагч манай хашаанд газар чөлөөлөх агуулга бүхий шаардах хуудсыг наасан байсны дагуу учрыг тодруулахаар Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албаны мэргэжилтэн н.Отгонзаяатай уулзахад бидний газрыг Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар хүчингүй болгосныг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр олж мэдсэн.

Бидний зүгээс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эзэмшиж авсан газраа өмчилж авах хүсэлтээ дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өгч хандсан байсан бөгөөд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг тодруулсны дараа өмчлүүлэхээр хүлээгдэж байсан болно. Мөн газрын гэрчилгээгээ дүүргийн өмч, газрын харилцааны албанд өгсөн байсан бөгөөд өмчийн харилцааны ажилтан эзэмших эрх чинь дуусгавар болсон тул газрын албан хурааж авсан гээд гэрчилгээнүүдийг өгөөгүй.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/96  дугаар захирамж нь хууль зүйн ямарч үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Тухайлбал Бидний эзэмшиж буй газрыг бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байхад давхацсан мэтээр ойлгосон, мөн бидний газар эзэмших гэрээ болон гэрчилгээний хугацаа дуусаагүй байхад дууссан сунгах хүсэлтээ гаргаагүй мэтээр захирамж гаргасан түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж хуулийн үндэслэлээ удирдлага болгосон нь бодит байдлыг үгүйсгэж, бидний газар эзэмших эрх дуусгавар болох хууль зүйн үндэслэл байхгүй байхад бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгож газрын тухай хуулийг зөрчсөн байна. Мөн дээрх захиргааны акт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7.захиргааны акт илт хууль бус болох шинжийг агуулсан байна.

Х.Ариунгэрэл миний зүгээс эзэмших эрх нь 500 м.кв талбайгаар баталгаажсан газраасаа 200 орчим м.кв талбайг нийтийн эзэмшилд өөрийнхөө хүсэлтээр шилжүүлсэн байдаг үүнийг манай хорооны Засаг дарга гэрчилнэ.

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийн иргэн Х.Ариунгэрэл, Б.Зочин-Эрдэнэ бидэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “1. Маргаан бүхий акт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн

нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэж гарсан.

Анх дүүргийн Засаг даргын 2014 оны А/642 дугаар захирамжаар дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 10 дугаар гудамж, 1970б тоотод 500 м.кв газар, мөн гудамжны 1972а тоотод 351 м.кв газрыг иргэн Х.Ариунгэрэл, Б.Зочин-Эрдэнэ нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр эрх олгосон байдаг. Уг шийдвэрийг маргаан бүхий акт болох 2016 оны А/96 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Учир нь тухайн эзэмшүүлсэн газар нь 21 дүгээр хорооны байр /цэцэрлэг/-ны гаднах нийтийн эзэмшлийн зам талбай, түүний орц гарцыг хааж олголт хийгдсэн учраас дүүргийн Засаг даргын зүгээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, нэхэмжлэгч нарт олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газраасаа 200 орчим м.кв талбайг нийтийн эзэмшилд өөрийн хүсэлтээр шилжүүлсэн гэх боловч эрх олгосон тухайн 500 м.кв газар нь бүхэлдээ нийтийн эзэмшлийн талбай юм.

2. Нэхэмжлэгч тал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, маргаан бүхий актыг илт хууль бус захиргааны акт гэж маргаж байх боловч дүүргийн Засаг дарга нэгэнт хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий актыг гаргасан тул захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж маргаж буй нь үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Ирэн Х.Ариунгэрэл, Б.Зочин-Эрдэнэ нар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/96 дугаар захирамжийн Х.Ариунгэрэл, Б.Зочин-эрдэнэ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Нэхэмжлэгч  нар маргаан бүхий газрыг хууль, журмын шаардлагыг ханган зохих зөвшөөрөл, газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байхад нийтийн эзэмшлийн зам, талбай, орц гарцыг хааж газар олгосон гэж үзэж Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэж маргажээ.

Анх дүүргийн засаг даргын 2014 оны А/642 дугаар захирамжаар 21 дүгээр хороо, Бага Дарь эхийн 10 дугаар гудамж, 1970б тоотод 500 м.кв газрыг Х.Ариунгэрэлд, 1972а тоотод 351 м.кв газрыг Б.Зочин-Эрдэнэд тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон байна.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/642 дугаар захирамжийг үндэслэн Дүүргийн газрын албанаас нэгж талбарын 18645315193051 дугаар бүхий 351 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар иргэн Б.Зочин-Эрдэнэд, нэгж талбарын 18645315197036 дугаар бүхий 500 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар иргэн Х.Ариунгэрэлд эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус олгожээ.

Гэвч Баянзүрх дүүргийн Засан дарга маргаан бүхий 2016 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн А/96 дугаар захирамжаараа иргэн Х.Ариунгэрэл, Б.Зочин-Эрдэнэ нарт эзэмшүүлсэн газар нь нийтийн эзэмшлийн зам талбай, түүний орц гарцыг хааж олгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ....уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж зааснаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус байна.

Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт....зэрэг газар хамаарна.” гэж хуульчилсан бөгөөд харин эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрээр газар эзэмших эрх нь баталгаажсан нэхэмжлэгч иргэдийн эзэмшлийн газрыг нийтийн эдэлбэрийн газар гэж үзэхээргүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нарын эзэмшил газар дүүргийн 21 дүгээр хороо болон 199 дүгээр цэцэрлэгийн барилгуудын ойролцоо байрладаг боловч баруун, зүүн, урд талаараа машин зорчих боломж бүхий замтай, тээврийн хөдөлгөөн хязгаарласан болон эдгээр байгууллагын газартай давхцалгүй, орц гарцыг хаасан зэргээг тэдний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй энэ талаар маргаагүй байна.

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/30 дугаар тогтоолын хавсралтаар Дүүргийн 2014, 2015 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний 1.1-д “Дүүргийн нутаг дэвсгэрийн бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд олгогдоогүй төрийн өмчийн газар болон хот, тосгон бусад суурины газрын нийтийн эдэлбэрийн газрын тооллого хийж, дээрх газруудын хил зааг, тоо, хэмжээг тодорхойлон тэмдэгжүүлэн хамгаалах.” гэж төлөвлөсөн бөгөөд  тухайн онд нэхэмжлэгч нарын хүсэлтээр маргаан бүхий газрыг эзэмшүүлж гэрчилгээ олгосон нь хариуцагч Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг зөрчиж газар эзэмшүүлсэн гэж үзэхээргүй байна.

Тодруулбал Дүүргийн газрын алба маргаан бүхий газрыг 2014, 2015 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгасанчлан нийтийн эдэлбэрийн газар гэж  тооллогод хамруулж, хил заагыг тодорхойлон тэмдэгжүүлэн хамгаалаагүй байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийг хүчингүй болгох тохиолдлуудыг тодорхой зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөлийг үүсгээгүй байх тул хариуцагч эрхийн доголдолгүй, хууль ёсны дагуу газар эзэмшиж байгаа иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус байна. 

Түүнчлэн Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь....иргэний эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд /нийтийн эзэмшлийн зам, талбай гэж үзвэл/ .....солих буюу эргүүлэн авах саналыг тухай газар эзэмшигчтэй урьдчилан санал солилцоно.”, 42.2-т “ Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг...төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй хийсэн тохиролцоог харгалзан шийдвэр гаргана.” гэснээс үзэхэд Дүүргийн засаг дарга Газрын тухай хууль, журмын дагуу эзэмшиж байгаа иргэний эзэмшил газрыг “..нийтийн эдэлбэрийн зам, талбай , орц, гарц хаасан..” үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд, хариуцагч Баянзүрх дүүргийн засаг дарга ямар нэгэн эрхийн зөрчилгүй газар эзэмшиж байгаа иргэний эрхийг хязгаарлаж, зохицуулт бүхий хуулийн зүйл заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон тул шүүх  Х.Ариунгэрэл, Б.Зочин-Эрдэнэ нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 27 дугаар зүйлийн 27.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/96 дугаар захирамжийн Х.Ариунгэрэл, Б.Зочин-эрдэнэ нарт холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.НАСАНДЭЛГЭР