Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ20176/00224

 

“Капитал” банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00738 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 2051 дүгээр магадлалтай,

“Капитал” банкны нэхэмжлэлтэй,

Э.Баттөгсөд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 29.316.934,41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цогтсайхан, Г.Баттөгс, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Баттөгстэй 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 99 тоот, 2015 оны 5 дугаар сарын 14- ний өдөр 69 тоот зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулсан. Эхний зээлийн гэрээгээр зээлдэгч нь бизнесийн зориулалтаар 29.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.9 хувийн хүүтэй авсан. Хариуцагч Э.Баттөгс нь зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол /18070/, Москвагийн гудамж 119/А дугаар байрны 223 тоот хаягт орших орон сууцны зориулалттай 27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 12.151.166,15 төгрөг, зээлийн хүүнээс 8.482.599,08 төгрөг төлсөн ба үндсэн зээл болон зээлийн хүүний үлдэгдлийг графикийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн болон барьцааны гэрээг нэг талын санаачилгаар цуцалж Э.Баттөгсөөс барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үндсэн зээл 16.848.833,85 төгрөг, зээлийн хүү 3.484.578,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 204.497,89 төгрөг нийт 20.537.910,41 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Э.Баттөгс нь 69 тоот зээлийн гэрээгээр 8.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2,6 хувийн хүүтэй хэрэглээний зориулалтаар авсан. Тус зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож дээр дурдсан хөрөнгийг барьцаалсан Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болно. Гэвч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 1.282.776 төгрөг, зээлийн хүүнээс 962.811 төгрөг төлсөн ба үндсэн зээл болон зээлийн хүүний үлдэгдлийг графикийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн болон барьцааны гэрээг нэг талын санаачилгаар цуцалж үндсэн зээл 6.717.224 төгрөг, зээлийн хүү 1.991.064 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70.735 төгрөг, нийт 8.779.024 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд зээлдэгч Э.Баттөгсөөс дээр дурдсан хоёр зээлийн нийт үлдэгдэл 29.316.934,41 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 99 тоот гэрээгээр үндсэн зээлээс 12.151.116 төгрөг, зээлийн хүүгээс 8.482.599 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч дурдаж байна. Ингээд бодоход ойролцоогоор 20 орчим сая төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийн нийт шаардлага 29 сая төгрөг байгаа. Иймд нэгэнт төлсөн байгаа 20 орчим сая төгрөгөө хасаад үлдсэн зөрүү дүнг хүлээн зөвшөөрч болох юм. Ер нь бол сүүлд өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00738 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451.1, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу хариуцагч Э.Баттөгсөөс 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 16.848.834 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3.484.578 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 204.497 төгрөг, нийт 20.537.910 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 69 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үүрэгт 6.717.224 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1.991.064 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үүрэгт 70.735 төгрөг, нийт 8.779.024 төгрөг, хоёр зээлийн гэрээний нийт төлбөрт 29.316.934 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304.535 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч Э.Баттөгсөөс 304.535 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 2051 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00738 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Баттөгсөөс 29.316.934 төгрөгийг гаргуулж, “Капитал банк” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч Э.Баттөгс би нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь 2015 оны 10 сараас хойш нэхэмжлэгч Капитал банкинд 500.000 нэг удаа мөн 700.000 төгрөгөөр 2 удаа тушаасан боловч энэ төлөлт нь миний зээлийн төлөлтөөс хасагдаагүй төдийгүй энэ талаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч харамсалтай нь нэхэмжлэгч байгууллагаас өөрийн тооцооллын програм түүний зохих хуулбарыг гарган хэрэгт хавсарган түүнийг шүүх хурал дээр үнэлж шийдвэр гаргасан нь ИХШХШТХуулийн 41 дүгээр зүйл 41.1-т зөрчсөн үйлдэл боллоо гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нотлох баримт үнэн зөв талаасаа эргэлзээгүй байх ИХШХШАжиллагаа шударга явагдах үндэс нь болдог. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын өөрийн гаргаж өгсөн санхүүгийн тооцооллыг хэн нэгэн хөндлөнгийн эрх бүхий субьектээр хянуулалгүйгээр өөрөөр хэлбэл баталгаажуулалтгүйгээр шүүх хуралдаанд шууд үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хэт өрөөсгөл болжээ. Хэдий ИХШХШТухай хуульд заасан шаардлагыг хангасан буюу Капитал банкнаас гаргаж өгсөн дээрх дурдсан тооцоолол нь нотариатаар баталсан хувь байдаг боловч нотариатын баталгаа нь ердөө хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн үйлдэл болохоос уг баримтын үнэн зөв тооцоолол эсэхэд баталгаа гаргасан үйлдэл биш билээ.

Иймээс миний зүгээс нэхэмжилж байгаа үнийн дүнгээс 1.900.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд банкны зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Капитал” банк нь хариуцагч Э.Баттөгсөд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29.316.934 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 29.000.000 төгрөгийг 36 сарын хугацаагаар, сарын 1.9 хувийн хүүтэйгээр, 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 8.000.000 төгрөгийг 24 сарын хугацаагаар сарын 2.6 хувийн хүүтэй тус тус зээлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 4.2.1-т зээлдэгч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ.

Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй эсхүл үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Хариуцагч нь дээрх 2 зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаанд төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдсон, энэ тохиолдолд нэхэмжлэгч гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-г зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлт, гэрээ цуцлах үндэслэл нөхцөл зэрэг асуудлыг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглээгүй байна.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь зээлийн төлбөрт 2015 оны 10 сараас хойш нийт 1.900.000 төгрөг төлсөн гэх тайлбараа нотолж чадаагүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 2051 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 46.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ