Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 101/2016/08508/И |
Дугаар | 210/МА2018/00672 |
Огноо | 2018-03-12 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2018/00672
2018 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 210/МА2018/00672 |
Н.Цээлээгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/00239 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Н.Цээлээгийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Батцэнгэлд холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Цээлээ, хариуцагч Х.Батцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 оноос охин Номингийн хамтаар бидний амьдрал эхэлсэн бөгөөд 2012 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2012 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүү Түмт-Од төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2015 оны 09 дүгээр сараас тусдаа амьдрах болсон. Өнгөрсөн хугацаанд хоёр хүүхэд маань ааваасаа айж цочоод орноосоо гардаггүй үе байсан. Х.Батцэнгэлийг найз нөхөдтэйгээ хамт ууж идэх бүр би хэрүүл хийдэггүй, үүнд хүлээцтэй хандаад явдаг байсан боловч эцэстээ хүүхэд рүү сандал шидэж дайрч, давшлах болсон. Х.Батцэнгэл хүүг төрөөд удаагүй буюу 3 хоноод Солонгос Улс руу яваад нэг ой өнгөрч байхад буцаж ирсэн. Би анх 2 настай дагавар охинтой гээд ирж байсан, биднийг манай ах, дүү нар хүлээн зөвшөөрөөд та дөрөв сайхан амьдар гээд байр гаргаж өгсөн. Гэтэл хариуцагч тал охиныг минь өөрийн хүүхэд биш гэж байх юм. Үр хүүхэдтэй болсныхоо дараа хүн юм чинь сайхан амьдарна биз гэж бодоод явж байтал агсам согтуу тавьж, ийм зүйл ярьж байгаа хүнд хүүхдээ өгөхгүй, хүү ааваасаа айдаг, охин хэцүү ааштайг нь мэддэг. Цаашид Х.Батцэнгэлтэй хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Анх гэр бүл болоход Н.Цээлээ 2 настай эмэгтэй хүүхэдтэй байсан бөгөөд ээжтэй нь гэр бүл болчихоод ээжээр нь овоглоод байх эвгүй байсан учир охиныг өөрийн нэрээр овоглосон. Охин хүүхдэд ирээдүйд боловсрол хэрэгтэй гэж үзээд орос сургуульд оруулж, түүний сайн сайхны төлөө эцэг хүний үүргээ хэрэгжүүлсэн. Бид гэрлээд 13, 14 жил болсон, энэ хугацаанд Н.Цээлээ нэг ч удаа ажил хөдөлмөр хийж байгаагүй, амьдралд тус нэмэр болж үзээгүй. Би эр хүний хувьд чадахаараа ажиллаж, амьдралаа авч явсан бөгөөд бидэнд хэрүүл маргаангүй сайхан амьдарч байсан үе бий. Би Солонгос Улсаас ирээд удаагүй байхад Н.Цээлээ өглөө бүр гарч гүйдэг болсон байсан, би анхандаа эрүүл мэндээ бодоод гүйж байна гэж боддог байсан чинь 9911-тэй дугаартай утастай хүнтэй уулздаг байсан юм билээ. Энэ зүйлийг олж мэдсэнээс хойш Н.Цээлээ гүйхээ больсон, би Н.Цээлээд нэг ч удаа гар хүрч байгаагаагүй, амьдрал болсон хойно хэрүүл маргаан гарч байсан, намайг хуурч байсанд гомддог. Том охин Б.Номин сургууль завсардаад 2 жил болж байна, удахгүй хүү маань 6 нас хүрч, сургуульд орно. Энэ хүн өөрөө санхүүгийн хувьд боломжгүй учир хүүхдийн сургууль, хүмүүжлийн хувьд маш их санаа зовж байна. Охиныг 84 дүгээр сургуульд оруулъя, хүнтэй ярьчихлаа гэрчилгээг аваад ир гэж зөндөө хэлсэн боловч татгалзсан. Өөрийн гэсэн гэр оронгүй хүний байранд амьдардаг, хажуу өрөөгөө хөлслүүлсэн байдалтай амьдарч байж хүүхдийг өөр дээрээ авах хүсэлтийг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Дөрөвнүүд овогт Нямжавын Цээлээ /рд:ЧО77082063/, хариуцагч Халзан овогт Хаянхярваагийн Батцэнгэл /рд:ЧО78021170/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д заасныг үндэслэн 2003 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Б.Номин, 2012 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Түмт-Од нарыг эх Н.Цээлээгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1 2-т тус тус зааснаар охин Б.Номинг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр, хүү Б.Түмт-Одыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр cap бүр эцэг Х.Батцэнгэлээр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д тус тус зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх, мөн хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг үүгээр дурьдаж, Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай xуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч тал хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад тэмдэгтийн хураамж төлөхөөс болохыг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, тэжээн тэтгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 81 761.00 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн зардалд хариуцагчаас 200 800.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/Ш32016/32422 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв"-ийг шинжээчээр томилсон бөгөөд тус төвийн даргын 2016 оны 12 сарын 13 өдрийн А-48 тоот тушаалаар Л.Азжаргал, З.Мэндбаатар, М.Эрдэнэчимэг нар дүгнэлт гаргахаар томилогдсон. Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А-01 тоот тогтоолын дагуу тус төв татан буугдсан буюу шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болсон. Гэвч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А-38 тоот тушаалаараа шинжээчдийн багийг шинээр томилон дүгнэлт гаргуулсан. Өөрөөр хэлбэл, уг хэргийг хянан шийдвэрлэхэд гол ач холбогдол бүхий шинжээчийн дүгнэлт нь шүүгчийн захирамжийн дагуу томилогдоогүй шинжээчдийн багийн хийсэн дүгнэлт буюу хүчин төгөлдөр бус дүгнэлт байна. Шүүгч өөрийн захирамжаараа томилоогүй шинжээчдийн бүрэлдэхүүний дүгнэлтийг шүүхийн шийдвэртээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар томилогдсон Ш.Ганцэцэг, П.Гэрэлтуяа, Б.Энхзаяа, М.Эрдэнэчимэг нар гаргасан. Хэрэгт авагдсан шинжээчид хууль тайлбарласан баримт дээр шинжээч Ш.Ганцэцэг, Б.Энхзаяа, М.Эрдэнэчимэг нар гарын үсэг зурсан, харин П.Гэрэлтуяа гарын үсэг зураагүй буюу түүнд холбогдох эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлан өгөх, хууль сануулах ажиллагаа хийгдээгүй. Өөрөөр хэлбэл хууль сануулж, эрх, үүргийг нь тайлбарлаагүй П.Гэрэлтуяа гэх шинжээч дүгнэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийг хийхдээ төрсний гэрчилгээг шинээр гаргуулан авч бүртгэл үйлдсэн он, cap, өдөр, гэрчилгээний дугаарыг шинээр бичихээр заасан. Х.Батцэнгэл, Н.Цээлээ нар охин Б.Номинг 3 настай байх үед буюу 2006 онд танилцаж байсан бөгөөд Б.Номингийн овгийг (эцгийн нэр) түүнээс хойш өөрчилсөн байдаг. Х.Батцэнгэл нь охин Номинг ямар ч тохиолдолд 2003 оны 4 сарын 16-ны өдөр буюу төрснөөс хойш нэг сарын дараа өөрийн нэрээр бүртгүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хавтаст хэргийн 9-р хуудсанд байх төрсний гэрчилгээ нь бичилтийн хувьд илэрхий алдаатай, хүчингүй баримт бичиг байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт "Шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасан байтал илт илэрхий алдаатай мэдээлэл агуулсан нотлох баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь нотлох баримт үнэлэх, цуглуулах журмыг зөрчиж байна.
Хариуцагч Х.Батцэнгэл нь 2018 оны 1 сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтийг шүүхэд тавьсан. Түүнчлэн Х.Батцэнгэлийн өмгөөлөгч Б.Отгончимэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг эмчлүүлэгчийн картын хуулбарын хамт шүүхэд хүргүүлсэн боловч шүүх хүлээн авалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан. Энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасан үндсэн эрхийг ноцтой зөрчсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Н.Цээлээ нь хариуцагч Х.Батцэнгэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч гэрлэлт цуцлахыг зөвшөөрч, охин Б.Номин, хүү Б.Түмт-Од нарын асрамж, тэтгэлгийн талаар маргажээ.
Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар татгалзлаа өөрөө нотлох, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх хүсэлт гаргах эрхтэй болохыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан.
Хариуцагч Х.Батцэнгэл нь хүү Б.Түмт-Одыг эх Н.Цээлээгийн асрамжинд үлдээхгүй, өөрийн асрамжинд үлдээнэ гэж маргасан ба хариуцагчийн өмгөөлөгчөөс хүүхдийн асрамжтай холбоотойгоор шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар шүүх Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг шинжээчээр томилжээ. /хх-61/
Гэтэл анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/38 дугаар тушаалаар томилогдсон шинжээч нарын дүгнэлтийг үндэслэж дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Шүүхийн шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлт байна гэснийг тус тус зөрчжээ.
Шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийг Засаг даргын тамгын газар өөрчилсөн нь нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хэргийн оролцогчийн эрх хангагдсан буюу шүүхийн журмаар нотлох баримтыг зохих ёсоор бүрдүүлсэн гэж үзэхгүй.
Түүнчлэн анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмыг баримтлаагүй, дүгнэлт гаргасан П.Гэрэлтуяад хууль сануулж, гарын үсэг зуруулаагүйгээс шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.
Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулах, түүнчлэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн зохигчдын хооронд үүссэн хүүхдийн асрамжтай холбоотой маргааны талаар дүгнэлт хийх боломжгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/00239 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч М.Баянзул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Н.БАТЗОРИГ