| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0147/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/152 |
| Огноо | 2018-06-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар П.Ханбүргэд
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Шүүгдэгч Ч.Р- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Р-д холбогдох эрүүгийн 1838003620176 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ч.Р-,
Шүүгдэгч Ч.Р- нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд иргэн Г.М-тай согтуугаар үг хэлээр доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж түүний гар луу төмрөөр цохиж эрүүл мэндэд нь баруун шуу ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Р- нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд иргэн Г.М-тай согтуугаар үг хэлээр доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж түүний гар луу төмрөөр цохиж эрүүл мэндэд нь баруун шуу ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Раднаа ахыг орой болчихлоо одоо ажлаа боль боль гэж хэлэхэд намайг Раднаа чи муу миний ажлыг мэддэг хэн юм, далд ор, чи дандаа манай хашаанд очиж архи дарс уудаг хүн дандаа гай болдог гэсэн. Тэгэхээр нь Раднаа ахыг өөрийнхөө архичинг мэдэхгүй байж гэж хэлсэн чинь мод хөшиж байсан хагас алд орчим лоом барьж ирээд нуруу луу нэг цохиод авахаар нь зугатаж гүйгээд жорлонгийн ойролцоо Раднаа ахаа больё гэхэд дахиад цохих гэхээр баруун гараараа хаахад шууны орчим руу цохисон. Тэгэхээр нь Амараа ахын нэг ажилчин Раднаа ахыг салгаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,
Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.М- намайг машиндаа юм хийж байхад Ч.Р-тай юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй маргалдаад Г.М-ыг машины ачааны тросс чангалдаг арзгар 50 см орчим төмрөөр баруун гар луу нь цохиод авсан. Тэр үед Г.М- гар хөдлөхөө больчихлоо гээд гараа бариад хэвтээд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 205 дугаартай
зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ч.Р-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Ч.Р- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 1838003620176 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Р-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Р-г Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тамгын газарт 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Р-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ