Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/148

 

       

 

 

 

 

    2025           01            28                                          2025/ДШМ/148

 

 

У.Бд холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

хохирогч Г.Б, түүний өмгөөлөгч А.Кадирбек,

шүүгдэгч У.Бгийн өмгөөлөгч Б.Манлайжав, Б.Буянжаргал,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/1358 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч А.Кадирбекийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Г.Мөнхтүвшингийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцэлд үндэслэн У.Бд холбогдох 2208037191660 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч У.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, мөн оны 02 дугаар сарын 06, 12-ны өдрүүдэд Г.Бд “...уурхайд 2 жийп автомашиныг явуулна, Хөгжлийн банкны зээлээрээ тэсэлгээний үйлдвэр барина, уг ажлыг явуулахад жижиг автомашин хэрэгтэй байна...” хэмээн итгэл үнэмшил төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, худалдах худалдан авах гэрээг байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүлжмэлийн 3 давхарт байрлах “....” ХХК-ийн ажлын байранд 8 ширхэг автомашины гэрээ байгуулж, 4 ширхэг автомашины үнэ болох 44.000.000 төгрөгийг иргэн Б.Гийн “Хаан” банканд эзэмшдэг ............ тоот дансаар шилжүүлэн авч, нийт 228.000.000 төгрөгийн үнэ бүхий 12 ширхэг авто машиныг залилсан,

Мөн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Акума” нэртэй ковш зардаг дэлгүүрийн ойролцоо хохирогч Э.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, төмсөг зэрэг газар руу нь цохиж, эрүүл мэндэд нь “хамрын нуруу, зүүн хөмсөгний зөөлөн эдийн гэмтэл, уруулд өнгөц шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: У.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч У.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” буюу “тухайн хэргийг өмнө хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч У.Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар У.Бд торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч У.Бгийн тус шүүхийн Тамгын газрын дансанд байршуулсан 363.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн ......... тоотод оршин суух хохирогч Э.Б /......./-д олгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди”, дүрс оношилгоо шинжилгээний хариу бүхий 1 ширхэг “Си Ди”, нийт 2 ширхэг “Си Ди” эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч У.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Бгийн өмгөөлөгч А.Кадирбек давж заалдах гомдолдоо: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “...Тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. ...” гэх хуулийн хэм хэмжээний тухайд “шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн шинжтэй асуудлыг хянан хэлэлцэх үед тухайн холбогдож буй хэргийн талаар урьд нь шүүх хянан хэлэлцэж шийдвэр гаргасан, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх нөхцөлийг ойлгоно.

Өөрөөр хэлбэл “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн” гэх нөхцөл нь өөрөө шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн талаар шүүх шийдвэр гаргасан байхыг ойлгоно. Гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. ...” гэж хуульчилсан бөгөөд тухайн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байх ойлголтыг агуулна.

Эрүүгийн хэргийн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах бөгөөд энэ нь шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэрэг мөн, биш эсэхийг эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэнэ гэсэн үг.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч У.Б, хохирогч Г.Б нар нь 8 тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар уг гэрээний дагуу иргэний хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, Иргэний хэргийн шүүх эвлэрлийн гэрээг баталж шийдвэрлэснээр гэмт хэргийн шинжтэй асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүгдэгч У.Б, хохирогч Г.Б нарын хооронд байгуулсан 8 тээврийн хэрэгслийн төлбөрийг иргэний журмаар нэхэмжилж, улмаар талууд төлбөрийн хэмжээг харилцан тохиролцож эвлэрсэн нь шүүгдэгч “У.Бгийн бусдыг залилах” гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй болно.

Тухайлбал, Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч У.Б нь хохирогч Г.Бг “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ...өөрийнх нь ажлын байран дээр хүлээн авч уулзан, манай “Баян сутайн зам” ХХК, уул уурхайн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна, компанийн ажлыг явуулахад уул уурхайд явах том машин бас хот дотор явуулах ажилчдад зориулсан жижиг тээврийн хэрэгсэл хэд, хэд хэрэгтэй байгаа тул өөрөөс чинь машин авъя” гэх санал тавьж, харин тухайн машины төлбөрийг 1 сарын дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлнө гэх нөхцөлтэйгөөр 8 тээврийн хэрэгсэл эхний ээлжид зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар шилжүүлж авсан байдаг.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад У.Б нь “Баянсутайн зам” ХХК-ийн захирал байгаагүй, тэрээр тухайн 8 тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад 4 тэрбум орчим төгрөгийн өр төлбөртэй, бүх данс хөрөнгө нь битүүмжлэгдсэн, түүний уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй гэх “Баянсутайн зам” ХХК нь ямар ч уул уурхайн үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тогтоогдсон. Шүүгдэгч У.Б нь анхнаасаа тухайн 8 тээврийн хэрэгслийн төлбөрийг төлөх боломжгүй бодит нөхцөл байдлын талаар мэдэж байсан.

Үүнээс гадна У.Б нь хохирогч Г.Бгаас биет байдлаар шилжүүлэн авсан 8 тээврийн хэрэгслийг тэр даруй бусдад өгөх өр төлбөрт тооцон өгсөн, заримыг нь худалдан борлуулсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд шүүгдэгч У.Б нь анхнаасаа бодит байдлыг нуун дарагдуулж, өөрийгөө төлбөрийн чадваргүй гэдгийг мэдсээр байж “...” ХХК гэх компанийн нэрийг ашиглан хохирогч Г.Бтай 8 тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан бусдын эд хөрөнгийг өөрийнх нь эзэмшилд шилжүүлэн авч, улмаар тухайн тээврийн хэрэгслийг тэр даруй өөрийнх нь бусдад өгөх өр төлбөрт шилжүүлэн өгч, зарим тээврийн хэрэгслийг худалдан борлуулж өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчилсан “Залилах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч У.Б хэрхэн яаж, ямар аргаар хохирогчийг итгүүлэн түүний 8 тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, захиран зарцуулсан болохыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоосон.

Энэхүү анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон шүүгдэгчийн “... “...” ХХК-ийн захирал байна, уул уурхайн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөгжлийн банкнаас зээл авч байгаа тул машины төлбөрийг чинь нэг доор төлж барагдуулъя, уул уурхайд явуулах машин хэрэгтэй байна” гэх зэргээр хохирогчийн 8 тээврийн хэрэгслийг өөрийнх нь эзэмшилд шилжүүлэн авч, захиран зарцуулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэхэд дүгнэлт өгөх байтал, талууд гэрээ байгуулж иргэний хэргийн шүүх баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ. 

Иймд анхан шатны шүүхийн У.Бд холбогдох залилах гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй”, “тухайн хэргийг өмнө хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар энэхүү гомдол гаргав.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарах зөрчлийн талаар нэрлэн хуульчилсан бөгөөд үүнийг нэг нь анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд тус тус заасан хэлбэрийн шаардлага хангахгүй байх явдал юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч У.Бд холбогдох “Залилах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “...шийтгэх тогтоолын хоёр буюу гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтэд “шүүгдэгчийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж” ирүүлсэн зарим үйлдлийн талаар огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан болно.

Энэ нь прокуророос шүүгдэгч У.Бгийн хохирогч Г.Бг залилсан гэмт хэрэгт холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтэд “...шүүгдэгч У.Б нь 3 удаагийн үйлдлээр хохирогчийн нийт 232.000.000 төгрөгийн эд хөрөнгийг залилан мэхэлж авсан талаар хууль зүйн дүгнэлт хийдэг.

Тухайлбал, шүүгдэгч У.Б нь хохирогчтой 2020 оны 01 дүгээр сарын 20-нб өдөр, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрүүдэд автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр 2 удаагийн үйлдлээр хохирогчийн эзэмшлийн 188.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 8 тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан байдаг.

Харин үүний дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч У.Б нь хохирогчоос 44.000.000 төгрөгийг мөн дансаар шилжүүлэн авч, залилан мэхэлсэн байдаг. Уг 44.000.000 төгрөгийг шүүгдэгч нь шилжүүлэн авахдаа “Манай компанийн “Хөгжлийн банкнаас” авах зээл гарсан байна, бид хэдэн барьцаа байршуулах, мөн зээлийн шимтгэл төлөх шаардлагатай тул яаралтай 4 машинаа зараад ахдаа 44.000.000 төгрөг шилжүүлэн өгчих, өмнөх машины төлбөр тооцоотой нь хамт шилжүүлэн өгье” гэх байдлаар худал хэлж, залилсан байдаг.

Ингээд прокуророос У.Бгийн залилах гэмт хэргийг 3 удаагийн үйлдлээр хохирогч Г.Бд нийт 232.000.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн талаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх зөвхөн 8 тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгсөн нь иргэний эрх зүйн харилцаа гэж дүгнэн, харин 44.000.000 төгрөг бэлэн мөнгө залилан авсан эсэх үйлдэл огт дүгнэлт хийгээгүй орхигдуулжээ.

Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан “шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байна”, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоох” зэрэг шүүхийн шийдвэрт тавигдах хуулийн шаардлага хангаагүй гэж үзэхээр байна.

Иймд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаар Шүүхийн шийдвэр боловсруулах журам аргачлал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлан заасан шүүхийн шийдвэрт тавигдах хэлбэрийн шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар, мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Мөнхтүвшин бичсэн эсэргүүцэлдээ: “...Залилах гэмт хэрэг нь хуурч, ...эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эл хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана гэж үздэг.

Шүүгдэгч У.Б нь “манайх Хөгжлийн банкнаас зээл авч байгаа, уул уурхайн ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа... манай зээл 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэхэд хангалттай гарна” гэх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогч Г.Бд бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан тээврийн хэрэгсэл, бэлэн мөнгө зэргийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, тухайн тээврийн хэрэгслүүдийг зарж борлуулан өөрийн компанийнхаа өр төлбөрт шилжүүлж, эд хөрөнгийг өөрийн эрх ашигт нийцүүлэн захиран зарцуулсан үйл баримт хэрэгт авагдсан болно.

Энэ нь гэрч Б.Гийн “...Тухайн үед Баатарсүрэн ах “миний данс битүүмжлэгдсэн байгаа” гэж надад хэлж байсан ба миний дансыг Баатарсүрэн ах ашиглаж байсан. Баясгалан нь машин зараад зарсан мөнгө болох 44.000.000 төгрөгийг Баатарсүрэн ахад миний нэр дээрх дансаар шилжүүлэн өгсөн юм. Уг мөнгөөрөө Баатарсүрэн ах зарим нэг ажилчдын цалинг тавьж, компанид хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн зураг зэрэгт ашигласан...” гэх мэдүүлэг, Б.Гийн Хаан банкны 5057365812 тоот дансны хуулга, гэрч Б.Бямбацогт, Б.Батцэцэг, М.Отгонцэцэг, Б.Батсайхан нарын мэдүүлэг, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн автомашины эзэмшигчийн түүхчилсэн лавлагаа зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад У.Б нь санхүүгийн алдагдалтай байгаа байдлаа нууж хохирогч Г.Бг хуурч, төөрөгдөл оруулан, эд хөрөнгийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байна.

Иймээс У.Б нь хохирогч Г.Бг хуурч, итгэлийг нь эвдэн гэрээгээр халхавчилж 8 ширхэг тээврийн хэрэгсэл болон бэлэн 44.000.000 төгрөгийг залилан авч, бусдыг төөрөгдөлд оруулан, үгээр болон үйлдлээр хуурч мэхлэх арга хэрэглэн, хохирогч Г.Бд “учирсан хохирлыг төлж барагдуулна” гэж хохирогчид дахин итгэл төрүүлэн хуурч, хохирогчийн иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулсан”баримт хэрэгт авагдсан байна.

Үүнээс үзэхэд дээрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь биелэгдэх боломжгүй, хохирогчийн хууль ёсны эрх ашиг хохирсон хэвээр, У.Б нь өнөөдрийг хүртэл хохирогч Г.Бд нэг ч төгрөгийн хохирлын төлбөр төлж барагдуулаагүй байна. Энэ байдал нь эхнээсээ шүүгдэгч У.Б нь хохирогч Г.Бгаас авсан тээврийн хэрэгслүүдийг уул уурхайн компанид ашигласан зүйл байхгүй, хохирогчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаас хойш бусдад зарж борлуулан өөрийн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан нь “Бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байхаар урьдаас төлөвлөж хэрэгжүүлсэн” залилах гэмт хэргийн субьектив санаа зорилгыг агуулсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Би хохирлоо төлүүлэлгүй 5 жил болж байна. Миний бие 3 хүүхэдтэй, ипотекийн зээлээ төлж чадалгүй явсаар миний амьдралын чанар доройтсон. У.Бд миний мөнгийг өгөх ямар ч хүсэл зориг байхгүй. Энэ хэрэг 7 прокурор, 2 шүүгчээр хянагдсан. Миний бие маш их гомдолтой, хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч У.Бгийн өмгөөлөгч Б.Манлайжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгч “анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх 2 үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хохирогч Г.Бгийн гаргасан нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж, тээврийн хэрэгсэл, бэлэн мөнгө шилжүүлсэнтэй холбоотой асуудлыг иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж, “Зээлээр худалдах худалдан авах гэрээ”-г баталгаажуулж, захирамж гаргасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хохиролд тооцогдсон 8 тээврийн хэрэгсэл, 44,000,000 төгрөг буюу нийт 232,0000,000 төгрөгийн талаарх асуудлыг шийдвэрлэсэн. Г.Бгийн гаргасан нэхэмжлэл нь “...“Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт У.Б надад 286,000,000 төгрөгийг хувааж төлнө” гэх агуулгатай байсан. Шүүх хуралдааны явцад талууд 286,500,000 төгрөг төлөхөөр тохиролцож, улмаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Уг шүүгчдийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Шүүх нь талууд маргаангүй тохиолдолд тэдгээрийн эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгодог. Иймээс Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, У.Бгээс 286,500,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа. Иргэний хэргийн шүүх боломжгүй зүйлийг шийдвэрлэсэн гэх асуудлыг ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүх хэзээ ч боломжгүй асуудлыг шийдвэрлэдэггүй. Хэрэв У.Б 286,500,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй бол хохирогч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хандах боломжтой. Иймээс миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгч А.Кадирбек “энэ хэргийг өмнө нь шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр байхгүй” гэж тайлбарлаж байна. Гэвч хуульд гагцхүү Эрүүгийн хэргийн шүүх гэж заагаагүй, “шүүх” гэж ерөнхийд нь тусгасан. Тэгэхээр гэмт хэргийн шинжтэй асуудлыг заавал Эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэсэн бол өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн гэх ойлголтыг хангана гэсэн үг биш. Хуульд “шүүх” гэж өргөн агуулгаар хуульчлагдсан. Хоёрдугаарт, өмнө нь шүүх “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-тэй холбоотой асуудлыг иргэний эрх зүйн харилцаа хэмээн дүгнэж, иргэний хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргасан. Уг шийдвэр хүчин төгөлдөр байхад Эрүүгийн шүүх тус асуудлыг дахин дүгнэх боломжгүй. Иймээс У.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй. Прокурор эсэргүүцлийн хувьд, өмнө нь энэ хэрэг давж заалдах шатны шүүхэд улсын яллагчийн эсэргүүцлээр хянагдаж, улмаар давж заалдах шатны шүүх “хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх боломжтой” гэж шийдвэрлэсэн. Үүний дагуу хэргийг мөрдөн байцаалтад буцаалгүйгээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Хэрэгт прокурорын тайлбарлаж буй “н.Оюун-Эрдэнийн байрыг залилсан” гэх асуудлын талаар үг, өгүүлбэр байхгүй. Анхан шатны шүүх яллах дүгнэлт, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл прокурор иргэний эрх зүйн харилцааг эрүүгийн эрх зүйн харилцаа болгож, Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг залилсан мэтээр тайлбарлаж байна. Мөрдөгч, прокурор нарын хувийн санаа, зорилгоор хэрэгсэхгүй болсон үйл баримт явсаар эцэст нь Нийслэлийн ерөнхий прокурор эрүүгийн хэрэг үүсгэсэн. Уг нөхцөл байдлыг миний бие ахмад өмгөөлөгч, түүнчлэн прокуророор ажиллаж байсан хүний хувьд нэгэнт шүүх шийдвэрлэсэн асуудлыг буцаан мушгиж, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг залилах гэмт хэрэг болгож байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.Бгийн өмгөөлөгч Б.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өмгөөлөгч Б.Манлайжавтай санал нэг байна. Прокурор болон хохирогчийн өмгөөлөгч нарын урьд нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа хууль зүйн үндэслэл нь тодорхой бус байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Түүнчлэн “У.Б нь өмнө залилах гэмт хэрэгт шалгагдаж байсан тул залилах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэх боломжгүй. Түүний урьдын нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх ёсгүй. Иймээс уг тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгч “анхан шатны шүүх 44,000,000 төгрөгийн асуудлын талаар дүгнэлт хийгээгүй” гэж тайлбарлаж байна. Гэвч уг асуудал нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн тул энэ талаарх асуудалд өмгөөлөгч Б.Манлайжавтай адил саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар У.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгч А.Кадирбекийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Г.Мөнхтүвшингийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Тодруулбал; прокуророос У.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч У.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” буюу “тухайн хэргийг өмнө хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч У.Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.

Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж хэргийн үйл баримтыг тогтоох учиртай.

Анхан шатны шүүх шүүгдэгч У.Бгийн хохирогч Г.Бд итгэл үнэмшил төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, худалдах худалдан авах гэрээг байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, 8 ширхэг автомашины гэрээ байгуулж, 4 ширхэг автомашины үнэ болох 44.000.000 төгрөгийг иргэн Б.Гийн “Хаан” банканд эзэмшдэг 5057365812 тоот дансаар шилжүүлэн авч, нийт 228.000.000 төгрөгийн үнэ бүхий 12 ширхэг авто машиныг залилсан гэх үйлдэлд хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудад хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл шүүдэгчийн бусдын эд хөрөнгийг хуурч бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, худалдах худалдан авах гэрээг байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах хэргийн сэдэл, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг хэргийн үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр зөвхөн гэрээ, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч У.Бд холбогдох залилах гэмт хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох талаар гаргасан хохирогчийн өмгөөлөгч А.Кадирбек болон прокурор Г.Мөнхтүвшингийн бичсэн эсэргүүцэл тус бүрийг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтууд, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/1358 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

   2. Шүүгдэгч У.Бд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

 

                                    ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ