| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинбатын Мөнхболор |
| Хэргийн индекс | 126/2026/0037/З |
| Дугаар | 126/ШШ2026/0039 |
| Огноо | 2026-09-11 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 126/ШШ2026/0039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.Б**************,
Нэхэмжлэгч: Д.Г**************,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц************** ,
Гуравдагч этгээд: Ш*************ХХК,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Г************** нарын хоорондын эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г************** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц************** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч нараас Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь иргэн Ж.Б************** , Д.Г************** миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Хөвсгөл аймгийн ************** тоот хаягт байрлах, 68,58 м.кв, 23 тоот, 57.85 м.кв талбайтай орон сууцыг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
1.2. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан иргэн Ж.Б************** , Д.Г************** ын тус тус өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Хөвсгөл аймгийн ************** тоот хаягт байрлах 68.58 м.кв, 23 тоот хаягт байрлах 57.85 м.кв талбайтай орон сууцыг бүртгэхээс татгалзсан Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 28/800 тоот, 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 28/739 тоот албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг Ж.Б************** , Д.Г************** нарын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах гэжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар
2.1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 155/ШШ2024/01011 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Б************** ийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ************** дүгээр байрны ************** тоот хаягт байрлах, 68,58 м.кв 3 өрөө байрны өмчлөгчөөр, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 155/ШШ2024/0003************** дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Г************** ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, ************** дүгээр байрны 23 тоот, 57.85 м.кв байрны өмчлөгчөөр тус тус тогтоогджээ.
2.2. Үүнтэй холбогдуулан дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрсдийн өмчлөлд бүртгүүлэхээр нэхэмжлэгч нар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч тус хэлтсийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 28/739 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Д.Г************** од, 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 28/800 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Ж.Б************** өд тус тус шилжүүлэн бүртгэх боломжгүй талаар татгалзсан хариуг өгсөн байна.
2.3 Улмаар нэхэмжлэгч нараас дээрх хариунуудыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар дээд шатны байгууллагад гомдол гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1/4962 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Ж.Б************** өд, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1/4961 тоот албан бичгээр нэхэмжлэгч Д.Г************** од тус тус хариуг өгсөн байна.
2.4. Улмаар нэхэмжлэгч Д.Г************** нь 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр, нэхэмжлэгч Ж.Б************** нь 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл
3.1. Нэхэмжлэгч Ж.Б************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэг. Шүүхийн шийдвэрээр өмчлөх эрх тогтоогдсон талаар: Иргэн Ж.Б************** миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, ************** дүгээр байрны 21 тоот, 65,58 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 155/ШШ2024/01011 дугаартай шийдвэрээр тогтоогдсон. Уг шүүхийн шийдвэрийн "Тогтоох" хэсгийн 1 дэх заалтад "Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн ************** тоот 68,58 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ж.Б************** ийг тогтоосугай" гэж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Хоёр. Хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй /татгалзал/-ийн талаар: Миний бие дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авах хүсэлтийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гаргасан. Гэтэл тус хэлтсээс 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 28/800 дугаартай албан бичгээр " **************-р байрыг Улсын комисс хүлээн авч 100 хувийн гүйцэтгэлтэй болж бүртгэгдээгүй байгаа тул тус байрны ************** тоот хаягтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэний өмчлөлд шилжүүлэн бүртгэж гэрчилгээ олгох боломжгүй гэх үндэслэлгүй хариу өгч миний хөрөнгөө бүртгүүлэх эрхийг хязгаарлаж байна Энэхүү эс үйлдэхүй нь дараах байдлаар хууль зөрчиж байна.
Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчим зөрчигдсөн: Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан Шүүх нэгэнт Ж.Б************** миний биеийг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоосон байхад Улсын бүртгэлийн байгууллага захиргааны журмаар дур мэдэн татгалзаж байгаа нь шүүхийн эрх мэдэл, шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдалд халдсан ноцтой зөрчил юм
Иргэний өмчлөх эрхийн баталгаа: Барилгыг улсын комисс хүлээн авах эсэх нь барилга угсралтын компани Ш*************ХХК болон төрийн эрх бүхий байгууллага хоорондын захиргааны харилцаа бөгөөд энэхүү үүргээ компани биелүүлээгүйгээс үүдэн шударга өмчлөгч миний Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх (өмчөө захиран зарцуулах эрх) давхар хязгаарлагдах ёсгүй. Иймд Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг зөрчиж, миний өмчлөх эрхэд хууль бусаар халдаж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг удирдлага болгон Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ж.Б************** өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн ************** тоот 68,58 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг миний өмчлөлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгч Д.Г************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Г************** миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, ************** дүгээр байрны 23 тоот, 57.85 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 155/ШШ2024/00038 дугаартай шийдвэрээр тогтоогдсон. Уг шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** дугаар багийн ************** дүгээр байрны 23 тоот 57.85 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Г************** ыг тогтоосугай гэж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Хоёр. Хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй /татгалзал/-ийн талаар: Миний бие дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авах хүсэлтийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан. Гэтэл тус хэлтсээс 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23/429 дугаартай албан бичгээр **************-р байрыг Улсын комисс хүлээн авч 100 хувийн гүйцэтгэлтэй болж бүртгэгдээгүй байгаа тул Д.Г************** ын өмчлөлд шилжүүлэн бүртгэж, гэрчилгээ олгох боломжгүй гэх үндэслэлгүй хариу өгч, миний хөрөнгөө бүртгүүлэх эрхийг хязгаарлаж байна. Энэхүү эс үйлдэхүй нь дараах байдлаар хууль зөрчиж байна:
Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчим зөрчигдсөн: Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан Шүүх нэгэнт Д.Г************** миний биеийг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоосон байхад Улсын бүртгэлийн байгууллага захиргааны журмаар дур мэдэн татгалзаж байгаа нь шүүхийн эрх мэдэл, шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдалд халдсан ноцтой зөрчил юм.
Иргэний өмчлөх эрхийн баталгаа: Барилгыг улсын комисс хүлээн авах эсэх нь барилга угсралтын компани Ш*************ХХК болон төрийн эрх бүхий байгууллага хоорондын захиргааны харилцаа бөгөөд энэхүү үүргээ компани биелүүлээгүйгээс үүдэн шударга өмчлөгч миний Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх (өмчөө захиран зарцуулах эрх) давхар хязгаарлагдах ёсгүй.
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг зөрчиж, миний өмчлөх эрхэд хууль бусаар халдаж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг удирдлага болгон Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Д.Г************** ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** дугаар багийн ************** дүгээр байрны 23 тоот, 57.85 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг миний өмчлөлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
3.3. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Ж.Б************** ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г************** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2017 онд захиалга өгөөд өнөөдрийг хүртэл 9 дэх жилдээ явж байна. Гуравдагч этгээдээр оролцож байгаа Ш*************ХХК нь гүйцэтгэгчээр ажилласан. 2024 онд өмчлөлөө тогтоолгосон. Өнөөдрийг хүртэл энэ компанитай холбогдох гээд холбогдож чадаагүй. Холбогдох төрийн байгууллагуудад нь хандаад танд танилцуулсан хариуг авсан. Энэ компани одоо олдохгүй болсон. Шүүхээр 21, 23 тоот байрын өмчлөлөөр тогтоосон. Өмчлөлөөр тогтоосон байрын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж, бизнесийн эргэлтэд оруулах зорилгоор нэхэмжлэл гаргасан. Үүнийг хангуулж, шийдвэр гаргуулах хүсэлтэй байна гэв.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал
4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ж.Б************** , Д.Г************** нарын захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Эрхийн улсын бүртгэлийн Ү-1723009130 дугаарт бүртгэгдсэн Мөрөн сумын ************** дугаар баг ************** дүгээр байр хаягт байрлах Ш*************ХХК-ийн өмчлөлийн орон сууц нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 75 хувийн гүйцэтгэлтэй бүртгэгдсэнээс хойш улсын комисс хүлээн авах болон эд хөрөнгийн гүйцэтгэл өөрчлөх бүртгэл хийгдээгүй байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр сарын 29.1.6 дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмйн 6 дугаар зүйлийн 6.3-т Барьж дуусаагүй барилгаар бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөс зарим хэсгийг бүрэн гүйцэтгэлтэйгээр шилжүүлэн авсан гэрээ, хэлцлийг үндэслэн өмчлөх эрхийг салгаж бүртгэхэд гүйцэтгэлийн хувийг анхны бүртгэлд тусгаж, үл хөдлөх эд хөрөнгийн хувь, хэмжээний өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд оруулсны дараа бүртгэнэ гэж заасан тул эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэлтэй болно гэжээ.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш*************ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манайд оруулсан дутуу гүйцэтгэлтэй буюу 75 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ гаргуулсан. Түүнээс хойш ямар нэгэн байдлаар гүйцэтгэлээ 100 хувь болгох, улсын комисст хүлээлгэж өгсөн ямар нэгэн бичиг баримт байхгүй байгаа. Тийм учраас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу манайхаас дутуу гүйцэтгэлтэй барилга, байгууламж дээр бүтэн гүйцэтгэлтэй болоогүй учир ямар нэгэн байдлаар гэрчилгээ гаргах боломжгүй гэсэн тайлбартай байна гэжээ.
Тав. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал.
5.1. Гуравдагч этгээд Ш*************ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г************** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.Б************** , Д.Г************** нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжихгүй байгаа болно. Нэхэмжлэлийн тайлбарыг шүүх хуралдаанд дэлгэрэнгүй гаргана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн гаргасан хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нараас шүүхээс нэгэнт Ж.Б************** , Д.Г************** нарыг өмчлөгчөөр тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан бөгөөд шүүхийн шийдвэрийг үндэслэн өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авах хүсэлтийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргахад улсын комисс хүлээн авч 100 хувийн гүйцэтгэлтэй болж бүртгэгдээгүй байгаа тул гэрчилгээ олгох боломжгүй гэсэн хариуг өгч миний хөрөнгөө бүртгүүлэх эрхийг хязгаарлаж байна гэж, хариуцагчаас орон сууц нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 75 хувийн гүйцэтгэлтэй бүртгэгдсэнээс хойш улсын комисс хүлээн авах болон эд хөрөнгийн гүйцэтгэл өөрчлөх бүртгэл хийгдээгүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу манайхаас дутуу гүйцэтгэлтэй барилга, байгууламж дээр бүтэн гүйцэтгэлтэй болоогүй учир ямар нэгэн байдлаар гэрчилгээ гаргах боломжгүй гэж тус тус маргажээ.
3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна., 4 дүгээр зүйлийн 4.5-д Эрхийн улсын бүртгэл хөтлөх журмыг Засгийн газар батална, Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 5 дугаар зүйлийн 5.7-д Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтална, 5.8-д Улсын бүртгэлийн байгууллага Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан чиг үүргийн хүрээнд энэ журмын 5.7-д заасан нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг холбогдох этгээдээс авна гэж тус тус заажээ.
4. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт нь тухайн барилгын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх ажиллагааны явцад өмчлөх эрхийн талаарх нотлох баримтыг нягтлан шалгах, бүртгэлийн үнэн зөвийг тодорхойлоход ач холбогдол бүхий баримт бичиг юм.
5. Гэтэл нэхэмжлэгч нарын амьдарч буй барилга нь бүрэн ашиглалтад ороогүй буюу тус барилгад барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс огт ажиллаагүй, дүгнэлт гаргаагүй болох нь Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1/580 тоот албан бичгээр (2 дугаар хавтаст хэргийн 145 дугаар тал) тогтоогдож байхын зэрэгцээ хэргийн оролцогчдын хэн аль нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс тус барилгад ажиллаагүй, дүгнэлт гаргаагүй талаар маргадаггүй болно.
6. Нэгэнт барилгын өмчлөх эрхийг бүртгэх гол үндэслэл болсон барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гараагүй тохиолдолд өмчлөх эрхийг салгаж бүртгэх боломжгүй буюу хариуцагч байгууллагын тулгаж нягтлах гол баримт байхгүй тохиолдолд хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэрүүд нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д заасантай нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.
7. Харин маргаан бүхий барилга болох Мөрөн сумын ************** дугаар багийн ************** дүгээр байранд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллан дүгнэлт гаргасан тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагад дахин хандаж шийдвэрлүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.
8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан иргэн Ж.Б************** , Д.Г************** ын тус тус өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Хөвсгөл аймгийн ************** тоот хаягт байрлах 68.58 м.кв, 23 тоот хаягт байрлах 57.85 м.кв талбайтай орон сууцыг бүртгэхээс татгалзсан Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 28/800 тоот, 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 28/739 тоот албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг Ж.Б************** , Д.Г************** нарын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах шаардлага бүхий Ж.Б************** , Д.Г************** нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.6-д заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан иргэн Ж.Б************** , Д.Г************** ын тус тус өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Хөвсгөл аймгийн ************** тоот хаягт байрлах 68.58 м.кв, 23 тоот хаягт байрлах 57.85 м.кв талбайтай орон сууцыг бүртгэхээс татгалзсан Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 28/800 тоот, 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 28/739 тоот албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг Ж.Б************** , Д.Г************** нарын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах шаардлага бүхий Ж.Б************** , Д.Г************** нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР