Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 320/ШШ2025/01249

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 320/ШШ2025/01249

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  Х ХК-ийн Хөвсгөл салбарын,  

Хариуцагч:  А.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 8,333,333.35 төгрөг, зээлийн хүү 705,553.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,368.22 төгрөг, нийт 9,051,254.94 (есөн сая тавин нэгэн мянга хоёр зуун тавин дөрөв) төгрөг (ерэн дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 320/2025/01568/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Х ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 9,051,254.94 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 8,333,333.35 төгрөг, зээлийн хүү 705,553.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,368.22 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024.12.24-ний өдөр. Гэрээ дуусгавар болох огноо: 2027.06.15-ны өдөр. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 2,620,661.77 төгрөг. Гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2025.06.15-ны өдөр.

Х нь харилцагч А.Б той 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2010131665 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10,000,000 /арван сая/ төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1, 421.2, 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.8 дахь заалт, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу харилцагч нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан цахимаар зээлийн хүсэлт гаргаж, зээлийн гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2,620,661.77 төгрөгийг төлсөн. Х ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж холбогдож байсан боловч 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 120 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Зээлийн гэрээний үүрэгт нийт 9,051,254.94 (есөн сая тавин нэгэн мянга хоёр зуун тавин дөрөв) төгрөг (ерэн дөрөв) мөнгө гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-5 дахь тал)

2.   Хариуцагч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би Х ны нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би багийн даргаар ажиллаж байхдаа цалингийн зээл авсан юм. Ажлаа өгөөд тогтмол орлогогүй болж, эмнэлгийн ажил ч тохиолдож зээлийн хугацаа хэтэрсэн. Одоо нэхэмжилж байгаа зээлийн нийт төлбөр 9,051,254.94 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 23 дахь тал) 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч А.Б од холбогдуулан үндсэн зээл 8,333,333.35 төгрөг, зээлийн хүү 705,553.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,368.22 төгрөг, нийт 9,051,254.94 (есөн сая тавин нэгэн мянга хоёр зуун тавин дөрөв) төгрөг (ерэн дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ...Би багийн даргаар ажиллаж байхдаа цалингийн зээл авсан юм. Ажлаа өгөөд тогтмол орлогогүй болж, эмнэлгийн ажил ч тохиолдож, зээлийн хугацаа хэтэрсэн. Одоо нэхэмжилж байгаа зээлийн нийт төлбөр 9,051,254.94 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч А.Б нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 9,051,254.94 (есөн сая тавин нэгэн мянга хоёр зуун тавин дөрөв) төгрөг (ерэн дөрөв) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,770 төгрөгийн тал хувь болох 79,885 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Б оос улсын тэмдэгтийн хураамж 79,885 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Х ХК-ийн Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХК-ийн Хөвсгөл салбарын үндсэн зээл 8,333,333.35 төгрөг, зээлийн хүү 705,553.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,368.22 төгрөг, нийт 9,051,254.94 (есөн сая тавин нэгэн мянга хоёр зуун тавин дөрөв) төгрөг (ерэн дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаар хариуцагч А.Б хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,770 төгрөгөөс 79,885 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Б оос улсын тэмдэгтийн хураамж 79,885 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Х ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА