2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/05747

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         06         30                                              191/ШШ2025/05747

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  байрлах,  дугаар регистртэй “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: тоотод байрлах, 8345813 дугаар регистртэй, “С” ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний дагуу төлсөн төлбөр 4.542.204 төгрөг, алданги 3.244.431 төгрөг, учирсан хохирол 1.456.749 төгрөг, нийт 9.243.385 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу төлсөн төлбөр 4.542.204 төгрөг, алданги 3.244.431 төгрөг, учирсан хохирол 1.456.749 төгрөг, нийт 9.243.385 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай “Ж” ХХК нь өөрийн эзэмшлийн байрлах “Ж”-ийн бүтээн байгуулалттай холбоотойгоор “С” ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Ж амралтын газрын Д блокийн техникийн давхрын гал тогооны цонх нийлүүлж угсрах ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр “Ж” ХХК нь гэрээний нийт үнийн дүн болох 6.488.863.00 төгрөгийг “С” ХХК-д төлөх, “С” ХХК нь 1 ширхэг металл цонхыг хөнгөн цагаан хаалтын хамт суурилуулж өгөх, түүнтэй холбоотой бусад дагалдах үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний 3.4-т заасны дагуу 2023 оны 11-р сарын 13-ний өдөр гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувь болох 4.542.204.00 төгрөгийг “С” ХХК-д шилжүүлсэн боловч тус компани нь гэрээний 2.1-д заасан ажил гүйцэтгэх хугацааны дотор ажлыг огт гүйцэтгээгүй ба нэмэлт хугацаа тогтоосон боловч үүргээ гүйцэтгээгүй. “С” ХХК нь урьдчилгаа төлбөрөө авсан хэр нь үүргээ огт гүйцэтгээгүй явдал нь талуудын хооронд байгуулагдсан “Ж” амралтын газрын Д блокийн техникийн давхрын гал тогооны цонх нийлүүлж угсрах ажил гүйцэтгэх гэрээний 6.2.1-т “Эрхийн болон биет байдлын доголдолгүй бараа нийлүүлж, суурилуулах”. 6.2.2-т “Худалдагч хэлэлцэж тогтсон цаг хугацаанд нь захиалсан барааны тоо ширхэг, иж бүрдэл, чанар байдлыг шалган холбогдох бичиг баримтын хамт худалдан авагчид бүрэн суурилуулж өгөх”, 7.1-т “Худалдагч тал барааг гэрээнд заасан хугацаанд шууд ашиглах боломжтой байдлаар хүлээлгэж өгнө” гэж заасныг тус тус зөрчиж манай “Ж” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан байдаг. Иймд манай компанийн зүгээс Иргэний хуулийн 249.1-т“ Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно”, Иргэний хуулийн 205.1-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.”, 227.1-т “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, гэрээний 8.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нөгөө талдаа төлнө” гэж тус тус заасныг баримтлан дараах зүйлсийг нэхэмжилж байна.С” ХХК-д төлсөн гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувь болох 4.542.204 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангийг гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 6.488.863 төгрөгийн 50 хувиар тооцож 3.244. 431.5 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс манай компанийн Ж нээлтийн үйл ажиллагаа хойшилсноос учирсан хохиролд 1.456.749.64 төгрөг, нийт 9.243.385.14 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин одоо үүргээ гүйцэтгээгүйгээс манай компанийн Ж нээлтийн үйл ажиллагаа хойшилсноос учирсан хохирол 1.456.749 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

2.Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  хариу тайлбартаа:

“С” ХХК нь нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулан, гэрээгээр цонх нийлүүлж, угсрах үүрэг хүлээсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй. Учир нь гэрээ байгуулах үед манай компанид ажиллаж байсан, "Ж” ХХК-тай гэрээ байгуулсан П.А нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай мөнгийг зориулалтын бусаар зарцуулж компанид хохирол учруулсан. Иймээс нэхэмжлэгч “Ж” ХХК-аас манай компанид шилжүүлсэн 4.542.204 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.791.181.14 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Ж” амралтын газрын Д блокийн техникийн давхрын гал тогооны цонх нийлүүлж угсрах гэрээ, түүний хавсралт, үүний санал, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09/А-31 дугаартай “Гэрээ цуцлах тухай” албан бичиг,

хариуцагчаас 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч СХХК-д холбогдуулан гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувь болох 4.542.204 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангийг гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 6.488.863 төгрөгийн 50 хувь болох 3.244.431 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс манай компанийн Ж нээлтийн үйл ажиллагаа хойшилсноос учирсан хохирол 1.456.749 төгрөг, нийт 9.243.385 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

3.НэхэмжлэгчЖХХК нь шүүх хуралдаан дээр үүргээ гүйцэтгээгүйгээс манай компанийн Ж нээлтийн үйл ажиллагаа хойшилсноос учирсан хохирол 1.456.749 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

4.Хариуцагч нь гэрээ байгуулсан П.А нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай мөнгийг зориулалтын бусаар зарцуулж компанид хохирол учруулсан. “Ж” ХХК-иас манай компанид шилжүүлсэн 4.542.204 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 4.791.181.14 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Ж” амралтын газрын Д блокийн техникийн давхрын гал тогооны цонх нийлүүлж угсрах гэрээ, түүний хавсралт, үнийн санал, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09/А-31 дугаартай “Гэрээ цуцлах тухай” албан бичиг, хариуцагчийн хариу тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.Нэхэмжлэгч “Ж” ХХК болон хариуцагч “С” ХХК нарын хооронд “Ж” амралтын газрын Д блокийн техникийн давхрын гал тогооны цонх нийлүүлж угсрах гэрээ-г 2023 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн дугаартай гэрээ байгуулагдаж /хх-ийн 6-24/, хариуцагч “С” ХХК нь бүтээгдэхүүний чанар, стандарт, эрхийн болон биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан шаардлагыг бүрэн хангасан, захиалагчийн захиалгын дагуу хийгдсэн Металл цонх /1760*h1960мм/ /3 давхар хатаасан шиллэгээтэй+Lоw е түрхлэгтэй/ - 1ш. Хөнгөн цагаан хамгаалалтын хаалтаар /Н2350*2000мм/ хангах, суурилуулж өгөх, баталгаат хугацаанд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд дуудлагаар ирж засвар үйлчилгээний ажил гүйцэтгэх, тэдгээрийн хэвийн найдвартай ажиллагаа барааг тогтоосон хугацаанд захиалгын дагуу нийлүүлж, суурилуулах, түүнтэй холбоотой баримт бичгүүдийг худалдан авагчид шилжүүлэх  ажлыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, ажил гүйцэтгэх гэрээний нийт үнэ 6.488.863 төгрөг, ажил эхэлмэгц урьдчилгаа 70 хувийг бараа бүтээгдэхүүнийг суурилуулж хэвийн ажиллагааг шалгаж хүлээлцэх акт үйлдсэний дараа үлдэгдэл санхүүжилт 25 хувийг гүйцэтгэгчийн нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш ажлын 2 хоногт багтаан гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэхээр гэрээнд заасан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээгээр нэхэмжлэгч “Ж” ХХК нь 4.542.204 төгрөгийг хариуцагч “С” ХХК-д төлсөн болох нь хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх “Ж” амралтын газрын Д блокийн техникийн давхрын гал тогооны цонх нийлүүлж угсрах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гэрээний гол нөхцөл болох үнэ, ажлын хэмжээ, ажлын хөлс, ажлын үр дүнг тодорхойлсон, мөн эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал” бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу зохигчийн хооронд хуульд нийцсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь манай компанийн гэрээ байгуулсан П.А нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай мөнгийг зориулалтын бусаар зарцуулж компанид хохирол учруулсан. 4.542.204 төгрөгийг төлнө. Харин үлдэх 4.971.181 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг,

нэхэмжлэгч нь 4.542.204 төгрөгийг “С” ХХК-д төлсөн учраас 4.542.204 төгрөгийг гаргуулна. Мөн гэрээнд алдангийн талаар тохиролцсон учраас алданги 3.244.431 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

Хариуцагч “С” ХХК нь гэрээний дагуу ажлыг хийж өгөөгүй, тэрээр 4.542.204 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул 4.542.204 төгрөгийг хариуцагч “С” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн хугацаа хэтрүүлсэн алдангийг гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 6.488.863 төгрөгийн 50 хувь болох 3.244.431 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Талуудын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-т “Талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нөгөө талдаа төлнө” гэж заасан бөгөөд талууд гэрээндээ алданги гэж нэрлэн заасан ба ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй “С” ХХК-иас алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй юм.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ“,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж тус тус заажээ.

Тиймээс хариуцагчаас 4.542.204 төгрөгийн алданги болох 2.271.102 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд гэрээний дагуу төлсөн төлбөр 4.542.204 төгрөг, алданги 2.271.102 төгрөг, нийт 6.795.306 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 991.329 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

  

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 163.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 123.674 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 6.795.306 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 991.329 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар үүргээ гүйцэтгээгүйгээс манай компанийн Ж нээлтийн үйл ажиллагаа хойшилсноос учирсан хохирол 1.456.749 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа “Ж” ХХК нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 163.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас 123.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.ДАВААСҮРЭН