| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/02906/И |
| Дугаар | 191/ШШ2025/05746 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/05746
2025 06 30 191/ШШ2025/05746
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: давхарт байрлах, дугаар регистртэй “Х” УТҮГ-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод байрлах, дугаар регистртэй, “Э” ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрт 50.000.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 15.000 төгрөг, нийт 50.015.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н /цахимаар/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Х” УТҮГ нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрт 50.000.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 15.000 төгрөг, нийт 50.015.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“Х” УТҮГ нь “Э” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай хүсэлтийн дагуу Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25 2.10 дахь хэсгийг тус тус үндэслэн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл олгож, “Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээг эрхлэх гэрээ”-г байгуулсан. Гэвч “Э” ХХК нь “Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээг эрхлэх гэрээ”-нд зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцоход 2022-2023 оны Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийн төлбөр 25.000.000 төгрөг, 2023-2024 оны Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийн төлбөр 25.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор нотариатын үйлчилгээний хөлс 15.000 төгрөгийн зардал гарсан. Иймд Тусгай зөвшөөрлийн төлбөрт нийт 50.015.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Манай хоёр байгууллагын хооронд байгуулсан “Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тоот тусгай зөвшөөрлийн гэрээний 4 дүгээр зүйлд төлбөрөө төлөөгүй тохиолдолд авах арга хэмжээг тодорхой дурдсан байдаг. ХХЗХ нь гэрээний 4.5 /тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү гэрээний 4.3, 4.4-т заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.12.2-т заасан тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ. Түдгэлзүүлсэн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно, арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, мөн бусад шалтгааны улмаас түүний гаргасан нэхэмжлэлд татгалзаж байгаа дараах байдлаар тайлбарлаж байна. Татгалзах үндэслэл нь: ХХЗХ нь гэрээний 4.3 дахь заалтыг хангуулах талаар гэрээний 4.5-д заасан арга хэмжээ авсан бол бид 2022-2023 оны тусгай зөвшөөрлийн төлбөр болох 25.000.000 төгрөгийн авлагад орохгүй байх боломжтой байсан гэж үзэж байна. Манай компанийн гэрээний 4.3 дахь заалтыг хангаагүй нэг нөхцөл нь ХХЗХ-той гэрээ байгуулаагүй бараг 6 сар болсон нь нөлөөлсөн. Учир нь манай компани ХХЗХ-ноос 2023.02.27-нд гэрээний төслийг и-мэйлээр хүлээн авсан. Гэрээ хүлээн авсныхаа дараа 2023.02.28-нд бид төлбөрөө гэрээ байгуулах өдрөөсөө эхлүүлэх саналаа хариу и-мэйлээр илгээсэн. И-мэйлийн хариуд ХХЗХ нь манайд “Гэрээ байгуулсан өдөр бус тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарсан өдрөөс эхлэн төлбөр бодогдож эхэлнэ” гэж утсаар мэдэгдсэн болно. Шаардлагатай бол шинжээч томилон манай хоёр байгууллагын хооронд харилцсан и-мэйлийг шалгаж, баталгаажуулж болно. Гэрээний 4.3 дахь заалтыг хангаагүй нөхцөлд ХХЗХ нь тусгай зөвшөөрлийг цуцалсан бол гэрээний 4.4-т заасан 2023-2024 оны төлбөрийн авлага үүсэхгүй гэж мөн үзэж байна. Өөрөөр хэлбэл ХХЗХ нь дээрх хугацаанд манай байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох хуулийн хугацаа хангалттай байсан гэж болно гэв.
3.Нэхэмжлэгчээс Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл, Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тоот тусгай зөвшөөрлийн гэрээ, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгийн жагсаалт, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ажилтнуудын мэдээлэл, “Э” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай албан бичиг, Хны төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл, Х зөвшөөрлийн нэхэмжлэх зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч “Х” УТҮГ нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрт 50.000.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 15.000 төгрөг, нийт 50.015.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах боломжтой байсан, Украйны дайны улмаас ОХУ, БНХАУ-ын компаниуд бидэнтэй хамтран ажиллах боломжгүй болсны улмаас олон улсын сүлжээг бид хэрэглэж чадаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл, Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тоот тусгай зөвшөөрлийн гэрээ, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгийн жагсаалт, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ажилтнуудын мэдээлэл, “Э” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай албан бичиг, Хны төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл, Х зөвшөөрлийн нэхэмжлэх зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Х болон хариуцагч “Э” ХХК нарын хооронд “Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тоот тусгай зөвшөөрлийн гэрээ”-г 2022 оны 8 дугаар сарын 31-ны өдөр байгуулагдаж /хх-ийн 7-14/, Х нь Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэх, улс хоорондын шуудангийн логистик үйлчилгээ эрхлэх, хуулийн этгээдэд интернэтийн үйлчилгээ эрхлэх, хуулийн этгээдэд Харилцаа холбооны сүлжээ дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх, харилцаа холбооны улс хоорондын сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 5 жилийн хугацаатай, “Э” ХХК буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулснаас хойш 10 хоногийн дотор төлөх, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг жил бүрийн тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс /08 сарын 31-ны өдөр/ нэг сарын өмнө төлөх, 2022 оны 08 дугаар сарын 31-нд 25.000.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 31-нд 25.000.000 төгрөгийг төлнө гэж гэрээнд заажээ.
Дээрх Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гэрээний гол нөхцөл болох үнэ, ажлын хэмжээ, ажлын хөлс, ажлын үр дүнг тодорхойлсон, мөн эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал” бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу зохигчийн хооронд хуульд нийцсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу тусгай зөвшөөрлийг олгосон. Тиймээс гэрээний дагуух тусгай зөвшөөрлийн төлбөр 2022 оны 08 дугаар сарын 31-нд 25.000.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 31-нд 25.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийн төлөөгүй учраас 50.000.000 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй гэж мэтгэлцэж байна. Хариуцагч нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд Х нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох байтал хүчингүй болгоогүйн улмаас төлбөр үүссэн, мөн Украйн улсын хооронд үүссэн цэрэг дайны тусгай ажиллагааны улмаас тусгай зөвшөөрлийг ашиглаж чадаагүй учраас төлбөрийг төлөх боломжгүй гэж тайлбарлан маргасан.
Мөн зохигч нь Украйн улсын дайны байдлын улмаас тусгай зөвшөөрлийг ашиглаж чадаагүй гэж тайлбарлаж байгаа боловч Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “Харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх” үүрэгтэй, 26 дугаар зүйлийн 26.1.3-д “Энэ хуулийн 23.1-д зааснаас бусад шалтгаанаар үйлчилгээгээ зогсоосон буюу тоног төхөөрөмжөө ажиллуулаагүй тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх” гэж заасны дагуу талууд өөрсдийн ашиглаж байгаа хэрэглээний болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахад баримт бүрдүүлсний хөлс 15.000 төгрөг нэхэмжилсэн нь хуульд харшлахгүй, хариуцагч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгч баримт бүрдүүлэх болсонтой холбоотой байх тул төлүүлэх нь зүйтэй.
Иймд дээрх хуульд зааснаар 2022-2023 оны Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийн төлбөр 25.000.000 төгрөг, 2023-2024 оны Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийн төлбөр 25.000.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 15.000 төгрөг, нийт 50.015.000 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
6.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрт 50.000.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 15.000 төгрөг, нийт 50.015.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” УТҮГ-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 408.025 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН