| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0165/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/170 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар П.Ханбүргэд
Улсын яллагч М.Ариунцэцэг
Шүүгдэгч Б.Т- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Т-т холбогдох эрүүгийн 1838000000219 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Т-,
Шүүгдэгч Б.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт 2018 оны 06 дугаар сарын 15-ны өглөөний 07 цагийн орчим төрсөн хүү Т.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зүүн гарын шуу хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд зүүн шуунд шарх бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирлийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Б.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 15-ны өглөөний 07 цагийн орчим төрсөн хүү Т.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зүүн гарын шуу хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь: Хохирогч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай аав Т- нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний орой 22 цаг өнгөрч байхад 10 жилийн ангийн найзуудтайгаа уулзана гэж яваад тэр шөнөө ирээгүй. Маргааш өглөө нь 07 цагийн үед манай гэрийнхэнийг унтаж байхад орж ирээд ээжтэй хэрүүл маргаан хийж агсам согтуу тавиад байсан. Би аавыг боль гэж хориглох үед гал тогоо руу явж хутга аваад ална шүү гээд орилж хашгираад хутгаараа чичээд байсан. Тэгж байснаа над руу нөгөө хутгаа шидсэн. Би тэр үед гараараа хаатал миний зүүн гарын шуу хэсэгт зоогдсон. Би өөрөө хутгыг сугалаад автал нилээд гүн орсон бололтой гарын яс харагдаж байсан. Би энэ үед гэрээс гартал аав араас гарч ирээд надтай зууралдаад хальт зодолдсон. Би гараас нь мултраад гудамж руу гарч зугатаасан. Тэгэхэд аав араас хөөгөөд чи унах гээж байна уу. Чамайг дутуудуулчихаж гээд хашгираад хөөгөөд байсан. Зугатааж байх үед миний гараас их хэмжээгээр цус гарч толгой эргээд унах гээд байсан. Өмнө нь намайг зоддог байсан. Ер нь архи уух болгондоо намайг зодож цохидог. Ямар учиртайг нь мэдэхгүй. Урьд өмнө над руу нэг биш удаа хутга шидэж байсан онодоггүй байсан юм. Мөн толгойг маань хагалж хавирга хугалж байсан. Би тэр үед нь цагдаад мэдэгдэж байгаагүй. Одоо бол бид 2 эвлэрсэн байгаа. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р тал/,
Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 14-ний шөнө манай нөхөр Т- ангийнхантайгаа нийлчээд өглөө 07 цагийн үед согтуу орж ирсэн. Манай хүү Б-ыг унтаж байхад нь хөл дээгүүр нь дэвсээд, зодоод эхэлсэн. Тэгсэн манай хүү Б- нь Т-ийн гарыг бариад авсан чинь гал тогооны өрөөний дээд шүүгээнээс хутга бариад ална гээд ирсэн. Тэгээд хутгаа савчаад гүйгээд байсан. Тэгснээ манай хүү Б- руу хутгаа шидсэн чинь манай хүү зүүн гараараа хутгыг хаасан чинь хутга зоогдоод гар луу ороод уйлаад ааваа намайг хутгалчихлаа гэсэн чинь чи муу нэг хутгалахад яасан тэвчээргүй юм бэ. Наанаа зогсож бай би хутгаар хэрчинэ гээд гал тогоо руу ногоон иштэй хутганд гүйсэн. Тэгэхээр нь бид нар гэрээс гараад зугатсан. Манай хүүг Т- 5 дугаар ангид байхаас нь эхэлж архи ууж, агсам тавьж хэрүүл маргаан үүсгэж, зодсоор ирсэн...” гэх мэдүүлэг /ххийн 13-14-р тал/,
Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр шөнө Т- гэртээ ирж хоноогүй. Маргааш өглөө 07 цагийн үед ирээд эхнэрийгээ янз бүрээр хэлж байгаад гэрийн хойморт унтаж байсан Б-ыг чи ажил төрөл хийж чадахгүй байж ингэж хэвтэж байдаг гээд хөл дээр нь 2 удаа дэвсээд автал Б- босч ирээд та зүгээр байгаач. Одоо унтаж амраач гэтэл Т- Б- руу агсарч, зодох гээд дайраад байхаар нь манай хүү Цэрэнпунцаг босоод Т-ийг та унтаач гэтэл Т- та 2 нийлж зодох гэж байна уу. Та 2-ыг ална шүү гээд гал тогтооны өрөөнөөс хутга аваад над руу чичилж байгаад Б- руу хутгаа шидсэн. Тэр үед Б- гараараа хаатал зүүн гарын шуун хэсэгт нь зоогдсон. Тэгэхээр нь би Т-ийг чи одоо яаж байгаа юм бэ гэтэл би та нарыг дахиад хутгалж ална гээд Б-ыг гудамжаар гаргаж хөөгөөд гудамжны үзүүрт очоод буцаж ирж бид нарыг ална гээд ороод ирсэн. Тэр хооронд нь би цагдаа, эмнэлэг 2 луу залгаад дуудлага өгсөн байсан. Би Б-ыг машиндаа суулгаад наашаа нэг гудамж гараад түргэний машинтай таарч тэндээс Б-ыг түргэний машинд суулгаад эмнэлэг рүү явсан. Замдаа Б- ухаан алдаж унаад эмнэлэг дээр тариа хийлгэж байж сэргэсэн. Б- урдаас нь ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Т-аас айгааад 2 гарыг нь хориглоод барьж байсан. Т- архи уухаараа яагаад хүүхдээ зодоод байдгийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ий18-20-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 19- ний өдрийн 283 дугаартай: - Т.Б-ын биед зүүн шуунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. - Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. - Т.Б-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. - Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 22-р тал/ Эд мөрийн баримт хураан авсан тухай тогтоол /хх-ийн 3-5-р тал/, Эвлэрлийн гэрээ /хх-ийн 38-р тал зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Т- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 1838000000219 дугаартай хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Т-ийг гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Т-т 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 см өргөнтэй , 14 см урт ажлын хэсэгтэй 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ