Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/149

 

 

 

 

         2025           01            28                                    2025/ДШМ/149

 

                                               Б.Бд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр  даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Чинбат,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/987 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Бд холбогдох 2305000002067 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 457 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 548 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 499 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 30 хоногийн буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 161 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Баруун 4 замын автобусны буудал орчимд насанд хүрээгүй хохирогч Д.Бгийн халааснаас түүний эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 13 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Бд оногдуулсан 1 жил 1 сар 13 хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Бын цагдан хоригдсон 25 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр миний бие Л овогтой О, У овогтой Б, Н овогтой Т гэх 3 найзын хамт хүсэл зориг нэгтэйгээр мөнгө олохоор гарсан юм. Тгээр машин бариулан Баруун 4 замын автобусны буудал орчим хүргүүлж, “ТБД андууд”-ын автобусны буудал дээр уулзахаар тохиролцож, Л.О, У.Б бид 3 Баруун 4 замын автобусны буудал дээр уулзсан юм. Ойролцоогоор 20 минут орчим автобусны буудал дээр хүлээсний эцэст “5 шар, офицеруудын ордон” чиглэлийн автобусанд суух гэж байсан хар өнгийн куртиктай залуугийн утсыг Б харснаар надад хэлж, би уг хүүхдийн араас автобусанд суух дүр үзүүлэн, тус хүүхдийн халааснаас “айфоне 13” загварын утсыг авч, От дамжуулан бид 3 хамтдаа дараагийн автобусанд сууж, Ттэй холбоо барин, андуудын автобусны буудал дээр бид 4 эргэн уулзаад талбайн баруун талын “Монтел” худалдааны төв рүү явсан. Биднийг монтел руу явах замд 20:00 цагийн орчимд У гэх цагдаа Нийслэлийн цагдаагийн газраас холбогдож, “сая баруун 4 зам дээрээс авсан утсаа аваад ир” гэхэд нь сандран “би аваагүй, гэртээ байна” гэж худал хэлсэн. Айсандаа болоод тухайн утсыг зарж чадаагүй юм.

Иймээс миний бие уг хэргийн оролцогчид болох Л.О, У.Б, Н.Т нарыг уг хэрэгт хамтран оролцогчоор татаж нэмэлт мөрдөн байцаалт явуулах хүсэлттэй байгааг минь хүлээн авна уу. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Чинбат давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Б.Б нь давж заалдах гомдолдоо “...Би тэр хүүхдийн хажууд очоод автобусанд суух гэж байгаа юм шиг зогсож байгаад гар утсыг нь сэмхэн аваад Л.От өгөөд Тгийн машинд ирж суусан юм. Автобусны буудал дээр байрладаг камерын бичлэгт машины загвар, дугаар болон дээрх үйл явдал тодорхой харагдана. Ингээд бид 3 Тгийн машинтай Төв шуудангийн ар талд байх гар утас зардаг газар очоод гар утас авдаг хүмүүст дээрх утсыг 600.000 төгрөгөөр зарах гэж байтал Л.О бид хоёрт хяналт тавьдаг халаасны хулгайн төлөөлөгч У гар утас руу залгаад “Наад гар утасны чинь эзэн том хүний хүүхэд байна. Битгий зараарай” гэсэн. Ингээд бид 3 гар утсаа зараагүй. Би утсыг аваад гэртээ авч очиж хадгалж байтал маргааш өглөө халаасны хулгайн төлөөлөгч У манай гэрт ирээд дээрх гар утсыг аваад, намайг дагуулаад Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр өгсөн юм. Би У.Бын хамт хяналтын прокурор А Баянгол дүүргийн прокурорын газрын “уулзалтын өрөө”-нд нь уулзаж “дээрх гэмт хэргийг бид 3 бүлэглэн үйлдсэн” гэдгээ үнэнээр нь ярьж, хэргээ үнэн зөвөөр шалгуулах хүсэлтийг амаар гаргаж байсан. Баянгол дүүргийн прокурорын газрын уулзалтын өрөөний камерын бичлэгт дээрх нөхцөл байдлын яриа болон дүрс бичлэг тодорхой харагдах ёстой. Дээрх хулгайн гэмт хэргийг Л.О, У.Б бид 3 бүлэглэн үйлдсэн гэдгийг халаасны хулгайн төлөөлөгч У, жолооч Т /........./ нар сайн мэдэж байгаа. Мөн халаасны хулгайн төлөөлөгч Ун дугаараас миний /....../ гар утас руу залгасан утасны биллээр нотлогдоно. Иймд хэргийг үнэн зөвөөр шалгуулахаар гомдлыг гаргаж байна. ...” гэжээ.

Дээрх шинээр илэрсэн нөхцөл байдлаас үзэхэд хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгах зайлшгүй шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Юун түрүүнд хэргийн үйл баримтын талаар тодруулах нь зүйтэй. Цагдаагийн байгууллага нь гэмт хэргийн талаарх мэдээллийг хохирогч Д.Бгийн гомдлоор хүлээн авч шалгасан. Улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, хэрэгт холбогдсон этгээдэд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Б нь ганцаараа хохирогчийн гар утсыг авсан болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан автобусны урд цонхноос дотогш харсан, арын хаалганы, урд хаалганы камерын бичлэгүүдээр Б.Б нь автобусанд суулгүйгээр хохирогчийн гар утсыг авсан болох нь тогтоогдсон. Хэргийн үйл баримтаас үзвэл гэмт хэрэгт төгссөн гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь хохирогч Д.Бгийн эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар авч, өөрийн эзэмшилдээ шилжүүлснээр гэмт хэрэг төгссөн. Б.Б уг хэрэгт холбогдуулж н.Б гэх этгээдийг прокурорын байгууллагад авч ирсэн. Ингэхдээ түүний өмгөөлөгчийн тайлбараас зөрүүтэй зүйл ярьж байсан. Тодруулбал, Б.Б “миний тэнсэнгийн хугацаа дуусаагүй байгаа. Би энэ хэргийг хийгээгүй. Камерын бичлэгээс үзвэл хэргийг н.Б үйлдсэн” гэж тайлбарласан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад автобусны арын хаалганы камерын бичлэг буюу Б.Быг араас авсан камерын бичлэгт үзлэг хийсэн. Гэтэл автобусны урд цонхноос дотогш харуулсан камерын бичлэгт хохирогчийн гар утсыг авсан этгээд нь Б.Б болох нь харагдана. Үүний дагуу түүнээс “чи мөн үү” гэж асуухад тэрээр “мөн” гэж хариулсан. Тэгэхээр нь “чи тэгвэл яагаад хэргийг н.Б үйлдсэн гэж тайлбарлаж байна вэ” гэж асуухад тэрээр “би тэнсэнтэй байсан” гэж хариулсан. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч мөрдөгч, прокурорыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр гүтгэж болохгүй, хэрэв зөрчил гаргасан гэж үзвэл холбогдох баримтаа гаргах ёстой. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон бусад хуулийг зөрчөөгүй, түүний шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Баруун 4 замын автобусны буудал орчимд насанд хүрээгүй хохирогч Д.Бгийн халааснаас түүний эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Д.Бгийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун 4 замын автобусны буудал дээр зогсож байгаад автобус ирж байгаа эсэхийг харчхаад автобус ирж байхаар нь гар утсаа өөрийн өмсөж явсан хар өнгийн хантаазны баруун талын халаасанд хийгээд автобусанд суугаад халаасанд байсан гар утсаа шалгатал алга болсон байсан. Тэгэхээр нь автобусанд байсан нэг хүний утсаар залгатал дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. ...” /хх 6-7/,

Б.Бын яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн орой 19 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баруун 4 замын автобусны буудлаас автобусанд суух гэж байсан үл таних 16-20 орчим насны хар өнгийн гадуур хувцастай хүүхдийн баруун талын халаасанд байсан гар утсыг араас нь шахаж байгаад аваад буцаж эргээд автобусанд суухгүй явсан. ...Би тухайн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 89-90/ гэсэн мэдүүлгүүд, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 22-24/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 29-31/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Бын ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Б.Чинбат нар “...уг гэмт хэргийг өөр хүмүүстэй хамтарч үйлдсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү, мөн өөр хэрэгт шалгагдаж байгаа тул хэргийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн гомдлуудын тухайд өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй, мөн хавтаст хэрэгт авагдсан автобусны хяналтын камерын бичлэгээр “...18 цаг 59 минут 14 секундэд хохирогчийн араас сэжигтэй этгээд болох хар өнгийн малгайтай цамц, саравчтай малгайтай этгээд нь араас нь шахаж байгаад буцаж эргээд явж байгааг харуулав. ...” гэсэн тэмдэглэл /хх 29-31/ авагдсан байх бөгөөд хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Б.Б нь ганцаараа үйлдсэн нь камерын бичлэгээр хөтөлбөргүй нотлогдож байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгч хянан шийдвэрлэсэн нь хууль ёсны байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Б шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 51 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/987 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 51 /тавин нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ШИНЭБАЯР

 

 

            ШҮҮГЧ                                                                   Н.БАТСАЙХАН

 

 

            ШҮҮГЧ                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ