Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 316/ШШ2025/00865

 

 

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 316/ШШ2025/00865

Сэлэнгэ аймаг

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би Д.Ж******* Б.Б*******, Ц.О******* нарт холбогдуулан гаргасан Үл хөдлөх эд хөрөнгө /хашаа, байшинг/ худалдах, худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгүүлж, худалдан авагч Д.Ж******* нэг дээр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн бичиг баримтыг шилжүүлэхийг даалгах тухай 316/2025/00487/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... С* аймаг С******* сум *-р баг, *-р хэсэгт байрлах 2373,2 м гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 80 м.кв талбайтай хувийн сууцыг 2025 оны 05 сарын 13-ны өдөр 18,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж, 11,000,000 төгрөгийг хариуцагч Б.Б*******ын хаан банкны эзэмшлийн 5******* тоот данс руу шилжүүлж, 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нийт 14,000,000 төгрөг хариуцагч талд өгсөн юм. Үлдэгдэл 4,000,000 төгрөгөө бэлдчихээд бичиг баримтаа шилжүүлж авъя гэхэд яг яах нь тодорхойгүй, уулзахгүй хугацаа авсаар байна. 2025 оны 05 сарын 13-наас хойш удаа дараа Б.Б*******д "үлдэгдэл төлбөрөө аваад, бичиг баримтаа шилжүүлж өгнө үү" гэж шаардахад Б.Б******* нь "хоёр хүүхдээсээ зөвшөөрөл аваагүй байна, эхнэр хойшоо явсан ирэхээр нь болно, би Улаанбаатар явж байна, Эрдэнэ явж байна" гэх зэргээр шалтаг тоочиж өдийг хүртэл хэрхэн яаж гэрээний үүргээ биелүүлэх нь ойлгомжгүй, нотариат дээр орж гэрээ хийе гээд дуудахаар ирэхгүй, хүндрэл учруулсаар байна. Энэ талаар эхнэр Ц.О*******д хэлэхэд "та хоёрын дунд болсон наймаа, би мэдэхгүй" гэж хариу өгсөн. Сүүлдээ Д.Жаргалзаяа миний бие арга барагдаж "хашаа байшингаа зарахаа больсон бол, өгсөн 14,000,000 төгрөгөө буцаан авъя" гэхэд "өгнө л гээд байгаа биздээ" гэж уурлаж байна. Хамгийн сүүлд Б.Б******* нь "явдаг газраараа явахгүй юу" гэж уцаарлаж байна. Уг нь эвийн журмаар асуудлаа шийдвэрлэе гэж хичээсэн боловч, дээрх байдлаар ойлголцохгүй байна. Д.Жаргалзаяа миний бие цалингийн зээл авч, 14,000,000 төгрөгөө өгсөн бөгөөд, одоо үлдэгдэл 4,000,000 төгрөгийг бэлэн бэлдчихсэн, бичиг баримтаа шилжүүлж авахаар хүлээж байгаа юм. Гэтэл худалдагч тал болох хариуцагч нар нь "худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй" нэхэмжлэгч надад чирэгдэл учруулж байна. Иймд хариуцагч Б.Б*******, Ц.О******* нарыг "Үл хөдлөх эд хөрөнгө /хашаа, байшинг/ худалдах, худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгүүлж, худалдан авагч Д.Ж******* нэр дээр худалдан авсан /Сэлэнгэ аймаг С******* сум 4-р баг, 3-р хэсэгт байрлах, нэгж талбарын 171202361 дугаартай, 2373,2м, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 80 м.кв талбайтай Ү-1317000516 дугаарт бүртгэлтэй хувийн сууц буюу/ үл хөдлөх эд хөрөнгийн бичиг баримтыг шилжүүлэхийг даалгах"-аар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.гэжээ.

 

Хариуцагч Ц.О******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

...С* аймаг С******* сумын *-р баг 1* хэсэг 1* тоотод оршин суугч Д. Ж******* гаргасан нэхэмжлэгчтэй танилцлаа. Хашаа байшингийн шүүхийн шийдвэрийн битүүмжлэлийг нь тайлсан байна. Нөхөр маань хөдөө ажиллаж байгаа утас нь холбогдохгүй сүлжээгүй газар байгаа учраас ирэхээр нь нэр шилжүүлж өгөхөд бэлэн байгаа...гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Жаргалзаяа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: миний бие шүүхэд Б*******, Ц.О******* нарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгө /хашаа, байшинг/ худалдах, худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгүүлж, худалдан авагч Д. Ж******* нэг дээр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн бичиг баримтыг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 09 сарын 22-ны өдөр биелүүлж, хашаа байшингийн бичиг баримтыг шилжүүлж өгсөн. Иймд уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон гэжээ.

 

Д.Ж******* Б.Б*******, Ц.О******* нарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгө /хашаа, байшинг/ худалдах, худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгүүлж, худалдан авагч Д.Ж******* нэг дээр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн бичиг баримтыг шилжүүлэхийг даалгах -аар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь зохигчийн шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нарын энэхүү зөвшөөрч биелүүлсэн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 35,100 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 751, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Д.Ж******* нэхэмжлэлтэй Б.Б*******, Ц.О******* нарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгө /хашаа, байшинг/ худалдах, худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгүүлж, худалдан авагч Д.Ж******* нэг дээр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн бичиг баримтыг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 35,100 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН