2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/05500

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         06         18                                              191/ШШ2025/05500

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, дугаар регистртэй, С овогт Сын Оын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: тоотод байрлах,  дугаар регистртэй, “А” ХХК-д холбогдох

 

тоот орон сууц, В2 давхрын 10 тоотод байршилтай автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц болон автомашины зогсоолын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

орон сууц захиалан бариулах 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаар гэрээний үлдэгдэл төлбөр 83.926.000 төгрөг, алданги 15.502.786 төгрөг, нийт 99.428.786 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Б.Ш,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х,

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.         

                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.О нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан тоот орон сууц, В2 давхрын 10 тоотод байршилтай автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц болон автомашины зогсоолын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч С.О нь орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгад орон сууцны 1 м.кв талбайг 5.800.000 төгрөгт бодож зарна гэсэн зарын дагуу “М” ХХК / / үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн түрээс, борлуулалт хариуцсан захирал Д.Ятай холбогдож, улмаар “А” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орон сууц захиалан бариулах тоот гэрээ байгуулж, тоотод байрлах 121.5 м.кв талбай бүхий орон сууцыг нэг м.кв талбайг 5.800.000 төгрөгөөр бодож, нийт м.кв үнэ 704.700.000 төгрөг, мөн В2 давхрын 10 тоотод байрлах авто машины зогсоолыг 50.000.000 төгрөгөөр тус тус худалдаж авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Авто машины зогсоолын үнийг оруулан гэрээний нийт төлбөр 754.700.000 төгрөгийг төлөхөөр тохирсон. Дээрх “М” ХХК нь “А” ХХК-ийн толгой компани, борлуулалтыг нь хариуцдаг ба эдгээр компанийн эцсийн өмчлөгчид нь Б овогтой Ц, Lee гэх гэр бүлийн хүмүүс байдаг. Б овогтой Ц нь эдгээр компанийн гүйцэтгэх захирлаар 2022 оныг дуустал ажиллаж байсан. Хариуцагчтай “орон сууц захиалан бариулах” гэх нэртэй гэрээ байгуулсан боловч гэрээний зүйл, агуулга, зохицуулалт, хариуцагчаас бэлэн орон сууцыг худалдан авсан зэргээс харвал талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу орон сууцны эхний төлбөрийг төлснөөс хойш ажлын 3 хоногт багтаан орон сууцны түрхүүрийг гардуулж, эцсийн төлбөрийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримт бичгүүдийг нэхэмжлэгчид гаргаж өгөхөөр тохирсон. Түүнчлэн гэрээгээр эрхийн зөрчилгүй /ө.х барьцаагүй г.м/, биет байдлын доголдолгүй /буюу гэрээгээр тохирсон хэмжээ бүхий/ эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон нь Монгол Улсын Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээний үндсэн шаардлагад нийцэж байгаа болно. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нийт 377.424.000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 200.000.000 төгрөг буюу нийт 577.424.000 төгрөгийг тус тус гэрээний 2.3.1-т заасан хуваарьт хугацаанаас өмнө хариуцагчид шилжүүлсэн байдаг. Гэрээнд гарын үсэг зурах үед болон байрны түлхүүр хүлээн авахад хариуцагчийн зүгээс хэмжилт хийлгэхгүй хэмээн байнга эсэргүүцдэг байсан. Нэхэмжлэгч орон сууцны түлхүүрээ авсны дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хэмжилт хийх тусгай зөвшөөрөл бүхий “Б” ХХК-иар орон сууцандаа хэмжилт хийлгэж, дүгнэлт гаргуулсан байдаг. Уг хэмжилтээр орон сууцны нийт талбайн хэмжээ нь 121.5 м.кв бус 107.03 м.кв болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, орон сууц нь гэрээнд заасан хэмжээнээс даруй 14.47 м.кв-аар дутуу байсан болно.Б” ХХК-ийн үйлдсэн барилгын талбайн хэмжээний дүгнэлт, хэмжилтийн зургийг бусад холбогдох баримт бичгийн хамт хариуцагчийн борлуулалт хариуцсан захирал Д.Яд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгч, удаа дараа уулзаж шаардлага тавьсан боловч захиралтайгаа яриад хариу хэлнэ гэснээс өөр ямар ч хариу өгөөгүй. Covid-19 цар тахлын улмаас хөл хорио, цээрийн асуудал үүссэн, хариуцагчийн захирлууд удаан хугацаагаар Монголд байхгүй байгаа гэх шалтгаанаар асуудал шийдвэрлэх явц хариуцагч талаас шалтгаалан зогсонги байдалд орсон. Түүнчлэн энэ хугацаанд гэрээний дагуу нэхэмжлэгчид худалдсан орон сууц нь хариуцагчийн өмчлөлд байдаггүй, тус байрны оршин суугчдын үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээг хариуцагч гаргаж өгөхгүй, зугтаадаг, гадагшаа гарч яваад Монголд орж ирдэггүй, мөн үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй бүх орон сууц ХХБны барьцаанд байгаа талаарх мэдээлэл тус орон сууцанд амьдардаг оршин суугчид хотхоны групп чат дээр байнга бичдэг байсан. Иймээс гэрээний үлдэгдэл төлбөрийг талбайн зөрүүтэй асуудлыг шийдвэрлэх хүртэл барьцаалан барьж, орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргасан даруй үл маргах журмаар үлдэгдэл төлбөрийг төлөх, нэг ёсондоо баруун зүүнээр солилцоо хийх санал, шаардлагуудыг нэхэмжлэгч удаа дараа тавьж ирсэн. Хариуцагчийн эрх бүхий этгээдүүд нь огт холбогдох боломжгүй, хариу өгөхгүй байх хугацаанд гэрээнд заасан Голомт банкны  тоот төгрөгийн данс руу үл маргаж буй 93.350.000 төгрөгийг шилжүүлэх гэж нэхэмжлэгч хэд хэдэн удаа оролдсон боловч “ийм данс олдохгүй байна” гэсэн хариуг банкнаас өгч байсан тул төлбөр хийх боломжгүй байсан. Хэдийгээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гараагүй боловч нэхэмжлэгч 2019 оны 12 сараас хойш уг байртай холбоотой бүх төлбөр /цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, СӨХ-ны төлбөр гэх мэт/-ийг бүрэн төлж ирснээс гадна уг байрандаа их зардал гаргаж засвар, тохижилт зэргийг хийлгэж ирсэн. Нэхэмжлэгчийн тавьсан олон удаагийн шаардлагад хариуцагч бүтэн 4 жилийн дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр анх удаа хариу өгсөн. Уг хариундаа нэхэмжлэгчийн тавьсан шаардлагыг хүлээн авах боломжгүй, үлдэгдэл төлбөр 177.276.000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлөхийг шаардсан. Гэтэл гэрээнд заасан Голомт банкны  тоот төгрөгийн данс нь “дансны нэгдсэн сан системд бүртгэлгүй” гээд олдохгүй, мөнгө шилжүүлэх боломжгүй байсан. Голомт банкнаас тодруулахад Гэрээнд заасан  тоот данс нь 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хаагдсан байна гэсэн хариу өгсөн. Хариуцагчийг өөр дансны дугаарыг албан бичгээр өгөхийг удаа дараа шаардсан боловч, захирал өвчтэй эмнэлэгт байгаа гэх тайлбар өгч байсан. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн цахим шуудангаар хариуцагчийн гүйцэтгэх захирал М.Саас “хариуцагчийн данснууд битүүмжлэлтэй байгаа тул гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагчийн толгой компани болох “М” ХХК-ийн Голомт банк  тоот данс руу шилжүүлж өгнө үү” гэсэн албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу нэхэмжлэгч үл маргаж буй гэрээний үлдэгдэл төлбөр 93.350.000 төгрөгийг хариуцагчийн нэрлэсэн дээрх банкны дансанд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн ба холбогдох баримтуудыг тус нэхэмжлэлд хавсаргасан болно. Нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны бодит талбайн төлбөр, автомашины зогсоолын үнийг бүрэн төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгон, үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг авахад шаардлагатай баримт материалаа хариуцагчаас гаргуулан авах хүсэлтэй байгаа болно. Талуудын хооронд байгуулсан  дугаартай гэрээнд зааснаар 121.5 м.кв талбай бүхий орон сууцны үнэ 704.700.000 төгрөг, үүнээс бодоход 1 м.кв талбайн үнэ 5.800.000 төгрөг болж байгаа. Дутуу байгаа 14.47 м.кв-ыг 1 м.кв талбайн үнэ болох 5.800.000 төгрөгөөр үржүүлэхэд 83.926.000 төгрөг болно. Энэхүү 83.926.000 төгрөгийг хариуцагчид төлөх ёсгүй гэж үзэн, үлдэх 670.774.000 төгрөгийг бүрэн төлсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь дугаартай гэрээний үүргээ биелүүлсэн тул өмчлөгчөөр тогтоолгохоор эрхтэй гэж үзэж байна. С.Оыг тоотод байршилтай орон сууц, В2 давхрын 10 тоотод байршилтай авто машины дулаан зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоолгох, орон сууц болон авто машины зогсоолын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг авахад шаардлагатай баримт материал гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч “А” ХХК шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчтэй 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан дугаар “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний үүргээ манай компани нь биелүүлж маргаан бүхий орон сууц, автомашины зогсоолыг хүлээлгэн өгсөн, хариуцагч нь гэрээний төлбөрөө бүрэн төлөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компанийн барилга, угсралтын ажил нь дуусгавар болсон орон сууц, үйлчилгээний төвийн зориулалттай барилгаас нэхэмжлэгч нь орон сууц, автомашины зогсоолыг худалдан авахаар зорилгоор “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Тухайн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Гэрээний үнэ: Орон сууцны нийт метр квадратын үнэ 704.700.000 төгрөг, автомашины зогсоол нь 50.000.000 төгрөг, нийт үнэ 754.000.000 төгрөг гэж тодорхойлсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд орон сууцыг нэг м.кв талбайг 5.800.000 төгрөгөөр бодож тооцсон гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд орон сууцны талбайн нэг м.кв талбайн үнэлгээ гэж байхгүй, орон сууцыг нийт метр квадратын үнэ гэж гэрээний үнийг тодорхойлсон байдаг. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэх зааснаар бидний хооронд байгуулсан гэрээг тайлбарлах нь хуульд нийцнэ. Мөн гэрээнд гэрээний зүйл нь орон сууц болон автомашины зогсоолоос бүрдэх бөгөөд нийт талбайн хэмжээг 121.5 м.кв талбай гэж тодорхойлсон. Худалдан авагчид гэрээний дагуу шилжүүлэх нийт талбайн хэмжээг хамтад гэрээний зүйлдээ бичсэн бөгөөд автомашины зогсоолын талбайг гэрээнд тусад нь бичээгүй болно. Орон сууц захиалан бариулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1-д зааснаар гэрээ байгуулсан өдрөөс хойш 5 хоногийн дотор нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 377.350.000 төгрөг, үлдэгдэл 50 хувь буюу 377.350.000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч төлөх үүрэгтэй. Энэ үүргээ нэхэмжлэгч нь биелүүлээгүй бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 377.424.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 200.000.000 төгрөг, нийт 577.424.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 177.276.000 төгрөгийг төлөөгүй. Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулж, 377.424.000 төгрөгийг төлснөөр түүнд орон сууц болон автомашиныг зогсоолыг түүний эзэмшилд хүлээлгэн өгсөн. Орон сууцыг хүлээлгэн өгсөн байхад өөрийн эзэмшилд нь байгаа хөрөнгөд хэмжилт хийлгэхэд хариуцагч байнга эсэргүүцдэг байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлдээ дурдсан үндэслэлгүй юм. Харин хүлээн авсан орон сууцандаа хэмжилт хийлгэхэд орон сууц нь 107.03 м.кв болж, 14.47 м.кв талбайн хэмжээ зөрүү байна. Энэ зөрүүг нэг м.кв талбайн хэмжээг 5.800.000 төгрөгөөр тооцож 83.926.000 төгрөгийг, төлбөрийн үлдэгдэл 177.276.000 төгрөгөөс хасаж тооцно. Хэрэв саналыг хүлээн авахгүй бол гэрээнээс татгалзах, 2020 оны 03 дугаар сарын 25-ны дотор хариу өгөхгүй бол гэрээний маргаан үүсгэж, шүүхийн журмаар шийдвэрлүүлэх тухай шаардлагыг нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн. Энэ саналыг манай компани хүлээн авах боломжгүй тул шаардлагад заасан хугацаанд нь хариу өгөөгүй. Өнгөрсөн 5 жил орчмын хугацаанд орон сууцыг хүлээн авахаас татгалзах саналыг нэхэмжлэгч гаргаагүй, нэхэмжлэгч нь орон сууцыг худалдан авахдаа хотын төвийн байрлал, орон сууцны гадаад орчин, дэд бүтэц, үйлчилгээний газруудтай ойр байдлыг харгалзан худалдан авсан. Иймд гэрээнд зааснаар биет байдлын доголдолгүй орон сууц, автомашины зогсоолыг бид хүлээлгэн өгсөн, хэрвээ эд хөрөнгийн доголдолтой гэж үзвэл түүнийгээ олон жилийн хугацаанд ашиглаж байгаа тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй гэж үзэх үр дагавар үүснэ. Нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөр 177.276.000 төгрөг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээний 5 дугаар зүйл зааснаар дараагийн худалдан авагчтай гэрээ байгуулах мэдэгдлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үлдэгдэл төлбөр 177.276.000 төгрөг, алданги 15.405.284 төгрөг, нийт 192.681.284 төгрөг төлөх мэдэгдлийг нэхэмжлэгчид дахин илгээсэн. Тухайн мэдэгдлийг хүлээн авсны дараа нэхэмжлэгч 93.350.000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн боловч үлдэгдэл 99.428.786 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4-т зааснаар манай компани нь эцсийн төлбөрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөх, захиалагч өмчлөх эрхээ баталгаажуулахад нь бүх талаар дэмжиж, хамтран ажиллах үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууц, автомашины зогсоолын өмчлөх эрх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар манай компанид хэлэлцэн тохиролцсон үнийг бүрэн төлснөөр үүсэх билээ. Иймд С.Оыг тоот орон сууц, В2 давхрын 10 тоот байршилтай автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоолгох, орон сууц болон автомашины дулаан зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг авахад шаардлагатай баримт материал гаргаж өгөхийг манай компанид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

              

3.Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Тухайн нэхэмжлэлд хариуцагч С.О нь орон сууц захиалан бариулах 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаар гэрээний дагуу худалдан авсан орон сууц, автомашины зогсоолын төлбөрийг бүрэн төлөөгүй байж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан тул уг үндсэн нэхэмжлэлтэй хамт гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулах дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу манай компани нь хариуцагчид орон сууц болон автомашины зогсоолыг 754.700.000 төгрөгөөр худалдах, хариуцагч С.О нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1-д зааснаар гэрээ байгуулсан өдрөөс хойш 5 хоногийн дотор нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 377.350.000 төгрөг, үлдэгдэл 50 хувь буюу 377.350.000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх үүргийг хүлээсэн. Энэхүү гэрээний үүрэгт 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 377.424.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 200.000.000 төгрөг, нийт 577.424.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 177.276.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд тухайн хугацаанд төлөх ёстой хуваарьт төлбөрийн 0.005 хувиар тооцсон алдангийг төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний үлдэгдэл төлбөр 177.276.000 төгрөгийн 0.005 хувиар алдангийг тооцоход нэг өдрийн 8.863.80 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 1749 хоног, нийт төлөх алданги нь 15.502.786.2 төгрөг болж байна. Хариуцагч нь 2025 оны оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үлдэгдэл төлбөр 177.276.000 төгрөг, алданги 15.502.786.2 төгрөг, нийт 192.778.786 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн боловч түүнийгээ биелүүлээгүй. Гэрээний дагуу төлбөрөө төлөхгүй байгаа тул гэрээнээс татгалзах саналыг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25/03 дугаар хариу хүргүүлэх бичгээр хариуцагчид илгээсний дараа 93.350.000 төгрөгийг төлж, 99.428.786 төгрөгийг төлөх үүргээ дахин биелүүлэхгүй 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай компанид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Иймд хариуцагч С.Ооос орон сууц захиалан бариулах 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаар гэрээний үлдэгдэл төлбөр 83.926.000 төгрөг, алданги 15.502.786 төгрөг, нийт 99.428.786 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

 

4.Нэхэмжлэгч нь хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлд “...Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу манай компани нь хариуцагчид орон сууц болон автомашины зогсоолыг 754.700.000 төгрөгөөр худалдах, хариуцагч С.О нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1-д зааснаар гэрээ байгуулсан өдрөөс хойш 5 хоногийн дотор нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 377.350.000 төгрөг, үлдэгдэл 377.350.000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн. Энэхүү гэрээний үүрэгт 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 377.424.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 200.000.000 төгрөг, нийт 577.424.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 177.276.000 гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. ...” гэжээ. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Орон сууц захиалан бариулах  тоот гэрээний 2.1-т гэрээний зүйл: барилгын 6 давхрын 605 тоотод байрлах 121.5 метр квадрат талбай бүхий орон сууц. Авто машины зогсоол В2 давхарт байрлах 10 тоот, 2.2-т гэрээний үнэ: орон сууцны нийт метр квадратын үнэ 704.700.000 төгрөг, Авто машины зогсоол нь 50.000.000 төгрөг гэж бичигдсэн. Өөрөөр хэлбэл, сөрөг нэхэмжлэлд бичигдсэн шиг орон сууц болон автомашины зогсоолыг 754.700.000 төгрөгөөр худалдах талаар тохиролцоогүй байна. Түүнчлэн, Монгол Улсын Иргэний хууль (2002)-ийн 41 дүгээр зүйлийн 41.2-т хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэснийг үндэслэвэл 605 тоотод байрлах, 121.5 м.кв талбай бүхий орон сууцны нийт метр квадратын үнэ 704.000.000 төгрөг, харин В2 давхрын 10 тоот авто машины зогсоолын үнэ 50.000.000 төгрөг гэж гэрээнд тодорхой заасан байна. Нэхэмжлэгч С.О нь 577.424.000 төгрөгийг хариуцагчид төлсний дараа үлдэгдэл 93.350.000 төгрөгийг төлөх гэсэн боловч “А” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг хаяг нь тодорхойгүй, ажилтан албан хаагчидтай нь холбоо барьж асуухад гүйцэтгэх захирал нь Монголд байхгүй, хэзээ ирэх нь тодорхойгүй, мэдэхгүй гэсэн хариу өгч байснаас гадна, гэрээний 2.3.3-т заасан Голомт банкны төгрөгийн  болон ам.долларын  данснууд руу шилжүүлэх гэсэн боловч ийм данс Дансны нэгдсэн сан системд бүртгэлгүй, олдохгүй байна гэсэн хариуг банкны зүгээс өгч байсан болно. Сөрөг нэхэмжлэлд “...Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд тухайн хугацаанд төлөх ёстой хуваарьт төлбөрийн 0.005 хувиар тооцсон алдангийг төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний үлдэгдэл төлбөр нийт 177.276.000 төгрөгийн 0.005 хувиар алдангийг тооцоход нэг өдрийн 8.863.80 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 1.749 хоног, нийт төлөх алданги нь 15.502.786.2 төгрөг болж байна. Хариуцагч нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үлдэгдэл төлбөр 177.276.000 төгрөг, алданги 15.502.786 төгрөг нийт 192.778.786 төгрөг төлөх үүргийг хүлээсэн боловч түүнийгээ биелүүлээгүй....” гэжээ. Нэхэмжлэгч С.О нь орон сууцандаа нүүж орсны дараа эрх бүхий этгээдээр хэмжилт хийлгэхэд гэрээнд заасан 121.5 м.кв биш харин 107.03 м.кв буюу 14.47 м.кв-аар дутуу байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар орон сууцны нийт метр квадратын үнэ 704.700.000 төгрөг бөгөөд 121.5 м.кв-д хуваахад маргаж буй орон сууцны 1 м.кв талбайн үнэ 5.800.000 төгрөг гарна. /704.700.000 : 121.5 = 5.800.000/ Үүнийг гэрээнд зааснаас дутсан 14.47 м.кв-аар үржүүлэхэд 83.926.000 төгрөг буюу хариуцагчид төлөх ёсгүй мөнгөн дүн гарна. /5.800.000 х 14.47 = 83.926.000/ Өөрөөр хэлбэл, гэрээний үлдэгдэл төлбөр нь сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг 177.276.000 төгрөг биш, харин 93.350.000 төгрөг болно. /177.276.000 - 83.926.000 = 93.350.000/ “Гэрээний дагуу төлбөрөө төлөхгүй байгаа тул гэрээнээс татгалзах саналыг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25/03 дугаар хариу хүргүүлэх бичгээр хариуцагчид илгээсний дараа 93.350.000 төгрөгийг төлж, 99.428.786 төгрөг төлөх үүргээ дахин биелүүлэхгүй 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай компанид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Иймд хариуцагч С.Ооос орон сууцны захиалан бариулах 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаар гэрээний үлдэгдэл төлбөр 83.926.000 төгрөг, алданги 15.502.786 төгрөг, нийт 99.428.798 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. ...” гэжээ. Нэхэмжлэгч С.О нь хариуцагч талаас төлбөрөө хэрхэн яаж төлөх талаар удаа дараа шаардсаны эцэст 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цахим шуудангаар манай данснууд битүүмжлэлтэй байгаа тул гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагчийн толгой компани болох “М” ХХК-ийн Голомт банк тоот данс руу шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу гэрээний үлдэгдэл төлбөр болох 93.350.000 төгрөгийг дээр дурдсан данс руу шилжүүлсэн болно. Гэрээнд заасан хариуцагчийн банкны данснууд идэвхгүй, хариуцагч талаас гагцхүү 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр л өөр дансны дугаарыг нэхэмжлэгч С.Од мэдэгдсэн тул алданги төлөх үүрэг үүсэх учиргүй юм. Хариуцагч “А” ХХК нь 605 тоотод байрлалтай 107.03 м.кв талбай бүхий орон сууц, 10 тоотод байрлалтай авто машины зогсоолыг нэхэмжлэгч С.Од хүлээлгэн өгсөн. С.О нь 107.03 м.кв талбай бүхий орон сууцны үнэ болох 620.774.000 төгрөг, авто машины зогсоолын үнэ болох 50.000.000 төгрөг, нийт 670.774.000 төгрөгийг хариуцагч “А” ХХК-д бүрэн төлсөн. /5.800.000 х 107.03 = 620.774.000/ Хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэгч С.Ооос 670.774.000 төгрөг хүлээн авсантай маргадаггүй. Нэхэмжлэгч С.О нь гэрээнд заасны дагуу зохих төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                   

5.Нэхэмжлэгчээс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2 ширхэг Бэлэн мөнгөний орлогын баримт, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, ХХБ дотоод шилжүүлгийн баримт, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, “А” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/106 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, “А” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 25/05 дугаартай албан бичиг, “А” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 25/06 дугаартай албан бичиг, “Б” ХХК-ийн Барилгын талбайн хэмжээ дүгнэлт, 18 хуудас хэрэглээний төлбөр төлсөн баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5/3379 дугаартай албан бичиг,

хариуцагчаас 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хариу тайлбар, “А” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25/03 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, зарлагын баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч С.О нь хариуцагч АХХК-д холбогдуулан тоотод байрлах, 121.5 м.кв орон сууц, В2 давхрын 10 тоотод байршилтай автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож, орон сууц болон автомашины зогсоолын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авахад шаардлагатай баримт материалыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

3.Хариуцагч нь Орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2 ширхэг Бэлэн мөнгөний орлогын баримт, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, ХХБ дотоод шилжүүлгийн баримт, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, “А” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/106 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, “А” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 25/05 дугаартай албан бичиг, “А” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 25/06 дугаартай албан бичиг, “Б” ХХК-ийн Барилгын талбайн хэмжээ дүгнэлт, 18 хуудас хэрэглээний төлбөр төлсөн баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай албан бичиг, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хариу тайлбар, “А” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25/03 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, зарлагын баримт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.“А” ХХК болон С.О нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу “А” ХХК нь тоот, 121.5 м.кв талбай бүхий орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон нь зохигчийн тайлбар, орон сууц захиалан бариулах гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 6-14 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээгээр С.О нь орон сууцны нийт үнэ 754.700.000 төгрөгийг төлөх, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон байна. “А” ХХК нь орон сууц болон автомашины зогсоолыг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр С.Од хүлээлгэн өгсөн байна. Орон сууц болон автомашины зогсоолыг хүлээлгэн өгсөн тухайд талууд маргаагүй болно.

 

С.О нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 317.424.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 60.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 200.000.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 93.350.000 төгрөг, нийт 670.774.000 төгрөгийг төлсөн. Уг төлбөрийн тухайд талууд маргаагүй.

 

Дээрх “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гэрээний гол нөхцөл болох үнэ, ажлын хэмжээ, ажлын хөлс, ажлын үр дүнг тодорхойлсон, мөн эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал” бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу зохигчийн хооронд хуульд нийцсэн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

С.О нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу 121.5 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгөх байтал 107.03 м.кв орон сууцыг хүлээн өгч 14.47 м.кв-аар дутуу өгсөн учир 14.47 м.кв үнэ 83.926.000 төгрөгийг “А” ХХК-д төлөөгүй, төлөх ёсгүй, 107.03 м.кв талбайн үнэ 670.774.000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан.

 

“Б” ХХК-ийн барилгын талбайн хэмжээ нь дүгнэлтээр тоот орон сууцны талбайн хэмжээг 107.03 м.кв гэж хэмжиж MNS 6058:2009 стандартыг баримтлан дүгнэлт гаргажээ.

 

Хариуцагч нь С.О нь орон сууцандаа хэмжилт хийлгэхэд орон сууц нь 107.03 м.кв болж 14.47 м.кв талбайн хэмжээ зөрүү байна гэж байна. 2020 оны 03 дугаар сарын 25-ны дотор хариу өгөхгүй бол гэрээний маргаан үүсгэж, шүүхийн журмаар шийдвэрлүүлэх тухай шаардлагыг нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн. Энэ саналыг манай компани хүлээн авах боломжгүй тул шаардлагад заасан хугацаанд нь хариу өгөөгүй. Өнгөрсөн 5 жил орчмын хугацаанд орон сууцыг хүлээн авахаас татгалзах саналыг нэхэмжлэгч гаргаагүй. Манай компани гэрээнд зааснаар биет байдлын доголдолгүй орон сууц, автомашины зогсоолыг хүлээлгэн өгсөн, хэрвээ эд хөрөнгийн доголдолтой гэж үзвэл түүнийгээ олон жилийн хугацаанд ашиглаж байгаа тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй гэж тайлбарлан маргасан.

 

Нэхэмжлэгч С.О нь гэрээнд заасан тоот, 121.5 м.кв талбай бүхий орон сууцыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар чөлөөтэй эзэмшиж, ашиглах боломжгүй байгаа доголдлын талаар мэдсэн, мэдэх боломжтой байсан хугацааг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар “Б” ХХК-ийн Барилгын талбайн хэмжээний дүгнэлт гаргасан 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэж үзнэ. 

 

Нэхэмжлэгч нь 107.03 м.кв орон сууцыг хүлээн авч, 14.47 м.кв-ыг дутуу хүлээн авсан талаар 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогүй бол тухай эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зураан сарын дотор доголдлыг ирүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэжээ.

 

Нэхэмжлэгч нь тоотод байрлах 121.5 м.кв орон сууцны талбайн хэмжээнээс 14.17 м.кв-аар дутуу байгаа талаар “А” ХХК-д 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдэж шаардлага хүргүүлсэн боловч бидэнд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24/106 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн, мөн улсын бүртгэлийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл гараагүй тул гомдлын шаардлага гаргах хугацаа хамаарахгүй гэж тайлбарлан маргасан.

 

Нэхэмжлэгч С.О нь гэрээний дагуу тоот орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч эзэмшиж, ашиглаж байгаа, орон сууцны талбайн хэмжилтийн дүгнэлт “Б” ХХК-иар 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргуулсан байх тул худалдан авагч нь доголдлын талаар 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн үүнээс хойш хугацаанд гомдлын шаардлагыг гаргах боломжтой байсан учир доголдлын талаар мэдээгүй буюу хариуцагч тал хариу өгснөөс хойш гомдлын шаардлага гаргах ёстой гэж үзэх боломжгүй юм. Тиймээс нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6.“А” ХХК-ийн С.Од холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэл болох 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн  дугаар Орон сууц захаилан бариулах гэрээний үлдэгдэл төлбөр 83.926.000 төгрөг, алданги 15.502.786 төгрөг, нийт 99.428.786 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“А” ХХК болон С.О нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу “А” ХХК нь тоотод байрлах 121.5 м.кв талбай бүхий орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон нь зохигчийн тайлбар, орон сууц захиалан бариулах гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

С.О нь орон сууцны нийт үнэ 754.700.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. 670.774.000 төгрөгийг төлсөн. 83.926.000 төгрөгийг төлөөгүй тухайд талууд маргаагүй.

 

Иймд Орон сууц захиалан бариулах гэрээний үнийн дүн 754.700.000 төгрөгөөс төлсөн төлбөр болох 670.774.000 төгрөгийг хасаж үлдэх 83.926.000 төгрөгийг С.Ооос гаргуулж АХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох алданги 15.502.786 төгрөгийн тухайд:

Худалдан авагч нь төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул алданги 15.502.786 төгрөгийг гаргуулан гэж А” ХХК нь тайлбарласан.

 

С.О нь дээрх гэрээний дагуу 754.700.000 төгрөгийг төлөхөөс 83.926.000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байх “А” ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь заалт болон гэрээний 3.1.4, 5.1-д зааснаар алданги шаардах эрхтэй байна.

 

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 5.1-д “...Захиалагч захиалгат объектын хуваарьт төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд тухайн хугацаанд төлөх ёстой хуваарьт төлбөрийн 0.005 хувиар тооцсон алдангийг хоног тутамд гүйцэтгэгчид төлнө...” гэж заасан.

 

Хариуцагч “А” ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр нийт 177.276.000 төгрөгийн 0.005 хувиар алдангийг тооцоход нэг өдрийн 8.863.80 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 1.749 хоног, нийт төлөх алданги нь 15.502.786.2 төгрөг болж байна гэж тайлбарлан шаардсан.

 

Харин шүүх гэрээний үлдэгдэл төлбөр 83.926.000 төгрөг, 83.926.000 төгрөгийн 0.005 хувиар алдангийг тооцоход нэг өдрийн 4.196.3 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 1.749 хоног, нийт төлөх алданги 7.339.328 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж, алдангиас 8.163.458 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч С.Оын 3.931.450 төгрөг, хариуцагч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага төлсөн 655.100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3.931.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 614.276 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан С.Оыг тоотод байрлах 121.5 м.кв орон сууцны, В2 давхар, 10 тоотод байршилтай автомашины зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоож, орон сууц болон автомашины зогсоолын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч “А” ХХК-д даалгасугай.    

 

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Од холбогдуулан гаргасан “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 91.265.328 төгрөгийг С.Ооос гаргуулан “А” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8.163.458 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч С.Оын 3.931.450 төгрөг, хариуцагч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 655.100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас 3.931.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Од олгож, нэхэмжлэгч С.Ооос улсын тэмдэгтийн хураамжид 614.276 төгрөгийг гаргуулан хариуцагч “А” ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.ДАВААСҮРЭН